Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 41

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  эрүүгийн хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах

          Хохирогч Н.Б

          Хохирогчийн өмгөөлөгч Ө.Энхтайван

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой, Г.М ад холбогдох 1728000000092 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн төлөөлөгч Н.Б ын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлээр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Бүдүүн овгийн Г.М  нь .................... регистрийн дугаартай, Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 1966 онд төрсөн, 52 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, .......................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1987 онд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1990 онд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 2000 онд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

          Г.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ............................ тоотод орших өөрийн гэртээ Б.Н ыг 3 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Г.М ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.М ыг 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хууийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.М аас 7682951 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш  аваагүй цалин болох 515000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б ын иргэний нэхэмжлэлээс 1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн куртик 1, улаан алаг өнгөтэй гурвалжин захтай цамц 1, хар хөх өнгийн хажуудаа канттай өмд 1, хар өнгийн /эвэр/ иштэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1, хар саарал өнгийн LV гэсэн үргэлжилсэн бичигтэй цамц 1 ширхэг, саарал шар ноосон цамц 1, саарал өнгийн фудволк 1, 0,5 граммын ерөөл архины шил 1, хатаасан цус 1 ширхэгийг устгуулахаар тухайн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүгдэгч Г.М ын цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хохирогч Н.Б  давж заалдах гомдолдоо: “...Г.М ыг 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн ба энэхүү хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Тодруулбал Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд оршдог байхад, бусдыг ямар ч шалтгаангүйгээр амин тус газарт нь удаа дараа хутгалж, зэрлэг балмадаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл ангийн хорих ялын доод хэмжээнээс 2 жилээр л илүү хугацаагаар хорих ял шийтгэсэн.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд хорих ялын дээд, доод хэмжээ хоорондоо 7 жилийн зөрүүтэй тул шүүх шүүгдэгчид хорих ялын доод хэмжээтэй, эсхүл дээд хэмжээтэй ойрхон хэмжээтэй хорих ял шийтгэх үү гэдгийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлтийг харгалзан шийдвэрлэх ёстой байсан.

          Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл ангид заасан хорих ялын дээд хэмжээ болох 15 жилийн хугацаар хорих ял шийтгэх дүгнэлт гаргасан, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хохирогчийг хэвтэж байхад нь хутга мэсээр балмадаар, ямар ч шалтгаангүйгээр гэмт хэргийг үйлдсэн байдаг.

          Эдгээр нөхцөл байдалд бодитоор үнэлэлт дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчмын дагуу шүүгдэгч Г.М ад 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэггүй юм гэхэд, хорих ялын доод хэмжээнээс 2 жилээр их биш, харин дээд хэмжээ болох 15 жилийн хорих ялаас 2 жилээр бага ял шийтгэх бодлогоор ял шийтгэсэн бол шударга ёсонд нийцнэ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие болон бусад үр хүүхэд, ар гэрийнхэн бид аавыгаа бусдын гарт алдаж, нөхөж баршгүй гарз хохирол амссан ч, гэмт үйлдлийг хийсэн хүн гэмт үйлдэлдээ тохирсон ял шийтгэлээ авч, цээрлэлээ бодитоор хүлээсэн тохиолдолд бага ч гэсэн гомдол тайлагдана. Гэтэл аавыг минь хөнөөсөн хүн бодитоор цээрлэлээ хүлээхгүй өнгөрвөл шударга ёсонд нийцэхгүй юм. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ял шийтгээгүйн улмаас тодорхой хугацааны дараа эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилго бүр хангагдахгүй юм.

          Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллах, хяналт тогтоох зохицуулалтын дагуу 12 жилээс доош хэмжээний хорих ял шийтгэсэн бол хорих ялынхаа 3-ний 2-ийг эдлээд суллагдах боломжтой, харин 12 жилээс дээш хэмжээний хорих ял шийтгэсэн бол хорих ялынхаа 4-ний 3-ийг эдлээд суллагдах нөхцөл бүрдэхээр ялгаатай. Үүнээс улбаалан дүгнэхэд, шүүгдэгч Г.М ыг 10 жилийн хорих ял шийтгэсэн ч, 6 жил гаруй хорих ялаа эдлээд суллагдах боломжтой байна. Тэгэхээр эрүүгийн хариудлагын зорилго тодорхой хугацааны турш хангагдах нөхцөл байхгүй байна.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн, шүүгдэгчийн ялыг хүндрүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж өгнө үү гэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: Г.М ыг хүнийг 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэж ялласан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хохирогч Б.Н  нь тухайн цаг мөчид зүрх-амьсгалын хурц дутагдлаар амь нас хохирсон болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон... зэрэг үйлдлийг хэлнэ гэж үзсэн атлаа дээрх дугнэлтийг хийсэн нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Хохирогч Б.Н ын биед 3 удаагийн хутгалагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн болох нь цогцост хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлт, ялтан Г.М ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх ялтан Г.М ын       дээрх 3 удаагийн үйлдэлд зөрүүтэй байдлаар дүгнэлт хийж, гэмт хэрэг нь онц харгис хэрцгий аргаар үйлдэгдээгүй гэж үзэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар хохирогч Б.Н ын биед олон тооны шарх, гэмтэл үүсээгүй гэж үзсэн, мөн хохирогч өвдсөн, шаналсан, тарчлан зовсон, түүнд гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болоогүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон бөгөөд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Мөн шүүх тогтоох хэсгийн 4 дэх заалтдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар                                               зүйлийн 198.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.М ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх хуулийн зохицуулалтууд нь шүүх зөвхөн дэглэм тогтоох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дэргэдэх зөвлөл нь зэрэглэл тоггоох ойлголт байхад анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн зэрэглэл тогтоон шийдвэрлэж хууль зөрчсөн байна.

          Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурор нь шүүгдэгч Г.М ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Их-Уулын 3-19 тоотод орших өөрийн гэртээ Б.Н ыг 3 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Г.М ыг хүнийг 3 удаа хутгалж онц хэрцгийгээр алсан гэж ялласан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж дүгнэхдээ шинжээчийн дүгнэлтэд  гэж “Б.Н ын цээжний хөндийн баруун болон зүүн хэсгээр нэвтэрч, 2 уушги болон зүрхийг гэмтээсэн хутгалагдсан 3 шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд Б.Н  нь хутгалагдсан шарх гэмтлийн улмаас зүрх- амьсгалын хурц дутагдлаар нас баржээ” дүгнэлт гаргасан нь амь хохирогч Б.Н ыг тухайн цаг мөчид гэсэн зүрх- амьсгалын хурц дутагдлаар амь хохирсон болохыг нотолж байна гэж хэргийн үйл баримтыг тогтоосон.

Шүүх зөвхөн дээрх дүгнэлтээр Г.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй тул шүүхийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж болон хүнийг онц хэрцгий аргаар алсан гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23 дахь хэсэгт заасны дагуу хангалттай дүгнэж чадаагүй гэж үзлээ. 

Мөн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс шүүх гэмт этгээдийн үйлдэл, хохирогчийн үхэл 2 хоорондоо шалтгаант холбоотой эсэх буюу хутгалсан үйлдэл нь үхэлд хүргээгүй харин тухайн агшинд зүрх- амьсгалын хурц дутагдлаар буюу өөр шалтгаанаар хохирогч нас барсан гэж үзсэн эсэх, эсхүл 3 удаа хутгалсныг онц хэрцгий арга гэж үзээгүй гэж үзсэн эсэх зэрэг нь тодорхой ойлгогдохгүй байна.

   Хүнийг санаатай алах гэмт хэргийн үндсэн шинжийн нэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл / эс үйлдэхүй/ ба хохирогчийн үхлийн хоорондын зайлшгүй шалтгаан байх явдал тул бөгөөд энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

          Иймд ялыг  хүндрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай хохирогчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг зүйлчлэлийг өөрчилсөн дүгнэлт ойлгомжгүй гэх агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М ад холбогдох 1728000000092 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хохирогчийн төлөөлөгч Н.Б ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.М ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ