Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 0347

 

2019 оны 6 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0347

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мдаргалж,

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: МХЕГ, НМХГ

Гуравдагч этгээд: З.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Бийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25.9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2001 оны 10 сарын 04-ний өдрөөс өмчлөн, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн А/105 тоот захирамжаар нэгж талбарын 0дугаар бүхий 304 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшин ашиглаж байна.

Манай барилгын залгаа урд талд буюу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун урд талд нэгж талбарын 0дугаартай, 1300 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 397 тоот шийдвэрээр иргэн З.Б нь эзэмшиж, РШрестораныг ажиллуулдаг. 2013 онд тус рестораны өргөтгөлийн 2 давхар барилгыг хөндлөн барьснаар миний байшингийн 2 цонхыг хааж, нар үзэхгүй болж, барилгын чанарт нөлөөлж, мөөгөнцөртөж, ажиллаж, хөдөлмөрлөхөд хүндрэл учраад байна.

Миний бие Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн З.Б нь өргөтгөлийн барилга барих зөвшөөрлийн тодруулга авахад 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2/827 тоот албан бичгээр ...2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нийслэл хот байгуулалт, газрын бодлого хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, дүгнэлт гаргах техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, архитектур төлөвлөлтийн даалгавар 674 дугаартай бичигдэн, эскиз зураг төсөл батлагдсан байна гэсэн хариу ирсэн.

Иргэн З.Б нь үйлчилгээний барилгын өргөтгөл барилгаа барихдаа Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2013/674 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын 11-т зааснаар Инженерийн шугам сүлжээний зурвас, Норм, дүрэм, стандартыг баримтлан төлөвлөх (Гадна шугам сүлжээний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах) гэж заасан инженерийн шугам, сүлжээнд тавигдах шаардлага хангаж хянуулаагүй зөрчсөн байдаг.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0дугаартай зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна гэсэн 02-01/3671 тоот албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүнээс үзвэл иргэн З.Бийн үйлчилгээний барилгын өргөтгөл барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй байгаа нь Барилгын тухай хууль зөрчсөн байна.

Түүнчлэн үйлчилгээний барилгын өргөтгөл барилгыг барихдаа Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг зөрчиж, өргөтгөлийн барилгын нийт хэмжээг томсгон, архитектур төлөвлөлтийн даалгавар дээрх барилгажих талбайн координатыг өөрчилж зүүн тийш 25 метр зөөж барьсан байдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бод 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ...З.Бийн зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг нурааж, миний болон орчин тойрны иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэсэн гомдол гаргахад 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Газрын албанаас тус гомдлын хариуг ...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 397 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Бт 1300 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Хүсэлтэд дурдсан асуудал нь өмч, хөрөнгөтэй холбоотой байх тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.2-т заасны дагуу хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирүүлсэн.

Иймд, Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Бийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн З.Бийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд барьсан 2 давхар, 5х25 м.кв хэмжээтэй, үйлчилгээний барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Бийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд барьсан 2 давхар 5*25 м.кв хэмжээтэй үйлчилгээний барилгын өргөтгөл барилгын ажлыг баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх дүгнэлтийг гаргахыг даалгах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн З.Бийн Сүхбаатар дүүгийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд барьсан 2 давхар, 5*25 м.кв хэмжээтэй үйлчилгээний барилгад хяналт шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж холбогдох арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож өгнө үү. гэв.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн О.Бийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хот байгуулалтын хяналтын улсын байцаагчийн үйлдсэн хяналт шалгалтын 2016 оны 10 дугаар сарын 20-*ны өдрийн 0 дугаар Зөрчил арилгуулах тухай баримт бичигтэй холбоотой байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх заалтад ...улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах-аар тусгагдсан байдаг тул МХЕГ хариуцагчаар оролцох шаардлагагүй болно. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, С.О нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Бийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд 0дугаартай 1300 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 397 тоот захирамжаар олгосон, 2013 онд барьсан рестораны өргөтгөлийн 2 давхар барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2013 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн Нийслэлийн Хот байгуулалт, газрын бодлого хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл гаргаж, техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр баталсан 2013/674 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаварыг баталсан, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй, 2016/40 дугаартай барилга угсралтын ажлыг зогсоох Ерөнхий архитекторын шаардах хуудас хүргүүлсэн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Г нь иргэн З.Бт зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил хийж байгаа дээр зөрчлийг арилгах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байсан бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр байсан тул Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 02-01/3671 дугаартай албан бичгээр иргэн О.Бэд хариу хүргүүлж байсан.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ., 6 дахь хэсэгт Шүүх энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүсэлтийг энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх нь зүйтэй байна. гэв.

Гуравдагч этгээд З.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баригдсан өргөтгөлийн барилга иргэн О.Бийн эзэмшлийн барилгын 2 цонхыг хаагаагүй бөгөөд мөөгөнцөртөх шалтгаан болох ямар ч үндэслэл байхгүй. Иргэн О.Б нь 1950-иад оны хуучин барилгын өөрийн хэсгийг засаж тордох, арчлах талаар огт санаа тавьж байгаагүй, сүүлийн 10 гаруй жил ашиглаагүй, үргэлж хаалттай байдаг.

Миний эзэмшил байгаа үйлчилгээний зориулалттай барилгын өргөтгөлөөр баригдсан тул инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй, 2 давхар хүртэл, 3600 м.кв эзлэхүүн хүртэлх иргэний барилга гэх ангилалд багтаж байгаа тул 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу бүх бичиг баримтыг үйлдэн, холбогдох этгээдүүдээр баталгаажуулан ажилласан болно. Инженерийн хангамжууд өөрийн эх үүсвэртэй байсан тул нэмэлт техникийн нөхцөл болон зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй.

Миний бие иргэн О.Бтэй 2007 оноос хойш хөрш зэргэлдээ амьдарч ирсэн бөгөөд О.Б манай өргөтгөлийн барилгаа эхэлснээс хойш дуусах хүртэл хугацаанд юу ч хэлэлгүй орж гараад явдаг байсан ба аливаа нэг төрийн байгууллагад ямар ч гомдол гаргаагүй атлаа барьж дуусаад аль хэдийн ашиглаж эхэлснээс хойш төрийн байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь тус шүүхэд хандан МХЕГ болон НМХГт холбогдуулан Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Бийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлж буй маргаан бүхий акт болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүй гэж юу болох, НМХГ ямар үүрэг даалгаврын дагуу холбогдох арга хэмжээг аваагүй эс үйлдэхүй гаргаж байгаа болохыг тогтоох зорилгоор маргаан бүхий газарт үзлэг хийж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар болон хэргийн оролцогчдоос тайлбар, мэдүүлэг авч, холбогдох нотлох баримтыг цуглуулан үзэхэд,

1. Нэхэмжлэгч О.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандан гуравдагч этгээд С.Бийн бариулж буй өргөтгөлийн барилгатай холбогдуулан өргөдөл гаргасны дагуу тус газраас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2013/674 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй гэх үндэслэлээр ерөнхий архитекторын 2016/40 дугаар барилгын угсралтын ажлыг зогсоох шаардах хуудсыг З.Бт өгчээ.

О.Б 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дахин Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандан ...хууль зөрчиж, иргэн миний эрх ашгийг хохироож байгаа тул яаралтай зогсоох арга хэмжээ авч өгнө үү гэсэн өргөдөл гаргасныг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар холбогдох арга хэмжээг авахуулахаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/144 дугаар албан бичгээр НМХГт хүргүүлжээ.

Энэ дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 02-03/753 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийг баталж, мөн сарын 14-ний үзлэг, шалгалтыг явуулж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 0дугаар Зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг үйлдэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд хүргүүлсэн байна.

2. Улмаар О.Б 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр НМХГт хандан гуравдагч этгээдийн өргөтгөлийн барилгатай холбогдуулан дахин гомдол гаргасныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 02-01/3671 дүгээр албан бичгээр хариуг өгсөн байх бөгөөд,

нэхэмжлэгчээс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин НМХГ болон МХЕГт өргөдөл гаргасныг МХЕГ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.11-т заасан журмын дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4-т заасан хугацааны дотор буюу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 07/2996 дугаар албан бичгээр НМХГт шилжүүлж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 02-03/3728 дугаар албан бичгээр нэхэмжлэгч О.Бэд өргөдлийн хариуг өгчээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч О.Бээс дахин МХЕГт хандан өргөдөл гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

3. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Хариуцагч НМХГ нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасанчлан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/144 дугаар албан бичгийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 02-03/753 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийг баталж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 0дугаар Зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг үйлдсэн байдаг.

Гэвч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 3 дугаар хавсралт /Барилга байгууламжийн ангиллаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах байгууллага болон комиссын бүрэлдэхүүн/-ын 3.Гуравдугаар ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ-ийн 3.2-т инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй 2 давхар хүртэл, 3600 м3 эзлэхүүнтэй иргэний барилга болон амины орон сууцны инженерийн барилга-д Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлаг Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй, ашиглалтад хүлээж авах шаардлагагүй гэх эрх зүйн зохицуулалт үйлчилж байсан болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны Х/329 дүгээр албан бичиг /Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 05/890, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 09/1389 болон 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09/1721 дүгээр албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

4. Энэхүү нөхцөл байдал нь, захиргааны байгууллага болох Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 05/144 дугаар албан бичгийг үйлдэхдээ,

уг албан бичгийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийг арилгуулах тухай 0дугаар албан шаардлагыг гаргахдаа тус тус Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр үндэслэл бүхий байх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах зарчимд нийцээгүй болохыг илтгэж байна.

Үүнтэй холбогдуулан нэгэнт гуравдагч этгээдийн зүгээс өөрт сөрөг нөлөөлөл бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийг арилгуулах тухай 0дугаар албан шаардлагатай холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бус шинжтэй улсын байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж үзэн О.Бээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасныг тус тус үндэслэн Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Бийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М