Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0136 |
Огноо | 2014-03-26 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2014/0136
Б.Э-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Б.Э, гуравдагч этгээд П.Ж, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Э-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн 2012 оны сонгуулийн санал хураалт 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон юм. Монгол Улсын иргэн Б.Э би ардчилсан намын гишүүний хувьд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин өрсөлдсөн болно. Сонгуулийн санал хураалтаар би олонхын санал авч ялалт байгуулсан юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 21 тоот тогтоол гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 14 дүгээр хэсэгт явагдсан санал хураалтыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосонд гомдолтой байна.
Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо нь санал хураалтыг хүчингүй болгохдоо Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4, 55.2 дахь хэсгийг үндэслэн "... санал хураалтын явцад сонгогч 2 саналын хуудсаар санал өгсөн, санал өгсөн сонгогчийн тоо, санал тоолох төхөөрөмжөөс гарсан сонгогчийн тоо зөрсөн зэрэг ноцтой зөрчил гарсан ...” гэсэн үндэслэл гаргасан байдаг. Хууль зүйн хувьд Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаатай захиргааны акт гаргасан гэж үзэх бүрэн үндэстэй юм. Бодит байдал дээр санал хураалтыг хүчингүйд тооцох хэмжээний ноцтой зөрчил гараагүй болно. Уг хуулийн тайлбарт санал хураалтын явцад гарсан тухайн зөрчлийн дүн нь сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байвал уг зөрчлийг ноцтой гэж үзнэ гэж тусгайлан заасан. Уг зөрчлийг сонгуулийн хорооны гишүүн, бусад байгууллагын албан тушаалтан гаргасан тохиолдолд санал хураалтыг хүчингүй болгохоор хуульд заасан байна. Эрх зүйн хувьд санал хураалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байхад Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 14 дүгээр хэсгийн санал хураалтыг хүчингүй болгосон нь хууль бус юм. Энэ хууль бус захиргааны актын улмаас Монгол Улсын иргэн миний сонгогдох үндсэн эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж байна.
Иймд, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооноос 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 21 тоот "14 дүгээр хэсгийн санал хураалтын тухай" тогтоол, мөн сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 тоот "дахин санал хураалт явуулах тухай" тогтоолын 14 дүгээр хэсэгт дахин санал хураалт явуулахтай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус дүүргийн 14 дүгээр хэсгийн хороонд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан сонгуулийн үндсэн зарчим, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт ( болох сонгуулийн үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг зөрчсөн үйлдлүүд хэд хэдэн удаа гарсан нь хэсгийн хороо болон намуудын ажиглагч нараас ирүүлсэн гомдол, тайлбар, түүнчлэн дүүргийн сонгуулийн хорооны гишүүдийн тухайн хэсгийн хороонд ажиллаж ирсэн илтгэх хуудас зэргээр нотлогдож байдаг.
Тухайн хэсгийн хороонд санал өгсөн сонгогчийн тоо, санал тоолох төхөөрөмжөөс гарсан сонгогчийн тоо зөрүүтэй байх зөрчил гарсан нь санал хураалтын явцад сонгогч 2 саналын хуудсаар санал өгсөн үйлдлүүд удаа дараа давтагдсан байх бүрэн боломжтой нь сонгуулийн дүнд санаатайгаар нөлөөлсөн хууль бус ноцтой зөрчил тул Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.3, 55.1.4 хэсэгт зааснаар санал хураалтыг хүчингүй болгох хамтын шийдвэр гаргаж, тус хэсгийн хорооны асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж, холбогдох нотлох баримтуудыг хүргүүлсэн болно.
Иймд, тухайн хэсгийн хороонд болсон санал хураалтыг хүчинтэйд тооцож баталгаажуулах нь хууль зөрчиж, Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.4 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл болох тул хууль бус шийдвэр гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хамтран хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 510 тоот шийдвэрээр Аймаг, сум, дүүргийн ( иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 55 дугаар зүйлийн 55.1.4, 55.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Э-ын Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “14 дүгээр хэсгийн санал хураалтын тухай" 21 дүгээр тогтоолыг мөн сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай" 22 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хэсгийн хороонд дахин санал хураалт явуулахтай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон шийдвэртэй хариуцагчийн зүгээс санал нийлж байгаа бөгөөд хууль зөрчин гаргасан шийдвэрийг хүчингүй болгон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болохоо үүгээр илэрхийлж байна. Иймд, Монгол улсын иргэн Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд П.Жавзмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1-01 дүгээр тогтоолоор миний Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан болно. Энэхүү тогтоолыг иргэн Б.Э хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Гэтэл олонхын бүлэг эрх барьж байгаа Ардчилсан намын зүгээс гэнэт хурал зарлан 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хурлаар миний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж, хууль бус 3/17 дугаар тогтоолыг олонхоор хүч түрэн баталж төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгож, олонхын санал аваагүй Б.Э-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тооцож, бүрэн эрхийг зөвшөөрсөн. Энэхүү иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/17 дугаар тогтоолыг миний бие эс зөвшөөрч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Миний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхэд халдах болсон үндэслэл нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 510 дугаар шийдвэр байсан. Ийм шүүхийн шийдвэр гарсныг миний бие тухайн өдөр мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 173 дугаар тогтоолоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг , ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосны дагуу дараах тайлбарыг гаргаж байна.
Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2012 оны 21, 22 дугаар тогтоолыг хуулийн хүрээнд гарсан гэж үзэж байна. Санал авах ажиллагаа хууль зөрчсөн тухай: Аймаг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55.1.4 дэх хэсэгт заасны дагуу "Сонгуулийн хороодын гишүүн, бусад байгууллагын албан тушаалтан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах, сонгогч санал өгөх, санал тоолох журмыг зөрчсөн нь тухайн сум, баг, хорооны сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол сум, дүүргийн Сонгуулийн хороо хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно" гэснийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо 21, 22 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Дээрх 55.1.4-д заасан тайлбараар бол зөрчлийн дүнг нэг бүрчлэн нарийн тооцохоор байна. Гэтэл санал хураалтын үед цахилгаан 55 минут тасарсан, түүнээс гарах үр дагавар буюу саналаа өгч чадаагүй иргэн бүрийг сонгуулийн хороо шуурхай тогтоох боломжгүй тул дахин санал хураалтыг явуулсан нь шударга шийдвэр байсан. Цахилгаан 21 цаг 10 минутаас тасарч, 22.05 минутад ирж, зөвхөн санал авах байранд бүхэл бүтэн 55 минут цахилгаангүй байсныг сонгуульд оролцсон нам, тэдгээрийн төлөөлөл шат шатны дүүргийн Сонгуулийн хорооноос хүлээн зөвшөөрдөг, цахилгаан тасарсан үед цагдаагийн байгууллага гаднаас санал авах байр руу орох хаалгыг түгжиж, хамгаалалтаа чангатгасан нь тухайн хэсгийн хорооны 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тайлбараар нотолж байна. Сонгуулийн хэсгийн хороо мотор залгаж, 34 минутын дараа буюу 21.44-21.59 минутын санал авах байран дотор байсан 13 иргэний саналыг 15 минутын дотор авсан байна. Энэ нь ч мөн тухайн хэсгийн хорооны 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тайлбараар нотолж байна. Мотор залган 15 минутын дотор 13 иргэний саналыг авснаас үзвэл нэг иргэний саналыг 1 минут 9 секундэд авсан байна. Ингээд үзвэл 34 минутын дотор 29 иргэний саналыг авах бүрэн боломжтой байсан байна. Энэ нь сонгуулийн 14 дүгээр хэсгийн хороонд санал өгсөн нийт иргэдийн санал өгөхөд зарцуулсан 1 минут 3 секундтэй хугацаа ойролцоо байна. /1350 иргэн: 17 цаг-79.4 иргэн нэг цаг санал өгсөн байна. 79.4 иргэн: 60минут-1.3 минут/
Цахилгаан тасарсан 21.10 минутад санал авах байрны үүдийг түгжсэн нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д "Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 ; цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна" гэсэн заалт ноцтой зөрчигдөж, 21.10 минутаас хойш гаднаас ирсэн иргэд саналаа өгч чадаагүй буцсан нь Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг мөн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Маш цөөхөн /11/ иргэний саналын зөрүүтэй өрсөлдөж байгаа үед цахилгаан тасарсан явдал нь нэр дэвшигч миний хувьд харамсалтай санагдаж байсан.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сонгуулийн 8 дугаар хороонд нэр дэвшигчдийн авсан саналын дүнг үзвэл 15 дугаар хэсэгт П.Ж-546, Б.Э-514, 14 дүгээр хэсэг П.Жавзмаа-540, Б.Э-583.
Нэр дэвшигчдийн саналын зөрүү: Миний бие иргэдээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд цахилгаан тасарсны улмаас саналаа өгч чадаагүй иргэдийг тогтоох зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хэвлэл мэдээллийн байгууллага болон хорооны нутаг дэвсгэрт холбогдох зарыг түгээгээд байна. Иймд зөвхөн санал авах байрны цахилгаан тасарсан асуудал нь Монгол улсын Үндсэн хууль болон Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Энэхүү цахилгаан тасарсан ноцтой асуудлыг санал авах байранд нэг иргэн саналын хуудсаар санал өгсөн, санал өгсөн сонгогчийн тоо, санал тоолох төхөөрөмжөөс гарсан сонгогчийн тоо зөрсөн зэрэг зөрчилтэй адилтган үзэх боломжгүй юм. Нэр дэвшигч Б.Э нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14 дүгээр хэсгийн дахин санал хураалтад оролцсон бөгөөд санал өгсөн 966 иргэний сонгох эрхийг үгүйсгэж байгаад харамсаж байна. Мөн нэр дэвшигч Б.Э нь Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн "Сонгуулийн дүнгийн тухай" 26 дугаар тогтоол, мөн хорооны 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн "дахин санал хураалтын тухай” 27 дугаар тогтоол, дээр дурдсан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1-01 дугаар тогтоолд гомдол гаргаагүйг шүүх анхааралдаа авч үзэхийг хүсч байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 тоот шийдвэрээр: Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 55 дугаар зүйлийн 55.1.2, Сонгуулийн автоматжуупсан системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ын "Сүхбаатар . дүүргийн сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоол, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар “дахин санал хураалт явуулах тухай” тогтоолын 14 дүгээр хэсэгт дахин санал хураалт явуулах хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдолдоо: Б.Э-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдох "Сүхбаатар дүүргийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "14 дүгээр хэсгийн санал хураалтын тухай" 21 дүгээр тогтоол, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "дахин санал хураалт явуулах тухай" 22 дугаар тогтоолуудын 14 дүгээр хэсэгт дахин санал хураалт явуулахтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт "... бодит байдал дээр сонгуулийн санал авах ажиллагааг мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар 7 цагт эхлүүлээгүй 5 минутын өмнө эхэлсэн, зөөврийн саналын хайрцгийг хуулийн хугацаанд явуулаагүй, зөөврийн саналын хайрцгаар санал өгөх чөлөөтэй боломжоор хангаагүй, иргэн Р.Б-аад 2 саналын хуудас өгсөн, Сонгуулийн хэсгийн хороо нь санал авах ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангаж ажиллаж чадаагүй, 1 минутын өмнө санал авах ажиллагааг зогсоосон, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн мэдээ нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна", 55 дугаар зүйлийн 55.1.2-т "санал авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, эсхүл хуульд заасан цагаас өмнө түүнийг нээсэн тохиолдолд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно" гэж заасантай тус тус нийцэж байна" гэж үзсэн нь уг зөрчлүүд хэрхэн яаж баталгаажсан нь хавтаст хэрэгт огт тодорхойгүй байхад нотлох баримтыг тал бүрээс дүгнээгүйг тодорхой болгодог.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 55 дугаар зүйлийн 55.1.2 дах заалтуудад дурдсан зөрчлүүд нь мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах нөхцөлийг огт үүсгээгүй байдаг. Учир нь, тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-ийн тайлбарт "Санал хураалтын явцад гарсан тухайн зөрчлийн дүн нь сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байвал уг зөрчлийг ноцтой гэж үзнэ" хэмээн тайлбарласаар байхад хуульд заагаагүй нөхцөл байдлыг ноцтой зөрчил хэмээн үзсэн нь хууль бус байхаас гадна шүүгч хуулийг хэрхэн хэрэглэснийг ойлгомжгүй болгож байна.
Хоёр. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч Б.Э нь Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар тогтоолын дагуу явагдсан сонгуулийн дахин санал хураалтад оролцсон бөгөөд сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргаагүй атлаа дахин сонгууль явуулах тухай тогтоолд гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна" гэжээ. Нэхэмжлэгч Б.Э нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Сүхбаатар дүүргийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “14 дүгээр хэсгийн санал хураалтын тухай” 21 дүгээр тогтоол, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар “дахин санал хураалт явуулах тухай” тогтоолуудын 14 дүгээр хэсэгт дахин санал хураалт явуулахтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай л нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг.
Дүүргийн сонгуулийн хорооны дахин санал хураалт явуулах шийдвэр үндэслэлгүй болох талаар урьдчилан шийдвэрлэх журмаар болон шүүхэд гомдол гаргасан нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн сонгуулийн дахин санал хураалтын үр дүнг зөвшөөрөөгүйн илэрхийлэл гэх үндэслэл байгаа болно. Гэтэл шүүх нь тухайн нэхэмжлэлийн шаардлагаас хөндлөн, хамааралгүй асуудлаар буюу тухайн нэхэмжлэгч нөхцөл байдлын аль хэсэгт гомдол гаргасан талаар дүгнэлт хийсэн байгаа нь ойлгомжгүй байх ба дээрх байдлаас үзвэл хэт нэг талыг баримталж байгаа мэт харагдаж байна.
Гурав. Түүнчлэн шүүх дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагаа, хариуцлагаас болон гуравдагч этгээдийн оролцоо бүхий үйлдлээс сонгуулийн хүчинтэй санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн захиргааны актад хууль зүйн үүднээс дүгнэлт хийсэнгүй. Сонгуулийн хороо сонгуулийн автоматжуулсан системд гарсан зөрчлийг хуульд заасан журмаар шалгахгүйгээр зөрчилтэй гэж үзэн сонгуулийн санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулсныг шүүх зөвтгөн дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй болно.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 тоот шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явагдсан байх боловч тус дүүргийн Сонгуулийн хорооны 1 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 55 дугаар зүйлийн 55.1.4, 55.2 дахь хэсгийг үндэслэн, тус дүүргийн 14 дүгээр хэсэгт явагдсан санал хураалтын явцад сонгогч 2 саналын хуудсаар санал өгсөн, санал өгсөн сонгогчийн тоо, санал тоолох төхөөрөмжөөс гарсан сонгогчийн тоо зөрсөн ноцтой зөрчил гарсан гэсэн үндэслэлээр санал хураалтыг хүчингүйд тооцож, мөн өдрийн 22 дугаар тогтоолоор дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэжээ.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т заасан “саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн мэдээ нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна” гэж заасан байна.
Гэтэл Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах ажиллагаа зөрчилтэй явагдсан, тухайлбал, санал өгсөн сонгогчийн тоо, санал тоолох төхөөрөмжид тоологдсон саналын тоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл, санал тоолох бүртгэлийн машинд 1350 сонгогч санал өгсөн /хүчингүй саналын хуудас байхгүй/ байхад санал тоолох төхөөрөмжөөс гарсан нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналыг тоолоход 1331 санал тоологдсон нь Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуулийн 14 дүгээр хэсгийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол, мөн өдрийн хуралдааны тэмдэглэл №08 зэргээр тогтоогджээ.
Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан, хэргийн оролцогчдын тайлбар, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл №16, мөн дүүргийн 14 дүгээр хэсгийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл №07, 14 дүгээр хэсгийн хорооны ажиглагч нарын гомдол, тайлбар, гэрч Р.Б, Н.А нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тус хэсэгт явуулсан санал хураалтын явцад, зөөврийн саналын хайрцгийг хуулийн хугацаанд явуулаагүй, иргэн Р.Бигэрмаа 2 саналын хуудсаар санал өгсөн, санал авах ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангаж ажиллаж чадаагүй, санал авч байсан байрны цахилгаан 21.10 цагт тасарсан байхад “Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжих журам”-ын 3.1, 3.2-т заасны дагуу гар ажиллагаанд шилжилгүй 34 минут цахилгаан ирэхийг хүлээж, 21.44 цагт мотор асааж санал авах ажиллагааг үргэлжлүүлсэн зэргээр санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн нь тогтоогджээ.
Тухайн 14 дүгээр хэсэгт сонгуулийн санал авах ажиллагааны явцад гарсан дээрх зөрчлүүдээс, тухайлбал, цахилгаан тасарч санал авах ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон байхад сонгуулийн хорооны гишүүд дээрх журамд заасны дагуу санал авах ажиллагааг даруй гар ажиллагаанд шилжүүлэлгүй, 34 минут санал авах ажиллагааг зогсоосноос сонгуулийн байранд тухайн цаг хугацаанд ирсэн сонгогчид саналаа өгч чадаагүй буцсан, тэдгээр санал өгөх боломжтой сонгогчдын санал сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байсан гэж үзэхээр байна.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т “сонгуулийн хороодын гишүүн, бусад байгууллагын албан тушаалтан ... санал авах ажлыг зохион байгуулах, сонгогч санал өгөх, санал тоолох журмыг зөрчсөн нь тухайн сум, баг, хорооны сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол санал хураалтыг хүчингүйд тооцно” гэж заасан тул Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-д заасны дагуу тухайн хэсэгт явагдсан сонгуулийн үйл ажиллагааг шалган дүгнэж, “14 дүгээр хэсгийн сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцох тухай” 21 дүгээр тогтоол, “дахин санал хураалт явуулах тухай” 22 дугаар тогтоол гаргасан нь хуульд нийцсэн байна.
Иймд, нэхэмжлэгчийн дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй тул зохих өөрчлөлтийг оруулав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08- ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “55 дугаар зүйлийн 55.1.2” гэснийг “55 дугаар зүйлийн 55.1.4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
|