Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00155

 

Ш.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00755 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 814 дүгээр магадлалтай,

Ш.Тын нэхэмжлэлтэй

ХААДДХК /”ҮДД”ХК/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийхутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Т ХААДДХК-ийг анх үүсгэн байгуулагдах үед буюу 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны ажилтнаар ажилд орсон. Ингээд 2016 оны Компанийн бүтцийн өөрчлөлтөөр Захиргаа олон нийт хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын газрын Архив бичиг хэргийн ажилтнаар ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчлийн асуудал гаргаж, арга хэмжээ авахуулж байгаагүй болно. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өглөөний 8 цаг 40 минутын үед ажлынхаа газрын ариун цэврийн өрөөнд хамт ажилладаг, дотны хуурай эгч дүүсийн харилцаатай байдаг Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газрын, хөрөнгө оруулалтын шинжээч Б.Гтай хувийн асуудлаар маргалдан, хэрүүл хийж, Б.Гэхэлж миний гадуур хувцас болох курткыг урахад, эргүүлээд би түүний курткыг урсан асуудал болсон. Энэ талаар компани мэдээд, намайг Ёс зүйн хорооны хуралд өөрийн биеэр оролцуулан, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай ёс зүйн хорооны шийдвэрээр үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах арга хэмжээ авах зөрчлийг гаргасан байна гэсэн шийдвэр гаргасан. Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван надад дээрх сахилгын арга хэмжээг авсан байхад дахин арга хэмжээ авч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тушаалын үндэслэх хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ёс зүйн хорооны шийдвэр, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг баримталж ажлаас халсан гэжээ. Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар зөрчилд дараах сахилгын шийтгэлүүдээс ногдуулахдаа гаргасан зөрчил, дутагдал түүний хор уршиг хойшид засрах боломжтой эсэх, хүндэтгэх шалтгаан байсан эсэх зэргийг харгалзан үзэж ажилтанд түүний харьяалагдах албан тушаалтны, удирдах албан тушаалтанд гүйцэтгэх удирдлагын гомдол, мэдээлэл саналыг үндэслэн Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр гүйцэтгэх захирлын тушаалаар шат дараалал харгалзахгүйгээр шийдвэрлэнэ гэж заасан. Дээрх заалтаас үзэхэд бидний асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй мөн журмын 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт дараах тохиолдлыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гээд дээрх заалтын 10.6.1-10.6.6 дахь хэсгүүдэд заасан зөрчлийг миний бие гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Иймээс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 дугаартай ХААДДХК-ийн захирал Г.Энхтайваны гаргасан тушаалыг зөвшөөрөхгүй, ажлаас үндэслэлгүй халсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өглөөний 09.00 цагийн үед ажлын байрны 00 өрөөний үүдэнд зогсож байсан Б.Гг хэл амаар өдөж, тэр хоёр балиар ногоон нүдээрээ над руу хэрүүл хийхийг уриалан дуудсан гэж хэрүүлийг өдөж, улмаар зодолдож, зодооныг салгасны дараа Б.Ггийн өвлийн куртикыг хутгаар сийчин зүсэж /камерын бичлэг/ дахин ашиглах боломжгүй болгон ажлын байранд ёс бус үйлдэл гаргаж танхайрсан болно. ХААДДХК-ийн Ёс зүйн хороонд Б.Ггаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөдөл ирсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд Ёс зүйн хороо нь хуралдсан. Хуралдаанд өргөдөл гаргагч Б.Г, өргөдөлд холбогдогч Ш.Т нарыг байлцуулан өөрсдийн тайлбар, камерын бичлэг, зүсэгдсэн куртик зэрэгт үзлэг хийж, хуралдаж протокол үйлдэн баримтжуулсан болно. Ш.Т нь Б.Гтай 00 өрөөний үүдэнд үсээ боож байхад очин хэрүүл өдөж улмаар зодолдож тэр уурандаа куртикыг хутгаар сийчсэн болох нь тогтоогдсон тул Ёс зүйн хорооны дүрмийн 4.1.1-д компанийн ажилтнууд нь харилцан бие биенээ, хамт олноо болон бусдыг хүндэтгэж, өөр хоорондоо нөхөрсөг, шударга, хамтач, ажил хэрэгч харилцаатай байх мөн дүрмийн 4.1.4-т ажилтан компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж, хамт олны дунд дэл сул яриа гаргах, хэрүүл маргаан үүсгэх, амт олон, олон нийт, иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, доромжлох, ор үндэсгүй зүйлээр гүжирдэж гүтгэх, элдэв бүдүүлэг зан авир гарган танхайрч орчны амгалан тайван байдлыг алдагдуулахыг цээрлэх гэснийг зөрчсөн тул хөдөлмөрийн дотоод журмын 3.3.8, 10.1.2-т тус тус заасны дагуу үндсэн цалинг гурван сараар 20 хувиар бууруулан арга хэмжээ авах дүгнэлтийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг гаргаж гүйцэтгэх захиралд уламжилсан. Энэхүү шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх эрх нь ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу гүйцэтгэх захирал эцэслэн шийдвэрлэдэг болно. Гүйцэтгэх захирал нь хөдөлмөрийн дотоод журмын 10.2-т заасны дагуу Захирлын зөвлөлийн хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийж Ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу зөрчил гаргасан Ш.Тыг гаргасан зөрчилдөө гэмшихгүй, хамт олноосоо уучлалт гуйхгүй, ажлын байранд хутга гарган бусдын эд хөрөнгөд санаатайгаар халдаж танхайрсан, цаашид алдаа дутагдал гаргахгүй байх талаар идэвх чармайлт гаргаагүй тул хамт олны дунд сөрөг уур амьсгалыг бий болгож байгаатай холбогдуулан цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан болно. Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасны дагуу Ш.Тад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.3-т заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №01 дугаар тушаалаар Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалж байгаа тухай мэдэгдэж хүлээлгэн өгсөн болно. ХААДДХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Шатархүүгийн Ш.Т нь гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халагдсан болно. Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах хууль зүйн үндэслэлээ Ёс зүйн хорооны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот дүгнэлтээр Ёс зүйн дүрмийн 4.1.1, 4.1.4-т заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.8 компанийн ажилтны ёс зүйн дүрэм, мэдээллийн аюулгүй байдлын журмыг зөрчихгүй байх, 10.1.2. хууль бус үйлдэл хийсэн, биеэ авч явах байдал нь Компанийн нэр төрд муугаар нөлөөлсөн, ёс суртахууны доголдол гаргасан ажилтанд, 10.1.14. энэхүү журмаас бусад компанийн дүрэм, журамд заасан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 6.2.4-т заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Ш.Т нь Б.Гг ажлын байранд ажлын цагаар хэрүүл анхлан өдөж хэл амаар доромжилсон улмаар зодож тэр уурандаа куртикыг нь хутгаар сийчэн бүдүүлэг зан авир гарган танхайрч орчны амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдад буруу үлгэр дууриалал үзүүлсэн, хийсэн үйлдэлдээ гэмшихгүй, уучлалт гуйхгүй байгаа нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөхөд 3 хүртэлх насны хүүхэдтэй хүнд хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00755 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Тын хариуцагч ХААДДХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 814 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл хяналтын гомдолдоо: Шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 814 дүгээр магадлалаар түүнийг залруулаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх “Ш.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тухайлан заасан заалт байхгүй...” гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад “ажил олгогч нь ажилтанд компанийн дотоод дүрэм журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах эрх эдэлнэ” заасныг ноцтой зөрчил тухайлан тохиролцсонтой адилтгаж үзэх боломжтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод дүрэм журмыг мөрдөх нь түүний хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт хамаарах бөгөөд гагцхүү уг үүргийг хэрхэн биелүүлээгүй, буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасны улмаас ямар үр дагавар, хор уршиг үүссэн тохиолдолд ажил олгогч дангаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар талууд гэрээгээр тухайлан тохиролцсон байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 шаардана. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны ажлын байрны чиг үүрэг, онцлогоос шалтгаалж, түүний гаргасан зөрчлийн хэр хэмжээг талууд гэрээгээр тохиролцсон байдлаас хамаарч ажил олгогч түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн аль тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах эрх хэмжээ үүсэх учиртай. Үүн дотроос ноцтой зөрчилд хамаарах нөхцөл байдлыг талууд нарийвчлан гэрээгээр тухайлан тохироогүй тохиолдолд түүнд ажлаас шууд халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй юм. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид “гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтан үзэж болох юм” гэжээ. Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д заасан “...дотоод дүрэмд журамд заасан зөрчил гаргавал хариуцлага хүлээлгэнэ” гэж хэт өргөн хүрээтэй тодорхойлсныг дүрэм, журам, зааврын зарим зүйл, заалтыг зөрчвөл хариуцлага хүлээхээр хөдөлмөрийн гэрээнд тусгасан мэтээр тайлбарласан нь үндэслэл муутай болжээ. Гэрээний энэхүү зохицуулалт нь ажилтанд эрх олгосон зохицуулалт бөгөөд ажилтантай тохиролцсон тохиролцоо биш юм. Ажилтан тухайн байгууллагад ажилладаг болохын хувьд байгууллагын дотоод дүрэм, журмыг дагаж биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ хөдөлмөрийн гэрээнд тухайн дүрэм журмын тодорхой зүйл, заалтыг тусгаж өгсөн тохиолдолд л хөдөлмөрийн гэрээтэй адилтгаж үзэж болохоос биш хэт ерөнхий дүрэм, журам зөрчих юм бол ноцтой зөрчилд тооцно гэж тодорхойлж болохооргүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн сахилгын зөрчил давхардуулан авсан, бага насны хүүхэдтэй байхад ажлаас халсан талаар дүгнэлт хийсэн нь илүүц болжээ. Учир нь энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлоогүй бөгөөд анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцээгүй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч ХААДДХК /”ҮДД”ХК/-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна. ХААДДХК нь оноосон нэрээ өөрчилж, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “ҮДД”ХК нэртэй болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, ...хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тухайлан заагаагүй талаар зөв дүгнэсэн атлаа хуулийг хэрэглээгүй... нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэн байна.

Ш.Т нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус байгууллагын архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан ба 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байранд ажилтан Б.Гтай хэрэлдэж, зодолдон, улмаар хувцасны шүүгээнд байсан түүний гадуур хувцсыг хутгаар зүсч танхайрсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас халсан байна. /хх-9-10, 33 дах тал/

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ХААДДХК-ийн Ёс зүйн хорооны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр дүгнэлт, ХААДДХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.8, 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.14, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 6.2.4-т заасныг баримталжээ. Тус байгууллагын Ёс зүйн хороо зөрчлийг хянан хэлэлцэж, Ш.Тад сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэж, 2019 оны 02 сарын 01-ны өдөр 01 тоот шийдвэр хэлбэрээр энэ талаарх саналыг  гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байхад хоёр шатны шүүх уг хэм хэмжээг хэрэглэхдээ гэрээний талуудын хүлээх хариуцлага, гэрээний нөхцөл,  ажилтны гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан байгууллагын дотоод хэм хэмжээний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж, Ш.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй гэж үзэв. Ажилтны гаргасан тухайн зөрчил нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар  болгоход хүргэсэн нь баримтаар хангалттай тогтоогджээ.

Хоёр шатны шүүх сахилгын зөрчлийн тогтоогдсон байдал, зөрчлийг илрүүлсэн хугацаа, шийтгэл ногдуулах ажил олгогчийн бүрэн эрх, нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2. 131.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00755 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 814 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                       

                           ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА