Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/00470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 6-163 тоотод оршин суух /РД:ЧП56121317/ Ногоон нуур овогтой Мишигдоржийн Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 6 сараас 1989 оны 2 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын АДХГЗ-ны Автобаазад жолоочоор, 1989 оны 2 сараас УБХГЗ-ны орлогч дарга байсан Баатарын хүсэлтээр Холбооны яамны автобаазын жолоочоор ажилласан ба хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа, Нийслэлийн архиваас баримт шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Би тэтгэврээ тогтоолгох шаардлагатай тул миний ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Даваасүрэн нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдввэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу гаргасан байна. Тэрээр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд оршин суудаг болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдввэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдлыг” хянан шийдвэрлэхээр заасан байна.  

 

Нэхэмжлэгч М.Даваасүрэн нь 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Автобаазад жолоочоор ажиллаж байсан болох нь 1989 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Автобаазаас түүний ажил байдлыг тодорхойлж байсан баримт, 1980-1988 онуудад шагнагдаж байсан Баярын бичиг, Сайшаалын үнэмлэх, Нийслэлийн төр захиргааны автобааз НӨТҮГ-ын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 1/54 тоот албан бичиг болон гэрч Рэнцэнгийн Батбилэг /РД:ХМ58011475/, гэрч Лувсангийн Зол /РД:ХМ58021979/ нарын “Бид 1982-1989 онд тус баазад хамт ажилласан” гэж мэдүүлснээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д ажилласан байдлаа батлах баримт бичгийг буюу хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул өөр журмаар олж авах боломжгүй болох нь Нийслэлийн Архивын газрын 2017 оны 2 дугаар сарын 01-ний 79 дугаар Тодорхойлолторр тогтоогдож байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                              

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан /РД:ЧП56121317/ Ногоон нуур овогтой Мишигдоржийн Даваасүрэн нь 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Автобаазад жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ