Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/230

 

 

 

 

 

 

2022        03          11                                     2021/ШЦТ/230

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

            улсын яллагч Р.Энх-Оюун,

            шүүгдэгч Л.Н  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Л.Н ад холбогдох эрүүгийн 2111014960050 дугаар хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүд овгийн Л.Н , 1981 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тайхо” ХХК-д том машины жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух,

Булган аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 8- д зааснаар 1 жил 6 cap хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 6 cap хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н  нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1-12 тоотод иргэн Г.Э г зодож түүний эрүүл мэндэд “зулайд шарх” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Л.Н  нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1-12 тоотод иргэн Г.Э г зодож түүний эрүүл мэндэд “зулайд шарх” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгч Л.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би том машин барьдаг, одоо ажил эхлэхээр хохирлыг төлөх болно. Хохирогчид нэхэмжилсэн 352.592 төгрөгийг хоёр хуваагаад төлье гэсэн санал тавьсан боловч үгүй гэсэн. ...” гэх мэдүүлэг,  

- хохирогч Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөнхсайхан ах Нармандах ах бид гурав үлдээд сүүлийн архиа ууж байхад Нармандах намайг архины шилээр толгой руу зохисон, тэгээд миний толгойноос цус гараад гэрийнх нь түмпэнд угаагаад тогтохгүй болохоор нь гэр рүүгээ ороход ээж Саранчимэг хараад ухаан алдангаа алдаад, утсаа бариад түргэн, цагдаа дуудаад гэрээс гараад Нармандахын гэр лүү явсан. ...Тэгээд тухайн өдрийн орой нь Гэмтлийн эмнэлэг ороод толгойндоо 7 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 17 дугаар, Баянхайрхан 1-12 тоот гэртээ нөхөр, хүүхдүүд, нөхрийн ах болох Батаа нарын хамт байхад гаднаас Энх-Амгалан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд би нэг хүүхэдтэйгээ хажуу айлын Цэвэлмаагийн гэрт байж байгаад 16 цагийн үед гэртээ ороход хүүхдүүд аав Энх-Амгалан ахын толгойг хагалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

- насанд хүрээгүй гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай хөрш айлын ах Энх-Амгалан архи уусан согтуу орж ирсэн, тэгээд аав Батаа ах хоёртой хамт суугаад гэрт шүлсээ хаяад, мах идэж байгаад зажлаад хаяад байсан, манай гэрийн гитарыг шидээд агсан тавьсан чинь аав уурлаад мах идэж байсан төмөр түмпэнг Энх- Амгалан ах руу шидсэн чинь толгойг нь оноод цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11479 дугаар “...Г.Э биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- шүүгдэгч Л.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Э  гаднаас манай гэрт архи уучихсан орж ирээд зүгээр байхгүй агсам согтуу тавиад, түмпэн буюу төмөр савтай хоол өшиглөж асгаад, архи хийж өгөхөөр урдаас тургиж цацаад зүгээр байхгүй байсан болохоор нь би айлгах гээд түмпэн шидсэн чинь толгойг нь оноод, толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Л.Н  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Л.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Л.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Г.Э  нь эмчилгээний зардалд 352.592 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав .

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овгийн Л.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н ад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н аас 352.592 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Зүрх уулын 7-666 тоотод оршин суух Ганбаатарын Энх-Амгалан /рд: /-д олгосугай.

5. Шүүгдэгч Л.Н ад нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.           

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН