Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/229

 

 

 

 

 

2022        03          11                                     2021/ШЦТ/229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

            улсын яллагч П.Итгэл,

            хохирогч Г.Э ,

            шүүгдэгч Г.Т  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Г.Т д холбогдох эрүүгийн 2111015240067 дугаар хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чонос овгийн Г.Т , 1992 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин гудамж, 2-36 байр 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т  нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 12-240а тоотод Г.Э тай маргалдан улмаар түүнийг зодож биед нь эрүүл ясны баруун буланд зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Т  нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 12-240а тоотод Г.Э тай маргалдан улмаар түүнийг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- шүүгдэгч Г.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн өдөр би Энхбаярт зээлэн өрөө эхнэртэй чинь ярилцаж тохироод бага багаар өгч байгаа тухайгаа хэлсэн. Гэтэл Энхбаяр буруугаар ойлгосон юм шиг байна лээ. Би Энхбаяраас уучлалт гуйх гээд очиход намайг шүүх дээрээ уулзана гээд хөөгөөд явуулсан. Утсаар ярих гэхээр утсаа авдаггүй, мөрдөгчдөө энэ тухай би хэлсэн. Гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ одоохондоо би ажил хийх боломжгүй байгаа, аав маань саяхан харваад би гэртээ асарч байгаа...” гэх мэдүүлэг,

- хохирогч Г.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би энэ хэрэг болох үед эхнэр, хүүхдээсээ салсан байсан. Тулга би эхнэртэй чинь ярьдаг, эхнэр чинь тэнд тийм машинтай, тийм хашаа худалдаж авсан гэх мэтээр ярихад нь миний уур их хүрсэн. Би эхлээд цохисон нь үнэн, намайг зөрүүлж цохиод амнаас цус гараад эрүү хугарсан. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Тулгаа над руу 1-2 удаа залгахад нь би аваагүй. Одоо эрүүгээ үдүүлсэн маш хүнд байдалтай байгаа. Нойргүй хонодог, эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа боловч баримтаа мартсан байна. Тулгыг хүнээс уучлалт гуйж сур гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг,  

- хохирогч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 12-240a тоотод байх танил ах Мөнхбатынд очсон. Мөнхөө ахын гэрт ороход Мөнхөө ах өөрийн охин Отгонжаргалын хамт байсан. Тэгээд Мөнхөө ах бид хоёр 0,75 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан ба хэсэг хугацааны дараа манай найз Тулга найз охинтойгоо хамт, манай найз Алтанцоож бас найз охинтойгоо нэлээдгүй согтолтын байдалтай орж ирсэн. Тэгээд Тулга надад 700,000 төгрөгийн өртэй байсан ба би мөнгөө нэхэж маргалдахгүй байхыг хичээгээд сууж байсан. Гэтэл Тулга манай эхнэртэй өдөр болгон ярьдаг гэсэн утгатай юм яриад байхаар нь би уурлаад Тулгын хацар хэсэг рүү нь баруун гарынхаа алгаар 2-3 удаа алгадсан чинь Тулга босож ирээд миний нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа гараа атгаж байгаад цохисон. Яг хэд цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд би газарт унахад Тулга дээрээс бас цохиод байсан чинь тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд миний амнаас цус гараад байхаар нь Чингэлтэй дүүргийн 17-р хороо Сурагчийн 72-822а тоот буюу гэртээ харьсан. ...Тулга надад мөнгөний өртэй байсан мөн манай эхнэртэй байнга утсаар ярьдаг, манай эхнэр намайг хаяад авсан, өөр хүнтэй болсон талаар яриад байснаас болж маргаан үүссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дахь тал/,

- гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Тулга бас манайд ирэхдээ нэлээн согтуу байсан. Тэгээд Отгонжаргал, Тулгын найз эмэгтэй нар 1-2 ширхэг пиво уугаад байцгааж байсан. Энхбаяр, Тулга хоёр хоорондоо юм ярьж байгаад Тулга, Энхбаярт танай эхнэртэй байнга утсаар ярьж байгаа гээд хэлсэн чинь Энхбаяр уурлачихсан ба Энхбаяр нь эхнэрээсээ салаад тусдаа амьдарч байгаа юм. Түүнээс болоод Энхбаярын эхнэрийн талаар Тулга элдвийн зүйл согтуу ярьсан чинь Энхбаяр уурлаад Тулгын нүүр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохичихсон юм. Тэгсэн Тулгаа уурлаад босож ирээд Энхбаярын нүүрний шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон чинь Энхбаяр газар уначихсан ба газар унасан чинь Тулга Энхбаярын дээр гараад нүүр, шанаа хэсэг рүү 2-3 удаа цохиод зодолдсон юм. Тэгэхээр нь би Тулгааг салгаад Отгонжаргал Энхбаярыг салгаад аваад гарсан ба Энхбаяр манайхаас яваад өгсөн... Тулга гэх найз нь зодож цохисон юм. Энхбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд найз Тулгадаа агсан тавиад маргалдаж байгаад Тулгыг түрүүлж цохиод зодуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11685 дугаар “...Г.Э ын биед эрүү ясны баруун буланд зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниул тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...”, гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Иргэн Г.Э  нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхит 12-240a тоотод найз Г.Т д зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Г.Э  нь 2021 оны 11 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч 125,000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 350,000 төгрөгийн үйлчилгээ, Чингэлтэйн ЭМТ-д 53.000 төгрөгийн үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 528,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Тулгаас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Т  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 528.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмааг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон зөвтгөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Г.Э  нь “...эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх боловч энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хохирогч Г.Э ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 528.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Т ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 528.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав .

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овгийн Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.           

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т ас 528.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгуулж,

хохирогч Г.Э  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН