Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2022/0133/Э |
Дугаар | 2022/ШЦТ/164 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/164
2022 02 22 2022/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ж.Баянжаргал,
шүүгдэгч П.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн П.А т холбогдох эрүүгийн 2111013740049 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн П.А , 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Ард улсад төрсөн, 19 настай халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн график дизайны 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 6-2-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.А нь 2021 оны 10 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 22 дугаар гудамжны 780 тоотод байхдаа иргэн Б.Т ийн эзэмшлийн “iphone 11 pro max” маркийн гap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Б.Т т 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч П.А нь 2021 оны 10 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 22 дугаар гудамжны 780 тоотод байхдаа иргэн Б.Т ийн эзэмшлийн “iphone 11 pro max” маркийн гap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Б.Т т 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйлд баримт нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 5 дахь тал/,
- хохирогч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 сарын 14-ний өдөр цэргээс халагдсан он жавууд байгаа юм. Бид нар 0.75 литрийн хараа нэртэй цагаан архи хувааж уугаад, 2.5 литрийн савлагаатай том пиво хоёрыг уучхаад би 00 цаг болж байхад унтчихсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед намайг сэрээгээд, одоо гэр гэртээ харьцгаая гээд би босоод гар утсаа хайсан чинь олдохгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 18 дахь тал/,
- гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын үед цэргийн найз болох Алтангэрэл, Алтангэрэлийн найз бид 3 Дэнжийн мянгад байдаг Дашнямын гэрт очсон. Гэрт нь очиход цэргийн найзууд болох Байдраг, Алдар, Дашням, Одгэрэл, Дашнямын найз гэх 2 эрэгтэй, эмэгтэй хүн байсан. Тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Төгөлдөр тасарчихсан суугаагаараа унтаж байсан. Тэгээд 03 цагийн үед нэг нь Төгөлдөрийн утас алга болчихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
- гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төгөлдөрийн утсаар бүгд оролдоод, зураг бичлэг хийгээд байсан. ...шөнө болж байхад Батжаргал, Одгэрэл, Алтангэрэл найзтайгаа явсан. Тэгээд Төгөлдөр, Алдар, Дашням, Мянганбаяр, Дашнямын найз охин бид хэд үлдсэн. Төгөлдөр утсаа байхгүй байна гээд хайгаад байсан. Бүгдээрээ хайгаад олоогүй. Хүмүүс орж ирэхэд Төгөлдөрийн утсыг Алдарт өгсөн ба тэрнээс хойш хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
- гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд маргааш нь буюу 2021оны 10 сарын 18-ны өдөр төгөлдөр над руу залгаад утас алга болчихжээ гэж хэлсэн. Хамгийн сүүлд Байдраг, алдар хоёрыг утсаар оролдож байхыг харсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
- гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...02 цаг болж байхад гэртээ ирэх үед Төгөлдөр том өрөөнд тасарчихсан байдалтай байсан ба утсаар Алдар, Байдраг хоёр угаалгын өрөөнд оролдоод байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
- гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд Төгөлдөрийг сэрээхэд утсаа алга байна гээд хайгаад Дашням Төгөлдөр хоёр хайж байх хойгуур Мянганбаяртай хамт гал тогооны өрөөнд байсан ба Алдарын халаасанд утас нь байх шиг байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
- иргэний нэхэмжлэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би өөрийн хаягаас чат бичиж гар утсыг үзэхээр болоод уулзсан би iPhone 11 pro max гар утсыг сонгож 1.900.000 төгрөгөөр тохирч худалдан авахаар болоод өөрийн голомт банкны данснаас Хаан банкны Ганзориг Түвдэндорж гэдэг хүний данс руу хийсэн. 80422688 дугаараа 2021 оны 11 сарын 15-ны өдөр хийж ашиглаж байхад цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
- Юнител ХХК-ний 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 05-01/6323 дугаартай “...352870110008430 имэй кодтой утсанд 80222339 П. Алдар, 80422688 Э. Номин-Эрдэнэ нар тус тус дугаарыг хийж ашигласан байна...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 21-722 дугаар шинжээчийн “…iphone 11 pro max маркын гар утсыг 1.775.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, шүүгдэгч П.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/, хохирогч Б.Т ийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 112 дахь тал/, шүүгдэгч П.А ын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 111 дэх тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 113 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч П.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Т нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч П.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн П.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН