Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2022/0118/Э |
Дугаар | 2022/ШЦТ/149 |
Огноо | 2022-02-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/149
2022 02 17 2022/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Т.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэд овгийн Т.Т д холбогдох эрүүгийн 2211000000074 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чимэд овгийн Т.Т , 1978 оны 6 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо , 23 дугаар байрны 60 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 21:50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны урд иргэн Д.О ыг машинаа хөдөлгөж, зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.Т нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 21:50 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны урд иргэн Д.О ыг машинаа хөдөлгөж, зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйлд баримт нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 3 дахь тал/,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-5 дахь тал/,
- хохирогч Д.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны гадаа 21 цаг 50 минутын үед “Окей” дэлгүүрийн үүдэн дэх нэг урсгалтай зам дээр түгээлт хийхээр зогсож байхад урдаас Ниссан маркийн 11-90 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирсэн бөгөөд дотроос нь 30 орчим насны эмэгтэй “гарах гэсэн юм” гэхэд нь за гээд гарах гэж байхад нөхөр нь гэх хүн машинаас бууж ирээд “Пизда минь чи зайл л даа бид нар гармаар байна гээд машины цонх луу цохиж байсан.” Тэгэхэд нь би “Чадахгүй би ажлаа хийж байна гардаг газраар нь гар гээд” бараагаа аваад орсон. Ойролцоогоор 1-2 минутын дараа бараагаа өгчхөөд гараад ирэхэд нөхөр нь гэх 170см өндөр, 30 орчим насны эрэгтэй “Чи энэ ямбийгаа зайлуул л даа гээд салхины шил рүү цохиод байхад нь “та шил хагаллаа гээд” машинаасаа холдуулахаар хоёр гараараа машин руу нь түлхсэн. Тэгэхээр “Чи гар хүрлээ. Чи намайг цохилоо. Чамайг би ална гээд намайг хөөсөн.” Дараагаар нь эхнэр нь ирж авч явсан. Тэгэхэд нь машиндаа суугаад явах гэж байхад дахиж гарж ирээд машины шил рүү цохиод байхаар нь хаалгаа нээгээд “Болиоч дээ машины шил хагаллаа” гэхэд миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Дараагаар нь эхнэр нь ирж салгаж авч явсан. Улмаар би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... 2022 оны 1 сарын 6-ны өдөр миний эмчилгээний зрдал 1.500.000 төгрөгийг төлж барагдуулж уучлалт хүссэн тул өөр ямар нэгэн гоидол саналгүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал/,
- гэрч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ойролцоогоор 10 минутын дараа уг жолооч гарч ирэхэд нь “Чи машинаа хөндлөн тавьчих юм аа, машинаа зайчлаад өгөөч ээ” гэж гуйсан. Тэгэхэд манай нөхөр Тамир машинаасаа буугаад “Чи яасан том юм бэ чи машинаа холдуулаад өгөөч” гэж хэлэхэд уг жолооч манай нөхрийг цохиж улмаар манай нөхөр машинаа налж унасан. Тэгэхэд нь би гарж “Чи болиоч чиний буруу шүү дээ” гээд нөхрөө салахыг оролдсон ч манай нөхөр тухайн жолоочтой маргалдаж жолоочийг гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Дараагаар нь тэр залуу цагдаа дуудаад “та надад 2 сая төгрөг өгчих тэгээд салъя” гэж хэлэхэд нь “ Чи арай даварчихсан залуу вэ? Чи хүнээс шууд мөнгө нэхдэг хэн бэ?” гэж хэлээд цагдаагийн алба хаагчид ирэхийг хүлээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1064 дүгээр дүгнэлтэд: “...Д.О ын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дээд 1 буюу 21-р шүдний булгаралт, зүүн дээд 2-р буюу 22-р шүдний сулрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-р алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 23-24 дэх/,
- шүүгдэгч Т.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Надад гаргах тайлбар байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Оюунбатын надаас нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
- шүүгдэгч Т.Т гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/, хохирогч Д.О ын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 54 дэх тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Т.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Т.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Т.Т д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Хохирогчийн Д.О нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Т.Т г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чимэд овгийн Т.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН