Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 2022          02          11                                    2022/ШЦТ/119

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Г.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

хохирогч, шүүгдэгч М.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

хохирогч, шүүгдэгч Ц.Ж  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Табангууд овгийн М.Б , Суваргачин овгийн Г.Б , мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.Ж  нарт холбогдох эрүүгийн 2111000001349 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Табангууд овгийн М.Б , 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 6-8 насны 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 15-754 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар

2. Суваргачин овгийн Г.Б , 2001 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дэнжийн 5 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

3. Боржигон овгийн Ц.Ж , 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40-620 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б  нь Г.Б той бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Өнө зочид буудал дотор хохирогч Ц.Ж тай маргалдан улмаар нүүр, толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Б  нь М.Б тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Өнө зочид буудал дотор хохирогч Ц.Ж тай маргалдан улмаар нүүр, толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Ж  нь 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Өнө зочид буудал дотор хохирогч М.Б тай маргалдан улмаар М.Б ын хэвлийн тус газар, Б.Г ийн нүүрэн тус газар хутгаар зүсэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Ц.Ж гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр халтуур хийж байгаад хүн багатай болохоор машинаа тавьчхаад Дуулга бааранд 21 цагийн үед ороод 2 пиво уугаад тэнд нэг залуутай танилцаж үргэлжлүүлэхээр болоод 12 цагийн үед Дуулга баарнаас гарч Өнө зочид буудал руу явсан. Тэгтэл зочид буудлын 2 давхарт хэсэг залуус маргалдаад байхаар нь та нар больцгоо, цагдаа дуудлаа гэж хэлтэл нэг том биетэй ногоон куртиктэй залуу нь намайг алгадаад авсан. Тэгтэл хамт явсан залуу нь бас намайг цохиж зодолдсон. Би биеэ хамгаалах зорилгоор өөрийн түлхүүрийн оосорт явдаг жижиг хутгыг гаргаж ирснээ санаж байна. Тэгээд зодооныг яг юу болсныг сайн санахгүй байна. ...Нүүр хавдаж, хамар гэмтсэнээс болоод ажлаа хийж чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- хохирогч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 5-ны орой 23 цагийн үед найз Балжинням, түүний дүү Батзориг нартай уулзаад Лазер пабад хэсэг сууж тэр хоёртой 0.75 литрийн экс архи хувааж ууж байхад 00 цаг болж баар хаасан. Тэгээд үлдсэн архиа ууж дуусгахаар Өнө баар руу очоод хүлээн авах хэсэгт дээр нь нэг үл таних залуутай Батзориг, Балжинням хоёр маргалдаад ноцолдож эхлэхэд би салгаж гэж тэр хоёрыг зуураад байж байтал нөгөө үл таних залуу халааснаасаа хутга гаргаж ирээд Балжиннямын цээж рүү хатгах шиг болохоор нь би салгаад үл таних залууг цаад өрөөнд Балжинням наад өрөөнд үлдсэн. Тэгсэн нөгөө залуу хутгаа дахин гаргаж ирээд ална, тална гээд орилоод Балжинням тэр хоёр дахин ноцолдох гэхэд нь би дундуур нь орж байхад миний зүүн шанааг зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

- хохирогч М.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өнө баар, зочид буудлын замын эсрэг талд байрлах “Лазер” караокед 21 цагийн үед багын найз Гансүх, хуурай дүү Батзориг нарын хамт орж 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж ууж байгаад караоке хаасны дараа үлдсэн архиа буудалд авч орж уухаар тус зочид буудал руу 23 цагийн орчимд гурвуулаа хамт очсон. Буудлын ресейпшн дээр очиж өрөө асууж байхад үл таних нөхөртэй таарч маргалдсан. Гэтэл нөгөө хүн ална тална, цувдайг нь цувуулна гэх зэргээр харааж эхлэхээр нь цувдайг нь цувуулахыг чинь харъя гээд очоод түлхээд, нүүр лүү нь мангасдсан. Тэгээд заамдалцаад байж байтал нөгөө нөхөр халааснаасаа барагцаагаар сөөм хэмжээтэй, цайвар өнгийн хутга гаргаж ирээд над руу хутгаараа хатгах шиг болсон. Тэгээд хамт явсан найз Гансүх наад нөхөр чинь хутгатай байна гэж хэлээд хутгатай гарыг нь бариад авахад Гансүхийн нүүр хавьцаа нь зүсэх шиг болоход нь нүүр лүү нь алгадсан. Тэрний дараа нөгөө нөхөр тэнд хутгаа бариад ална тална гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст 35 дахь тал/,

- гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 12 цагийн орчимд эхлээд 4 эрэгтэй араас нь 4 эрэгтэй хүн орж ирсэн хоорондоо шөргөлцөлдөж маргалдаж улмаар зодолдсон. Нэг мэдэхэд хоорондоо маргалдаад архины шилээр бие биенийгээ цохисныг харсан. Тэгээд хутга харагдаад ирэхээр нь айгаад дахин гарч ирээгүй. Хутгалсан залуу тэкэн дээр хутгаа бариад нөгөө залуу руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10957 дугаар “...Ц.Ж биед зүүн хацар ясны нумын хугарал, хамрын хянга ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 11007 дугаар “...Б.Г ийн биед зүүн хацар, эрүү, зүүн гарын дунд хуруу, баруун гарын чигчий хуруунд шарх, зүүн бугалгад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11008 дугаар “...М.Б ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

- 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Жадамбаагийн зүүн шанаа руу Батзориг зүүн гараараа 5 удаа цохиж, Балжинням зүүн гараараа баруун хацар шанаа хэсэг рүү нь 3 удаа алгадсан байдал бичигдсэн. ...Балжинням Жадамбааг баруун гараар заамдан татаж, зүүн гараар баруун шанаа, толгой руу нь 4 удаа цохиж буй нь бичигдэв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Балжиням, Г.Б  нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Ж  нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч М.Б  нь Г.Б той бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Өнө зочид буудал дотор хохирогч Ц.Ж тай маргалдан улмаар нүүр, толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Б  нь М.Б тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Өнө зочид буудал дотор хохирогч Ц.Ж тай маргалдан улмаар нүүр, толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Ж  нь 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Өнө зочид буудал дотор хохирогч М.Б тай маргалдан улмаар М.Б ын хэвлийн тус газар, Б.Г ийн нүүрэн тус газар хутгаар зүсэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл  баримт тус тус тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч М.Б , Г.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг,

шүүгдэгч Ц.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан, тэдгээрийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор

шүүгдэгч М.Б , Г.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож,

шүүгдэгч Ц.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар

Хохирогч М.Б , Б.Г , Ц.Ж  нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй гэх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, нийт 16 см урттай ажлын хэсэг нь 7.5 см, бариул хэсэг нь 8.5 см, өргөн 1.5 см мөнгөлөг өнгийн металл хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Табангууд овгийн М.Б , Суваргачин овгийн Г.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              шүүгдэгч Боржигон овгийн Ц.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б , Г.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Г.Б  нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.Ж д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б , Г.Б , Ц.Ж  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, нийт 16 см урттай ажлын хэсэг нь 7.5 см, бариул хэсэг нь 8.5 см, өргөн 1.5 см мөнгөлөг өнгийн металл хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б , Г.Б , Ц.Ж  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН