| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/00239/И |
| Дугаар | 183/ШШ2017/00527 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2017/00527
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарантуул ОУХТ, баялаг ундраа худалдааны төв, РД:2578697, Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 16 дугаар гудамж, 597 тоот хаягт оршин суух, РД:МВ67011910, Энхтүвшин овогт Баттулгын Түмэнжаргал,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 16 дугаар гудамж, 597 тоот хаягт оршин суух, РД:АХ70070301, Тариатынхан овогт Варшаагийн Оюуннаран нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 5,431,372 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Варшаагийн Оюуннаран нь Хас Банктай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1510005320 дугаартай зээлийн гэрээ, 1510005320-01 дугаартай барьцааны гэрээ, 1090013707-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд Б.Түмэнжаргал хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, сонсголон 16 дугаар гудамж 597 тоотод байрлах Г-2206004415 тоот улсын бүртгэлийн дугаартай, 482 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, сонсголон 16 дугаар гудамж 597 тоотод байрлах Ү-2206011700 тоот улсын бүртгэлийн дугаартай, 78 м.кв, 26 м.кв талбайтай хувийн сууц, Тошиба брэндийн зурагт 1 ширхэг, Асег брэндийн компьютер 1 ширхэг, Солонгосын хөргөгч 1 ширхэг болно.
В.Оюуннаран, Б.Түмэнжаргал нар зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1510005320 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, төлбөрийг бүрэн төлөлгүй, хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. В.Оюуннаран болон хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Түмэнжаргал нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, утсаа авахгүй байх, холбоо барихгүй, худал мэдээлэл өгөх зэрэг үйлдлүүдийг гаргаж, зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч Варшаагийн Оюуннарангийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал 1510005320 дугаар гэрээний үндсэн төлбөр 3,498,781, хүү 1,672,880, нэмэгдүүлсэн хүү 243,710, нийт 5,415,372 төгрөг байна. Иймд 1510005320 дугаар зээлийн гэрээний 5.1.1, 5.2, 1510005224-01 дугаар барьцааны гэрээний 4.1.4 заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,415,372 /таван сая дөрвөн зуун арван таван мянга гурван зуун далан хоёр/ төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт дүн 5,431,372 /таван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг В.Оюуннаран болон хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Түмэнжаргал нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваадорж, хариуцагч В.Оюуннаран, Б.Түмэнжаргал нар харилцан тохиролцон дараах байдлаар эвлэрч байна үүнд: 2017.02.25-ны өдөр 400.000 төгрөг, 2017.03.30-ны өдөр 400.000 төгрөг, 2017.04.30-ны өдөр 1,631,372 төгрөг, 2017.05.30-ны өдөр 1,000.000 төгрөг, 2017.06.30-ны өдөр 2,000.000 төгрөгийг тус тус төлнө. Нийт 5,431,372 төгрөгийн төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч В.Оюуннаран, Б.Түмэнжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,431,372 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Оюуннаран, Б.Түмэнжаргал нар нь Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 5,431,372 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017.02.25-ны өдөр 400.000 төгрөг, 2017.03.30-ны өдөр 400.000 төгрөг, 2017.04.30-ны өдөр 1,631,372 төгрөг, 2017.05.30-ны өдөр 1,000.000 төгрөг, 2017.06.30-ны өдөр 2,000.000 төгрөгийг төлж барагдуулах, мөн хариуцагч нар дээрх төлбөрийг сайн дураараа барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Хас банк ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн хяналтын мэргэжилтэн Н.Даваадоржид олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу хариуцагчтай эвлэрэх эрхийг олгосон ба Н.Даваадорж, хариуцагч В.Оюуннаран, Б.Түмэнжаргал нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,852 төгрөгийн 50,926 төгрөгийг улсын орлогод үлдээж, 50,926 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 50,926 төгрөгийг хариуцагч В.Оюуннаран, Б.Түмэнжаргал нараас гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч В.Оюуннаран, Б.Түмэнжаргал нараас зээлийн гэрээний үүрэгт 5,431,372 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, 2017.02.25-ны өдөр 400.000 төгрөг, 2017.03.30-ны өдөр 400.000 төгрөг, 2017.04.30-ны өдөр 1,631,372 төгрөг, 2017.05.30-ны өдөр 1,000.000 төгрөг, 2017.06.30-ны өдөр 2,000.000 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураараа барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, сонсголон 16 дугаар гудамж 597 тоотод байрлах Г-2206004415 тоот улсын бүртгэлийн дугаартай, 482 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, сонсголон 16 дугаар гудамж 597 тоотод байрлах Ү-2206011700 тоот улсын бүртгэлийн дугаартай, 78 м.кв, 26 м.кв талбайтай хувийн сууц, Тошиба брэндийн зурагт 1 ширхэг, Асег брэндийн компьютер 1 ширхэг, Солонгосын хөргөгч 1 ширхэг эд хөнгөнгүүдээр нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,852 төгрөгийн 50,926 төгрөгийг улсын орлогод үлдээж, 50,926 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 50,926 төгрөгийг хариуцагч В.Оюуннаран, Б.Түмэнжаргал нараас гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ