Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Т.Ганзориг Хохирогч Б.Эрдэнэзаяа Шүүгдэгч Д.Гантөгс Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Гантөгсд холбогдох 201614000339 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймагт хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн 2-26-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Халх овогт Даваадоржийн Гантөгс /РД: ФА95062035/

Шүүгдэгч Д.Гантөгс нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Тамир 3-р байрны орчим Б.Эрдэнэзаяатай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Гантөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулна. Би хохирогчоос уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Эрдэнэзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сагс тоглож байтал Гантөгс нэг залуутай маргалдсан. Тэгэхээр нь би Гантөгсд “чи түрүүлж цохисон ш дээ” гэж хэлтэл эргээд миний нүүр лүү цохисон. Тонгойход толгойн ар хэсэг рүү цохисон. Би тэр үед шоконд орсон байсан. Миний хамар хугарсан байсан. Одоо хамраас цус их гардаг болсон. Тархи толгой доргилтоос өвддөг, дүйрдэг болсон. Одоо хохиролд хамрын засал хийлгэсэн 80.000 төгрөг, мөн цаашид эмчлүүлэх зардал 1.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Мөнх-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тамир-3 байрны хажуугаар явж байсан чинь Эрдэнэзаяа, Гантөгс рүү хандаж юу ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Юм яриад байсан, тэгсэн чинь Гантөгс эргэж хараад Эрдэнэзаяагийн нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би очиж салгаад Гантөгсийг аваад явсан чинь Гантөгс “би Эрдэнзаяагийн нүүрийг хараадахья” гээд эргэж очоод Эрдэнэзаяагийн толгойн оройн хэсэг рүү нэг удаа дахиж цохисон гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 502 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Эрдэнэзаяагийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Гэмтэл нь 2016 оны 06 сарын 19-ний өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 09 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 15 ху/

-Д.Гантөгсийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 19-20, 24-25 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Гантөгс нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Тамир 3-р байрны орчим иргэн Б.Эрдэнэзаяатай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Гантөгсийн “...Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэсэн, хохирогч Б.Эрдэнэзаяагийн “...Сагс тоглож байтал Гантөгс нэг залуутай маргалдсан. Тэгэхээр нь би Гантөгсд “чи түрүүлж цохисон ш дээ” гэж хэлтэл эргээд миний нүүр лүү цохисон. Бас толгойн ар хэсэг рүү цохисон” гэсэн, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Мөнх-Одын “...Юм яриад байсан тэгсэн чинь Гантөгс эргэж хараад Эрдэнэзаяагийн нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би очиж салгаад Гантөгсийг аваад явсан чинь Гантөгс би Эрдэнзаяагийн нүүрийг хараадахья гээд эргэж очоод Эрдэнэзаяагийн толгойн оройн хэсэг рүү нэг удаа дахиж цохисон” гэсэн /хх 13 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 09 ху/ болон ял шийтгэлийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Гантөгсд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Б.Эрдэнэзаяа нь хохиролд хамрын засал хийлгэсэн 80.000 төгрөг, цаашид эмчлүүлэх зардал 1.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх бөгөөд хамрын ясны хугарлын засал 80.000 төгрөгөөр эмчлүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүх нотлох баримтыг үндэслэн уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэжлэх эрхтэй. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх овогт Даваадоржийн Гантөгсийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Д.Гантөгсийг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Гантөгсд оногдуулсан 1 сар 15 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Гантөгсөөс 80.000 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-3-704 тоотод оршин суух Б.Эрдэнэзаяа /ФА94012939/-д олгосугай.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА