| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2018/0030/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 37
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор Д.Ганчимэг /цахимаар/
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Т.Б д холбогдох 1829000290021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1988 онд төрсөн, 30 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Ханбогд сум, ........................ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Цагаан гэр овгийн Т.Б /регистрийн дугаар: ........................../
Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Д.О тэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Т.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгосон байх ба яллагдагч Т.Б д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атал уг заалтыг огт бичилгүй, “Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж яллагдагч хүсэлт гаргасны дагуу хэргийг хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хялбаршуулсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэж дурдсан нь “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэж, тайлбарласан нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хангаагүй, хууль ноцтой зөрчсөн байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтанд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл” гэж нэмж, мөн ТОГТООХ хэсгийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1” гэснийг “хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуульд зааснаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хялбаршуулсан хянан журмаар шийдвэрлэгдэх хэрэгт хамаарах тул уг хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах нь хууль зөрчсөн үйлдэл болно.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж хянан шийдвэрлэх хугацааг шууд зааж өгсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг давхар баримтлах шаардлагагүй юм гэж үзэж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичихээр зааж өгсөн байхад уг шийтгэх тогтоолын 5 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэж дээрх хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн нь хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын удирдлага болгосон зүйл, заалт болон тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт баримталсан зүйл, заалтыг өөрчилж өгнө үү гэсэн тайлбар, саналыг гаргаж байна гэжээ.
Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Т.Б д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хуулийн шинэчлэлийн хүрээнд зарим зүйл заалтууд эргэлзээтэй байна. Урьд нь 17.5 дугаар зүйлээр шийдвэрлэж байсан хэргүүд дээр 17.4-ийн гэсэн журмыг баримталж хэргийг шийдвэрлэж байсан. Улсын дээд шүүхээс ямар нэгэн зөвлөмж, заавар ирүүлээгүй байгаа учир 17.5-тай хэргийг шийдвэрлэхдээ 17.4-ийг мөн давхар барьж шийдвэрлээд байгаа гэсэн ойлголтыг авсан. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш гээд хуулийн заалтыг буруу бичсэн байна. Энэ нь өөрөө тухайн хэргийн оролцогчид шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөн прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан өмгөөлөгч тайлбар дээрээ энэ талаар дурддаг. Давж заалдах шатны шүүхээс практик тогтоож, зааг ялгааг гаргаж өгөөч гэсэн үүднээс эсэргүүцлийг бичсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бичсэн 5/07 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Т.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг /хх-48/ 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ханбогд суманд үйлдэхдээ урьд ял шийтгэгдсэн эсэх тухай тэмдэглэлд “үгүй” гэж Ханбогд сум дахь эрүүгийн мөрдөгч П.Нанчинбат, Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн дарга Д.Баярбат нар гарын үсэг зурж тэмдэг дарж 2017 оны Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9-д заасныг зөрчиж Т.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн технологи, аюулгүй байдлал хариуцсан нэгжээс гаргуулан авах ажиллагааг гүйцэтгээгүй байна.
Хавтас хэрэгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын /хх-65-67/ хуулбарыг хаанахын, хэний хүсэлтээр, хэдийд, хаанаас, хэнээс гаргаж өгсөн нь тодорхойгүй нотлох баримтыг хавсаргаж үдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авсан гэж дүгнэхээр болжээ.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байхад Т.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Т.Б д холбогдох 1829000290021 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА