| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2019/0445/З |
| Дугаар | 0593 |
| Огноо | 2019-09-20 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 0593
2019 оны 9 сарын 20 өдөр Дугаар 128/ШШ2019/0593 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б ХХК
Хариуцагч: СЗХ,
Нэхэмжлэлийн шаардлага: БХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гомдлыг шийдвэрлэж захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь АХК-ийн нийт хувьцааны хяналтын багц хувьцаа эзэмшигч буюу нийт хувьцааны 40 хувийг дангаараа эзэмшдэг хууль ёсны хувьцаа эзэмшигч юм.
Гэтэл АХК-ийн хяналтын багцаас дээш хэмжээний хувьцааг 2017 оны 12 сарын 28-ны өдөр нэгдмэл сонирхолтой компаниуд болох ТХХК, УХХК-иуд нь үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулдаг салбарын гол хуулиуд болох Компани, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг илтэд бүдүүлгээр зөрчиж, бусад хувьцаа эзэмшигчдийг хувьцаа худалдан авах ажиллагаанд оролцуулалгүйгээр нууцаар хууль бусаар хувьцаа олж авсан байна. Үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогч нээлттэй хувьцаат компанийн хувьцаа нь нийтэд болон тухайн компанийн хувьцаа эзэмшигч нарт нээлттэй арилжааны үндсэн дээр явагддаг тул арилжаанд бүгд ижил тэгш эрхтэйгээр оролцох, хувьцаа худалдан авах ажиллагаанд өрсөлдөх эрхтэй байдгаараа бусад хуулийн этгээдүүдээс ялгаатай.
Энэ ч үүднээсээ үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогч нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, компанийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд Компанийн хяналтын багц болон түүнээс дээш хэмжээний хувьцаа худалдан авах хүсэл сонирхолтой этгээдүүдэд хуулиар тусгай шалгуур тавигддаг.
Гэтэл АХК-ийн нийт хувьцааны хяналтын багц хувьцаа /33.3%-иас дээш/ буюу 39.86%-ийн хувьцааг Ц.Бы хоёр компани болох ТХХК, УХХК-иуд нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчиж хувьцаа худалдан авсан болох нь Компанийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, СЗХноос баталсан 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг илтэд зөрчсөн болох нь илэрхий асуудал байтал үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулах төрийн чиг үүрэг бүхий байгууллага уг асуудлыг шийдвэрлэхгүй, баталсан журмаа мөрдөхгүй албан ёсны байр сууриа өнөөдрийг хүртэл илэрхийлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэл гаргаж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Тухайлбал: СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасны дагуу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээдэг.
Мөн СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу маргааныг урьдчилсан байдлаар шийдвэрлэх үүрэгтэй байтал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, баталсан журмаа мөрдөхгүй, хувьцаа эзэмшигчийн гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ илтэд биелүүлэхгүй хууль зөрчиж байна.
СЗХ нь үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулах төрийн чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын хувьд нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшлийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд СЗХ нь захиргааны байгууллагын хувьд уг асуудлыг шийдвэрлэж захиргааны акт гаргах үүрэгтэй юм. Гэтэл бидний гаргасан гомдлыг хуульд заасан 30 хоногийн дотор шийдвэрлэх сүүлийн өдөр 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байтал хариу ирүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж хууль зөрчиж байх тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор 30 хоногийн дотор үүгээр нэхэмжлэл гаргаж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлд Маргаан таслах зөвлөлтэй байна гэж заасан байдаг. Мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт Хороо нь үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчдын хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий маргаан таслах зөвлөлтэй байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн үйл ажиллагааны журмыг хороо батална гэж заасан байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бидний гаргасан гомдлыг СЗХны дарга хүлээн аваад, маргаан таслах зөвлөл рүү шилжүүлэх, эсвэл хяналт, шалгалтын хэлтэс рүү шилжүүлж гомдолтой холбоотой хяналт, шалгалтын ажиллагаа явуулж дүгнэлт гаргах ёстой. Дүгнэлттэй холбоотой захиргааны актыг СЗХ өөрийн нэрээр гаргах ёстой. Гэтэл эдгээр ажиллагаануудыг хийлгүйгээр зөвхөн мэдээлэл хүргэх тухай гэсэн албан тоот ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Тухайн гомдлыг шийдвэрлэсэн ямар нэгэн зарчмын байр суурийг СЗХноос илэрхийлээгүй хирнээ мэдээлэл хүргэж байна гэх байдлаар танай гомдолд хариу өгсөн гэж асуудалд хандаж байгаа нь буруу. Гомдлыг шийдвэрлэсэн агуулгатай биш мэдээлэл хүргэсэн агуулга нь өөрөө буруу юм. Энэ үйлдэл нь хорооны эс үйлдэхүйг тодотгож байгаа. Өмнө нь АХК-ийн гомдолтой холбоотой хариу албан тоотыг хүргүүлэхдээ арилжааны талаар тодорхой заасан байдаг. Энэ арилжааны талаар хорооноос хяналт, шалгалт явуулж байна. Хяналт, шалгалттай холбоотой дүгнэлт гарвал эргэж мэдэгдэнэ гэсэн байдаг. Хороо хяналт, шалгалтын ажлыг өөрийн нэрээр явуулдаг юм бол тус хяналт, шалгалтын дүгнэлт хаашаа орсон юм бэ. Хэрэв эргэж мэдэгдсэн бол түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөч гэж хүсэж байна.
Иймд БХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай гомдлыг шийдвэрлэхгүй байгаа СЗХны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гомдлыг шийдвэрлэж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11, 12 тоот албан бичгээр Хороонд хандан гомдол гаргасан. Гомдол гаргах тухай энэхүү хоёр албан бичиг нь утга агуулга, найруулга, үг үсгийн ямар нэгэн зөрөөгүй ижилхэн бөгөөд АХК-ийн нийт хувьцааны 39.86%-ийн хувьцааг ТХХК болон УХХК-иуд нь хууль бусаар авсан асуудлыг албан ёсоор шийдвэрлэж өгөхийг хүссэн агуулга бүхий албан бичгүүд юм.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу СЗХ нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9/367 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн болно.
Мөн нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гомдлыг Хороо хянан шийдвэрлэж хариуг хүргүүлсэнтэй холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтантай нь уулзалт хийх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
Нэг. Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Бтай уулзалт хийх талаар доорх хүмүүстэй утсаар холбогдсон.
1. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын туслан Н.Этай утсаар холбогдоход захирлаас асууж хариу өгнө гэв.
2. 2019 оны 4 дүгээр сарын 01 -ний өдөр тус компанийн хуульч Н.Этэй холбогдоход маргааш хариу өгнө гэв.
3. 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр утсаар дахин ярих гэсэн боловч утсаа аваагүй.
4. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн хуульч Н.Этэй холбогдох гэсэн боловч утсаа аваагүй.
Хоёр.Тус компанийн хуульч Н.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хороонд ирж Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д, хянан шалгагч Ш.Г нарын хамт Хорооны 210 тоот өрөөнд уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтаар нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гомдлыг Хороо хүлээн авч, хянан шийдвэрлэж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9/367 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн талаар мэдэгдсэн.
Мөн Хорооны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9/367 тоот албан бичгийг тус компанийн ажилтан Н.Мөнхбатад 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 07 минутад гардуулж хүлээлгэж өгсөн талаар Монгол шуудан ХК нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 08/538 тоот албан бичгээр Хороонд мэдэгдсэн.
БХХК-ийн гаргасан гомдлын агуулга нь АХК-ийн ТУЗ-ын дарга Б.М ас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 04 тоот албан бичгээр хороонд гаргасан гомдлынх нь дагуу АХК-ийн нийт хувьцааны 69.424 ширхэг буюу 39.87 хувийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М-ийн арилжаагаар худалдахдаа хяналтын багцын компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдан авсан ТХХК болон УХХК-д холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 2.11 дүгээр зүйлд зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн хувьцааг арилжсан асуудал нь зөрчлийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гээд хянаж үзээд, холбогдох процесс ажиллагааг нь хийгээд дууссан байгаа. Ийм ажиллагааг хийж дууссан гээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр хариу хүргүүлсэн байхад манай асуудлыг шийдвэрлэж өгөөгүй гэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд БХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдмэл сонирхолтой компаниуд хувьцаа худалдаж авсан талаар гомдол гаргасны дагуу зөрчлийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор н.Бын хяналт дор явагдсан процесс байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б АХК-ийг төлөөлж зөрчлийн хэрэгт эхнээс нь дуустал оролцсон. БХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан гомдол орж ирэхэд энэ маргаан шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. СЗХноос өөрсдийн хяналт, шалгалтын хүрээнд зөрчлийн хэрэг нээгээд, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн хугацаанд нь дүгнэлтээ гаргаж, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорт хянагдаад явсан асуудал байгаа. АХК-ийн зүгээс энэ асуудлаар дээд шатны прокурор болон ерөнхий прокурорт нь гомдол гаргасан боловч гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ бүх процессыг БХХК мэдэж байгаа. Гомдол гаргасан хугацаанд нь энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БХХК шүүхэд хандан тус компанийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гомдлыг шийдвэрлэж захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. СЗХ нь СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 33 дугаар зүйлийн 33.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасанчлан өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд урьдчилан хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч БХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ...үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын хувьд хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлж талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг нэн даруй шийдвэрлэж АХК-ийн нийт хувьцааны 39.86 хувийн /33.3-аас дээш/ хувьцааг ТХХК болон УХХК-ууд нь хууль бусаар авсан асуудлыг албан ёсоор шийдвэрлэж өгөхийг хүссэн агуулга бүхий 11 дугаартай албан бичгийг СЗХны дарга С.Дд, 12 дугаартай албан бичгийг СЗХны Хяналт шалгалт, зохицуулалтын газарт тус тус хандан гаргажээ.
2.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө., 94.4.Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ., Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 4-т өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах, 6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх, 7-д өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу харьяа байгууллага, доод шатны албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах, 13 дугаар зүйлийн 3-т өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна хэмээн тус тус заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч БХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгийг /2 хуудас/ СЗХны дарга С.Дд, 12 дугаартай албан бичгийг /2 хуудас/ СЗХны Хяналт шалгалт, зохицуулалтын газарт тус тус хандан гаргасан,
СЗХны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн мэдээлэл хүргэх тухай 9/367 албан бичгээр нэхэмжлэгчээс гаргасан 12 дугаартай албан бичгийн хариуг өгч, 11 дугаартай албан бичгийг шийдвэрлэхгүй орхигдуулах замаар нэхэмжлэгч БХХК-иас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 4, 6, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, СЗХны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9/367 албан бичиг /...Хороонд танай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн 12 тоот албан бичигтэй танилцлаа/, Монгол шуудан ХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 08/538 дугаар албан бичиг болон хариуцагч СЗХны Архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдож байна.
3. Үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан утга, агуулга, найруулга, үг үсгийн ямар нэгэн зөрүүгүй ижилхэн албан бичгээр ... Хороонд гаргасан гомдлыг Хороо хуулийн хугацаанд ... хариуг хүргүүлсэн хэмээн тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох СЗХны Бүртгэл хяналтын карт 73 /11 дүгээр албан бичгийн/ болон Архив, бичиг хэргийн програмд хийсэн шүүхийн үзлэгээр БХХК-иас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 болон 12 дугаар албан бичгүүдийг нэгтгэж шийдвэрлэх тухай удирдлагын цохолт, шийдвэр байхгүй,
хариу болгон өгсөн гэх СЗХны 2019 оны 9/367 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчээс гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 тоот албан бичиг хамааралтай,
гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаарх тэмдэглэл хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гаас тайлбарлаж буй 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн огноо бүхий БХХК-иас Хороонд гаргасан гомдолтой холбогдуулан тайлбар гэх баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай гомдлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4. 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 94 дүгээр зүйлийн 94.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаар албан бичгээр СЗХны дарга С.Дд хандан гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг СЗХнд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.М