Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0137

 

О.Э-ийн НЭХЭМЖЛЭЛТЭЙ

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч Б.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Э-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: "Миний бие Булган аймгийн Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд 2000 оноос 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан. Гэтэл 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар миний ажлын тайланг авч хэлэлцэн үнэлэлт өгч ажлаас өөрчлөх чиглэлийг Засаг даргад өгсөн. Ингэж анх ажлын байрны дарамт эхэлсэн бөгөөд төрийн захиргааны бүхий л үйл ажиллагааг надтай холбон бүх дутагдал доголдлыг тоочин ажлаа өгөх хугацаа чинь болсон гэж удаа дараа шаардсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Халтар миний ажлын тайланг сонсоод гэрэлтэй гэгээтэй юм алга гэсэн ба энэ хурлаас намайг өөрчлөх шийдвэр гарсан. Уул нь миний ажил аймгийн хэмжээнд дөрөвдүгээр байранд орсон нь тодорхой ажлын амжилт гэж боддог.

2012 оны ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг сумын Засаг дарга Б.Д үнэлж 91.0 буюу "А" гэж үнэлэгдэн 1 сарын үндсэн цалингаар шагнагдсан юм. Намайг удаа дараа ажлаа өг гэж шахаж шаардаад байхаар нь би арга буюу сэлгэн ажиллах хүсэлт бичиж өгсөн. Гэтэл надад төрийн үйлчилгээний алба болох цэцэрлэгийн туслах багш, эмнэлгийн нярвын ажил санал болгосон. Намайг сэлгэн ажиллах хүсэлт өгөх үед сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны улсын байцаагчийн сул орон тоо байсан. Уг сул орон тоон дээр ажиллая гэж удаа дараа саналаа хэлсэн боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Халтар "чи энэ ажлыг хийж чадахгүй" гэж хэлсэн ба Засаг дарга Б.Д болохоор "би мэдэхгүй сонгуульд ялсан намын дарга албан тушаалын хуваарийг хийнэ" гэж улс төржсөн. Иймэрхүү байдлаар ажлын байрны дарамт шахалт ирж, улмаар намайг сумын Засаг даргын 97 дугаар захирамжаар ажлаас халсанд гомдолтой байна. Уг 97 дугаар захирамжийг хянуулахаар Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гарган, уг салбар зөвлөлөөс сумын Засаг даргын 97 дугаар захирамж нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн байтал сумын Засаг дарга уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн авахгүй гэсэн. Иймд, Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/97, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/134 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна" гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан О.Э нь 2000-2013 оны 9 дүгээр сар хүртэл ажиллах хугацаандаа Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг доголдуулж, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чадавхыг сулруулсан дараах зөрчил дутагдлыг гаргаж ажилласан байна. Тамгын газрын дарга Хууль зүйн сайдын тушаалаар нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Уг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, 2010 онд иргэний дипломын эх материал дээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн, орон нутагт цэргийн үүрэгтний дайчилгааны тодотгол хийж, холбогдох багийн Засаг дарга нараар дамжуулан цэргийн үүрэгтэнд мэдэгдэх үүрэг хүлээдэг байтал 2005 оны цэргийн дайчилгааны тодотголыг багийн Засаг дарга нарт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, цэргийн үүрэгтний жил бүрийн бүртгэл тодотголын ажлыг хангалтгүй зохион байгуулж байсан зэрэг алдаа дутагдал гаргаж байсан.

Мөн 2013 оны 3 дугаар сард дайчилгааны даалгаврыг тодотгож баталгаажуулаагүй, цэргийн үүрэгтний бүртгэлийг хангалтгүй хийсний улмаас цэрэг татагдах үеэр эх материал нь байгаагүй учир цэрэг татлагын асуудалд хүндрэл учирсан, хугацаатай мэдээ тайланг цагт нь явуулаагүй зэрэг ажилдаа удаа дараа хайнга хандаж байсан зэргээс нь дүгнэлт хийж, энэ ажил албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Би 97 дугаар захирамжаа алдаатай гаргасан гэдгээ ойлгосон тул 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/134 тоот захирамжийг гаргасан. Ер нь О.Э нь өөрийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал тавигдах шаардлагыг ханган ажиллаж чадахгүй байна гэж үзэж байгаа тул түүнийг ажилд эгүүлэн авах асуудлыг хүлээн авахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох саналтай байна. А/134 дүгээр захирамжийн хувьд энэ хүн урьд нь 2005, 2013 онуудад цэргийн дайчилгааны тодотголыг гүйцэд хийгээгүй, мөн 2010 онд нотариатын үйл ажиллагаа явуулахдаа хувь хүний эх материал дээр үйлчилгээ хийсэн байгаа тул би удаа дараа албан үүргээ хангалтгүй хийсэн гэж үзэж байгаа юм. Нотариатын үйлдлийн талаар надад албан ёсоор бичгээр гомдол ирээгүй ч гэлээ уг дипломын эзний ээж нь надад ирж хэлснээр би эх хувийг нь шүүхэд үзүүлэхээр авч ирсэн юм. Харин цэргийн дайчилгааны тодотголын материал "МАШ НУУЦ"-ын зэрэглэлд зөвхөн Засаг даргад хадгалагдаж байдаг тул би шүүхэд энэ материалыг нотлох баримтаар өгөх боломжгүй юм. Гарын үсэг зуруулаагүй хэсгийг л харуулах гэж авчирсан. 2005 онд огт хийгдээгүй, 2013 онд 3 дугаар багийн Засаг даргаар гарын үсэг зуруулаагүй байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/97, мөн оны 12 дугаар сарын 02- ны өдрийн "Захирамж хүчингүй болгох, ажлаас халах тухай" А/134 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, О.Э-ийг Булган аймгийн Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Иргэн О.Э-ийн гомдлын дагуу Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. О.Э нь Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдаж, удаа дараа хувийн ашиг , сонирхлын үүднээс төрийн ажилд хандаж, төрийн ажлыг цалгардуулж байсан учраас Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс /2013 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 01/02 зөвлөмж, чиглэл өгч, Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/571 дүгээр хариуцлага тооцож, зөвлөмж хүргүүлэх тухай албан тоот/ зэргийг үндэслэн Засаг даргын зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу ажил сайжруулах тухай үүрэг өгч байсан. Тэрээр энэхүү үүргийг биелүүлэхгүй, бүр ажлын хариуцлага суларч, төрийн ажлыг ахиулах нь бүү хэл хойш татаж байсан.

Иймээс Засаг даргын хувьд хуулийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/70 дугаар бүхий “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гаргаж байсан. Үүнээс хойш ажилд ахиц үр дүн гараагүй учир О.Э-тэй миний бие зөвшилцөн, өөрийн хүсэлтийн дагуу /2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Засаг даргад хүсэлт болон өөрийн аман хүсэлт нь цалингийн зээлтэй байгаа учир ямар ч хамаагүй төрийн ажилд шилжүүлэн томилж өгөхийг хүссэн .../ гуйлт зэргээс дараах шийдвэрүүдийг гаргасан.

Тухайн үед сул орон тоотой байсан цэцэрлэгийн туслах багшийн ажлыг санал болгоход өөрөө зөвшөөрсөн, гэвч ажлаа аваагүй. Хүн эмнэлгийн нярвын ажлыг санал болгоход ажлаа хүлээн авч, агуулахын түлхүүрийг аваад 1 өдрийн дараа ажлаа орхиод, түлхүүрээ ЭМТ-ийн эрхлэгчийн өрөөнд орхиод, авсан эд хөрөнгөө хүлээлгэж өгөхгүй түлхүүрийг орхиод ёс зүйгүй хандаад явсан. Тиймээс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/134 дүгээр захирамжийг гаргаж төрийн албанаас халсан зэрэг баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдох зүйлүүдийг шүүхийн зүгээс дутуу үнэлснийг эс зөвшөөрч байна.

Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцлагатай эрхэлж байгаагүй талаар иргэдийн гомдол байсан. Үүнийг гомдол мэдүүлсэн иргэдээс мэдүүлэг авч хэргийн материалд тулгах боломжоор анхан шатны шүүхээс хангаагүй. Мөн түүнчлэн О.Э нь 2012 оны 12 дугаар сард болсон ИТХ-ын 2 дугаар хуралдааны бэлтгэл хангах үүргээ хэрэгжүүлээгүй, хурлын байгууллагыг үл хүндэтгэж, Улаанбаатар хот явсан. ИТХ-ын ажлын мэдээг нэг ч удаа хангаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тамгын газарт хурууны хээгээр цаг бүртгүүлэх системийг 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр худалдан авсан байхад, энэ системээр цаг бүртгэл хийхийг удаа дараа шаардсаны эцэст 3 сарын дараа ажиллуулж эхэлсэн. Ажиллуулсан боловч цаг бүртгэлийн системийн мэдээллийн дагуу ажилтнуудад шаардлага тавьж, тасалсан, хоцорсон бүртгэлийг хангаж ажиллаагүй. Албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч тодорхойлолт гаргаж хувийн ашиг сонирхлын үүднээс суманд шаардлагатай төрийн албаны чухал байр болох хөдөлмөр-хэвлэл мэдээллийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлахгүй, шаардлагатай ажлын байранд өөрийн ашиг сонирхлыг гаргаж, өөрийн сонирхолтой хүний мэргэжилд тохируулан, хуурамч тодорхойлолт гаргаж тус ажлын байранд өөрийн архив, бичиг хэргийн ажилтны хүүхдийг ажилд томилсон.

Хөдөлмөр-хэвлэл мэдээллийн ажлын байранд төрийн албаны шалгалтад тэнцсэн Б.Алтанцэцэгийн материалыг Авлигатай тэмцэх газраар хянуулж, уг албанд томилохыг үүрэг болгоход би хүн халж нүгэл үйлдэхгүй хэмээн эрс татгалзсан, миний дараа томилох хүнээр явуул гээд төрийн ажлыг зогсоосон зэргээр төрийн албаны ажилд хойрго, хөшүүн хандах зэрэг нотлох баримтууд гарч ирсээр байтал анхан шатны шүүх баримтжуулах, гэрчийн мэдүүлэг авч хэргийн материалд тусгах үүргийг орхигдуулсан. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг эрс эсэргүүцэж байна. Миний өмгөөлөгч аваагүй байдлыг ашиглаж нэг талд үйлчилсэн байдал нь шүүх хурлын явцад надад мэдрэгдэж байсан.

Миний анхан шатны шүүхэд өгсөн аман тайлбар мэтгэлцээний үед дурдсан зарим, мэдээлэл баримтуудыг шийдвэр гаргах үндэслэлд гаргаагүй. О.Э нь хүн эмнэлгийн нярвын ажлыг хүлээж аваад, агуулахын түлхүүрийг авснаар тухайн өдрөөс түүний ажил эхэлсэн байх ёстой атал орхиж явсных нь дараа ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй байна. Учир нь, өөр ажилд томилогдон очиж, агуулахын түлхүүр авна гэдэг нь тухайн ажилд томилогдсоны үндсэн дээр эд хөрөнгө хариуцан, ажлаа хүлээн авч үүрэг хүлээж эхэлснийг илтгэнэ. Энэ талаар ажил хүлээлгэж өгсөн хүн эмнэлгийн холбогдох ажилтнуудаас гэрчийн мэдүүлэг авч үндэслэх хэрэгтэй. О.Э-ийн ямар нэгэн нотлох баримтгүйгээр гүтгэсэн мэдүүлэг, тайлбаруудыг шүүх үндэслэсэн нь хуульд үл нийцэж байна.

Засаг дарга миний бие Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцон төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно. Мөн хуулийн 22.2-д заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь О.Э-тэй 2 удаа зөвшилцсөний үндсэн дээр цэцэрлэгийн багшийн ажил санал болгон хүлээн зөвшөөрсөн боловч өдөр судраа харж орно гэж олон хоног хүлээлгэж, төрийн үйлчилгээний албыг тасалдуулсан боловч энэ ажлыг аваагүй. Шүүх энэ тухай гэрчийн мэдүүлгийг аваагүй, шууд шилжүүлэн томилох тушаалыг түр харгалзсаны дараа хүн эмнэлгийн нярвын ажлыг санал болгон зөвшилцөхөд би нярвын ажлыг чадна, нягтлан бодох бүртгэлийн дамжаа төгссөн гэж зөвшөөрч ажлаа хүлээж авсан. Энэ нь гэрчийн болон бусад баримтуудаар нотлогдож байгаа.

Б/70 тоот сахилгын шийтгэлийг ногдуулсан захирамжаа гардаж аваагүй гэж гүтгэж байна. Учир нь сахилгын шийтгэл ногдуулах болон шийтгэл ногдуулахаас өмнөх үйл явцтай холбоотой материал, баримт сэлт, хурлын тэмдэглэл архивт хадгалагдаж байна.

Нөгөөтээгүүр энэхүү шийдвэрийг нь гардаж аваагүй гэх мэт Тамгын газрын дарга ажилдаа хэрхэн хандаж байсан бичиг баримт, шийдвэртэй эс танилцаж, төрийн ажилд үл хүндэтгэлтэй хандаж байсныг өөрөө нотолж байгаа юм. Түүнчлэн гомдолдоо ажлаа дүгнүүлж, 1 сарын үндсэн цалингаар шагнуулсан гэх боловч энэ тухай Засаг даргын зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй байгаа нь өөрөө өөртөө шагналт цалин олгох шийдвэр гаргасан эсвэл тушаал шийдвэргүйгээр шийдсэн асуудал байгаа нь хууль бус шинжтэй байна.

Тиймээс хариуцагчаас гаргаж буй дээрх бодит үндэслэлүүдийг шүүх үл харгалзсан болон нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлогдоогүй мэдээллийг давуу үнэлсэн зэрэг шалтгаануудаар тус шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсвэл дахин шалгах, нэмэлтээр гарч ирсэн болон хэргийн материалд байгаа нотлох баримтуудыг үндэслэн бодитойгоор үнэлж өгөхийг хүсэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/97 дугаар захирамжаар О.Э-ийг “өөр ажил албан тушаалд шилжин ажиллах хүсэлт ирүүлсэн" гэсэн үндэслэлээр Могод сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч О.Э дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг "... намайг удаа дараа ажлаа өг гэж шахаж шаардаад байхаар нь би арга буюу сэлгэн ажиллах хүсэлт бичиж өгсөн. Гэтэл надад төрийн үйлчилгээний ажил санал болгосныг зөвшөөрөөгүй” гэж тодорхойлсон , байх ба хариуцагч нь “О.Э-ийг сэлгэн ажиллуулах хүсэлт өгсний дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч санал болгосон ажлыг хийгээгүй” гэж маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”, 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ... сэлгэн ажиллуулж болно” гэж тус тус заажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, маргаан бүхий Б/97 дугаар захирамж зэргээр тус маргаан бүхий захиргааны актад төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах ажлын зайлшгүй ямар шаардлага гарсан нь тодорхойгүй, сэлгэн ажиллах удирдлагын харилцан тохиролцоо байхгүй, сэлгэн ажиллах албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүйн гадна сэлгэн ажиллах ажлын байрны талаар нэхэмжлэгчтэй зөвшилцөөгүй нь тогтоогдсон байна.

Хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахыг эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай ижил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлэн томилохыг, мөн сэлгэн ажиллахыг зөвшөөрсөн гэдгийг төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох ёстой байтал төрийн албан хаагчаар ажиллаж байсан О.Э-т үйлчилгээний албан тушаал болох цэцэрлэгийн туслах багш, эмнэлгийн нярвын ажилд ажиллуулах санал тавьж, түүнийгээ зөвшилцсөн гэж, улмаар санал болгосон ажлыг хийгээгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй тайлбар болжээ.

Иймд, Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/97 дугаар захирамж хуульд нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/134 дүгээр захирамж гаргаж “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийг зөрчиж, шударга бус тодорхойлолт гаргаж ажилласан” гэсэн үндэслэлээр О.Э-ийг ажлаас нь халж, маргаан бүхий Б/97 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч нь Засаг даргын дээрх, А/134 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх ба хариуцагч захиргааны актын үндэслэлийг “2010 онд иргэн Б.У-ийн мэргэжлийн дипломын эх материал дээр нотариатын үйлчилгээ хийсэн, П.У-ийн тухай хуурамч тодорхойлолт хийж өгсөн, мөн 2005, 2013 оны цэргийн дайчилгааны тодотголыг хийгээгүй” гэж тайлбарласан байна.

Гэвч Б.У, П.У нартай холбоотой гэх зөрчилд сахилгын арга хэмжээ авах хуульд заасан хугацаа өнгөрсөн, цэргийн дайчилгааны тодотгол хийх ажиллагаа нь сумын Засаг даргын үүрэгт хамаарч, нэхэмжлэгч О.Э-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт нь тусгагдаагүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Засаг даргын дээрх захирамж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчсөн талаар шүүх зөв дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь О.Э-ийг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/97 дугаар захирамжаар “өөр ажил албан тушаалд шилжин ажиллах хүсэлт ирүүлсэн” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байтлаа, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/134 дүгээр захирамж гаргаж төрийн албанаас халсан нь хууль бус болсон байна.

Иймд Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/97 дугаар захирамж, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/134 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, О.Э-ийг урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэхь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.