| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 142/2015/01328/И |
| Дугаар | 183/ШШ2017/00535 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2017/00535
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 4-23 тоот, “Донж орд” ХХК-ийн /РД:4383044/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 хороолол, “Нью блю хаус” ХХК-д /РД:5848024/ холбогдох,
гэрээнээс учирсан хохиролд 80.000.000 /наян сая/ төгрөг гаргуулах үндсэн, хариуцагчийн 7.742.500 /долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-16-27 тоотод оршин суух Шарнууд овогтой Сүрэнжавын Баяраагийн нэхэмжлэгчээс 80.000.000 /наян сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан, хариуцагчийн төлөөлөгч Н.Хүрэлчулуун, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 11 дүгээр хороололд байх котеж баригдахаар төлөвлөн газрын эзэдтэй тохиролцон хийц загварыг нь өвөрмөцөөр сонгон байшин бариулах ажлыг хийвэл ашиг олох боломжтойг олж харж 2014 оны 10 дугаар сард Канад барилга барьж өгнө гэсэн зарын дагуу “Нью блю хаус” ХХК-тай гэрээгээр барилга бариулахаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл “Нью блю хаус” ХХК нь энэ ажил цаашид ихээхэн ашигтай байж болохыг мэдээд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр хорооллын “А” хэсэгт газар өмчлөгч нараас газар худалдан авч амины орон сууц /канад хаус/ барьж ашиг орлогоо хуваахаар Хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулан манай компанид хамтран ажиллах санал тавьж манайх үүнийг нь зөвшөөрөн гэрээ байгуулсан. Тэгээд хамтран ажиллаж эхэлснээс хойш манай компанийн зүгээс захиалагчдын болон барилгын санхүүжилтэд зориулагдах мөнгийг тухай бүр нь гаргаж өгч байсан боловч “Нью блю хаус” ХХК нь гэрээгээ зөрчин үйл ажиллагаагаа тайлагналгүй, хамтран зөвшилцөлгүй явуулж Хамтран ажиллах гэрээний 1.2, 2.1, 2.2, 2.3, 5.2 дахь заалтуудыг зөрчсөнөөр барахгүй гэрээний 5.3 дугаар заалтанд хамаарах асуудлыг талуудын хооронд харилцан тохиролцохгүйгээр манай компанийн эсрэг, захиалагч нарыг турхиран, манай компанид итгэх итгэлийг хөсөрдүүлж захиалагчтай хамтран гомдол гаргаж, Орхон аймгийн цагдаагийн газарт эрүү үүсгүүлэн шалгуулж хийгдэх ёстой ажлыг санаатайгаар тасалдуулж, энэхүү бизнесийг дангаар авахаар санаархсан. Иймд барилгын үйл ажиллагаанд оруулсан 60.000.000, компанийн олох ёстой ашиг орлого, үйл ажиллагааг тасалдуулсны төлбөр 20.000.000, нийт 80.000.000 төгрөгийг “Нью блю хаус” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь “Донж орд” ХХК-тай Орхон аймагт амины орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай компани “Донж орд” ХХК-ийн газар дээр 8 айлын Канад хувийн орон сууц барих, хариуцагч нь гэрээнд заасан мөнгийг төлөх үүргийг хүлээсэн. Гэвч гэрээгээр хүлээсэн санхүүжүүлэх үүргээ цаг тухайд нь гүйцэтгээгүй бөгөөд хариуцагч талын хүсэлтийн дагуу өөрийн болон бусад аж ахуйн нэгжээс бараа материал зээлээр авч ажил гүйцэтгэж эхэлсэн үед барилга барьж буй газар нь өөр иргэдийн эзэмшлийн газар байсан бөгөөд барилгын ажлыг эхлүүлэхдээ зохих зөвшөөрөл аваагүй, иргэдийн газарт дур мэдэн ажил эхлүүлэн 8 газарт байрны суурь цутгуулсан байсан. Иргэд манайд ирж барилгын ажлаа зогсоох шаардлага тавьж, цаашид барилгын ажил үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон. Тухайн 8 айлын газрын нэг айл нь манай хийсэн ажлыг хүлээн зөвшөөрөхгүйгээс болж манайд суурийн ажилд зарцуулсан 4.542.500 төгрөг, алга болгосон албан тасалгааны иж бүрэн тавилгын үнэ 2.200.000 төгрөг, буцааж өгөөгүй невлерийн үнэ 1.000.000 төгрөг, нийт 7.742.500 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагадаа: Би “Донж орд” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр амины орон сууц захиалан бариулж, 2015 оны 4 сард дуусгахаар тохиролцон гэрээ байгуулсны дагуу төлбөрийг шилжүүлсэн боловч одоог хүртэл баригдаж дуусаагүй тул 80 сая төгрөгийг хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ: Гуравдагч этгээдээс нэхэмжилсэн 80 сая төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа ба гуравдагч этгээдэд төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 177.840.000 төгрөгөөс иргэн С.Баяраагаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 80 сая төгрөг, иргэн А.Уранбатаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 11.840.000 төгрөг, иргэн М.Лханаагаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 6.000.000 төгрөг, нийт 97.840.000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр 80 сая төгрөгийн 46.984.000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч нь татгалзаж, 33.016.00 төгрөгийг буюу бүгд 130.856.000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ эрүүгийн журмаар шалгуулахаар татан авахаар тохиролцсон гэв.
Шүүх хуралдаанаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн шаардлага, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Донж орд” ХХК нь “Нью блю хаус” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 80.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 7.742.500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Гуравдагч этгээдээр оролцох тухай С.Баяраагийн хүсэлтийг шүүх хангаж, нэхэмжлэгчээс 80.000.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн 80.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч нь төлөхөөр хүлээн зөвшөөрч маргахгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 177.840.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 46.984.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 130.856.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.
Нэхэмжлэгч “Донж орд” ХХК нь Р.Отгонцагаанд 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр, гуравдагч этгээд С.Баяраа нь Э.Эрдэнтөгсөд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр тус тус эвлэрэх эрх олгосон, хариуцагч “Нью блю хаус” ХХК-ийг төлөөлөх эрх нь Н.Хүрэлчулуунд олгогдсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч тал 7.742.500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ эрүүгийн журмаар шалгуулахаар татан авах хүсэлт гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.047.150 төгрөг, гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 557.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 557.950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Баяраад олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 812.230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.830 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Донж орд” ХХК нь гуравдагч этгээд С.Баяраагийн 80.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрч маргахгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 177.840.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 46.984.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч “Нью блю хаус” ХХК үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 130.856.000 төгрөг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хариуцагч нь 7.742.500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.047.150 төгрөг, гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 557.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 557.950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Баяраад олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 812.230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.830 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ