Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Хохирогч Д.О,

Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эгийн Чт холбогдох эрүүгийн 2138002560082 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5906101391 дугаарын виза картыг Д.Оыг согтуу байгааг далимдуулан хулгайлж, нийт 5 удаагийн гүйлгээгээр 457.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, Эрүүгийн 2138002560082 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Э.Ч нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5906101391 дугаарын виза картыг Д.Оыг согтуу байгааг далимдуулан хулгайлж, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн гүйлгээгээр 457.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Чын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оын өгсөн: “2021 оны 6 дугаар сард би найзтайгаа уулзаад жаахан архи уусан. Манай найз шүүгдэгч Э.Чыг нь миний хуурай дүү гэхээр нь би картаа өгөөд тамхи авхуулахаар дэлгүүр рүү 2 удаа явуулсан. Тэгээд намайг тасраад унасан байх хойгуур миний картыг аваад мөнгө авчихсан байсан. Шүүгдэгч нь миний хохирол нөхөн төлбөрийг барагдуулчих юм бол надад санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Оын өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт Захын хойд талын гудманд найз С.Х, түүний найз гэх Ч /зүс танина/ нарын хамт архи ууж таксинд суугаад явсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан. Таксин дотор явж байхад Ч гэх нөхөр миний хаан банкны 5906101391 тоот дансанд холбоотой байдаг виза картыг булаагаад авчихсан. Би маргааш нь хөдөө ноосонд явах байсан болохоор хөдөө явчихаад 3 хоногийн дараа ирээд Хаан банк орж шалгуулахад миний данснаас 340.000 төгрөгийг авсан байсан. Би Хаан банкинд хандаж камерын бичлэг шалгуулахад Нийгмийн даатгалын хажуу талын АТМ-ээс Ч авсан байсан. Би архи ууж байхдаа Чт картаа өгч 2 удаа дэлгүүр явуулсан. Тэгэхэд миний картны нууц кодыг мэдсэн. Би Чыг байсан мөнгийг маань авчихсан юм чинь миний картыг хаясан байх гэж бодоод дансаа хаалгаагүй байсан. Гэтэл тэрнээс хойш Ч 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл миний картнаас мөнгө авч дансан дах мөнгийг маань ашигласан байсан. Би дансаа 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хаалгасан. Би дансны хуулгаа банкнаас гаргуулан авсан байгаа. Хамгийн анх миний данснаас 340.000 төгрөг авсан нь хуулган дээрээс харагдаж байгаа. Тэрнээс дооших бүх зарлагыг Ч хийсэн. Би эд хөрөнгөөрөө хохирсондоо гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Шүүгдэгч Э.Чын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 06 сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багт захын хойно гудманд танил О, Х нарын хамт архи ууж байсан. Х архи ууж байгаад бид хоёроос салаад явсан. О бид хоёр үлдээд такси бариад такситайгаа хамт хойшоо тал гарч үлдсэн байсан тал архиа уусан. О бид хоёр согтоод үлдсэн архиа ууж чадахаа байчихсан байсан. Тэр таксины жолоочид хүлээлгийн мөнгийг нь өгнө гээд дагуулаад яваад байсан юм. Бид хоёр тал дээрээс буцаад төв засмалаар уруудаж явах замдаа би Оыг утсаар чинь ярьчихья гэсэн чинь утсаа халааснаасаа гаргаж ирсэн мөртөө надад утсаа өгөхгүй байсан. Тэгэхэд хаан банкны виза карт нь өмдний халааснаас нь утастайгаа давхар гараад ирчихсэн суудал дээр байж байхаар нь би авчихсан юм. О бол намайг карт авахыг мэдээгүй байхаа нилээн согтсон байсан. Сүүлд л карт авсныг мэдсэн юм шиг байна лээ. Би Оыг замд Лидер эмийн сангийн харалдаа буулгаад доошоо уруудаж нийгмийн даатгалын хэлтсийн АТМ орж картнаас нь мөнгө аваад таксины жолоочид мөнгө өгөөд үлдсэн мөнгийг нь үрсэн. Би хамт архи ууж байхдаа дэлгүүр орсон болохоор картны дугаарыг нь мэдэж байсан. Картнаас нь эхний удаа 340.000 төгрөг авсан. Үлдсэн бага сага мөнгийг нь дэлгүүрээс юм авахдаа уншуулсан. Тэгж байгаад 2021 оны 09 дүгээр сард АТМ орж үзсэн чинь мөнгө орчихсон байхаар нь 100.000 төгрөг авсан. Оаас картыг нь авснаас хойш бол карт нь дан надад байсан. Тэгээд би сүүлд данснаас нь мөнгө авчихаад картыг нь хаясан. Учирсан хохирлыг бүрэн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 27 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Хаан банкны хариуцагч Д.Оын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12 тал/,

Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5890/592 дугаартай Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт “Хариу хүргэх тухай” албан тоот, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Оын мэдүүлэг, Хаан банкны хариуцагч Д.Оын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12 тал/, Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5890/592 дугаартай Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт “Хариу хүргэх тухай” албан тоот, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Э.Ч нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5906101391 дугаарын виза картыг Д.Оыг согтуу байгааг далимдуулан хулгайлж, нийт 5 удаагийн гүйлгээгээр 457.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Э.Чыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Э.Чын үйлдэл идэвхтэй, Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5906101391 дугаарын виза карт нь бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууц далд аргаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Чыг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5906101391 дугаарын виза картыг хулгайлж, 457.500 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Чын гэм буруутай үйлдлийн улмаас Д.От 457.500 төгрөгийн хохирол учирчээ. Хавтаст хэрэгт хохирогч Д.О нь “хэргийн  материал танилцуулсан  тэмдэглэл”-д Ч гэх хүнээс 500000 төгрөг авсан, санал гомдолгүй авагдсан гэх тайлбарыг гаргаж гаргажээ. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.О нь Э.Ч нь надад 500.000 төгрөгийг хохиролд өгнө гээд гарын үсэг зуруулаад 150.000 төгрөгийг өгөөд үлдсэн 350.000 төгрөгийг дараа өгнө гээд өгөөгүй байгаа гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Чоос хохирлоос үлдсэн 350.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.От олгож, хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан буюу Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хохирогчоор  мэдүүлэг өгөх, шүүх хуралдаанд суухаар ирсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Ч нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Чыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Э.Чын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Чт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 33-35 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 67 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Ч нь ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Чын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “..оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх..” үүрэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох..” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ч нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Эгийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Э.Чт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5,  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Чт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэгсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Чт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

      6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Чоос хохирлоос үлдсэн 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.От олгож, хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан буюу Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хохирогчоор мэдүүлэг өгөх, шүүх хуралдаанд суухаар ирсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН