Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

 

 

 

 

2022          02          09                                   2022/ШЦТ/105

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч С.Солонго,

хохирогч Э.Б , түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, 

шүүгдэгч Ц.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон  овгийн Ц.Б д холбогдох эрүүгийн 2211000000007 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон  овгийн Ц.Б , 1989 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал сөнөөгчөөр ажилладаг, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1238в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц. Болор-Эрдэнэ  нь 2021 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1238в тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Э. Баярмагнайтай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

-шүүгдэгч Ц.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Э.Б тай 9 жил хамт амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй боловч албан ёсны гэр бүл биш, мөн сүүлийн нэг жил хамт амьдраагүй, тусдаа байгаа. Тухайн өдөр Э.Б  нь манай ажлын Баяр-Эрдэнэ, Амгаланболд нар болон тэдгээрийн эхнэрүүдтэй оройн 23 цаг өнгөрч байхад ирсэн. Орой охинтойгоо унтаж байхад гэв гэнэт хүн шүүрээр балбаад эхлэхээр хүн цочирддог юм билээ. Хуванцар сандал аваад зөрүүлээд шидчихсэн нь нүдийг нь хөхрүүлсэн. Гэрээс гартал нь цохиж, хүлхсэн асуудал байхгүй, харин харанхуй шөнө цасан дээр хөл нүцгэн яваад байхаар нь би оруулах гэж зууралдаж, ноцолдсон. Түүнээс биш гар хөлийг нь хөхрүүлсэн асуудал байхгүй. Э.Б тай би 9 жил хамт амьдарсан, ямар зан ааштай, согтохоороо яадаг вэ гэдгийг бүгдийг мэднэ. Ууг нь тэр өдөр миний утсанд шөнө дуудлага ирээгүй, гэхдээ Э.Б  яаж миний утасны кодыг мэддэгийг мэдэхгүй, миний утсыг нээгээд үзсэн байна лээ. Утсан дээр Баярмаа гэх эмэгтэй бид хоёрын авхуулсан зураг байсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг,

- хохирогч Э.Б н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би урьд нь болсон бүх явдлыг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Ц.Б  нь миний талаар худлаа ярьж байна, би архи уугаагүй, эрүүл байсан. Миний хувьд гомдолтой, ажилгүй байсан хугацааны 2 хоногийн цалин болон  өмгөөлөгчийн зардалд 300.000 төгрөг төлсөн, эдгээрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,  

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

- хохирогч Э.Б н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн нөхөр Болор-Эрдэнээс тусдаа амьдраад 1 жил гарам болж байгаа юм. Би аавындаа Баянгол дүүрэгт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед унтах гэж байтал Болор-Эрдэнийн ажлын найз нар болох Баяр-Эрдэнэ, Амгаланболд хоёр эхнэрүүдтэй манай гадаа ирээд намайг гараад ир Баяр-Эрдэнийнд очиж жаахан юм ярьж байгаад чамайг буцаагаад хүргээд өгье гэхээр нь би аав ээждээ хэлчхээд бага охиноо аваад гарсан. Тэгээд Баяр-Эрдэнэ, Амгаланболд нар шууд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1238в тоотод Болор-Эрдэнийн гэрт аваад ирсэн, тэд нар уг нь бид хоёрыг эвлэрүүлэх гэж тэгж ярилцаад намайг авч явсан юм билээ. Болор-Эрдэнийн гэрт ороход ганцаараа байсан. Би тухайн үед орохгүй явлаа гэсэн боловч Баяр-Эрдэнэ эхнэртэйгээ намайг ятгаад гуйж байгаад гэр лүү нь оруулсан. Тэгээд Баяр-Эрдэнэ, Амгаланболд тэд нар архи ууж байгаад надад архи өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд Болор-Эрдэнэ харин нэлээн уугаад согтоод унтаад өгсөн нөгөө найз нар нь гэр лүүгээ явчихсан. Би охиноо унтчихсан болохоор хоноод явъя гэж бодсон. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн орчим болж байхад Болор-Эрдэнийн утсанд дуудлага ирэхээр нь хартал Баярмаа гэх хүнээс дуудлага ирсэн. Би тэгэхээр нь утсыг нь таслаад Болор-Эрдэнийн утсыг үзтэл бид хоёрыг салах, тусдаа амьдрах шалтгаан болсон Баярмаа гэх эмэгтэй байсан. Би тэгээд мессеж, чатуудыг нь хараад байж байтал дахиад Баярмаа залгахаар нь Болор-Эрдэнийг сэрээгээд энэ хүүхэн чинь залгаад байна, сэрээсэн чинь “чи яахаараа миний утсыг авдаг юм, янхан минь” гээд хуванцар сандал авч шидээд миний толгойг оносон. Энэ үед манай 3 настай охин уйлаад байхад тоохгүй босож ирээд миний үснээс зулгааж байгаад шал мөргүүлж байгаад гал тогооны ширээний нүүрнээс таттал нэг нүүр хэсэг нь салсан чинь тэр модоор миний толгой руу нэлээн олон удаа цохиж байгаад миний дээр гарч суугаад хоёр гарын бугалга хэсгийг хоёр өвдгөөрөө дарж байгаад миний нүүр лүү нус, цэрээ хаясан. Тэгээд миний саарал өнгийн ноосон өмдийг татаж тайлтал миний хоёр оймс хамт тайлагдтал намайг түлхтэл би хаалга түлхээд гадаа унасан. Би тэгээд довжоон дээрээс босоод эргээд орох гэтэл Болор-Эрдэнэ хаалганы урд зогсоод зайл гичий минь гэсэн. Миний охин аймаар ээрээд уйлаад байхаар нь би дахиж орох гэтэл Болор-Эрдэнэ чангаар охин руу дуугүй бай гэтэл охин маань дуугүй болчихсон. Би айгаад эргээд орох гэсэн боловч айгаад чадаагүй би бараг цаг орчим гадаа зогсож байгаад би утсаа асаагаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15/,

- гэрч Э.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн ахмад Д.Соджамцын хамт үүрэг гүйцэтгэж байхад 80501034 дугаараас 102 утсанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-12388 тоотод зодуулсан, шалдан хөөж гаргасан гэх утгатай дуудлага ирсний дагуу очиход хашаан дотор нэг Монгол гэр байх ба гэрт нь ороход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн доогуураа хувцасгүй эмэгтэй дээгүүрээ цамцтай хөл гар нь улайсан хөл нүцгэн уйлаад намайг зодоод хөөгөөд гаргасан. Нөхөр нь гэх залууг асуухад Болор-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хэрүүл өдөөд байхаар нь хөөж гаргасан юм гэж байсан. Болор-Эрдэнийг эрүүлжүүлэх гэсэн боловч эрүүлжүүлэх байр дүүрсэн байсан тул хэлтэс рүү авч ирээд дараагийн дуудлагад явсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Болор- Эрдэнэ, Баярмагнай хоёр маргаантай удаж байгаа юм. Тэгээд Баяр-Эрдэнэ бид хоёр тэр хоёрыг эвлэрүүлье гээд Баяр-Эрдэнэ эхнэртэйгээ, би эхнэр хүүхэдтэйгээ Болор-Эрдэнийн эхнэр Баярмагнайг авахаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр утсаар ярьж байгаад Гандангаас аваад Болор-Эрдэнийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны гэрт нь очсон. Тэгээд Болор-Эрдэнэ бид нарт архи задлахаар нь тэр архийг бид нар хувааж уугаад тэр хоёрыг хүүхэдтэй нь үлээгээд 23 цагийн орчим гараад явсан. Баярмагнай гэртээ очоод бид нартай хамт Болор-Эрдэнийн гаргаж өгсөн архинаас уусан. ...Баярмагнайн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,  

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11914 дугаартай “...Э.Б н биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хоёр сарвуу, зүүн бугалга, бугуйн үений цус хуралт, зүүн шууны зулгаралт, хоёр тавхайн 1-2 зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хоёр сарвуу, зүүн бугалга, бугуйн үений цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр, хоёр тавхайн 1-2 зэргийн хөлдөлт гэмтэл нь нам хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн доторх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Э.Б н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1238в тоотод эхнэр Э.Б тай маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч Ц.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан, түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар

Хохирогч Э.Б  нь өмгөөлөгчийн хөлсөнд 300.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу 2 өдрийн цалинг нэхэмжилсэн боловч хохирогч нь өмгөөлөгч авах эсэх нь түүний өөрийн эрх бөгөөд зайлшгүй гарах зардал гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцохгүй тул түүнийг нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин гэмт хэргийн улмаас хохирсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин шүүхэд гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолтоор шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон  овгийн Ц.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт заасныг баримтлан хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн өмгөөллийн зардал болох 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны хоёр хоногийн цалинг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН