Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,                     

              Улсын яллагч Г.Чанцалдулам,

              Хохирогч А.Т,

              Хохирогчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

              Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жын Нд холбогдох эрүүгийн 2138003010015 дугаартай хэргийг 2022 оны 04 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цгийн эзэмшлийн Приус-30 маркийн 69-14 УБЯ /одоогийн улсын дугаар 36-03 ХӨН/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч А.Тын биед хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Ж.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2138003010015 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цгийн эзэмшлийн Приус-30 маркийн 69-14 УБЯ /одоогийн улсын дугаар 36-03ХӨН/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч А.Тын биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ны өгсөн: “...Миний бие Ж.Н нь өөрийн болгоомжгүй үйлдлээс болж 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Аюушийн Тын биед хохирол учруулж түүнийг мөргөсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирол болох 1,807,925 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсанаас гадна эмнэлэгт хэвтсэн гэж байгаа боловч баримтаар нотлоогүй 790,000 төгрөгийг мөн төлж барагдуулсан..нэхэмжилж байгаа 3.000.000 төгрөгийг төлнө” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  А.Тын өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр захаас гэртээ харих гээд 14 дүгээр хорооны “Оюу” дэлгүүрийн урд гарцаар зам гарч явахад нэг машин ирж мөргөөд би камерын хажууд унасан. Тэгээд би хөл болохоо байлаа гээд нэлээн байж байгаад босоод ирсэн чинь хөгшин хүн зогсож байсан. Тэгээд би “хөгшин хүн байж мөргөчихөж байгаа юм байхдаа” гэж бодож толгой манарч юм хэлж чадахгүй нэлээн байж байгаад “би болохоо байлаа түргэн дуудаад эмнэлэгт хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ хүн охин, эхнэр хоёроо дуудсан гэдгийг нь мэдээгүй хоёр эмэгтэй хүн зогсож байсан. Манай хамт ажилладаг хүн гүйгээд ирээд намайг та яав гээд асуухаар нь “ах нь ийм боллоо. Гэр рүү хэлээд өгөөч” гэсэн чинь хэлж өгөөд намайг эмнэлэг дээр очиход манай эхнэр ирсэн. Тэгээд би хагас сайн өдөр мөргүүлсэн учраас бүтэн сайн өдөр өнжөөд, нэгдэх өдөр өнжөөд эмнэлэгт хэвтсэн байхад эм тариа эмнэлгээс юу ч байхгүй байсан учраас хот явах болж хүүхдүүд маань мөнгө төгрөг зээлж аваад хотод очиж айлын байшин түрээсэлж 1 ой грантай хүүхэдтэй хүүхдээрээ сахиулаад эмчилгээ хийлгэсэн. Бүх мөнгөөрөө эм авч уугаад хөл нэг их сайжирсан зүйлгүй л байна. Эмчилгээнд очихдоо өдөр болгон машинаар явж байгаа. Байрны түрээсийн мөнгөө би нэхээгүй. Одоо 3,527,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 527000 төгрөгийг хасч 3.000.000 төгрөг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн: “...Уг осол болсон гэх газар Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах хөндлөн тавигдсан авто замын уулзвар, явган хүний гарц хэсэгт үйлдэгдсэн байна. Гэрч Ж.Н нь баруунаас зүүн зүгт явж байхад энд осол болсон гэх өөрөө зогсоож зааж өгөв. Уг заасан газар нь ертөнцийн зүгээр баруун талаас зүүн зүгт уулзвар хэсэгт явган хүний гарц хэсгээс 3.40 км замын хажуугийн хашлагаас 1.90 км байв. Уг зам нь эсрэг хөдөлгөөнтэй урд хойд талдаа туслах зам нь шороон замтай гэрлэн дохиогүй хоёр талдаа явган хүний гарц тэмдэг, тэмдэглэгээтэй, замын өргөн нь 7 м өргөнтэй авто замын уулзвар байна. Зорчих хэсэг хуурай байлаа. Осол болсон гэх газраас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт Оюу нэртэй хүнсний дэлгүүр байх ба баруун тийшээ харсан байна. Замаас камергүй өөрөөр хэргийн газарт хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй бөгөөд үзлэгийн явцад ахлах шинжээч Бүрэнхаан гэрэл зургийн аргаар нийт 6 кадр зураг бэхжүүлж авч үзлэгийг дуусгав...” гэх  тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, мөрдөгчийн санал, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20 тал/,

Хохирогч А.Тын өгсөн: “...Захаас буугаад гэртээ ирэх гэж яваад 10 дугаар хорооны Оюу дэлгүүрийн явган хүний гарцаар гарч явж байтал баруун талаас нэг машин ирээд баруун хөл хүү мөргөсөн тэгээд би засмал зам дээр унасан тэгсэн машины жолооч бууж ирсэн. Нэг настай хүн байсан. Босох гэтэл баруун талын хөл гишгэж болохгүй байсан тэгээд би тэр жолоочид эмнэлэгт хүргээд өг гэсэн тэгээд удалгүй тэр жолоочийн эхнэр охин 2 нь ирээд намайг мөргөсөн машиныг замаас гаргаад охиныхоо машинд намайг суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн...Би ажил төрөл хийж чадахаа байсан мөн эмчилгээнд гарсан мөнгө төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-29 тал/,

Иргэний хариуцагч П.Цгийн өгсөн: “...36-03 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм би энэ машиныг 2021 оны 10 сард хотоос худалдаж авч байсан. Худалдаж авахдаа итгэмжлэл хийлгэж авсан учир итгэмжлэлийн хугацаа дуусах өөрийн нэр дээр бүртгүүлж аймгийн дугаар авсан 64-14 УБЯ улсын дугаартай байсан одоо бол 36- 03 ХӨН гэсэн улсын дугаартай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн 192 дугаартай: ...А.Тын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний тахилзуур, шаант ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.. шинэ гэмтлүүд байна... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.... гэх дүгнэлтийн хуулбар /хх-ийн 41-42 тал/,

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн: “...Тоёота Приус маркийн 69-14 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тоёота приус маркийн 69-14 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Ж.Н нь энэ дүрмийн “12.3..Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” магадалгаа /хх-ийн 45-47 тал/

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн №2245617200039 дугаартай: “...Приус-30 маркийн 36-03 ХӨН дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 15.800.000 төгрөгөөр үнэлэв...” /хх-ийн 53-54 тал/

Шүүгдэгч Ж.Ны мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...Тухайн тогтоолд заагдсан хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Тэр мэдүүлэгтээ болон хэргийн талаар тодорхой ярьсан байгаа. Тэр мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон  гэрч нарын  мэдүүлэг нь шүүгдэгч Ж.Ны гэм буруугаа  хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Н нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний  улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзлээ.

2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн мөрдөгчийн магадлагаанаас үзэхэд зам тээврийн осол гарахад жолооч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино гэх Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

              Шүүгдэгч Ж.Н нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ж.Ны үйлдэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цгийн эзэмшлийн Приус-30 маркийн 69-14 УБЯ /одоогийн улсын дугаар 36-03ХӨН/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч А.Тын биед хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 2,598,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1,200,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 75 тал/, Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1,300,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 116 тал/, Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 98,000 /хх-ийн 130-131 тал/  төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

              Хохирогч А.Т нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 3,527,000  төгрөг нэхэмжилж баримтыг шүүхэд ирүүлжээ. Хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаас 527.000 төгрөгийг хасч нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч  Ж.Н нь зөвшөөрч 3.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.Наас 3.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Тод олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Ж.Ны гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Ж.Ны хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Ж.Н нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл  аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 31-10 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 66-72 дугаар талд авагдсан, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэлмэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн 2138003010015 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор иргэний хариуцагч П.Цгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 36-03 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Жын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жын Ныг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ны зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ж.Ныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Нд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2138003010015 дугаар хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор иргэний хариуцагч П.Цгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 36-03 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч П.Цд олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Наас 3.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Тод олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдолй эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ДӨЛГӨӨН