Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/325

 

                

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: С.Энхтуул,

Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Л.Чинбат, Ж.Цэцэгээ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ____________, түүний өмгөөлөгч Ө.Учрал, Р.Булгамаа, Ч.Эрдэнэбат нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н-д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н  нь “...2020 оны 7 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.А-г “гэрийн тагт нь дээр тамхи татлаа” гэх шалтгаанаар биед нь заамдах, нүүр нь тус газарт нь цохих зэргээр халдах явцдаа уг хууль бус үйлдлийнхээ хүчин зүйлийн нөлөөнд оруулж, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн орон зай, нөхцөл байдал, сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд давуу байдлаа ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж түүний эзэмшлийн Ай фоне 6 плас загварын гар утсыг хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н  нь “2020 оны 7 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.А-г “гэрийн тагт нь дээр тамхи татлаа” гэх шалтгаанаар биед нь заамдах, нүүр нь тус газарт нь цохих зэргээр халдах явцдаа уг хууль бус үйлдлийнхээ хүчин зүйлийн нөлөөнд оруулж, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн орон зай, нөхцөл байдал, сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд давуу байдлаа ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж түүний эзэмшлийн Ай фоне 6 плас загварын гар утсыг хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н ын өгсөн “...3 дугаар сарын 24-нд би зуслан явах гээд Э , Г  2-той явж байтал манай тагт нь дээр хүн тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би Г  ахаас манай тагт мөн биз дээ гэхэд мөн гэж хэлсэн. Би тухайн үед хөлөө хугалчихсан суга таягтай байсан болохоор А-г дуудаад гараад ир гэсэн. Би орцны үүдэнд хүлээж байсан ба гараад ирэхээр нь чи юун залуу манай тагт дээр тамхи татаад зогсож байгаа юм бэ, архи дарс уугаад байгаа юм уу гэж асуусан. Тэгсэн чинь үгүй гэсэн. Тэгэхээр нь би чи хаана сурдаг юм бэ гэхэд юм хариулахгүй байхаар нь сэгсрээд 2 алгадсан. Чи яах гэж ирсэн юм бэ гэхэд танай охинд ном оруулж өгсөн юм аа гэсэн. Би тэгээд чи хаана байдаг юм гэж асуухад чи танай эндхийн сагсны шийд нь дээр зодуулаад тэгээд танайд ороод ирсэн юм аа гэж хэлсэн. Бид 2 юм яриад сууж байтал бөмбөг залсан баахан хүүхэд явж байхаар нь би тэдгээр хүүхдүүдээс энэ хүүхдийг зодсон уу гэж асуухад үгүй гэсэн, А  ч өөрөө энэ хүүхдүүд биш гэсэн. Тэгээд гэр чинь хаана байдаг юм бэ гэхэд 21 дүгээр хороолол гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө асаалттай утсаа өгөөд өөрийнх нь утсыг асаалттай авсан. Би яв гэж хэлээд явуулсан. Би 47 дугаар сургуулийн тэндээс такси бариад Жигжид зуслан явсан. Зусландаа очоод эхнэртээ А-н  утсыг өгөөд энэ О-н найз залуугийн утас юм шиг байна, сая гэрийн тагт нь дээр тамхи татаж байхаар нь дуудаж ирээд аваад ирсэн чи учрыг нь олоорой гэж хэлээд өгсөн. Би үнэн зөв мэдүүлсэн. Хүний биед халдах нь хууль бус гэдгийг мэднэ. Ямар ч байсан сэгсрээд, 2 удаа алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тухайн үед О гээд манай охин ганцаараа үлдсэн байсан. Хохирогчийг би танихгүй болохоороо дуудаж гаргаж ирсэн. Бусдын эд хөрөнгийг энэ аргаар авсан нь хууль бус болно гэдгийг би мэдэхгүй. Хохирогч тухайн үед намайг эсэргүүцсэн үйлдэл хийгээгүй. Би маргааш залгаарай, ар гэрийнхэн нь ямар хүмүүс байдгийг залгуулаарай гэж хэлээд авсан. Надад утсаа өгөөгүй бол би холбогдох дугаарыг нь авах байсан. Өөр зүйл бодоогүй. Хохирогч гэрээс гарч ирээд юм ярихгүй, дугарахгүй, уучлалт гуйгаагүй. Гар утсыг нь би бүүр дараа нь юм ярьж байгаад авсан. Би одоо эхнэр Цолмон, 3 хүүхдийн хамт 5-лаа амьдарч байгаа. Одоогоор ажил төрөл хийгээгүй. Би хохирогчийн утсыг дээрэмдэж аваагүй, ямар учиртай хүүхэд вэ гэж юм ярьж байгаад утсыг нь авсан. Би биед нь гэмтэл учруулсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Би тэр хүнийг танихгүй, мөн эмэгтэй хүүхэдтэй хамт байсан, гэр орноос юм алга болох вий гэж бодсон. Одоо хар тамхи ч гарчихсан энэ үед ямар ч тамхи татаж байгаа юм билээ гэж бодсон. Манай гэрт тамхи татдаг хүн байдаггүй. Би манай хүүхэдтэй үерхэж байгаа юм болов уу, ямар учиртай хүн юм бол гэж л уулзсан. Тэгээд дараа нь утсыг нь аваад орой эхнэртээ утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн ************* дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр М.А-н  хохирогчоор өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд БГД-ийн 19 дүгээр хороо 53-15 тоотод найз О-н тагт нь дээр тамхи татаад байж байтал О-н  аав Н  нь гаднаас намайг гараад ир гээд дуудсан. Тэгээд би гарахад орцонд Н  нь намайг зодоод Айфоне 6 плас  загварын гар утсыг авч оронд нь Аниколл маркийн гар утас өгөөд наадхаа барь гэсэн. Тэгээд намайг зайл гээд цагдаагаа дуудаарай гэсэн. Би цагдаад дуудлага өгсөн. Орцонд хяналтын камер байгаагүй. Орцны гадаа байсан залуучууд намайг зодож байхыг нь хараад болиулсан. Намайг зодохдоо орцны хаалга толгойгоор мөргүүлээд дараа нь хамар хэсэгт толгойгоороо мөргөсөн. Тэгээд нүүр хэсэгт 2 удаа алгадаж зөндөө цохисон. Миний хүзүү шалбарч улайсан. Хүзүү хөдөлж болохгүй хөндүүртэй байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг гэрийнх нь тагт нь дээр тамхи татлаа гэх шалтгаанаар зодсон бөгөөд миний гар утсыг зургаа даруул гэж хэлж аваад өгөөгүй. Би өмнөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд зөндөө уучлалт гуйсан. Тухайн асуудал болох үед Н  нь согтуу байсан. Би 2 лааз пиво уусан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.О-ын   гэрчээр өгсөн “...Манай найз А  2020 оны 7 дугаар сарын 23-ны 21 цагийн үед манай гэрт ирээд байж байгаад 00 цаг 30 минутын үед А  тагт нь дээр тамхи татахаар гарсан. Тэгээд удалгүй орж ирэхдээ танай ээжийн нөхөр суга таягтай ах мөн үү гэж асуусан бөгөөд би мөн гэхэд намайг харчих шиг боллоо, би өөрөө доошоо бууж уучлалт гуйя гэж хэлсэн. Би тагт нь дээрээс харахад юу ч сонсогдоогүй бөгөөд орцоор орж гараад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манартал алгадлаа шүү гэж инээж байхыг нь сонссон. Ээжийн нөхрийг баруун тийш явж байхыг хараад би А-н  утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь гарахад орцны зүүн талд цагдаа дуудсан гээд сууж байсан. Юу болсон талаар асуухад танай ээжийн нөхөр намайг зодчихлоо гэж хэлээд хүзүүгээ харуулсан бөгөөд хүзүү нь зүүн талдаа шархтай болсон байсан. Удалгүй 2 цагдаа ирээд А оор өргөдөл бичүүлнэ гээд аваад явсан. Би цонхоор харахад гадаа 6-7 залуу хараад зогсоод байсан. Цонхоор харахад А-г зодож байгаа нь харагдаагүй бөгөөд буугаад очиход ээжийн чинь нөхөр намайг орцонд оруулж байгаад зодлоо гэж хэлсэн. Хүзүүний зүүн талдаа шархтай болсон харагдсан, өөр ил харагдах шарх харагдаагүй, харин толгой өвдөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-164 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З-н гэрчээр өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед манай найз М, Т, Ц, Т бид 5 52 дугаар байрны 2 тоотоос гараад 60 дугаар байр руу явж байхад 53 дугаар байрны хамгийн зүүн талын орцны үүдэнд 3 ах нэг залууг алгадаж байсан. Тэгээд тэр алгадаж байсан ах нь бид нарыг дуудаад “та нар энэ залууг зодсон уу” гэж асуусан бөгөөд бид нар үгүй гэхэд “энэ залуу манай хороололд тамхи татсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар “та тамхи татлаа гэж хүн зодож болохгүй ш дээ” гэхэд тэр ах “манай гэрт татсан юм аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар тэр залууг буруу юм хийсэн юм байна гэж ойлгоод тэр ахад “та ингэж хүн алгадаж байхаар хэл амаараа учир зүйгээ олооч” гэж хэлээд цаашаа явсан. Явснаас хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тэнд 3 ах байсан ба нэг нь тэр залууг алгадаад байсан. Харин нөгөө 2 нь хашаад суучихсан байсан. Цохиж зодож байгаа зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц-н гэрчээр өгсөн “...Тухайн өдөр 52 дугаар байрнаас гараад 58 дугаар байр орох гээд найзуудтайгаа явж байтал 53 дугаар байрны гадаа 3 ах 1 залууг алгадаад байсан. Тэгэхээр нь бид нар очоод яагаад оруулаа нэг хүн дээрэлхээд байгаа юм бэ гэхэд алгадаж байсан ах “энэ залуу манай гэрт тамхи татсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд тэр залууд хандаад “энэ бол хороолол, хороолол дунд ийм юм байж болохгүй” гэж байсан. Тэгээд тэр залуу миний хажууд ирээд зогсохоор нь би “зүгээр үү” гэж асуухад тэр залуу “зүгээр ээ” гэсэн. Тэгэхээр нь бид нар цаашаа яваад өгсөн. Явснаас хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Орой 1, 2 цагийн үед буцаад 53 дугаар байрны тэр хавиар явахад хэн ч харагдаагүй. Нэг ах нь тэр залууг нэг алгадаж байгаа харагдсан. Өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Г ын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би 22 цагийн үед тамхи татахаар гараад байрны хажуугийн Бадархундага дэлгүүрээс тамхи аваад байж байтал 53 дугаар байрны гадаа Н   Э  2 нэг үл таних залуутай хамт зогсож байсан. Тэгээд намайг очиход нөгөө үл таних залуу яваад өгсөн. Гэтэл Н   тор нь дотроос Болор нэртэй архи гаргаж ирсэн бөгөөд бид 3 хувааж уусан. Тэгээд байж байтал Н   ахаа манай тагт нь дээр тамхины цог харагдаад байна гэж хэлээд хөөе чи тагт нь дээр тамхи татдаг хэн бэ гэж хэлсэн бөгөөд нөгөө хүн цаашаа орчихсон. Тэгээд удалгүй гараад ирсэн. Тэгтэл Н   тэр залууг гарч ирэхээр нь 2-3 удаа сэгсрээд “чи яахаараа манай тагт нь дээр тамхи татдаг юм бэ” гэхээр нь би боль боль наадах чинь жаахан хүүхэд байна гэж хэлсэн. Тэгээд гадаа харанхуй байна гэж хэлээд орц руу аваад орсон. Э  бид 2 орцны гадаа байсан ба дотор юу болсон талаар мэдэхгүй. Тэгээд удалгүй нөгөө залуу Н   2 гарч ирээд Н   намайг ахаа зураг дараадах баримтжуулна гэсэн. Гэтэл миний утасны цэнэг дуусчихсан байсан болохоор тэр залуугийн утсаар зураг дарсан. Тэгээд эргээд суусан. Н   тэр залууг яв яв гээд явуулсан. Ингээд удалгүй Н   намайг гэр рүү дөхүүлээд өгье гэж хэлээд Э ыг босгоод бид нар явсан. Гэрийн гадаа ирээд би орлоо гээд орсон. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Н   тэр залуутай орцонд юм яриад байсан, яг юу яриад байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д-н гэрчээр өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн орой Нарлаг цагдаагийн хэсэг дээр цагдаагийн дэд ахлагч Т-н хамт 24 цагийн эргүүлд үүрэг гүйцэтгэж байтал Бэгэр-10-аас БГД-ийн 19 дүгээр хороо, 53 дугаар байрны гадаа хүнд зодуулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд тус хаягаар очиход 53 дугаар байрны гадаа ямар ч хүн байгаагүй, тэгээд дуудлага өгсөн утас руу залгахад А  гэх залуу нэг эмэгтэйн хамт би дуудлага өгсөн гээд ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад би найз О-н  гэрийн тагт нь дээр тамхи татаж байтал аав нь намайг хараад гараад ир гээд би гартал орцонд намайг 2 найзын хамт 3-лаа зодсон гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэйгээс аав нь хаана байгаа талаар асуухад байж байгаад 2 дугаар орцны зүг явсан одоо хаана байгааг нь мэдэхгүй байн гэж хэлсэн. Тэгээд дугаар руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь тус эмэгтэйгээс гэрийн хаягийг нь авахад БГД-ийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот  гэсэн хаяг өгсөн. Бид А  гэх залуугаас мэдүүлэг авахаар хэлтэс рүү дагуулан авсан. Дагуулж явж байхад ямар нэгэн гэмтэл бэртэл авсан зүйл харагдаагүй бөгөөд ил харагдах шарх харагдаагүй. Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг авахад О-н  аав намайг таягаараа нуруу хэсэгт цохиод алгасан бөгөөд миний гар утсыг аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т гэрчээр өгсөн “...Тухайн өдөр цагдаагийн ахлах ахлагч Д-н хамт 24 цагийн эргүүл хийж байтал 52 дугаар байрны гадаа нэг залуу, нэг эмэгтэй 2 дуудлага өгсөн гээд байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад тухайн эмэгтэйн аав нь 2 найзын хамт дуудлага өгсөн залууг зодоод гар утсыг нь аваад явсан гэж байсан. Зодсон гэх хүмүүсийг эрүүл хийж хайсан боловч олдоогүй. Холбогдох дугаарт нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд зодуулсан гэх залууг Бэгэр-121 машинд суулгаад цагдаагийн хэлтэс авч явсан. Ил харагдах шарх харагдаагүй бөгөөд толгойгоо бариад нуруу, хүзүү хэсэгт хаягаараа цохиод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1081 дугаартай шинжээчийн “...М.А-н  цогцост хүзүүний зүүн доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл нь өндрөөс унаж гэмтсэнээс өмнөх гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 229-231 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Н-н гэрчээр өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа М.А-н  биед очиж үзлэг хийсэн бөгөөд М.А-н  биед хэвлийн хөндийн бага аарцгийн эрхтнүүдийн хавсарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус хуралт, нарийн бүдүүн гэдэсний чацархай, хэвлийн бага аарцгийн эрхтнүүдийн тармал цус хуралт, ясны баруун дэлбэн, ууц, ташааны үеийг дайрсан бяцарсан хугарал, баруун умдал ясны дээд, доод салаа, зүүн умдал ясны дээд салааны хугарал, бүсэлхийн нуруу, цавь, салтаа, өгзөгний хамарсан том хэмжээний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун зүүн шилбэ, зүүн шагайн зулгаралт гэмтлүүд нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. М.А-н  зүүн чих, хүзүүнд үүссэн цус хуралт гэмтэл нь өндрөөс унах үед үүсэх боломжгүй гэмтэл байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр М.А-н  биед үзлэг хийхэд толгой дух, хамрын хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-238 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ****** дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 241-242 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Н ын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 12 цагаас хойш өөрийн эзэмшлийн Жигжидэд байдаг зуслан явна гээд БГД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53-15 тоот гэрээсээ гараад найз Э , Г  нартай 0,75 литрийн Болор нэртэй архи хувааж уугаад зуслан явах гээд гэрийнхээ цонхны доод талаар явж байтал манай цонхны тагт нь дээр нэг хүн тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би “юун хүн бэ, гараад ир” гэхэд нөгөө залуу буугаад ирсэн. Тэгээд би ямар учиртай хүн бэ гэж асуугаад заамдсан, би суга таягтай байсан болохоор удаан зогсож чадахгүй, сандал дээр суусан. Би тэр залуугаас юу хийж байгааг нь асуухад охин О-н  найз нь ном өгөх гэж бил үү, авах гэж ирсэн гэж байсан. Тэгээд ирэхээсээ өмнө хэдэн хүнд зодуулсан гэж байсан. Бид 2-г ярилцаж байхад хажуугаар өсвөр насны хэдэн хүүхэд өнгөрсөн бөгөөд би тэдгээр хүүхдүүдээр энэ залууг зодсон уу гэж асуухад үгүй гэсэн. Тэр залуу ч өөрөө үгүй гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь аваад, яаж утасгүй үлдээх вэ гээд өөрийнхөө утсыг өгөөд маргааш гэгээтэйд уулзъя, залгана гэж хэлсэн. Би тэр шөнөдөө зуслан руугаа явсан бөгөөд очоод эхнэр Ц-д энэ О-н  найз залуугийн утас нь гэж хэлээд өгсөн. Учир нь манай охин О-той хамт манай гэрт байсан болохоор найз залуу нь гэж ойлгосон. Туранхай шар залуу байсан. Манай охин О ээж рүүгээ залгасан байсан бөгөөд “хүрээд ир” гэсэн байсан. Бид гэртээ очиход цагдаа нар ирээд манай гэрийн тагтнаас хүн унасан гэж хэлсэн. Тэр хүртэл мэдээгүй байсан. Би тэр залуугийн утсыг зуслан дээрээ мартсан байсан учраас эргэж очиж авсан. Тухайн залуугаас би утсыг нь өөрийнхөө утсыг өгсөн, эргэж холбогдох зорилготой байсан. Учир нь танихгүй залуу манай гэрт тамхи татаж байсан ба ямар учиртай залуу болохыг нь тодруулах гэж байсан, мөн манай гэрээс юм алга болсон бол эргэж холбоо барина гэж бодсон. Тэр залуутай сандал дээр удаан юм ярьж суусан. Би тэр залуутай ярилцаж байхыг манай 2 найз Э , Г  нар хажууд байсан болохоор мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-83 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ө.Учрал нарын шинжлэн судалсан нотлох баримт болох:

Хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлт 1-р хх-ийн 154-156 тал, дуудлага мэдээлэл өгсөн хуудас 1-р хх-ийн 92 тал, зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг авсан тухай баримт 1-р хх-ийн 94 тал, хохирогч М.А , шүүгдэгч Б.Н  нарын хамт авхуулсан зураг 1-р хх-ийн 112 тал, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 1-р хх-ийн 115 тал, Айфоне-6 загварын гар утсыг хүлээн авсан тэмдэглэл 1-р хх-ийн 127 тал, хүлээлгэн өгсөн тэмдэглэл 1-р хх-ийн 140 тал, хохирогч М.А-н  2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 149-152 тал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э-н 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр тал, 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн *** дугаартай гомдолыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол 1-р хх-ийн 62 тал, 63 тал, Б.Н ын гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 148 тал, Н.Золбоогийн гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 160 тал, Ц.О-ын   гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р 164, 179 тал, Г.Г ын гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 169 тал, Ц-н гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 181 тал, Г-н гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 191 тал, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт 1-р хх-ийн 219-224 тал, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт 1-р хх-ийн 229-230 тал, Шинжээч эмч Н-н мэдүүлэг 1 хх-ийн 237 тал, Б.Н ын цагдаагийн асап сангийн мэдээлэл 2-р хх-ийн 26-28 тал,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н ын өмгөөлөгч Л.Чинбат, Ж.Цэцгээ нарын  шинжлэн судалсан  нотлох баримт болох:

Г.Г ын гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 161-162 тал, Ц.О-ын   гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 106-107 тал, гэрэл зургийн үзүүлэлт 1-р хх-ийн 79 тал, шинжээчийн дүгнэлт 1-р хх-ийн 82 тал, ял шалгах хуудас 2-р хх-ийн 5-6 тал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат: Шуурхай удирдлагын тасгийн дуудлага мэдээлэл 1-р хх-ийн 92 тал, Ц.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 167 тал, Ц-н гэрчээр өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 162-163 тал, Т-н гэрчээр мэдүүлэг 2-р хх-ийн 63 тал, хохирогчийн мэдүүлэг 1-р хх-ийн 49-50 тал зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Б.Н ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 5-6 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 58 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 64, 69 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /2-р хх-ийн 70 тал/, Цагдаагийн асап сангийн мэдээлэл /2-р хх-ийн 25-34 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Н ын “2020 оны 7 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.А-г “гэрийн тагт нь дээр тамхи татлаа” гэх шалтгаанаар биед нь заамдах, нүүр нь тус газарт нь цохих зэргээр халдах явцдаа уг хууль бус үйлдлийнхээ хүчин зүйлийн нөлөөнд оруулж, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн орон зай, нөхцөл байдал, сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд давуу байдлаа ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж түүний эзэмшлийн Ай фоне 6 плас загварын гар утсыг хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх дээрх үйл баримт нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох хохирогч М.А-н  мэдүүлэг /1-р хх-ийн 149 тал/, гэрч Ц.О-ын   мэдүүлэг /1-р хх-ийн 163-164 тал/, гэрч З-н мэдүүлэг /1-р хх-ийн 159-160 тал/, гэрч Ц-н мэдүүлэг /1-р хх-ийн 161-162 тал/, гэрч Г.Г ын мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 тал/, гэрч Д-н мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 тал/, гэрч Т-н  мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 229-231 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчаас болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Б.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтайгаар, шүүгдэгч Б.Н   “…хохирогчийг ганц нэг сэгсэрсэн нь үнэн, гар утсыг нь сольж авсан…” гэж, түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ Л.Чинбат нар нь үйл баримтыг гэмт хэргийн шинжгүй гэж мэтгэлцэж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Дээрэмдэх гэмт хэргийн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэх гэх шинж нь гэм буруутай этгээд хохирогчийг ямар нэг хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрнэ. Хохирогчийн эсрэг энэхүү айлган сүрдүүлсэн заналхийлэх шинж тогтоогдож байхад хүч хэрэглээгүй гэх шинжээр дээрмийн гэмт хэрэг үгүйсгэгдэхгүй юм.

 

Шүүгдэгч Б.Н ад холбогдох хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндийг сарниулахгүй болохыг шинжээч эмчийн 2020 оны 09 сарын 09-ны өдрийн 1081 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Н  нь хохирогчийн биед халдах явцдаа түүнийг айлган сүрдүүлж улмаар шунахайн сэдлээр хохирогчийн эзэмшлийн Айфоне-6 маркийн гар утсыг түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн авсан болох нь хохирогч М.А-н  цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага /1-р хх-ийн 92 тал/, болон мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Н ын хохирогчид үзүүлсэн айлган сүрдүүлэлт, дарамт заналхийлэл түүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн болох нь хохирогч М.А-н  мөн орой шүүгдэгчийг гэртээ эргэн ирлээ гэх айдсын улмаас 5 давхрын цонхоор буух гэж байхдаа унаж амь насаа алдсан үйл баримтаас дүгнэх боломжтой байх тул  шүүгдэгч Б.Н ын хохирогчийн эд зүйлийг авсан, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг зөвтгөн дүгнэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.Н ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан дээрэмдэх  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг  энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгчид холбогдуулан шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл үйл баримтад нийцсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч Б.Н ыг “2020 оны 7 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.А-г “гэрийн тагт нь дээр тамхи татлаа” гэх шалтгаанаар түүний биед нь заамдах, нүүр нь тус газарт нь цохих зэргээр халдах явцдаа уг хууль бус үйлдлийнхээ хүчин зүйлийн нөлөөнд оруулж, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн орон зай, нөхцөл байдал, сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд давуу байдлаа ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж түүний эзэмшлийн Ай фоне 6 плас загварын гар утсыг хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Н  болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний гар утсыг дээрэмдээгүй, харин өөрийн утсаа өгч сольж авсан хүч хэрэглэж заналхийлээгүй гэж мэтгэлцсэн. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар мэдүүлэг бүрэн үгүйсгэгдэж байх тул Б.Н ын хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж улмаар гар утсыг нь авч явсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.А д 280.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.А-н  Айфоне-6 плас маркийн гар утсыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхцогтод хүлээлгэн /1-р хх-ийн 132 тал/ өгсөн тул шүүгдэгч Б.Н ыг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Н   нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хор уршиг, шүүгдэгч Б.Н ын хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  3 /гурав/ жилийн хорих ялыг оногдуулж уг хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “ Өршөөл үзүүлэх тухай ” хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэн ба шүүгдэгч Б.Н ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгт оногдуулсан ял нь энэ хуулийн 7.2 дугаар зүйлд хамаарч байх тул “Өршөөл Үзүүлэх Тухай” Монгол Улсын хуулийг хэрэглэх нь зүйтэй.

 

Иймд 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн  7.2 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Н ад  оногдуулсан 3 /гурав/ жилийн  хорих ялыг мөн хугацаагаар буюу 3 /гурав/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  ялын хязгаарыг Улаанбаатар хотын Баянзүрх  дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Н  нь эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 53 дугаар байрны 13 тоотод хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, * дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягтай гэж яллах дүгнэлтэд дурдсан, энэ талаар

шүүхийн хэлэлцүүлэгт тодруулахад оршин суугаа хаягийн талаар тайлбар мэдүүлэг гаргаагүй тул шүүгдэгчийг Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гудамж, *** тоотод оршин суудаг гэж шүүх дүгнэж, түүний оршин суугаа газрын бүс нутгаар зорчих эрхийг хязгаарласан болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Б.Н  нь гэм буруугийн асуудлаар маргасан, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, түүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэсний дараа 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийг мөн хуулийн 12.10-д заасны дагуу хэрэглэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Б.Н ад оногдуулсан 3 /гурав/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Н  нь шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

  

Шүүгдэгч Б.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7.2  дугаар зүйлд заасныг баримтлан Б.Н ад оногдуулсан хорих ялыг 3/ гурав/ жилийн хорих ялыг 3 /гурав/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  ялын хязгаарыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.

 

4. Б.Н ад оногдуулсан 3 /гурав/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6.  Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н ад  авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ