Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/328

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Г.Цогтгэрэл /нийслэл/,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

шүүгдэгч Г.Ш түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т овогт Д-ийн Э, Б овогт Г-ын Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********************* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

***************************************

2. *****************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ш, Д.Э нар нь хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *********************** нэртэй зочид буудлын 406 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 6,2139 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...Тухайн буудалд 2 найзтайгаа байж байхад салсан эхнэр орж ирсэн бөгөөд хэрүүл хийгээд яах вэ гээд гаргасан. Улмаар надад байсан өвсөө сорсон. Унтаж байхад цагдаа нар орж ирээд баригдсан...” гэв.  

Шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ: “...Тухайн буудлын 1 ортой өрөөнд эмэгтэй найзтайгаа байж байгаад Эийг хөдөөнөөс ирэхэд нь өрөөгөө сольж өөр өрөөнд орсон. Баригддаг өдрөө Этэй хамт хоолойны эм уусан. Орой нь Эд байсан өвсийг хамт хэрэглэсэн. Тэр буудлын өрөөг өдөр өдрөөр нь сунгаж байсан...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 13, 19-20 дахь тал/,

4. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-30, 2 дугаар хавтаст хэргийн 82-84 дахь тал/,

5. Гэрч Б.С-н:

 “...би Э гэх эрэгтэйтэй 2021 оны 09 дүгээр сараас эхлэн үерхэж эхэлсэн. Тэгээд Э Өмнөговь аймгаас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой Улаанбаатар хотод ирсэн. Би Э дээр 2021 оны 11 дүгээр сарын 13-ны үүрээр Баянгол дүүргийн 8-р хороо “**********” гэх нэртэй буудалд байхад нь ирсэн. Тэгээд намайг ирэхэд Э 406 тоот өрөөнд Ш гэх найзтайгаа хамт байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 13-14-нийг шилжих шөнө 02 цагийн үед Д гэх эрэгтэй бид нарын байсан буудалд ирсэн. Намайг унтаж байхад Э-ий хуучин эхнэр гэх эмэгтэй болох Х орж ирсэн байсан. Э, Х-г хөөгөөд явуулчихсан. ...Унтаж байхад цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал/,

6. Гэрч Б.С-н дахин өгсөн:

“...би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед Э, Ш хоёр буудлын 00-н өрөө рүү тамхи татлаа гэхээр нь би араас нь орсон чинь 00 өрөөнд битүү утаа болсон байсан. Тэгсэн чинь тэр 2 нэг цаасанд ороосон юм татаад байхаар нь би “юу юм бэ” гэсэн чинь Ш “тамхи” гэсэн. Тэгэхээр нь би “аан за” гэсэн чинь Ш намайг “ганц сорчих” гэхээр нь би сонирхоод тамхи гэж бодоод сорсон чинь ганга шиг сонин үнэртэй байхаар нь би 2 удаа сороод ахиж сороогүй. Тэгсэн тэр нь өвс гээд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис байсныг нь өнөөдөр мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

7. Гэрч Т.Даваадашийн:

“...би Э, Ш хоёрыг 2015 оноос эхлэн таньдаг болсон. Би Дарханаас 2021 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Э, Ш хоёрын байрлаж байсан буудал болох Баянгол дүүргийн 8-р хороо “Гоод дае” гэх буудалд нь очсон. Би архи уучихсан очоод шууд унтчихсан. Унтаж байхад шөнө Э-ий хуучин эхнэр Х гэх эмэгтэй Э-тэй хэрүүл хийгээд байсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн. Тэгээд бид нарыг аваад явсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,

8. Гэрч Т.Д-ийн дахин өгсөн:

“...би энэ 2 дээр ирээд ямар нэг мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн зүйл байхгүй. Харин би энд ирэхээсээ өмнө Вүүдс гээд хоолойны эм уусан. Өөр надад хэрэглэсэн ямар нэг зүйл байхгүй. ...эхнэр Х нь цагдаад хандсан юм шиг байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59-62 дахь тал/,

9. Гэрч Г.Х-ы:

 “...”********* гэсэн буудалд 4 давхарт 402 гэсэн тоот байна гэхээр нь би явж очоод хаалгыг тогшиход Э хаалга онгойлгохоор нь түлхээд ортол Д, Ш, С гэх эмэгтэй 4 буудлын орыг нийлүүлж өргөн болгоод өөрсдөө дээр нь хэвтэж байсан. С гэх эмэгтэй нь чармай нүцгэн хэвтэж байхаар нь “энэ ямар эмэгтэй юм бэ” гэхэд Э “манай найз охин чи эндээс яв” гээд түлхээд байсан. Би тухайн үед уурлаад тэр эмэгтэйг “чи одоо хэн бэ босоод ир” гээд татаж чангаахад ямар ч өөрийн тэнхээ байгаагүй мансуурлын байдалтай байсан. Би Э-д “чиний нүд улайсан байсан чи нөгөөдхөө хэрэглэсэн юм уу” гэхэд намайг “зайлаа чи зайлаа” гээд дайраад түлхээд байсан. Тэгээд би шууд гараад 102 цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаад дуудлага өгөхдөө “энд мансуурсан хүмүүс байна” гэж дуудлага мэдээлэл өгсөн юм... нөгөөх гэдэг нь болохоор Э-ийн хэрэглэдэг бүх л юм. Газ үнэрлэдэг, өвс татдаг, мэдрэлийн эмнүүдийг их хэмжээгээр хэрэглэдэг судсаар тарьдаг, хоолойны эм уудаг эдгээр зүйлүүдийг нь би нөгөөх гэж хэлээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

10. Гэрч Д.С-ийн:

“...2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө юу болсон талаар мэдэхгүй байж байгаад өглөө нь ажил дээрээ ирэхэд 406 тоот өрөөнд үйлчлүүлж байсан баахан шивээстэй залуучууд дээр ирсэн хүмүүс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэж мэдсэн. Шөнө нь цагдаа нар ирээд бариад аваад явсан гэж байсан. Тухайн залуучууд хөдөөнөөс ирсэн манай буудалд орж гаран 2 хоног хоносон байх. “Хөдөө ажлаасаа ирлээ” гэж хэлээд манай буудлаар тогтмол үйлчлүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

11.Гэрч Д.С-ийн дахин өгсөн:

“...би зургийг нь харлаа манай буудлаар тухайн үед байнга үйлчлүүлж байсан 2 залуу мөн байна. Хамгийн анх 2021 оны 11 дүгээр арын 04-ний өдөр манай буудлын 403 тоотод орж үйлчлүүлсэн. Зургийг нь харсан 2 нөхөр байнга шахуу байсан. Түүн дээр найз нөхөд нь гээд байгаа залуучууд бүсгүйчүүд орж гараад байдаг байсан юм. Тухайн үед төлбөр тооцоогоо өдөр өдрөөр нь хийгээд байдаг байсан. Хамгийн гол нь энэ хоёр нь содон шинж тэмдэгтэй буюу шивээснүүдтэй байсан учраас би сайн санаж байгаа юм. Хамгийн сүүлд байх цагдаад баригддаг өдөр байх духан дээрээ саран шивээстэй нөхөр нь “Өмнөговь аймаг яваад ирсэн” гэж сонсож байсан. Миний гаргаж өгсөн бүртгэлийн дэвтэр дээр Ш гэсэн нэр бүртгүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,

12. Гэрч Д.С-ээс гаргаж өгсөн “*************” нэртэй зочид буудлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 77-84 дэх тал/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5599 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн “*******************” серийн дугаартай хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, бор өнгийн ургамал мэт зүйл, “Voyage” гэсэн шошготой хуванцар сав зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг мөнгөлөг цаас, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг тариур, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 5 ширхэг тариурын зүү, “WOODS PEPPERMINT ABTITUSSIVE” гэсэн шошготой хуванцар савтай бор өнгийн шингэн зүйл тус бүрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцуудад багтсан бодис илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Даваадаш” гэж хаягласан шээс, “Сарнай” гэж хаягласан шээс, “Э” гэж хаягласан шээс, “Ш” гэж хаягласан шээс тус бүрээс /Delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. Бор өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 13.7821 грамм, гялгар ууттай жин нь 6,8174 грамм, цэвэр жин нь 6,2139 грамм болов...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 89-96 дахь тал/,

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 115, 257 дугаартай дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 108-110, 2 дугаар хавтаст хэргийн 69-72 дахь тал/,

15. Шүүгдэгч Д.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн гүйцэт уншиж танилцсан. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Яагаад манай найз Г.Ш-ыг татсан юм бол гэж гайхаж байна. ...бид хэд уг буудлын 406 тоот өрөөнд 4-5 хоног байсан байх. Тэгэхдээ найз нараа дуудаж найз нар орж гаран архи дарс ууж юм ярьж байгаад л явдаг юм. Тухайн буудалд үндсэндээ Г.Ш бид хоёр л голлож байсан юм. ...өвс нь надад байсан. Би нэг зүс таних хүнээс авч байсан. Яг хэнээс авснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан л надад байсан юм. Бусад эм тариаг би эмийн сангаас гарч авсан. Буудалд нэлээн хэд хоносон. Цагдаад баригддаг өдрөө өвсөө бонгод хийж байгаад Г.Ш бид хоёр л хэрэглэсэн. Уг өвс тариа эмийг хэрэглэхээр мансуурдаг, тааламжтай гоё мэдрэмж авдаг юм. Би хэрэглээд удаагүй ганц жил болж байна. Би хууль бус гэдгийг мэдэж байсан. Эм тарианууд нь хууль бус биш гэж мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

16. Шүүгдэгч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч бана. Надад ямар нэгэн санал гомдол гээд байх зүйл байхгүй. ...би 2021 оны 11 дүгээр сард байх Э Өмнөговь аймагт ажиллаж байгаад ирэхээр болсон. Ирэхэд нь би тосож аваад Модны хоёрын голын зам дагуу байх “*********” нэртэй зочид буудлын 406 тоот өрөөг авсан байж байгаад түр буудлаа сунгаад нэлээд хэд хоносон юм. Тэр буудалд би хэдэн найз нартайгаа 3-4 хонож байгаад цагдаа нарт баригдаад буудлаас гарсан юм. Э-ийг Өмнөговь аймгаас ирээд би тосож аваад байгаа буудалдаа авчирсан юм. Тэр буудалд манай найз нар ирж орж гарч байсан. Яг буудалд байсан нь Э бид 2 байсан өдөр болгон өөр өөр найз нар ирж ууж идэж ганц нэг хоноод явдаг байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө байх цагдаа нар орж ирээд бид хэдийг аваад гарсан юм. Тэгтэл буудлын өрөөнд цагдаа нар үзлэг хийгээд нойлын өрөөнөөс байх өвс гарч ирээд цагдаагийн хэлтэс дээр авчирч хэнийх болох талаар тодруулсан. Бид хэд яг цагдаад баригдахын өмнө нь уг өвсийг тамхинд ороож татаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

17. Шинжээч Б.Ц-ын:

“...Шинжилгээнд хүргүүлсэн ургамал мэт зүйл нь 2 давхар гялгар уутанд хийж ирүүлсэн байсан бөгөөд ирүүлсэн байдлаар нь нь жинлэхэд 13,7821 грамм задлаад дотор талын гялгар ууттай жин нь 6,8174 грамм, цэвэр гялгар уутгүй, жин нь 6,2139 грамм байсан юм. Жингийн талаар дүгнэлтийн зураг №20-оос №24 хүртэл үзүүлсэн байгаа. Шинжилгээ хүлээж авахад ургамал мэт зүйл нь 2 давхар гялгар ууттай 1 хэсэг л байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 86 дахь тал/,

18. Шүүгдэгч Д.Э, Г.Ш нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Э, Г.Ш нар нь хамтран оролцох хэлбэрээр гүйцэтгэж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “...гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Э, Г.Ш нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Э, Г.Ш нь:

2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************” ХХК-ийн “**************” нэртэй зочид буудлын 406 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 6,2139 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, “**************” нэртэй зочид буудлын баримтууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 115, 257 дугаартай дүгнэлтүүд,

- Гэрч Б.С-н “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед Э, Ш хоёр буудлын 00-н өрөө рүү тамхи татлаа гэхээр нь би араас нь орсон чинь 00 өрөөнд битүү утаа болсон байсан. Тэгсэн чинь тэр 2 нэг цаасанд ороосон юм татаад байхаар нь би “юу юм бэ” гэсэн чинь Ш “тамхи” гэсэн. ...Ш намайг “ганц сорчих” гэхээр нь би сонирхоод тамхи гэж бодоод сорсон чинь ганга шиг сонин үнэртэй байхаар нь би 2 удаа сороод ахиж сороогүй. Тэгсэн тэр нь өвс гээд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис байсныг нь өнөөдөр мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Т.Д-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Э, Ш хоёрын байрлаж байсан буудал болох Баянгол дүүргийн 8-р хороо “*********” гэх буудалд нь очсон. Би архи уучихсан очоод шууд унтчихсан. Унтаж байхад шөнө Э-ий хуучин эхнэр Х гэх эмэгтэй Э-тэй хэрүүл хийгээд байсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Х-ы “...”***********” гэсэн буудалд 4 давхарт 402 гэсэн тоот байна гэхээр нь би явж очоод хаалгыг тогшиход Э хаалга онгойлгохоор нь түлхээд ортол Д, Ш, С гэх эмэгтэй 4 буудлын орыг нийлүүлж өргөн болгоод өөрсдөө дээр нь хэвтэж байсан. С гэх эмэгтэй нь чармай нүцгэн хэвтэж байхаар нь “энэ ямар эмэгтэй юм бэ” гэхэд Э “манай найз охин чи эндээс яв” гээд түлхээд байсан. Би тухайн үед уурлаад тэр эмэгтэйг “чи одоо хэн бэ босоод ир” гээд татаж чангаахад ямар ч өөрийн тэнхээ байгаагүй мансуурлын байдалтай байсан. Би Эд “чиний нүд улайсан байсан чи нөгөөдхөө хэрэглэсэн юм уу” гэхэд намайг “зайлаа чи зайлаа” гээд дайраад түлхээд байсан. Тэгээд би шууд гараад 102 цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаад дуудлага өгөхдөө “энд мансуурсан хүмүүс байна” гэж дуудлага мэдээлэл өгсөн юм... нөгөөх гэдэг нь болохоор Э-гийн хэрэглэдэг бүх л юм. Газ үнэрлэдэг, өвс татдаг, мэдрэлийн эмнүүдийг их хэмжээгээр хэрэглэдэг судсаар тарьдаг, хоолойны эм уудаг эдгээр зүйлүүдийг нь би нөгөөх гэж хэлээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.С-ийн “...406 тоот өрөөнд үйлчлүүлж байсан баахан шивээстэй залуучууд дээр ирсэн хүмүүс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэж мэдсэн. Шөнө нь цагдаа нар ирээд бариад аваад явсан гэж байсан. Тухайн залуучууд хөдөөнөөс ирсэн манай буудалд орж гаран 2 хоног хоносон байх...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5599 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “***************” серийн дугаартай хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, бор өнгийн ургамал мэт зүйл, “Voyage” гэсэн шошготой хуванцар сав зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг мөнгөлөг цаас, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг тариур, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 5 ширхэг тариурын зүү, “WOODS PEPPERMINT ABTITUSSIVE” гэсэн шошготой хуванцар савтай бор өнгийн шингэн зүйл тус бүрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцуудад багтсан бодис илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Даваадаш” гэж хаягласан шээс, “Сарнай" гэж хаягласан шээс, “Э” гэж хаягласан шээс, “Ш” гэж хаягласан шээс тус бүрээс /Delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. Бор өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 13.7821 грамм, гялгар ууттай жин нь 6,8174 грамм, цэвэр жин нь 6,2139 грамм болов...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

Энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Э, Г.Ш нарыг хамтран оролцох хэлбэрээр гүйцэтгэж “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Э, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “...Э тухайн өвсийг бусдад зарж борлуулах санаа зорилго байгаагүй бөгөөд зөвхөн өөртөө хэрэглэхээр хадгалж байсан. Түүний хувийн байдлын тухайд бага насны 2 хүүхэдтэй. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч Д.Ганбаатар “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э, Г.Ш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд тус бүр 2 удаа ял шийтгүүлж байсан бүртгэлтэй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Э, Г.Ш нарыг хамтран оролцох хэлбэрээр гүйцэтгэж “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа тэдний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тэдний энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан: 

- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа БГД-2 06 гэсэн бичиглэлтэй цагаан гялгар ууттай, дотор өвс мэт зүйл гэсэн ууттай жин нь 17.9 грамм өвс мэт зүйл, шатаасан тугалган цаас 4 ширхэг гялгар ууттай, гялгар ууттай тариурны зүү нь 5 ширхэг, гялгар ууттай 12мг тариур зүү 1 ширхэг, Тебантин 300 мг гэсэн эмний гэр 3 ширхэг, хүрэн шар өнгийн капсултай эм 27 ширхэг зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд хүргүүлэх, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э, Г.Ш нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д-ийн Э, Б овогт Г-ын Ш нарыг хамтран оролцох хэлбэрээр гүйцэтгэж “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э, Г.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Г.Ш нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Г.Ш нарын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 28 /хорин найман/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан: 

- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа БГД-2 06 гэсэн бичиглэлтэй цагаан гялгар ууттай, дотор өвс мэт зүйл гэсэн ууттай жин нь 17.9 грамм өвс мэт зүйл, шатаасан тугалган цаас 4 ширхэг гялгар ууттай, гялгар ууттай тариурны зүү нь 5 ширхэг, гялгар ууттай 12мг тариур зүү 1 ширхэг, Тебантин 300 мг гэсэн эмний гэр 3 ширхэг, хүрэн шар өнгийн капсултай эм 27 ширхэг зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 ширхэг хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд хүргүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э, Г.Ш нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Э, Г.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчид, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Г.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ