Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгч А, хууль ёсны төлөөлөгч А, шүүгдэгчийн  өмгөөлөгч О.Санчирбал /ҮД:2580/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-т  холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч А нь “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42а байрны урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бусадтай бүлэглэн М-г зодож эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  Өсвөр насны шүүгдэгч А нь “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42а байрны урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бусадтай бүлэглэн М-г зодож эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч М-нхохирогчоор өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, **** тоот гэрээсээ гараад 78 дугаар сургуулийн замын урд талын 42а гэх саарал байранд найз охин Г-тэй уулзахаар явж байгаад байрны гадаа нь зогсоод хүлээж байтал өөдөөс 2 хүүхэд чиглээд ирж байсан. Тэгээд би зам тавьж өгөөд утсаараа оролдоод зогсож байтал саарладуу куртиктэй 172 см орчим өндөртэй хүүхэд “энэ нөгөө лалар байна” гэж хэлээд миний баруун нүд хэсэгт шууд цохиод дараа нь зүүн нүд хэсэгт цохисон. Тэгээд тухайн 2 хүүхэд нийлж байгаад намайг хэд хэдэн удаа цохисон. Тэр 2 хүүхэд хэлэхээ “чи 2 см хууль гэж мэдэх үү, би сая гарч ирлээ ш дээ” гэж байсан. Тэгээд намайг наашаа ир ийшлээд юм яръя гэхээр нь би нүдээ тогтооё гэхэд дуугүй дагаад яв гээд 10-р хорооллын доошоо буудаг харанхуй шат руу дагуулаад явсан. Тэгээд хананд шахаж байгаад нийлээд намайг зодсон. Мөн архины шил хагалж байгаа чимээ сонсогдсон бөгөөд намайг архины шилээр цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Намайг хананд шахаад зодож байхад 40 орчим насны 2 эгч ирээд тэднийг болиулсан ба би гэр рүүгээ явж байхдаа хүргэн ахтайгаа таараад цагдаагийн байгууллага орж өргөдөл өгсөн. Миний толгой, хөл хэсэг хөндүүртэй, явахад хэцүү байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Мөн тэр 2 хүүхэд намайг дээрэмдэх гэж оролдсон бөгөөд куртикээ тайл гээд байсан. Бас миний нүдний шил тэр 2 хүүхдэд зодуулснаас болж эвдэрсэн, бас миний Редми Ноте-8 маркийн гар утасны дэлгэц хагарсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,                                                                                                                                                                

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаартай “...М-н биед зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ****** дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 тал/,

 

Өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 105 тал/,

 

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 121-124 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 тал/, Сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 71-83 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Өсвөр насны шүүгдэгч А нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж тус тус мэдүүлж,

Түүний өмгөөлөгч О.Санчирбал нь “... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” гэсэн байр суурьтайгаар оролцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба өсвөр насны шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Өсвөр насны шүүгдэгч А нь хохирогч М-ын биед “духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтлийг бусадтай бүлэглэн үйлдэж  учруулсан болох нь хэргийн 31-32 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1397 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн **** дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч А-ын  “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42а байрны урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бусадтай бүлэглэн М-г зодож эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн шинжийг  хангаж байх тул түүнийг гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А нь бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-д зааснаар зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдаад шүүх, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч М  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт “толгойн томографийн шинжилгээний 100.000 төгрөгийн баримт /хх-ийн 33, 66 тал/ мөн “Д” хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ****** дугаартай “харааны шилний” үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 тал/-гаар хохирогчид 72.000 төгрөгийн хохирол учирсан баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч А-ыг гэмт хэргийн улмаас хохирогч М д нийт 172.000 /нэг зуун далан хоёр мянга/  төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй байх хэдий ч шүүгдэгч А нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид дээрх төлбөрийг төлж барагдуулсан гэж мэдүүлж байх тул хохирол төлбөр төлөгдсөн  гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Өсвөр насны шүүгдэгч А нь гэмт хэрэг гарах үед буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 16 нас 3 сар 20 хоногтой байсан нь хэрэгт авагдсан түүний насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 105 тал/-д авагдсан байх ба шүүхийн шийтгэх тогтоол гарахад тэрээр 16 нас 7 сар 25 хоногтой байна.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 / хоёр / сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг тайлбарлаж байна.

 

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч А-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А-ын өмгөөлөгч С-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.1-д заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгчийг ялаас чөлөөлөх саналыг шүүхэд гаргасан ба шүүх өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.1-д заасныг хэрэглэх боломжгүй мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорих ял оногдуулахыг хуульчлаагүй тул өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.1-д заасныг удирдлага болгон ялаас чөлөөлөх боломжгүй байна.

 

Шүүх, өсвөр насны шүүгдэгч А-т зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан тул уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийг 4 дэх хэсэгт  заасныг журамлан ялаас чөлөөлөх боломжтой хэдий ч гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд дүгнэлт хийж өсвөр насны шүүгдэгч А-ыг ялаас чөлөөлөх шаардлагагүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч А нь хохирогч М д 172.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн  болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

3. А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг тайлбарлаж мэдэгдсүгэй.

 

5. А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ