| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/2177/и |
| Дугаар | 001/ХТ2020/00168 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00168
С.Дгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00422 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 697 дугаар магадлалтай,
С.Дгийн нэхэмжлэлтэй
И.Г, Д.Г нарт холбогдох
120.800.000 төгрөг гаргуулах, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тус тус байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг И.Г, Д.Г нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч И.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д нь 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 02 тоот хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг И.Гтэй байгуулан өөрийн 100 хувь эзэмшлийн “ЭМ” ХХК-ийг мөн компанийхаа үйл ажиллагааны үр дүнд бий болгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай, үйлдвэрээ И.Гт шилжүүлсэн. Уг гэрээгээр “ЭМ” ХХК-ийн хувьцааг 300 000 000 төгрөгөөр үнэлж И.Гт шилжүүлэхээр, харин И.Г нь Москва бизнес төвийн үл хөдлөх эд хөрөнгийн 280 м.кв талбай бүхий 5 дугаар давхрыг 1 м.кв-ыг нь 2 000 000 төгрөгөөр тооцон С.Дд шилжүүлэхээр тохиролцсон. Энэ нь нийтдээ 560 000 000 төгрөг болж байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 260 000 000 төгрөгийг гэрээний 5.3-т зааснаар төлөх хуваарийг нь тохиролцох ёстой байсан. Гэрээ байгуулсан даруй С.Д нь И.Гт гэрээний дагуу компаниа буюу тусгай зөвшөөрөл, үйлдвэрээ шилжүүлсэн боловч И.Г гэрээний 1.1-т заасан үүргээ буюу Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, Москва бизнес төвийн барилгын 280 м.кв талбай бүхий 5 дугаар давхрыг бүхэлд нь шилжүүлэх боломжгүй болсноо мэдэгдсэн. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж Москва бизнес төвийн барилгын 6 дугаар давхрын 601, 602 тоотыг буюу нийт 89.6 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 2 000 000 төгрөгт тооцон, нийт 179 200 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Д надад шилжүүлэхээр болж суллуулан хүлээн авсан. Түүнээс хойш И.Гөөс үлдэгдэл төлбөрөө буюу 120 800 000 төгрөгөө шаардахад өгнө гэж янз бүрийн шалтаг, шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд саяхан мөнгөө нэхэхэд орд газраа зарж байж таны мөнгийг өгөх боломжтой болно гэсэн нь итгэл үнэмшил муутайгаас гадна цаг хугацаа шаардлагатай, мөн надад ихээхэн хохиролтой тул шүүхэд хандсан. С.Д нь 1996 онд “ЭМ” ХХК-ийг Баянхонгор аймагт байгуулан цахилгаан, дулаан, худалдаа, ашигт малтмалын хайгуул, металл боловсруулах үйлдвэр, газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулж байсан. И.Гт компаниа шилжүүлэхэд тус компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөцийг нь тогтоосон тайлантай, ашигт малтмалаа боловсруулах үйлдвэрлэлийг явуулж байсан. Ийм ч учраас И.Г би танай компанийг авья гээд бид 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулан компанийнхаа үлдэгдэл 50 хувийн хувьцааг түүний нэр дээр шилжүүлсэн. С.Д би түүнтэй 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг буюу 7 650 ширхэг хувьцааг шилжүүлсэн шалтгаан нь манай компанийн ашигт малтмалын хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгож, цаашдаа компанийн нэр дээр цахиур чулуу зарна гэсэн юм. Өмнө нь И.Гийг таньдаг байсан төдийгүй, миний бусдад зарах гэж байсан зүйлүүдийг зуучлан зарж өгч ашиг авдаг байсан. Мөн И.Г бид хоёр 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хувьцаа бэлэглэх тухай 01 тоот гэрээ байгуулан би түүнд “ЭМ” ХХК-д өөрийн эзэмшиж байгаа 7 650 ширхэг хувьцаагаа И.Гт бэлэглэж, хувьцааг 100 хувь түүнд шилжүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1 тоот хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдөр 2 тоот хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулсан байгаагаас харвал компанийнхаа 100 хувийн хувьцааг 300 000 000 төгрөгөөр худалдан түүнийхээ төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө, бэлэн мөнгө авахаар тохирсон. Энэхүү хэлцлийн дагуу бодит үйлдэл хийгдэж 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр И.Г төлбөрийн зарим хэсгээ үл хөдлөх эд хөрөнгөөр төлсөн. Д.Г нь “ЭМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас түүнийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Бусад нэхэмжлэлийн шаардлага Д.Гтай хамаагүй. Ийнхүү гэрээ болон бодит байдлыг үгүйсгэж зөвхөн бэлэглэлийн гэрээгээр хувьцааг авсан гэж тайлбарлаж байгаа тул 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тус тус байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг И.Г, Д.Г нарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал бодит байдлаас зөрүүтэй тайлбар өгч байна. “ЭМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, С.Д нь 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “ЭМ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа болох 7 650 000 төгрөгийн үнэ бүхий 7 650 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу иргэн И.Гт бэлэглэсэн. Улмаар 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “ЭМ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гарсан. Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1 дугаартай хувьцаа бэлэглэх гэрээг иргэн С.Д болон иргэн И.Г нар байгуулж уг гэрээгээр “ЭМ” ХХК-ийн 50 хувийн хувьцааг С.Д нь иргэн И.Гт бэлэглэхээр харилцан тохиролцсон. Үүний дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж “ЭМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр И.Г бүртгэгдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийн үндэслэл болдоггүй бөгөөд шүүх аливаа хэлцлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцдоггүй. Нэхэмжлэгч хийгээд хариуцагч нар хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан ба өнгөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй. Үүний учир хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд С.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр И.Гтэй “ЭМ” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь 7.650 ширхэг хувьцааг бэлэглэх гэрээг, мөн өдөр нь компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Д.Г нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх ажиллагаанд оролцоогүй. Өмнө байгуулсан гэрээгээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж тайлбарлаад байгаа боловч ойлгомжгүй байна. Бэлэглэлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хугацаа Иргэний хуульд зааснаар 1 жил гэж заасан бөгөөд Д.Г хуульд заасны дагуу гэрээ байгуулан “ЭМ” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшиж байгаа. С.Д, И.Г нар 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулан уг гэрээндээ 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 6 жил гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь эдгээр хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00422 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч И.Гөөс 120.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тус тус байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг И.Г, Д.Г нарт даалгах тухай шаардлагыг болон хариуцагч Д.Гад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 902.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.И.Гөөс 761.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1052 дугаартай захирамжаар хариуцагч И.Гийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 697 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч И.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх иргэн С.Дгийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.2-т заасныг үндэслэл болгосон. Нэг. Шаардах эрх үүссэн үеийг тодорхойлох тухай: - Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үеийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан “...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх боломжтой...” гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч С.Д нь 2013 оны 10 дугаар сарын 7-ний өдөр байгуулсан 02 дугаартай “Хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ”-ний төлбөрийг хариуцагчаас шаардсан. Нэхэмжлэгч хийгээд хариуцагч И.Г нар нь энэхүү гэрээнд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт оруулсан байдаг. Уг гэрээний 3 дугаар зүйлд “Үлдэгдэл төлбөрийг уг гэрээний 7.3-т зааснаар үүссэн нөхцөл байдлыг судалж үзэх, ...одоогийн ажилд хүндрэл учраад байгаа зэргийг харгалзан харилцан зөвшилцөх”, 4 дүгээр зүйлд “Эцсийн хувилбар нь тусгай зөвшөөрлийг борлуулж “А тал”-ыг хохиролгүй болгох” гэж заасан байдаг. Эдгээр зохицуулалт нь А тал буюу нэхэмжлэгч С.Дд гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардах эрхийг үүсгэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 болон 76.2-т заасан нөхцөлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Дгийн гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Гэрээнд зарим заалтад өөрчлөлт оруулах” тухай хэлцэлд гарын үсэг зурж баталгаажуулсан цаг хугацаанаас эхлэн тоологдох ёстой. Энэ гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах боломжтой болох бөгөөд түүнийг шаардлага төлбөрөө нэхэмжлэх, эсхүл төлбөр төлөх хугацааг тогтоох аль ч хэлбэрээр илрэх боломжтой байсан. Ингэснээр гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Дгийн шүүхэд гаргасан “... өнгөрсөн хугацаанд төлбөрөө шаардаж байсан ...” гэх тайлбарт хариуцагч няцаалт хийгээгүй нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасныг үндэслэл болгон хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн. Энэ хоёр дүгнэлт аль аль нь хууль хийгээд бодит байдалд нийцээгүй. - Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль хийгээд нотлох баримтад үндэслэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1 “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж хуульчилсан байдаг. Энэ нь зохигчийн тайлбар бусад нотлох баримтууд, нотолгооны хэрэгслээр баталгаажсан байх хууль зүйн зохицуулалт. Өөрөөр хэлбэл С.Дгийн шүүхэд гаргасан “...өнгөрсөн хугацаанд төлбөрөө шаардаж байсан...” гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдож, нотлогдсон байх ёстой. Энэ ч үүднээс бид шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний энэхүү тайлбарыг үгүйсгэж, улмаар холбогдох нотлох баримтуудыг шаардаж байсан. Нөгөө талаас төлбөрөө шаардаж байсан гэх нотлогдоогүй үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох хууль зүйн нөхцөлийг бүрдүүлэхгүй. - Давж заалдах шатны шүүх гэрээгээр төлбөр төлөх хугацааг тохиролцоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу хэдийд ч шаардах эрхтэй байх тул хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах өдрөөр тодорхойлно гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн. Учир нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдах ёстой. Өөрөөр хэлбэл гэрээнд төлбөр төлөх хугацаа заагаагүй гээд шаардах эрх үүссэн үеэс хойш 10 жилийн дараа гэрээний төлбөрийг шаардах боломжгүй. Үүний учир бид нэхэмжлэгчийн үлдэгдэл төлбөрөө шаардах эрх нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлсэн гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Хоёр. Гэрээг буруу тайлбарласан тухай: Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 3 дугаар зүйлд “Үлдэгдэл төлбөрийг уг гэрээний 7.3-т зааснаар үүссэн нөхцөл байдлыг судалж үзэх, ...одоогийн ажилд хүндрэл учраад байгаа зэргийг харгалзан харилцан зөвшилцөх”, 4 дүгээр зүйлд “Эцсийн хувилбар нь тусгай зөвшөөрлийг борлуулж “А тал”-ыг хохиролгүй болгох” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд буруу тайлбарласан. Учир нь: 1. 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 3 дугаар зүйлд “Үлдэгдэл төлбөрийг ... харилцан зөвшилцөх” талаар тэмдэглэсэн байна. Учир нь зохигчдын хооронд “Хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ” байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Д нь шууд ажиллах боломжтой үйлдвэр, нөөц нь тогтоогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах боломжтой хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий компанийн 100 хувийн хувьцааг 300 000 000 төгрөгөөр үнэлж үл хөдлөх эд хөрөнгөөр солихоор гэрээ байгуулсан. Гэвч тухайн үйлдвэр нь ажиллах боломжтой, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь хариуцагчийн төсөөлснөөс бага байсан, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой тайлан, төлөвлөгөөнүүд нь тасалдсан зэргээр гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн болохыг Талууд харилцан хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийн хэмжээ, хугацааг харилцан зөвшилцөхөөр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд зарим заалтад өөрчлөлт оруулах тухай гэрээний 3 дугаар зүйлд заасан байдаг. 2. 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээнд зарим заалтад өөрчлөлт оруулах тухай гэрээний 4 дүгээр зүйлд “Эцсийн хувилбар нь тусгай зөвшөөрлийг борлуулж “А тал”-ыг хохиролгүй болгох” гэж заасан. Гэрээний энэ зүйлд хохирлын тухай талуудын тохиролцоог зохицуулсан байна. Харин нэхэмжлэгч гэрээний төлбөрийг шаардаж байгаа тул гэрээний энэ зүйл хамаарахгүй. Өөрөөр хэлбэл гэрээний төлбөр болон хохирол гэсэн ойлголтууд нь эрх зүйн хувьд харилцан адилгүй үр дагавар, ойлголтыг агуулж байдаг. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж иргэн С.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч И.Гт холбогдуулан худалдах-худалдах авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 120 800 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч И.Г, Д.Г нарт холбогдуулан уг гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах, 2012 оны 05 дугаар сарын 01, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.
Анхан шатны шүүх хариуцагч И.Гөөс 120 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Д.Гад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хоорондох худалдах-худалдан авах гэрээний нөхцөл, хэлбэр, агуулга, биелэлт зэрэг маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний дагуу С.Д нь өөрийн эзэмшдэг ““ЭМ”” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх, И.Г хувьцааны төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва бизнес центр барилгын 5 дугаар давхрын 280 м.кв талбайг бүхэлд нь шилжүүлэхээр /1 м.кв-ыг 2 000 000 төгрөг*280 м.кв= 560 000 000 төгрөг/ харилцан тохирчээ. Тэрээр хувьцааны үнийг 300 000 000 төгрөгөөр тохирч, хувьцааны үнэд тооцон үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх агуулгатай хоёр талт гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.
Хэлбэрийн хувьд талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлж байгаа боловч бодит байдалд хувьцаа худалдах, худалдан авах хүсэл зоригийн дагуу хэлцэл байгуулж, харин үнийг нь төлөхдөө эд хөрөнгө шилжүүлэхээр тохирсон гэрээний агуулгыг шүүх оновчтой дүгнэжээ.
С.Д нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу ““ЭМ”” ХХК-ийн 50 хувийн хувьцааг И.Гт шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр үлдэх 50 хувийг шилжүүлснээр И.Г нь “ЭМ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон, нийт хувьцааны үнийг 300 000 000 төгрөгөөр тохирсон талуудын хүсэл зориг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Д.Г нь 2016 оны 10 сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу хувьцааны 50 хувийн эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д нийцжээ.
Зохигч талууд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хувьцаа шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бэлэглэлийн гэрээ хэлбэрээр дахин 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан, үүнээс өмнө 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч бодит байдалд худалдах-худалдан авах хүсэл зориг байсныг хожим 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд хувьцааны нийт үнийг 300 000 000 төгрөгөөр тогтоосон үйл баримт тогтоогдож байх боловч талуудын хувьцаа худалдах, худалдан авах хүсэл зориг хүчин төгөлдөр, хэн аль нь хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлсэн байх тул дээрх бэлэглэлийн хоёр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон ч хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө, түүний өмчлөх эрх шилжсэн тул бэлэглэлийн гэрээний дагуу өгсөн авснаа буцаах эрх зүйн үр дагавар байхгүй юм.
Талууд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр худалдах-худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, гэрээнд заасан ...280 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрчлөн, тухайн барилгын 6 давхрын 601, 602 тоот нийт 89,6 м.кв талбайг 179 200 000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр тохирч, И.Г нь уг эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг С.Дд шилжүүлсэн байна. Хариуцагч И.Г нь хувьцааны үнэд 300 000 000 төгрөг төлөхөөс дээрх үл хөдлөх хөрөнгөөр буюу 179 200 000 төгрөгийг төлж, үлдэх 120 800 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтад нийцжээ.
Хариуцагч И.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад үндэслэлтэй дүгнэж чадаагүй, ...гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014.06.09-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн, ...2014.06.09-ний нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 3-д ….үлдэгдэл төлбөрийг ...судалж үзэх,...одоогийн ажилд хүндрэл учраад байгааг харгалзан харилцан зөвшилцөх,...гэрээний 4-т “Эцсийн хувилбар нь тусгай зөвшөөрлийг борлуулж А талыг /С.Д-А тал/ хохиролгүй болгох...” гэсэн гэрээний нөхцөлийг шүүх зөв тайлбарлаагүй, компанийн эзэмшлийн хайгуулын лицензийн талбай төсөөлснөөс бага, төрийн байгууллагад гаргаж өгөх ёстой тайлан төлөвлөгөөнүүд нь тасалдсан, ашиглалтын лиценз болгож чадаагүй зэрэг гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, талууд үлдэгдэл төлбөрийг харилцан зөвшилцөхөөр талууд хохирлын талаар тохирсон байгааг шүүх анхаараагүй, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
2014 оны 06 сарын 09-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний 3-т “Үлдэгдэл төлбөрийг уг гэрээний 7.3-т зааснаар үүссэн нөхцөл байдлыг судалж үзэх, үйлдвэр дахин ажиллах нь бэрхшээлтэй болсноос үйлдвэрлэл явуулах зардал маш ихээр нэмэгдсэн, тусгай зөвшөөрлийн талбайн нөөц-судалгаагаар маш бага гарсан, урьд жилүүдийн тайлан, төлөвлөгөө тасалдсан байснаар одоогийн ажилд хүндрэл учраад байгаа зэргийг харгалзан харилцан зөвшилцөх”, гэрээний 4-т “Эцсийн хувилбар нь тусгай зөвшөөрлийг борлуулж “А тал”-ыг хохиролгүй болгох...” гэж тус тус заажээ.
Гэрээний дагуу талууд 2014 оны 06 сарын 09-нөөс хойш үлдэгдэл төлбөрийн талаар зөвшилцөөгүйгээс гадна гэрээнд заасан нөхцөл байдал үүссэн нь баримтаар нотлогдоогүй, гэрээний 4-т “А тал буюу С.Дг хохиролгүй болгохыг эцсийн хувилбар” гэж тохирсон талуудын шийдвэрт тулгуурлан нэхэмжлэлийг хангасан шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй байна.
Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлгүй бөгөөд харин шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2- т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 697 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтад “...Д.Гад ...гэсний дараа “холбогдох” гэж нэмж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 761 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА