Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 42

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Хохирогч Ц.Ц ,

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Ц.Ц ийн давж заалдах гомдлоор С.У д холбогдох 1828000040027 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Сэврэй суманд 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Сэврэй сум 3 дугаар баг, Бүйлсэн, Үсэгтийн 7-6 тоотод оршин суух бүртгэлтэй, Даланзадгад сум, 1 дүгээр баг, ................... оршин суух, урьд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сум дундын 15 дугаар шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж нэмж нэгтгэн 4 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх, Буз овгийн С.У , регистрийн дугаар: /............................./

          Шүүгдэгч С.У  нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг, Төгөлийн 9-5 тоотод Ц.Ц , Ц.Т , Ж.А  нарыг цохиж зодон Ц.Ц ийн эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол, Ц.Т , Ж.А  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.У г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.У гийн эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.У  нь оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц  нь гэмт хэргийн улмаас учирсан 2620000  төгрөгийн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

             С.У   нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц т  1350000  төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          Хохирогч Ц.Ц  давж заалдах гомдолдоо: 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С.У  нь согтуугаар манай гэрт ирж миний болон үр хүүхдүүдийн минь эрх чөлөөнд халдаж, зүй бус авирлан гэр орны минь эд зүйлийг минь эвдэж сүйтгэн хүүхдүүдэд минь хөнгөн хохирол, надад хүндэвтэр хохирол учруулсан юм. Учир нь миний бие гар урлалын зүйл буюу даалин, дээл зэрэг зүү ороох оёдол хийн амьдарлаа авч явдаг бөгөөд тухайн үедээ Геннисийн номонд бичигдэх зорилготойгоор хамгийн олон хүнийг хамруулж зүү ороох оёдолоор монголын газрын зургийг оёж байсан боловч С.У гийн үйлдлээс нь болж баруун эгэмний далд хугарал гэмтэл аван хийж байсан бүх ажлаа хийж чадахгүйд хүрсэн юм.

            Ингээд миний бие тухайн үед захиапгаар ирсэн байсан ажлаа цуцалж, С.У г худ ургийн холбоотой юм чинь гэдэг утгаар нь бүх хохирлоо нэхэмжлээгүй бөгөөд тухайн үедээ Геннисийн номонд бичигдэх бэлдэцийн зураг, оёдолоо тасалдуулахгүйн тулд Батханд, Оюунбат гэх 2 хүнийг хөлсөөр авч ажиллуулсан юм.

            Хэрвээ С.У  надад гэмтэл учруулаагүй бол би энэ 2 хүнийг хөлсөөр авч ажиллуулах шаардлага гарахгүй байсан учраас энэ 2 хүндээ өгсөн ажлын хөлсөө л нэхэмжилсэн юм.

           С.У  нь прокурор дээр хэрэг нь хянагдаж байхад “би таны тэр 2 хүний ажлын хөлсийг чинь өгнө өө” гэсэн болохоор нь миний бие түүнд итгэж өгнө гэсэн юм чинь өгөх байх гээд баримтаа өгөлгүй явсаар шүүхийн шатанд ирэхэд С.У  нь учруулсан хохирлоо төлөхгүй байсан учир миний бие хөлсөөр ажиллах гэрээнүүдээ нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хэргийн бодит байдлыг анхааран үзэж үнэлэлт дүгнэлт хийлгүй хэргийг шийдсэнд гомдолтой байна.

            Мөн анхан шатны шүүх хурал дууссаны дараа С.У той утсаар холбогдоход надад “би таны хохирлыг нэмж төлж чадахгүй, таны гэмтэл дээр 240 цагийн ажил хийх ял авсан юм чинь мөнгийг чинь төлөхгүй бол ахиад хэдэн цаг л сайндаа нэмэгдэнэ биз” гэж байгаа нь энэ хүнийг хийсэн хэрэгтээ гэмшсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж С.У гоос миний нэхэмжилсэн 2620000 төгрөгийг гаргуулж оногдуулсан ялыг нь хүндрүүлж өгнө үү гэжээ.

            Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Хохирогч Ц.Ц  эрүүл мэнд учирсан шууд хохирол болон бусад эд хөрөнгийн талаар учирсан хохирол төлөгдсөн талаар мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Ц.Ц  гэм хорын хохирол гэж хоёр хүнтэй байгуулсан гэрээг гаргаж ирж 2620000 төгрөгийг нэхэмжилдэг. Анхан шатны шүүхээс тус гэрээг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзээд хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон. Шүүгдэгч шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд энэ мөнгийг төлж барагдуулна гэж мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн С.У  хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Хохирогч Ц.Ц  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбартаа шүүх хохирлыг төлөхгүй шийдвэр гаргасан нь хохирлоо авч чадахгүй юм  байна гэдэг талаас нь тайлбарлаад байна гэж ойлголоо. Энэ бол тийм биш иргэний журмаар нэхэмжлээд төлөх шийдвэр гарвал С.У  хохирлыг чинь төлнө гэж ойлгож болно. Хохирогч Ц.Ц  нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Анхан шатны шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.

            Хохирогчоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие гар урлалын зүйл буюу даалин, дээл зэрэг зүү ороох оёдол хийж амьдарлаа авч явдаг. 1000 даалингийн баярыг зохион байгуулж олон шавь нарыг төрүүлсэн. С.У  нь согтуугаар манай гэрт ирж миний болон үр хүүхдүүдийн минь эрх чөлөөнд халдаж, зүй бус авирлан гэр орны эд зүйлийг эвдэж сүйтгэн, хүүхдүүдэд хөнгөн хохирол, надад хүндэвтэр гэмтэл учруулсан юм. С.У гийн үйлдлээс нь болж миний биед баруун эгэмний далд хугарал гэмтэл авч хийж байсан бүх ажлаа хийж чадахгүйд хүрч 3 сар эмнэлгээр явж эмчлүүлсэн. Сард 6 сая шахам төгрөгийн орлоготой байдаг. Миний бүх орлого энэ хугацаанд алдагдсан. Гал голомтыг минь сэгсэрч нурааж, 1200000 төгрөгөөр авч дэвссэн хивсийг маань түлж шатаасан. Үүнийгээ 75000 үнэлж төлж байгаа. Тэр үнэлгээг хийсэн хүмүүс нь манайд ирж үзээгүй байж яагаад ийм худлаа үнэлгээ тогтоож байгаад гайхаж байна. Геннисийн номонд бичигдэх бэлдцийн зураг, оёдлоо тасалдуулахгүйн тулд Г.Б , Б.О  гэх 2 хүнийг хөлсөөр авч ажиллуулсан. С.У  нь прокурор дээр хэрэг нь хянагдаж байхад би таны тэр 2 хүний ажлын хөлсийг чинь өгнө гэсэн болохоор нь миний бие түүнд итгэсэн. С.У  нь учруулсан хохирлоо төлөхгүй байсан учир хөлсөөр ажиллах гэрээнүүдээ нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хэргийн бодит байдлыг анхааран үзэж үнэлэлт дүгнэлт хийлгүй хэргийг шийдсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хурал дууссаны дараа С.У той утсаар холбогдоход надад би таны хохирлыг нэмж төлж чадахгүй, таны гэмтэл дээр 240 цагийн ажил хийх ял авсан юм чинь мөнгийг чинь төлөхгүй бол ахиад хэдэн цаг л сайндаа нэмэгдэнэ биз гэж байгаа нь энэ хүнийг хийсэн хэрэгтээ гэмшсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. Би хөлсөөр ажилласан хоёр хүний цалингаа хүүхдийнхээ цалингийн зээлийг авч төлсөн. Зээл аваад хүү төлж бас хохирч байна. Энэ байдлыг үндэслэж С.У гоос 2620000 төгрөгийг гаргуулж, оногдуулсан ялыг нь хүндрүүлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Ц ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч С.У  нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг, Төгөлийн 9-5 тоотод Ц.Ц ийн эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол, Ц.Т , Ж.А  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          С.У д анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь гэмт

 

хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

          Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь С.У гийн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд мөн адилхан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Хавтас хэрэгт хохирогч Ц.Ц ийн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой нотлох баримт авагдаагүй, хохирогч нь хөлсөөр ажиллуулах гэрээг Г.Б , Б.О  нартай байгуулан ажлын хөлсөнд нийтдээ 1320000 төгрөг төлөхөөр тохирсон, хөлсийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хүмүүст ажлын хөлсийг хэдийд хэдий хэмжээгээр төлж барагдуулсантай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, гэрээнд заасан гэх 2 хүний ажлын хөлс нь 1320000 төгрөг болж байхад хохирогч нь 2 хүний ажлын хөлс 2620000 төгрөг нэхэмжилнэ гэж зөрүүтэй нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх дээрх гэм хорын хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул гэм хорын хохиролд хохирогчоос нэхэмжилсэн 2620000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.

            Анхан шатны шүүхээс С.У д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан зарчим, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд нийцүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд С.У д оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэн шийдвэрлэхээр тогтов.

          Иймд хохирогч Ц.Ц ийн давж заалдах гомдолд дурдсан “С.У гоос 2620000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн” гомдлыг хэрэгсэхгүй болгож, “ялыг хүндрүүлж өгөхийг” хүссэн гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4,  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хохирогч Ц.Ц ийн давж заалдах гомдолд дурдсан “С.У гоос 2620000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн” гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            А. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй” гэснийг  “Шүүгдэгч С.У г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй”  ” гэж,

            Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.У гийн эдлэх ялыг 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.У гийн нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

          3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА