Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0270

 

 

Иргэн Ж.Ж-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.В, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ж.Ж-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эхнэр Л.Д, түүний төрсөн ах Л.У нарын хамтаар айлын орон сууц барих зориулалтаар 0.3 га газрыг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-276 дугаар захирамжаар эзэмших болсон юм. Эдлэн газрын улсын бүртгэлийн 10227 тоот бүртгэлийн хуудас Ж.Ж миний нэр дээр гарсан боловч иргэн намайг төлөөлж эхнэр Л.Д гарын үсэг зурсан байдаг.

Бид өөрсдийн эзэмшлийн газартаа хувийн орон сууц, гарааш зэргийг барьсан, одоо болтол зусландаа гарсаар байна. Гэтэл ардын жүжигчин Н.С-н дүү Ж.С гэгч нь эгчээрээ хөөцөлдүүлж, миний эзэмшиж буй газрын талыг буюу автомашины гарааш барьсан хэсгийг бүхэлд нь өөрийн эзэмшлийн болгож авахаар кадастрын зураг, Засаг даргын захирамж хууль бусаар гаргуулж, иргэн бидний эрхийг зөрчиж байсан учраас Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч “Өмч хөрөнгийн болон газрын маргаанаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн. Иймд миний нэхэмжлэлийн дагуу асуудлыг шийдвэрлэж, 1997 оноос хойш эзэмшиж амьдарсан газрыг бидэнд олгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийн Ж.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Ж-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон гэрчилгээ болон гэрээ байхгүй байдаг. Иргэн Ж.Ж нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/176 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох тухай захирамжаар маргаж буй газрын эзэмшигч гэдэг боловч уг захирамжид Х.У нарын иргэдэд олгосон байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамж нь ямар нэг байдлаар бусдын эзэмшлийн талбайг давхардуулан олгосон хэрэг бус бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/176 дугаар шийдвэрээр иргэн Х.У нарын иргэд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газар олгох захирамжаар газар нь баталгаажсан юм. Энэ захирамжид Ж.Ж болон түүний эхнэрийн нэр байхгүй. Х.У нь Н.С, С.С нараас “би нэг дүүдээ энд байшин бариулъя" гэж хэлснээр иргэн Ж.Ж багтсаныг дээрх жүжигчид гэрчилнэ. Жүжигчин Н.С, Ж.Ж-д хуваарьт 0.7 га газрыг нь өгсөн. Ж.Ж-д тэр газар хамаагүй.

Н.С өөрсдийн ах дүүсийн өмнөөс 1998 он, 2003 онуудын газрын төлбөрөө төлж, газар эзэмших гэрээгээ сунгуулж иргэний үүргээ гүйцэтгэж байсан. Газрын гэрээ сунгуулж, төлбөр тооцоогоо хийхэд гуравдагч этгээд Ж.С миний хувьд хамтран төлж тусалж явсан. 2007 онд айл бүрд хууль ёсоор оногдсон газраа бүртгүүлж, гэрчилгээгээ авсан юм.

Ийнхүү иргэн Ж.С миний хувийн өргөдөл, 700 м.кв газрын кадастрын зураг, цаг хугацаанд нь газрын төлбөр хийж байсан албан ёсны баримт бичигт тулгуурлан Ж.С миний нэр дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Хандгайтад зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0142243 дугаартай гэрчилгээ олгосон юм. Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэсэн хуулийн заалтыг Ж.Ж зөрчиж байна.

Мөн Монгол Улсын иргэн Ж.С би Нийслэлийн Газрын албанд өөрийн эзэмшлийн газрын кадастрын зургийг шалгуулахад Сүхбаатар дүүргийн газрын албаны мэдээллийн сангаас ор үндэсгүй алга болсныг олж мэдээд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргад хандахад энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас өгсөн.

Иймд миний хууль ёсоор эзэмшиж буй газрын кадастрын зургийг, хууль бусаар, миний зөвшөөрөлгүйгээр арчиж алга болгосныг хуучин хэвд нь оруулж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан Ж.Ж-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Г.Б, Ц.Б нар давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газар олгосон нь үнэн гэдэг нь кадастрын зураг болон бусад нотлох баримтаар нотлогдож байгаа талаар баахан дурдсан боловч "... нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй талаар тодорхой баримт байхгүй байгаа нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.." хэмээн нэхэмжлэгчийг өгсөн. тайлбарыг өөрийнх нь эсрэг нотлох баримт болгож байгаа мэт ойлгомжгүй зүйлийг үндэслэх хэсэгт дурдсан байна. Нэхэмжлэгч уг нь "... өөрийнх нь газар эзэмших хууль ёсны эрх нь 1997.09.05-ны өдрийн А/176 тоот захирамжаар Угтаабаяр нарын 5 хүнтэй хамт үүссэн тухай тайлбарлан, уг талбайгаас өөрт нь 927 м.кв талбай оногдсон” тухай баримтаар тайлбарласан. /хх-ийн 143. 146, 149, 151, 153-р хуудас/. Шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн "Ж нь хожим өөрт оногдсон 600 м.кв талбай дээрээ 327 м.кв газар нэмж дураараа нийт 927 м.кв газар эзэмшсэнээс болж энэ давхцал үүссэн" хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтыг гуйвуулан тайлбарласныг үндэслэл болгон газрууд давхцалгүй байгаа буюу нэхэмжлэгч газар эзэмших эрхгүй юм байна" хэмээн хэргийг шийдсэн нь хэргээ сайн ойлгоогүйг харуулж байна. Учир нь :

  1. Хариуцагч, гуравдагч этгээдүүдийн нотлох баримтгүй аман тайлбар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
  2. Ж-н эзэмшиж буй 927 м.кв талбай А/176 тоот захирамжаар анх олгогдсон газар болохоос шүүхийн өөрөө тоо бодож тайлбарласан шиг 600 м.кв талбайгаар 5 хүнд тэгш хуваагдсан газар биш. Тухайн үед уг захирамжид дурдагдсан талбайг хүн бүр өөрт оногдсоноороо таамгаар хашаа бариад маргаангүй хувааж авахад л нэхэмжлэгчид анх оногдсон газар юм. Энэ нь дээр дурдсан кадастрын зургаар нотолгогдсон байгаа. Гэтэл шүүх "... нэхэмжлэгч 927 м.кв газраа СБД-ийн Засаг даргаар захирамж гаргуулж баталгаажуулаагүй байна” гэсэн нь Нийслэлийн Засаг даргын А/176 тоот захирамжийг үгүйсгэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн үндэслэл болсон байна. Мөн хуульд хувийн кадастрын эрх, улсын кадастрын эрхтэй байгууллага гэсэн ойлголт байхгүй байхад нэхэмжлэгчийн кадастрын зургийг “хувийн кадастрын зураг тул үнэлэх боломжгүй' хэмээн хуулийг буруу тайлбарласан байна.
  3. Хавтаст хэргийн 171-р хуудасны Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын шинжээчийн дүгнэлтийн хариулт 3.2 дахь хэсэгт “иргэн С-д газар олгохдоо Ж-н эзэмшиж байгаа газартай давхцалтай байна, ХХ-ийн 146-р хуудсанд Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн 2006, 2007 оны зурган архивын мэдээллээр Ж, У нарын 5 айлын газар газрын мэдээллийн санд орсон байхад 2009, 2010-нд нэхэмжлэгч Ж-н эзэмшлийн газрыг хууль бусаар, ямар нэг шийдвэргүйгээр дур зоргоороо өөрчлөн Саранчимэгийн газрын кадастрын зургийг оруулсан байдаг. 172-р хуудасны хариулт 3.4-т 2013 оны 7 сарын байдлаар ... мэдээллийн санд ... иргэн

Ж.Ж, Ж.С нарын эзэмшил газар нь бүртгэгдээгүй байна” гэсэн МХЕГ-ын шинжээчийн дүгнэлт байсаар байхад шүүх гуравдагч этгээд газар эзэмших эрхтэй юм байна. харин нэхэмжлэгч газар эзэмших эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж шийдсэн нь нотлох баримтыг дутуу үнэлж хэт нэг талыг барьж хуулийг тайлбарласан болохыг харуулж байна.

  1. Анх 1997 онд А/176 тоот захирамжаар Ж.Ж, Х.У нарын 5 айл уг газрыг хамгийн түрүүнд эзэмшиж. өөрсдийн эзэмшиж байгаа газар дээрээ байшин, автомашины гараашаа барин өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа. Нэхэмжлэгчийг уг газар дээр нүүж очиход уг газарт ямар ч айл байхгүй, дэд бүтэц байхгүй байхад өөрсдийн хөрөнгөөр тог цахилгаан татаж, зам засаж амьдрах болсон. СБД-ийн Засаг дарга нэхэмжлэгч Ж.Ж-н гараашаа барьчихсан байсан газрыг уг иргэн Ж.С-д эзэмшүүлснийг зөвтгөсөн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч уг гараашийг 1997 онд барьж өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа. Хүний өмчид халдсан шүүхийн шийдвэрийг ойлгох үнэхээр хэцүү байна. Миний гарааш, эд хөрөнгө, өмч бий болсон газрыг СБД-ийн Засаг дарга иргэн С-д хууль бусаар олгосон. Шүүх засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох ёстой байтал харин ч зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
  2. Шүүх нэхэмжлэгчийг газар эзэмших гэрчилгээгүй гэж буруутган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй СБД-ийн Засаг даргын буруутай хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой. 2007 оноос хойш нэхэмжлэгч Ж.Ж нь өөрийн эзэмшиж байгаа газрыг гэрчилгээ гаргуулж авахаар газрын албаар хөөцөлдсөн боловч түр хүлээж бай, удахгүй гаргаж өгнө гэж хэлсээр цаг хугацаа авч уг газрыг нь Ж.С-д олгосон. Хамгийн сүүлд та удахгүй гэрчилгээгээ ирж аваарай гэж тасалбар өгсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа, Гуравдагч этгээд Ж.С-н эгч Н-н С нь миний эзэмшлийн газрыг хууль бусаар авснаасаа хойш хамгийн анх 2011 онд манай газарт ирж энэ миний авсан газар, би дүүдээ авч өгсөн гэж хэлсэн.

                    Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн кадастрын зураг 2013 оны 7-р сарын байдлаар Нийслэлийн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй гэсэн байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлийг шүүх үндэслэл болгож, бүр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэнд үнэлэлт дүгнэлт хийж “нэхэмжлэгч газар эзэмших гэрчилгээгүй байгаа нь анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна” гэсэн утгатай үндэслэл бий болгосон нь гуравдагч этгээдийн талд хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн.

Маргааны гол зүйл нь газар давхардсан эсэх талаарх зүйл байхад өөр зүйл рүү оруулан маргааныг бүр төвөгтэй ээдрээтэй мэт нөхцөл байдлыг бий болгосон. Нэхэмжлэгч газар эзэмших гэрчилгээгээ аваагүй байгаа байдал эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг баримтаар тайлбарлан. жил бүр тушааж байсан төлбөрийг харуулж байсан боловч шүүх үнэлж дүгнээгүй.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014.05.01-ний өдрийн 201 тоот шийдвэрийг нотлох баримтыг дутуу үнэлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн "... нэхэмжлэгч Ж.Ж нь газрыг эзэмших хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, ... газрыг хууль ёсоор эзэмших эрх үүсээгүй тул Ж.С-н эзэмших эрх бүхий газартай давхацсан гэж үзэх боломжгүй, ... маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэг нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

Учир нь, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/176 дугаар захирамжаар иргэн Х.У нарын иргэдэд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд, амины орон сууцны зориулалтаар 0.3 га газрыг 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 1734 дугаартай гэрчилгээг 1997 оны 10 дугаар сарын 08-нд олгосон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох хэргийн оролцогчдын тайлбар, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн 10227 дугаартай бүртгэлийн хуудас1, гуравдагч этгээдийн “Н.С Ж.Ж-д хуваарьт 0.7 га газрыг өгч” гэсэн тайлбар, иргэн Ц, Н.С нарын "... Л.У-н хүсэлтийг үндэслэн ... Ж.Ж-г таван айлын захирамжид багтаан оруулсан”, иргэн Н.С-н "... Надтай хамтран амьдарч байсан Л.У-н хүсэлтийг үндэслэн дүү нартайгаа тохирч Ж.Ж-г оруулсан юм ...4" гэсэн тайлбарууд зэргээс үзвэл Х.У нарын 5 иргэнд эзэмшүүлсэн газарт Ж.Ж-н эзэмшлийн 0.7 га газар багтаж байгаа, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байх ба Ж.Ж нь уг газарт хувийн орон сууц, гарааш барьж 1997 оноос хойш суурьшин амьдарч байгаа нь тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан бөгөөд Ж.Ж нь уг газрыг 1997 оноос эзэмшиж байгаа тул хариуцагчийн “нэхэмжлэгч Ж.Ж-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон гэрчилгээ болон гэрээ байхгүй, ... эдлэн газрын улсын бүртгэлийн хуудас, кадастрын зураг хийлгэсэн байгаа нь үүнийг хууль ёсны эзэмшигч гэсэн ойлголт биш, ... А/176 тоот гэрчилгээний хугацаа нь 4 жилээр өгөгдсөн байдаг” гэх тайлбар үндэсгүй байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ж.С-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Ж.Ж-н үл хөдлөх хөрөнгө болох гарааш байрлаж байгаа газартай давхцуулан олгосон нь анхан шатны шүүхээс 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн санд маргаан бүхий Газрын кадастрын зураг дахь өөрчлөлтүүдийн байдалд хийсэн үзлэгийн тэмдэглэл, мөн шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан байтал хариуцагч нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан “газар эзэмших хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг... нягтлан хянах үүргээ биелүүлэлгүй, нэхэмжлэгч Ж.Ж-н газартай давхцуулан иргэн Ж.С-д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтад 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчээс "... 1997 оноос хойш эзэмшиж, амьдарсан газрыг бидэнд олгож өгнө үү” гэсэн даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэсгүй. Учир нь нэхэмжлэгчээс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн 255 тоот захирамжийн иргэн Ж.С-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх уг шаардлагад холбогдуулан хэрэг үүсгэсэн, шүүх хэрэг үүсгэхдээ энэ шаардлагыг орхигдуулсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гомдол хүсэлт гаргаагүй, энэ талаар огт дурдаагүй байх тул нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ж-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийн Ж.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                            

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МӨНХТУЯА

     ШҮҮГЧИД                                                  Ц.ЦОГТ

                                                                        Н.ХОНИНХҮҮ