Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 96

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй

Хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр

Улсын яллагч Б.Байгалмаа

Иргэдийн төлөөлөгч:О.Мандахбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэгмид

Шүүгдэгч Д.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525030348 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын харьяат, 1981 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дагалдан жүжигчин мэргэжилтэй, Улаанбаатар чуулгын харьяа Улаанбаатар циркийн жүжигчин ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10-230 тоотод орших суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасамбуу овогтой Пүрэвдорж: /Х3:81051475/

Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10-230 тоотод өөрийн ах Д.Батчулуунтай маргалдаж улмаар зодож толгойн тус газарт нь өшиглөн гавал тархины хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Д.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад болсон явдлыг ярихад хэцүү байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэгмид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ах Батчулуун гэр бүлгүй, олон жил архи ууж ээж, аавыгаа зовоодог байсан. Бид архины эмчилгээ удаа дараа хийлгэсэн боловч аваад хаячихдаг. Мөн хог түүж архины мөнгө олоод архи уухаараа бусдыгаа хэл амаар доромжилдог. Би шүүгдэгчтэй хамгийн ойр дотно байдаг. Дүүд маань муу зуршил байхгүй. Хүний аминд хүрнэ гэж бодсонгүй гэв.

-2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: ...Унтлагын өрөөний хаалганы босгоны баруун талд зүүн баруун хөлөө босгоруу жийсэн байдалтай нас барсан эрэгтэй хүний цогцос байна. Цогцос нуруугаар хэвтэж дээш харсан байдалтай толгой нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт чиглэсэн, 2 гараа цээжний урд хасагт хагас нугалсан байдалтай байна. Цогцос нь дээгүүрээ саарал өнгийн ноосон цамц, доогуураа хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн оймстой байна. Цогцогсны өмдний урд талын цахилгаан хагас нээлттэй өмд нь бага зэрэг доош шувтарсан байдалтай байна. ... гэх,

-Цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: ...нас бараад 6-8 цаг орчим болсон, толгойн баруун хэсэгт 2.7x2, духны зүүн талд 1.8x1, зүүн хөмсөгний дээр 1.8x1, хамрын нуруунд 0.5x05, хамрын үзүүрт 1.4x2 см хүрэн ягаан өнгийн, духны баруун хэсэгт 2.2x1.4, зүүн хацарт 3x1 см хүрэн шаргал өнгийн зулгаралтуудтай, баруун нүдний дээд зовхи болон дотор буланд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн эгэмний доор 8x3, зүүн мөрний гадна дээд хэсэгт 3.5x2, зүүн бугалагны гадна дунд хэсэгт, 5x2.5 см, баруун эгэмний дотор 1.5х1см, 2x2 см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн гадна хэсгээрээ шаргал өнгийн зулгаралттай. Ахар сүүлэнд 2x2 см, зүүн өвдөгний гадна 2.5х2см, баруун өвдөгний гадна 2.2x2 см хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай байна гэх,

Хохирогч Д.Цэгмидийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 07 цагт манай нөхөр Гансүх надруу утсаар залгаж талийгаач Батчулууныг нас барсан тухай хэлсэн. Тухайн өдөр би Эрээн хотод байсан. ...Намайг Улаанбаатар хотод ирэхэд манай дүү Пүрэвдорж надад талийгаач Батчулууны цогцосыг шүүх шинжилгээний хүрээлэнгийн задланд оруулахад гавал тархины битүү гэмтлээр нас барсан байна гэсэн хариу гарсан гэж хэлсэн. Талийгаач нь 2015 оны 11 сараас хойш дүү болох Пүрэвдоржийн хамт амьдардаг байсан гэх мэдүүлэг,

Гэрч Э.Алтантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 10-ны 14 цагийн үед Пүрэвдорж, Мөнхөө 2 той уулзаад бид 3 Алтай гэх дэлгүүрээс нэг шил архи аваад Пүрэвдоржийн гэр рүү явсан. 15 цагийн үед бид гурав Пүрэвдоржийн гэрт ороход талийгаач Батчулууны нүүр ам нь нилээн хавдартай, нэг нүд нь хавдаад хөхөрсөн байдалтай хойд орон дээрээ хэвтэж байсан. Би талийгаач Батчулуунтай уулзах гээд ор руу нь дөхөөд очиход талийгаач Батчулуун надад хандан би золголт хийхгүй гэж нилээн тааруухан байдалтай дуугарч байсан. Тэгээд удалгүй Пүрэвдорж бид хоёр Содномцэрэнгийн гэр рүү явсан. ...Би талийгаач Батчулуунтай мэндийн зөрүүтэй байдаг. Пүрэвдоржийн төрсөн ах гэдгээр нь мэднэ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Нямаахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 сарын 11-12 нд шилжих шөнө би архи уугаад гадаа тасраад унасан байсан. Тэгээд түргэн тусламжийн машин намайг цагдаагийн газарт авчирсан байсан. Тэгээд би Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн доод зааланд унтаж байгаад үүр цайх үеэр архи гараад гарсан. ...Тэгээд би цагдаагийн машинд суугаад Салхит-1 дэлгүүрийн үүдэнд буусан. Тэгээд замаасаа баруун тийш гэр рүүгээ харих зам дагуу байдаг Батчулуун ахын гэрээр орсон юм. Яагаад орсон юм бэ гэвэл Батчулуун ахын байшингийн гал тогооны гэрэл нь асаалттай байсан. Тэгэхээр нь би Батчулуун ахын гэрэл асаалттай байна гэртээ архи уугаад сууж байж магадгүй гэж бодоод орсон. Намайг ороход байшингийн үүдний амбаарын хаалга нь онгорхой байшингийн хаалга нь хаалттай байсан. Тэгээд би байшин руу яваад ороход Батчулуун ах том өрөө болон гал тогооны өрөөг заагласан хэсгийн зайндаа унтаж байгаа юм шиг л харагдсан. Тэгээд би Батчулуун ах аа тамхи татах уу гэхэд дуугараагүй. Тэгэхээр нь би баруун гарын сарвуунаас нь татсан чинь хүйтэн байсан. Тэгээд би гарыг нь тавьсан чинь эргээд бие рүүгээ унасан. Тэгэхээр нь гэдэс рүү нь гараа хийгээд үзэхэд хүйтэн байсан. Тэгээд цамцыг нь сөхөөд зүрхийг нь чагнасан чинь цохилохгүй байхаар нь би өөрийнхөө 99274474 дугаараас 102 дугаарт залгаад би танил ахындаа орж ирэхэд нас барсан юм шиг байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би гэрт нь байж байхад цагдаагаас залгаж байна гээд дуудлага өгсөн үү гээд ярьсан. Тэгээд намайг гараад хаягыг нь хараадах гэж хэлсэн. Тэгээд би гараад хаягыг нь 230 гэсэн тоотой байсан. Тэгээд би буцаад гэрт нь ороод байж байхад хөдөлгөөнт эргүүлийн машин ирсэн. ...Намайг харахад талийгаач хөлөө алцайчихсан, өмднийх нь товч нь онгорхой , 2 гараа цээжин дээрээ тавьчихсан, хүн харахад унтаж байгаа юм шиг харагдаж байсан. Намайг харахад нүүрний зүүн талын нүд нь хавдчихсан харагдаж байсан. Ерөнхийдөө нүүр нь хавдартай байсан. ...Би талийгаачтай хамгийн сүүлд 2016 оны 02 сарын 10-ны орой 20 цагийн үед гэрт нь уулзсан. Намайг гэрт нь орох үед талийгаачийн дүү Пүүжээ, манай найз ногоон Мөнхөө нар архи уугаад сууж байсан. ...Тэр үед талийгаач том өрөөндөө орон дээрээ хөнжилдөө орчихсон хэвтэж байсан. Тэгээд би Пүүжээ ax болон Мөнхөө ax нартай архи уугаад сууж байхад талийгаач намайг дуудаад чамд тамхи байна уу гээд асуухаар нь надад тамхи байхгүй гэхэд ёолж байгаад буцаад эргээд цаашаа хараад хэвтсэн. Тэр үед талийгаачийн нүүр нь бага зэрэг хавдартай байсан гэх мэдүүлэг,

Гэрч Г.Содномцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өглөө буюу шинийн 02-ны өглөө 09 цагийн үед Мөнхбаяр бид 2 талийгаач Батчулууныд очих гээд явсан. Талийгаачийнд очиход талийгаач Батчулуун орон дээрээ буруу хараад хэвтэж байсан. Мөнхбаяр бид 2 Пүрэвдоржийг гэрээс нь авч гаран дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад гэр рүү нь орсон. Тэгээд би Пүрэвдоржоос Батчулуун ах яагаад орон дотроо хэвтэж байгаа юм бэ гэж асуухад Пүрэвдорж надад хандан өчигдөр намайг гэртээ ирэхэд Батчулуун ах нэмээд архи уучихсан байсан. Ах согтуу уур хүргээд байхаар нь ганц хоёр дэвсчихсэн юм гэж хэлсэн. Тэгээд бид 3 архиа хувааж ууж дуусгаад 12 цагийн орчимд гэрээс нь Мөнхбаяр бид 2 гараад би Мөнхбаярыг гэрт нь хүргэж өгөөд би гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг,

Гэрч О.Болорсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 09 дүгээр сарын 11-ны орой Пүрэвдорж манайд ирээд усанд ороод байж байгаад оройтчлоо гээд хоносон юм. Хоноод 02 сарын 13-ны өглөө нь Пүрэвдоржийн утас дуугараад ярьсан. Би юу болсон гэж асуутал Батчулуун ах өнгөрчиж гээд уруу царайлаад надаас 1000 төгрөг аваад гараад явсан гэх мэдүүлэг,

Гэрч Г.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Шинийн 4-ний өдөр шиг санагдаж байна. Би гэртээ байж байтал тэр хавийнхан Найнаа /Нямаахүү/ гэж дуудаад байдаг өндөр шар царайтай залуу орж ирээд Бачаа ахын нэрийг бүтнээр нь хэлээд хэн гэдэг билээ гэж асуухаар нь би Батчулуун гэдэг гэж хэлээд гаргасан чинь удалгүй ахиж орж ирээд таныг дуудаж байна гэхээр нь яваад очтол цагдаа нар ирчихсэн байсан. Талийгаачийг түргэний юм шиг машинд ачаад гарч байсан. Би Пүрэвдорж болон Цэгмид нар руу утсаар залгаж ах чинь өнгөрчихлөө гэж хэл дуулгасан гэх мэдүүлэг,

Гэрч Л.Ганзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Шинийн 3-ны шөнө 00 цаг байхад авгай бид хоёр Пүрэвдоржийн гэрт ороход талийгаач ах нь ёолоод том өрөөнийхөө үүдэн дээр газар дээшээ харчихсан хэвтэж байхаар нь би байнга уугаад л согтуу хэвтэж байдаг болохоор тоогоогүй гараад явчихсан юм аа. Тэр үед Пүрэвдорж бол байгаагүй. Шинийн нэгнээс эхлээд шинийн 3-ны хооронд гэртээ байгаагүй тул манай байшин их хүйтэн байсан. Тэгээд Пүрэвдоржийн гэрт хүн байгаа бол галаа түлсэн байх тэдний гэрт очоод хоночихъё гэж бодоод л очсон гэх мэдүүлэг,

Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Шиний 3-ны 00 цагийн үед Ганзаяа бид хоёр золголт хийх гээд очиход байшингийнх нь хаалга онгорхой, наад талынх нь өрөөний гэрэл асаалттай боловч цаад талын өрөөний гэрэл унтарсан байхаар нь бид хоёр гэрлүү ортол цаад өрөө буюу том өрөөндөө Батчулуун ах газар согтуу хэвтэж байсан. Угаасаа архи уудаг болохоор архи уугаад согтуу хэвтэж байна гэж бодсон. Цаад өрөөнийх нь гэрлийг асаах гэсэн боловч хайгаад олоогүй тул гэрлийг асаагаагүй. Тухайн үед Пүрэвдорж гэртээ байгаагүй. ...Цаад өрөөний гэрэл унтраастай байсан учраас талийгаачийн царайг нь хараагүй газар л хэвтэж байсан, ямар ч байсан дуугараад л байсан гэх мэдүүлэг,

Шинжээч эмч С.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Гавал тархины хүнд гэмтэл нь дагз ясны хөндлөн хугарал, хугаралын харалдаа ясан доорх болон тархины суурь хэсгийн цусан бүлэн, бага тархи болон тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт зэрэг гэмлүүлдийг бүгдийг нийлүүлээд гавал тархины битүү гэмтэл болдог. Уг гэмтэл нь дагз ясны хөндлөн хугарал нь унаж ойчих үед үүссэн байх боломжгүй цохиж зодуулах өшиглөх үед үүсэх боломжтой. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр толгой руу сандлаар цохих үед уг гэмтэл үүсээгүй. Харин сүүлд зодуулснаас болж гавал тархины хүнд гэмтэл үүссэн байх боломжтой. Уг гэмтлийг аваад эрүүл хүн шиг идвэхтэй үйлдэл хийж чадахгүй зовиур шаналгаа заавал илэрнэ. Толгой хүчтэй өвдөнө, ухаан алдаж болно. Архи уусан бол архиар өвдөлтөө намдаагаад тодорхой ойрхон зайд явах боломжтой. Нүүрний зулгаралт гэмтлээс харахад 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаачид үүссэн тархины гэмтэл нь өшиглөх үед үүсэх боломжтой, гутлын зөөлөн хатуу ултай нь хамаарахгүй гэх мэдүүлэг,

Сэжигтэн Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 09-ннд буюу шинийн 1-ний өглөө босоод шартаад зотроо засах гэхэд архи дуусчихсан байсан. ... тэгээд би удалгүй гэрээсээ гараад хүргэн Тулгаагийн гэррүү явсан. ...Тэгээд би нилээн согтсон байсан. Нэг мэдэхэд би гэртээ ирчихсэн байж байсан. Талийгаач ах согтуу орон дээрээ хэвтэж байсан. Би сандал дээр сууж байсан. Тэгээд сандал дээр сууж байхад талийгаач Батчулуун ах надруу дайраад агсам тавьж эхэлсэн. Намайг доромжилсон зүйлс хэлээд байсан. Яг юу юу гэж хэлсэнийг би сайн санахгүй байна. Тэгээд би өөдөөс нь хуцаад байлгүй унт пизда минь гэж хэлсэн чинь та муусайнуудыг ална гээд байсан. Тэгснээ гал тогооруу яваад жижиг нарийн хутга авчираад надруу дайрсан. Тэгэхээр нь гараас нь хутгыг нь булааж авах гэж байгаад баруун гарынхаа эрхий хурууны ар хэсгийг зүссэн. Тэгээд дахин авах гэж байгаад эрхий болон долоовор хурууныхаа дунд хэсгийг зүссэн. Тэгээд би хутгыг нь булааж авчихаад гал тогооныхоо шүүгээ рүү хийсэн. Тэгээд буцаж ирээд талийгаач ахтай зодолдсон. Одоо санахад би талийгаачийг өшиглөөд гараараа цохиод байснаа санаж байна. Тэгээд зодолдож байгаад салаад талийгаач орон дээрээ гараад унтсан. ...Би тухайн үед эхлээд баруун гараараа нүүрлүү нь 1 удаа цохиж авсан. Тэгэхэд том өрөөний ханан пийшингийн хажууд шалан дээр дэвссэн. Хивсэн дээр унахаар нь би гуя, хөл, бөгс нилээд олон удаа өшиглөж авсан. Толгойруу нь 1 удаа өшиглөж авсан гэх мэдүүлэг,

     Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний акт:

Задлан шинжилгээний онош: Гавал тархины битүү гэмтэл. Дагз ясны хөндлөн хугарал, Хугарлын харалдаа ясан доорхи болон тархины суурь хэсгийн цусан бүлэн, бага тархи болон тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт

-Зүрх судасны хурц дутагдал, Тархи уушигны хаван

-Нүүр зүүн эгэмний зулгаралт, цус хуралт

ДҮГНЭЛТ:

1.Д.Батчулууны бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрхи оношийн хэсэгт дурьдсан гэмтэл тогтоогдлоо.

2.Д.Батчулуун нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. З.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

4.Шүүх химийн шинжилгээгээр цус ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна.

-Үхэлд шууд нөлөөлсөн гэх архаг өвчин тогтоогдохгүй байна. б.Цус нь АВО-н системээр АВ IV бүлэгтэй байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1513 тоот дүгнэлт,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1514 тоот дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: Д.Пүрэвдорж нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Д.Пүрэвдорж нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. -Д.Пүрэвдорж нь хэрэг хариуцах чадвартай байна. Д.Пүрэвдорж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

 Мэдүүлэгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10-230 тоотод өөрийн ах Д.Батчулуунтай маргалдаж улмаар зодож толгойн тус газарт нь өшиглөн гавал тархины хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Цэгмидийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 07 цагт манай нөхөр Гансүх надруу утсаар залгаж талийгаач Батчулууныг нас барсан тухай хэлсэн. Тухайн өдөр би Эрээн хотод байсан.... Талийгаач нь 2015 оны 11 сараас хойш дүү болох Пүрэвдоржийн хамт амьдардаг байсан гэх мэдүүлэг,

Гэрч Э.Алтантулгын ... 15 цагийн үед бид гурав Пүрэвдоржийн гэрт ороход талийгаач Батчулууны нүүр ам нь нилээн хавдартай, нэг нүд нь хавдаад хөхөрсөн байдалтай хойд орон дээрээ хэвтэж байсан. Би талийгаач Батчулуунтай уулзах гээд ор руу нь дөхөөд очиход талийгаач Батчулуун надад хандан би золголт хийхгүй гэж нилээн тааруухан байдалтай дуугарч байсан гэх мэдүүлэг,

Гэрч Д.Нямаахүүгийн … Тэгэхээр нь би Батчулуун ахын гэрэл асаалттай байна гэртээ архи уугаад сууж байж магадгүй гэж бодоод орсон. Намайг ороход байшингийн үүдний амбаарын хаалга нь онгорхой байшингийн хаалга нь хаалттай байсан. Тэгээд би байшин руу яваад ороход Батчулуун ах том өрөө болон гал тогооны өрөөг заагласан хэсгийн зайндаа унтаж байгаа юм шиг л харагдсан. Тэгээд би Батчулуун ах аа тамхи татах уу гэхэд дуугараагүй. Тэгэхээр нь би баруун гарын сарвуунаас нь татсан чинь хүйтэн байсан. Тэгээд би гарыг нь тавьсан чинь эргээд бие рүүгээ унасан. Тэгэхээр нь гэдэс рүү нь гараа хийгээд үзэхэд хүйтэн байсан. Тэгээд цамцыг нь сөхөөд зүрхийг нь чагнасан чинь цохилохгүй байхаар нь би өөрийнхөө 99274474 дугаараас 102 дугаарт залгаад би танил ахындаа орж ирэхэд нас барсан юм шиг байна гэж дуудлага өгсөн…гэх мэдүүлэг,  

Гэрч Г.Содномцэрэнгийн …Тэгээд би Пүрэвдоржоос Батчулуун ах яагаад орон дотроо хэвтэж байгаа юм бэ гэж асуухад Пүрэвдорж надад хандан өчигдөр намайг гэртээ ирэхэд Батчулуун ах нэмээд архи уучихсан байсан. Ах согтуу уур хүргээд байхаар нь ганц хоёр дэвсчихсэн юм гэж хэлсэн. Тэгээд бид 3 архиа хувааж ууж дуусгаад 12 цагийн орчимд гэрээс нь Мөнхбаяр бид 2 гараад би Мөнхбаярыг гэрт нь хүргэж өгөөд би гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг,

Гэрч О.Болорсүрэнгийн мэдүүлэг: ...2015 оны 09 дүгээр сарын 11-ны орой Пүрэвдорж манайд ирээд усанд ороод байж байгаад оройтчлоо гээд хоносон юм. Хоноод 02 сарын 13-ны өглөө нь Пүрэвдоржийн утас дуугараад ярьсан. Би юу болсон гэж асуутал Батчулуун ах өнгөрчиж гээд уруу царайлаад надаас 1000 төгрөг аваад гараад явсан,

Гэрч Г.Гансүхийн ...Шинийн 4-ний өдөр шиг санагдаж байна. Би гэртээ байж байтал тэр хавийнхан Найнаа /Нямаахүү/ гэж дуудаад байдаг өндөр шар царайтай залуу орж ирээд Бачаа ахын нэрийг бүтнээр нь хэлээд хэн гэдэг билээ гэж асуухаар нь би Батчулуун гэдэг гэж хэлээд гаргасан чинь удалгүй ахиж орж ирээд таныг дуудаж байна гэхээр нь яваад очтол цагдаа нар ирчихсэн байсан…гэх мэдүүлэг,

Гэрч Л.Ганзаяагийн …Тэр үед Пүрэвдорж бол байгаагүй. Шинийн нэгнээс эхлээд шинийн 3-ны хооронд гэртээ байгаагүй тул манай байшин их хүйтэн байсан. Тэгээд Пүрэвдоржийн гэрт хүн байгаа бол галаа түлсэн байх тэдний гэрт очоод хоночихъё гэж бодоод л очсон гэх мэдүүлэг,

Гэрч Д.Бямбасүрэнгийн …Угаасаа архи уудаг болохоор архи уугаад согтуу хэвтэж байна гэж бодсон. Цаад өрөөнийх нь гэрлийг асаах гэсэн боловч хайгаад олоогүй тул гэрлийг асаагаагүй. Тухайн үед Пүрэвдорж гэртээ байгаагүй. ...Цаад өрөөний гэрэл унтраастай байсан учраас талийгаачийн царайг нь хараагүй газар л хэвтэж байсан, ямар ч байсан дуугараад л байсан гэх мэдүүлэг,

Шинжээч эмч С.Одончимэгийн …Харин сүүлд зодуулснаас болж гавал тархины хүнд гэмтэл үүссэн байх боломжтой. Уг гэмтлийг аваад эрүүл хүн шиг идвэхтэй үйлдэл хийж чадахгүй зовиур шаналгаа заавал илэрнэ. Толгой хүчтэй өвдөнө, ухаан алдаж болно. Архи уусан бол архиар өвдөлтөө намдаагаад тодорхой ойрхон зайд явах боломжтой. Нүүрний зулгаралт гэмтлээс харахад 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний акт: Задлан шинжилгээний онош Гавал тархины битүү гэмтэл. Дагз ясны хөндлөн хугарал, Хугарлын харалдаа ясан доорхи болон тархины суурь хэсгийн цусан бүлэн, бага тархи болон тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт

-Зүрх судасны хурц дутагдал, Тархи уушигны хаван

-Нүүр зүүн эгэмний зулгаралт, цус хуралт

ДҮГНЭЛТ:

1.Д.Батчулууны бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрхи оношийн хэсэгт дурьдсан гэмтэл тогтоогдлоо.

2.Д.Батчулуун нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

З.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

4.Шүүх химийн шинжилгээгээр цус ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна. Үхэлд шууд нөлөөлсөн гэх архаг өвчин тогтоогдохгүй байна. б.Цус нь АВО-н системээр АВ IV бүлэгтэй байна гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1513 тоот дүгнэлт,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1514 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэнс гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан ял оноов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Пүрэвдоржийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Д.Пүрэвдоржид 10 жил 1хоногийн хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдоржид оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдоржийн цагдан хоригдсон 189 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Пүрэвдоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН 

                              ШҮҮГЧ                        Г.БУЯННЭМЭХ

                                                                       С.БАТГЭРЭЛ