Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Т.Сумъяабазар нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сумъяабазарт холбогдох эрүүгийн 2215000000043 дугаартай, 163/2022/0077/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Намнан овогт Төмөрбаатарын Сумъяабазар, Булган аймгийн Булган суманд 1979 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 8-812 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /РД: ГЮ79032216/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Сумъяабазар нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг ”Түлүү уул” гэх газраас мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж 2.2 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 176.686 төгрөгийн шууд, 530.058 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000043 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Сумъяабазар нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг ”Түлүү уул” гэх газраас мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж 2.2 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 176.686 төгрөгийн шууд, 530.058 төгрөгийн шууд бус хохирол учирсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сумъяабазарын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гоожин тавигдсан байсан тул Эрдэнэчулуунаас гоожин аваад хамт явах хүн байхгүй гээд эхнэрээ гуйгаад аваад явсан. Ууланд очоод мод бэлтгээд 2 босоо мод унагасан. Унианги модны гоожин өгсөн байсан. Унагасан 2 босоо модоо унианги модтой хамт түүгээд нэг машин мод болгоод харуй бүрий болсон. Тэгээд явах гэсэн машины жанам нь шатсан. Машин явж болохгүй болоод эхнэрээ замын унаагаар явуулсан. Маргааш нь жанамаа тайлж орж ирээд янзлуулах гээд 2 хоног алдсан. Тэгээд машинаа засуулаад өглөө нь ууланд очиж жанамаа тавиад орой 18-19 цагийн үед цагдаад баригдсан. Цагаан хаалганы наашаа явж байхад хойд хаалганы шипилк хөдлөөд явж болохгүй байсан. Тэгээд ах нь машин болохоо байсан гэсэн. Тэгсэн гоожингоо сунгуулахгүй яасан юм гэсэн. Эхнэр маргааш нь дахиад гоожин авах гээд татвар дээр очсон гоожингийн код дууссан гэсэн. Тэгээд Эрдэнэчулуунтай утсаар ярьсан кодгүй бол гоожин өгөхгүй гэхээр нь цагдаа таарвал учраа хэлнэ гээд орж ирж байгаад цагдаатай таарсан гэх мэдүүлэг,

2. Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт Карантины давлан гэх газар болсон байв. Уг газрын ерөнхий байдал нь уулын ар битүү ой модоор хүрээлэгдсэн газар байв гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 тал/,

3. Уг тээврийн хэрэгсэл нь 25-52 БУА улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсад импортоор орж ирсэн бага оврын ачааны цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн гадан өнгө үзэмж эдэлж хэрэглэсний улмаас хуучирч муудсан, эвдрэл гэмтэлгүй байв гэх эд зүйлд үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

4. Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх модны урт болон диаметрийг хэмжиж хийхээр тогтов. Модыг тоолж үзэхэд нийт 18 ширхэг байв. Модыг 1-18 гэсэн тоогоор тэмдэглэв гэх модонд үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

5. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 17-22 дахь тал/,

6. Цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

7. Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулууны өгсөн: Надад уг хэрэг болсон талаар мэдэх зүйл байхгүй байна... байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн тохиолдолд өөр нэхэмжлэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

8. Гэрч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр Т.Сумъяабазар мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа хоёулаа хамт модонд явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт Карантины давлан гэх газар луу модонд явсан. Очоод манай нөхөр 2 ширхэг босоо мод унагааж тайрч бэлтгэсэн. Тэгээд модоо ачаад буцаад Булган аймаг явах гэтэл машин эвдрээд би түрүүлээд явсан. Булганд машины сэлбэг олдохгүй байсан болохоор нь би нөхөртөө сэлбэг олдохгүй байна гэж хэлсэн. Манай нөхөр машины ууланд орхиод ирсэн. Тэгээд Орхон аймгаас сэлбэгээ аваад 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр машины сэлбэгээ аваад мод бэлтгэсэн газар луугаа явсан. Ингээд орой буцаад Булган аймаг руу явж байтал мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дууссан байна гэж хэлээд цагдаа нар саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

9. Гэрч Э.Будсүрэнгийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эргүүл шалгалт хийж явтал Булган аймгийн төвийн хойд цагаан хаалганы ойролцоо 25-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Сумъяабазар нь мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн мод бэлтгэх эрхийн бичигтэй Булган аймгийн чиглэлд явж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

10. Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай: Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай түлээний мод байна. 25-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 18 ширхэг модны нийт эзэлхүүн 2.2 м3 болж байна. Шинэс төрлийн хуурай мод 176.686 төгрөг гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь  тал/,

11. “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №220038 дугаартай: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн моторт хөрөө 87.500 төгрөг, 25-52 БУА улсын дугаартай, KIA Bongo Frontier загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.614.688 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-58 дахь тал/,

12. Сери БУА, 22-020333 дугаартай: 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Бугат сумын “Карантины даваа” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар шинэс /унианга/ төрлийн 564 м3 модыг 25-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэх эрхийн бичиг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

13. Танай байгууллагаас ирүүлсэн солбилцол /N48:954733, E103.055405/-ыг шалгаж үзэхэд Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутагт “Түлүү уул” гэх газар нутагт хамаарах бөгөөд, Улсын тусгай хамгаалалтай газартай давхцалгүй болно гэх Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/223 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 83 дахь тал/,

14. Шүүгдэгч Т.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн байгаль хамгаалагч Эрдэнэчулуун гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг аваад хамт модонд явах хүнгүй байсан болохоор эхнэр Эрдэнэцэцэгийн хамт явсан. Уг газраас очоод 2 ширхэг босоо мод унагасан. Тэгээд модоо ачаад Булган аймаг явах гэтэл машины жанам эвдрээд тус өдөр Булган аймаг явж чадаагүй... ингээд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө гэрээсээ эрт гараад мод бэлтгэсэн газраа очиж машинаа янзлаад буцаад Булган аймаг явах замд цагдаа нар шалгаад мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан байна гэж хэлээд саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа улаан өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй хуучин хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулуун, гэрч Б.Эрдэнэцэцэг, Э.Будсүрэн нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө, БУА сери бүхий 22- 020333 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Т.Сумъяабазар нь эрх бүхий байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Бугат сумын “Карантины даваа” буюу ерөнхий нэршлээрээ Ханжаргалант багийн нутаг “Түлүү уул” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар шинэс төрлийн унианга 564 м3 модыг 25-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэх зөвшөөрөл авсан боловч мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж 2.2 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Т.Сумъяабазар нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацааг болон бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж босоо мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Сумъяабазар нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг ”Түлүү уул” гэх газраас мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж 2.2 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 176.686 төгрөгийн шууд, 530.058 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Т.Сумъяабазарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 176.686 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 530.058 төгрөгийн /хавтаст хэргийн 71 дэх тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч Т.Сумъяабазараас 530.058 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Улсын яллагч яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 9530.058 төгрөг болж байна” гэж шууд бус хохирол 530.058 төгрөгийг 9.530.058 төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргаж 9 тоо нэмж буруу бичсэн байгааг тэмдэглэв.

 

Мөн “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээч Д.Отгонцагаан нь тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 1.614.688 төгрөг, цахилгаан хөрөөг 87.500 төгрөг, нийт үнэлгээг 1.702.188 төгрөг гэж зах зээлийн хандлагаарх тооцоололд нэг бүрчлэн тусгаж харьцуулан судалж дүгнэлт гаргав гэсэн атлаа №220038 дугаартай дүгнэлтэд зөвхөн тээврийн хэрэгслийг үнийг 1.702.188 төгрөг мэтээр буруу бичсэн байна.

Шүүх шинжээчийн дээрх алдааг хэргийн зүйлчлэлд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй, хэрэг шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй техникийн шинжтэй алдаа гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Сумъяабазарыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Сумъяабазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Сумъяабазарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Сумъяабазарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хавтаст хэргийн 84-95 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Сумъяабазар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 8-812 тоотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг,  урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Сумъяабазарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Б.Лхагвабатын эзэмшлийнх байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Лхагвабатын өгсөн “...25-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа нь үнэн. Би 2019 онд найз Сумъяабазарт 1.900.000 төгрөгөөр худалдсан юм. Тухайн үед нэрээ шилжүүлж чадаагүй. Надад одоо тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Сумъяабазарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тээврийн хэрэгслийг найзаасаа 1.900.000 төгрөгөөр худалдан авсан, бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлэн аваагүй байгаа. Тээврийн хэрэгсэл дээр ямар нэгэн маргаан байхгүй.” гэх мэдүүлгүүдээр 25-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Т.Сумъяабазарын өмчлөл, эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-52 БУА улсын дугаартай Киа бонго пронтер загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг 2.2м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 87.500 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Т.Сумъяабазар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Сумъяабазарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Намнан овогт Төмөрбаатарын Сумъяабазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Сумъяабазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Сумъяабазар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сумъяабазарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Сумъяабазараас байгаль экологид учруулсан хохирол 530.058 /таван зуун гучин мянга тавин найм/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.614.688 төгрөгийн үнэлгээ бүхий 25-52 улсын дугаартай Киа бонго пронтер загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг буюу 2.2 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 87.500 /наян долоон мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Сумъяабазараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ