Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох эрүүгийн 2115001890050 дугаартай, 163/2022/0078/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын Халиун багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 56 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: АН*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Өндөр улаан гэх газраас 11.5 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1.939.533 төгрөгийн шууд, 5.818.599 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115001890050 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Өндөр улаан гэх газраас 11.5 м3 шинэс төрлийн түлшний хуурай модыг эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1.939.533 төгрөгийн шууд, 5.818.599 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын Халиун баг Өндөр улаан гэх газар байв. ... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-11 дэх тал/,

3. Үзлэгийг Булган аймгийн Орхон сумын Халиун баг Өндөр улаан гэх газар хийсэн ба тус газар ертөнцийн зүгээр хойд болон зүүн хойд зүгт өндөр уултай ба баруун урд болон урд зүгт 2 монгол гэр, малын саравч зэрэг байв. 112 ширхэг мод байв. ... гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-18 дахь тал/,

4. Тээврийн хэрэгслийн үзлэгийг Булган аймгийн Орхон сумын Халиун баг Өндөр улаан зүрхэн уул гэх газар ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү харж зогссон цагаан өнгийн ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгсэл зогсож байв... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-24 дэх тал/,

5. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 25-28, 30-31 дахь тал/,

6. Цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

7. Иргэний нэхэмжлэгч Я.*******ын өгсөн: Халиун багийн малчин Ч.*******гийн гэрт яваад очиход гэрийнх нь гадаа кабелдаад өрсөн шинэс төрлийн моднууд байсан. Тэгээд Ч.*******гээс тухайн модны эрхийн бичгийг асууж  тодруулахад сум орон нутгаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж байсан. Байгаль экологид учруулсан хохирлоо нэхэмжилнэ. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

8. Гэрч Б.*******ы өгсөн: “...Ч.******* нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ч.*******гийн мод бэлтгэсэн газар нь Өндөр улаан нэртэй газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

9. Гэрч П.*******ы өгсөн: “...Төрсөн эцэг ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр намайг хамт явж модоо бэлтгэе гэж хэлсэн. Би цуг явах гэсэн боловч манай ээж ******* хонь, ямаагаа хариулахдаа тааруухан гэртээ байнга байдаг тул тухайн үед би аавтайгаа яваагүй. Манай аав ******* нь нийт 4 өдрийн турш Өндөр улаан гэх газрын уулнаас модоо бэлтгэсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

10. Гэрч З.*******гийн өгсөн: “...Манай нөхөр болох ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрийг хүртэл нийтдээ 4 хоногийн турш Өндөр Улаан ууланд мод бэлтгэсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-62 дахь тал/,

11. Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай: 1. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Өндөр-Улаан гэх газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. 2. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Өндөр-Улаан гэх газрын ойн сан нь хамгаалалтын бүсийн I мужид орж байна.3. Бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод байна. 4. Бэлтгэсэн модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн байна. 5. Иргэн Ч.*******гийн бэлтгэсэн 112 ширхэг модны нийт эзэлхүүн 11,5 м3 болж байна. Уг модыг бэлтгэсэн Өндөр-Улаан гэх газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325-р тоот тушаалын дагуу 1-р мужийн ойд багтаж байгаа тул Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тушаалын 1-р хавсралт “Нэг шоо.метр модны экологи эдийн засгийн үнэлгээ, төг”-ээр ой модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг итгэлцүүрээр түлээний хуурай модыг 1-ээр үржүүлж бодно гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-82 дахь  тал/,

12. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 1.939.533 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 5.818.599 төгрөг болж байна гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86 дахь  тал/,

13. “Ашид билгүүн” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №1000943 дугаартай: гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн моторт хөрөө 80.000 төгрөг, 10-33 БУА улсын дугаартай, Портер загварын тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-71 дэх тал/,

 

14. Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрийн хооронд өвлийн түлшний зориулалтаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Өндөр-Улаан гэх газраас нийт 12 ширхэг босоо буюу ургаа мод унагааж бэлтгэсэн. Уг модоо хийсэн газраасаа өвөлжөөн дээрээ зөөж буулгасан. БУА 10-33 гэх улсын дугаартай Superporter гэх машинаараа 3-4 өдөр зөөж гэрийнхээ гадаа буулгасан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-109 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ураан хүрэн өнгөтэй, зүүн талдаа шар өнгийн маниултай, баруун талдаа хар өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй хуучин хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Я.*******, гэрч Б.*******, П.*******, З.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Ч.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.******* нь эрх бүхий байгууллагаас эрхийн бичиг авч тусгай зөвшөөрлийн дагуу модоо бэлтгээгүй байна.

 

Шүүгдэгч Ч.******* нь эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг ”Өндөр-Улаан” гэх газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж, бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Өндөр улаан гэх газраас 11.5 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1.939.533 төгрөгийн шууд, 5.818.599 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 1.939.533 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 5.818.599 төгрөгийн шууд бус /хавтаст хэргийн 86 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй бөгөөд шүүгдэгч Ч.******* нь мал маллан амьдардаг тиймээс хуваагаад төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Ч.*******гээс 5.818.599 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.*******г ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хавтаст хэргийн 89-97 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, 10-33 БУА улсын дугаартай Bongo pronter загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, улаан хүрэн өнгийн цахилгаан хөрөө, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 10-33 БУА улсын дугаартай, Бонго портер загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 112 ширхэг буюу 11.5 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр, энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Улсын яллагч яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт “...экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 11.939.533 төгрөг болох нь тогтоогдсон...” гэж шууд хохирлыг 11.939.533 төгрөг гэж бичсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 1.939.533 төгрөг болох нь тогтоогдож байх тул техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.*******гээс байгаль экологид учруулсан хохирол 5.818.599 /таван сая найман зуун арван найман мянга таван зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн  4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 10-33 БУА улсын дугаартай, Бонго портер загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 112 ширхэг буюу 11.5 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн улаан өнгөтэй, цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.*******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЭНЭРЭЛ