Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бын Бод холбогдох эрүүгийн 2238000000120 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Бийн 23 тооны хонийг хулгайлан авч 3.910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000120 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь  2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух малчин Ж.Бийн Хядагийн гол гэх газарт бэлчээрт байсан хонин сүргээс  тасарсан байсан 23 тооны нас гүйцсэн бүдүүн эм  хонийг 71-21 ХӨҮ улсын дугаартай Аксент Верна  загварын машин ашиглаж хулгайлсан, 19 хурганы эх хонь өөрөө гүйж хотондоо очсон,  малчин Ж.Б нь алдагдсан  хонио эрж хайсаны эцэст 2022 оны 03 дугаар сарын  05-ны өдөр Арбулаг сумын 6 дугаар баг Хуурай сайрын хонхор гэх газарт малчин Б.Бын хониноос үлдсэн 3 эм хонио  зүсээр нь олж авсан, үлдсэн 1 хонь болон эрж хайсны зардлыг шүүгдэгч Б.Б нь 370.000 төгрөг болон цахилгаан дружба хөрөө өгч нөхөн төлсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бын өгсөн: “23 хонь авахдаа эхлээд хадам аавын хонь байна гэж бодож авсан. Хээр эзгүй явж байсан юм. Тэгээд хадам аавын хонь биш байсан. Алдчихна гээд шар будгийг нь хөх будгаар тодруулж будсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

      Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Бийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Арбулаг сумын 1 дүгээр баг Хавцгайтын голд хонио усалхаар шахсан байсан. Манай хонь ус уугаад өдөр 15-16 цагийн үед гэртээ ирдэг байсан ирэхгүй болохоор нь араас нь яваад олоогүй. Маргааш нь эхнэр Нтэйгээ хамт машинаар тэр хавиар Гүнжийн өвөр, Гэзгийн булаг, Гэзгийн өвөр, Хавтага, Арын завсар, Баруун зүүн баржин Хүрэн чулуутын эх, Хавцгайтын эх Халзан дөрөлж, Нам дөрөлж Боомын эх, Мөст Хужиртын гол Хууриай сайр гэх газруудаар хайж явтал Хууриа сайр гэх газраас Б гэдэг залуу манай хонийг хулгайлж авсан байсан манай хулгайд алдсан 23 тооны хонь шар будагтай байсан чинь тэр залуу аваад будагтай хэсгийн ноосыг зулгаагаад цэнхэр өнгийн будгаар будсан байсан. манай 19 хурганы ээж 3-4 хонгийн дараа өөрөө гүйж ирсэн, Ирэхдээ шар өнгийн будаг нь арилсан цэнхэр өнгийн будгаар тэмдэг тависан байсан... Б гэдэг залуу хонио ямар будгаар будсан байсныг анзаараагүй би өөрийнхөө хонийг л харсан манай хонь мөн байсан. намайг хонио авья гэхэд Б гэдэг залуугийн эхнэр Сумъяа гэх эмэгтэй ярихдаа манайх хонь авна гэж нутгын хүмүүст мөнгө тараасан байсан. Энэ хонь хүнээс авсан хонь гэж хэлж байсан. Тэгэхээр нь би энэ хонь манай хонь мөн байна гэхэд хүнээс авсан л гэж хэлж байсан  Би тэр хүнээ аваад ир гэхэд тодорхой хүн хэлж чадахгүй байсан дүлэгнээд байсан. Тэгээд би үлдсэн байсан 3 хонио аваад Сумъяагаар гэртээ хүргүүлсэн... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй би алдсан 23 хониноос 22 тооны хонийг биет байдлаар нь буцааж авсан одоо нэг хонь өгөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 26 тал/,

Гэрч Н.Нийн өгсөн: “...Манайх 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хурганы ээж 23 тооны хонь хулгайд алдаад 4-5 хоног ойролцоо газруудаар хайсан. Тэгээд 6 дугаар багаар хайж яваад айл хонь алдсан сургаар Ямаатын бэлд Б гэдэг айлын хонийг шүүж үзэхэд манай хонь байхаар нь хонио авсан. Одоо манай нэг хонь дутуу байгаа өгөөгүй...Манай хонь зүүн талдаа шоргоолз, баруун талдаа оно эмтэй, шар сүвэгчтэй, ууцан дээрээ шар будагтай хонинууд байсан. Тэр залуу аваад шар будагтай хэсгийн үсийг нь зулгаагаад хөх өнгийн будгаар будсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч Б.Бийн өгсөн: “...Би Лхагвабаатар гэх хүнийг танихгүй манай хүү л тэр хүнтэй наймаа хийж 71-21 ХӨҮ улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан байсан. Тэгээд тэр хүн машины үлдэгдэлд манай хүүд 300 мянган төгрөг өгөхөөр байсан санагдаж байна. Тэгээд сүүлд нь утас нь холбогдохгүй болсон одоогоос 5-6 жилийн өмнө 2016 оны наймаа хийж байсан байх гэж бодож байна... Манай хүү тэр хүнээс тэр машиныг авахдаа албан ёсоор нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан. Тухайн үед тэр хүн нь олдохгүй утас нь холбогдохгүй болоод шилжүүлж авч чадаагүй гэж ярьж байсан... Манай хүү тэр машиныг жил орчим унаж байгаад надад өгөөд өөрөө ажил хийгээд явсан. Тэгээд би тэр машиныг Б гэдэг Арбулагын 6 дугаар багт байдаг залууд 2021 оны намар 10 дугаар сард зарсан эхнэртэйгээ ирж худалдлаж аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 99 тал/

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №2245617200270 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Бийн 23 толгой хонины үнэлгээг 3.910.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44 тал/,

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн санал, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 11-13 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай тогтоол /хх-ийн 9-10 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 тал/,

Мөрдөгчийн  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 71 тал/

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэргийн болсон явдлыг тодорхой дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа тэр мэдүүлэг дээрээ нэмж ярихад машинд ачаад явж байхад нэг хонь нь дарагдаад үхсэн байсан...Хохирогчтой сумын төвд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр таарч уулзаад үхсэн нэг хонины төлбөрт мөн малын эрлийн зардалд хоёр хонь, гурван ямаа нэмж өгөхөөр тохиролцсон. Тэгсэн өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Бтэй утсаар нь холбогдож ярихад гурван хонь, хоёр ямаагаа авахгүй гэж хэлж байсан. Гэхдээ хохирогчтой очиж биеэрээ уулзаж байгаад эвлэрнэ. Нэг хоногийн дараа миний хулгайд авсан хонины тал хэсэг нь өөрийнхөө хонин сүрэгтэй нийлсэн байсан дараа нь үлдэгдэл хонийг эхнэр машинаар хүргэж өгсөн...Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би хэрэг болох үед согтуу архи уусан байсан. Гэхдээ болж байгаа зүйлийг санах хэмжээнд байсан. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.Бийн мэдүүлэг, гэрч Ц.Сумъяа, Н.Н, Ихэрмөрөн-Адиут ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №2245617200270 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Бийн 23 тооны нас гүйцсэн эм хонийг хулгайлан авч 3.910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн нь нотлогдон  тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

 Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Бийн 23 тооны нас гүйцсэн эм хонийг хулгайлан авч 3.910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Барсболын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Бт 23 тооны нас гүйцсэн эм хонь буюу 3.910.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ихэрмөрөн-Аудит хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Ж.Бт 22 тооны нас гүйцсэн эм хонийг биет байдлаар, шүүгдэгч Б.Б нь үлдэх нэг хонины үнэ буюу хонь эрж хайсны зардалд 370000 төгрөг болон цахилгаан дружба хөрөө тус тус өгч хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч Ж.Бт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Быг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 61-62, 64-69 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Урт булаг багийн засаг даргын тодорхойлолт, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Уртбулаг багт оршин суух, мал маллаж, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тул 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71-21 ХӨҮ улсын дугаартай Аксент Верна загварын тээврийн хэрэгсэл нь Л.Лхагвабаатарын нэр дээр байгаа хэдий ч гэрч Д.Б, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Бын өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.  Иймд  Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  13 дугаартай “Эд  хөрөнгө битүүмжлэх”  тогтоолыг хүчингүй болгож, 71-21 ХӨҮ улсын дугаартай Аксент Верна  загварын тээврийн хэрэгслийг хурааж  улсын орлого болгох нь зүйтэй  байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Быг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  заасныг журамлан Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 71-21 ХӨҮ улсын дугаартай Аксент Верна загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН