Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.Бямбахорол нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бямбахоролд холбогдох эрүүгийн 2215000130054 дугаартай, 163/2022/0086/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Чонос овогт Дэлгэрмөнхийн Бямбахорол, 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн Мандал, Далт 3 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, ээж дүү нарын хамт амьдардаг, малчин, мэргэжилгүй, боловсролгүй, 26 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан /РД: ГЖ96072411/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Бямбахорол нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын төвд өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ээж У.Алтансувд, дүү Д.Нямчимэг, Д.Дэлгэрбаатар нарт агсам тавьж улмаар хутга барьж ална гэсэн заналхийллээс ээж У.Алтансувд, дүү Д.Нямчимэг, Д.Дэлгэрбаатар нар нь зугтаан гэрээсээ гарч явах үед түүний төрсөн дүү 14 настай Д.Дэлгэрбаатарын хөл хөлдөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000130054 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Бямбахорол нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын төвд өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж У.Алтансувд, дүү Д.Нямчимэг, Д.Дэлгэрбаатар нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж агсам тавьж улмаар хутга барьж ална гэх заналхийллээс ээж У.Алтансувд, дүү Д.Наранчимэг, Д.Дэлгэрбаатар нар зугтаан гэрээсээ гарч явах үед түүний төрсөн дүү 14 настай Д.Дэлгэрбаатар хөл нүцгэн гарч хоёр хөлийн тавагт хоёрдугаар зэргийн хөлдөлт явагдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бямбахоролын  өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Д.Дэлгэрбаатарын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр билүү одоо сайн санахгүй байна. Гэртээ бид нар унтаж амарч байхад өглөө 10 цагийн үед Бямбахорол ах гараад явсан. Тэгээд орой 22 цагийн орчим архи уусан байдалтай ганцаараа орж  ирсэн... Бямбахорол ах босож ирээд гал тогооны шүүгээнээс хутга авахаар нь би гараад гүйсэн. Тэгээд хашаанаас ээж Алтансувд, эгч Нямчимэг нарын хамтаар гудамж руу гарч гүйсэн. Гүйж байхад араас Бямбахорол ах ээжээ гээд чангаар хашхирсан... тухайн үед би футволктой, дотоожтой хөл нүцгэн гараад ирсэн болохоор их даарсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч У.Алтансувдын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын төвд байрлах гэртээ хүүхдүүдтэйгээ байж байсан. Бямбахорол нь гэрээсээ ойролцоогоор 09 цагийн үед гараад ирье гээд явсан. Улмаар 23 цагийн үед согтуу байдалтай ганцаараа орж ирсэн. Тэгээд унтах талаар хэлэхэд үгэнд орохгүй байж байгаад гал тогооны шүүгээнээс хутга барьж авахаар нь би гэрийнхээ хувцастай куртикээ өмсөөд гуталтай гарч ирсэн, Нямчимэг болохоор тавчигтай, нимгэн цамцтай, куртиктэй байсан. Бага хүү Дэлгэрбаатар дотоож болон футволктой гараад ирсэн байсан... тэгээд сумын цагдаа руу дуудлага өгсөн. Цагдаа манай гэрт очоод хүн байхгүй байна хүрээд ир гэсэн. Би хоёр хүүхдээ дагуулаад гэрт ороход араас Бямбахорол орж ирсэн.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Нямчимэгийн өгсөн: ...Бямбахорол ах 23 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн ба хоол хийж өгтөл идэхгүй байсан. Тэгээд Нямкаг дууд гээд сонин сонин хоолойгоор орилоод байсан. Тэгэхээр нь би гэрээс гарч утсаар сумын цагдаад дуудлага өгчихөөд эргээд гэр лүүгээ орж иртэл Бямбахорол ах хутга бариад зогсож байсан. Харин манай ээж Алтансувд, бага дүү Дэлгэрбаатар нар нь гэрээс гарч зугтаахаар нь би хамт зугтаасан. ...бага дүүгээ хартал футболктой, хөл нүцгэн, дотоожтойгоо гараад ирсэн байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Билгүүний өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Бямбахоролын төрсөн дүү болох Нямчимэг утасдаж манай ах Бямбахорол согтуу ирээд агсам тавиад хутга бариад ална гээд айлгаад байна та хурдан ирээч гэж хэлээд орилоод утсаа салгасан. Тухайн дуудлагын дагуу очиж шалгахад Бямбахоролын ээж болох Алтансувд, төрсөн дүү Дэлгэрбаатар, төрсөн дүү Нямчимэг нар нь нимгэн хувцастай ганцхан куртиктэй хашааны үзүүрт зогсож байсан. Дэлгэрбаатар нь цээж хэсгээрээ богино ханцуйтай цамцтай, доод хэсгээрээ хөл нүцгэн дотуур өмдтэйгөө уйлаад зогсож байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

5. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай: Д.Дэлгэрбаатарын 2 хөлийн тавагт 2-р зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь нэм хэмийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Бямбахоролын гэм буруугаа хүлээж өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Гантулга ахындаа өвс зөөж өгсөн. Тэгтэл надад баярласнаа илэрхийлж архи гаргаж өгөөд хамт уусан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Гэртээ иртэл манай ээж миний худалдаж авсан монгол гэрийг ашиглахгүй бол зар гэж хэлснээс болж хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би ингэж байхаар үхчихье гэж хэлээд гал тогооны шүүгээнээс хутга автал манай ээж, дүү нар надаас айгаад гэрээс гараад зугтаасан... гэх /хавтаст хэргийн 95-р тал/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Д.Дэлгэрбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт, гэрч Ж.Алтансувд, У.Алтансувд, Д.Нямчимэг нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Бямбахоролын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Бямбахорол нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын төвд өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж У.Алтансувд, дүү Д.Нямчимэг, Д.Дэлгэрбаатар нарт агсам тавьж сэтгэл санааны хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хутга барьж ална гэсэн заналхийллээс ээж У.Алтансувд, дүү Д.Нямчимэг, Д.Дэлгэрбаатар нар айж гэрээсээ гарч зугтах үед насанд хүрээгүй Д.Дэлгэрбаатарын хөл хөлдөж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Бямбахоролын гэм буруутай үйлдэл, насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Шүүгдэгч Д.Бямбахорол нь гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж У.Алтансувд, төрсөн дүү Д.Нямчимэг, Д.Дэлгэрбаатар нар нь шүүгдэгчийн агсам тавьж, хутга авч ална гэсэн заналхийлсэн үйлдлээс айж гэрээс гарч зугтахдаа насанд хүрээгүй Д.Дэлгэрбаатар хөл нүцгэн гарч хоёр хөл нь хөлдсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бямбахоролыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Д.Бямбахоролын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар насанд хүрээгүй хохирогч Д.Дэлгэрбаатар, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэг нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Бямбахоролыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Бямбахоролыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Бямбахоролын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бямбахоролд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 64-66, 102-113 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 329 дугаартай шийтгэвэр зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Бямбахорол нь ам бүл 4, ээж дүү нарын хамт Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн Мандал, Далт 3 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Бямбахорол нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4/23 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Бямбахоролын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.Бямбахоролыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Булган аймгийн Орхон суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Бямбахорол нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Дэлгэрмөнхийн Бямбахоролыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбахоролыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбахоролд оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бямбахоролд сануулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Бямбахорол нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бямбахоролд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Бямбахорол нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ