Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

              Улсын яллагч Н.Энхтулга,

              Хохирогч А.Н,

              Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дийн Мад холбогдох эрүүгийн 2238000000102 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

              Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ганхөлөг” авто засварын газрын гадаа хохирогч А.Нтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000102 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ганхөлөг” авто засварын газрын гадаа хохирогч А.Нтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын өгсөн: “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,  

              шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нын өгсөн: “Ажлаасаа гарч явахад энэ хүн надад халдсан. Та нар дээрэлхэхгүй шүү гээд л халдсан. Надад халдахгүй байх гэж бодож байсан. Муудалцаагүй ямарч юм болоогүй байхад хутгалсан. Өөрөөсөө зайлуулах боломж байсан. Гэхдээ ямар нэгэн зөрчил байгаагүй учраас миний биед халдана гэж бодоогүй. Би энэ хүнд хохирол барагдуулаад өгөөч гэж гуйлаа. Эхнэр нь 100,000 төгрөг өгсөн. Өчигдөр 300.000 төгрөг өгсөн. Би 1,500,000 төгрөг нэхэмжилсэн. Би ажилдаа очихгүй 14 хоносон. Ажил дээр очсон бол өдрийн 70/30 хувь байдаг. 30 хувийг эзэнд өгөөд 70 хувийг өөрөө авдаг. Энэ тооцоогоор тэгж гарсан юм гэв.

              мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Нын өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутын орчим намайг Ганхөлөг авто засварын грашаас гараад машин руугаа алхаж явтал манай нутгийн М гэх хүн архи уучихсан согтуу байгаа бололтой грашийн тэр хавиар “та нар зүгээр байгаарай, дээрэлхээд байхгүй шүү” гэсэн хутга юм яриад яваад байхаар нь би эргэж хараад “та юу яриад байгаа юм” гэхэд гутлын түрүүнээсээ хутга гаргаж ирээд “зүрхэнд чинь нам шаана шүү” гээд дайрахаар нь цамцных нь захнаас нь барьж аваад хойш нь түлхтэл гартаа барьж байсан хутгаараа миний зүүн гарын тохойны арын булчингийн хэсэг рүү хатгачихсан. Тэгээд надаас холдоод явсан. Тэгээд хэсэг байж байснаа буцаж ирээд “хогчино шүү" гээд над руу дахиад дайрах гэхээр нь би гинж бариад автал над руу дөхөж ирээгүй. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирээд тэр хүнийг аваад явсан. Харин намайг эмнэлэгт үзүүлчхээд цагдаа руу яваад очоорой гэсэн...Миний зүүн гарын булчинд хутганы шарх үүссэн. Сая эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан. Одоо лугшиж өвдөж байна...Зүгээр байж байгаад биедээ мэсний шарх авсандаа маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлыг тооцож байгаад сүүлд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

              гэрч Г.Аийн өгсөн: “...Манай засварын газарт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед би гал түлчихээд камерт харахад граш дотор хоёр нөхөр ноцолдоод байх шиг харагдсан. Би барилдаж байгаа юм болов уу гэж бодоод лавшруулаад харахад арай ч барилдаагүй юм шиг харагдсан. Тэгэхээр нь би граш руугаа ороод юу болоод байгааг харахад Н гараа барьчихсан зогсож байсан. М хажууд нь нэлээн согтуу жижиг шар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Нын гарны хэсэгт хувцас нь нэвтэрсэн цус харагдаж байсан. Надад нэг их харуулаагүй. Тэгээд л цагдаа дуудсан. М бол нэлээн согтуу байсан. Мын жавжнаас жаахан цус гарсан байсан. Би юу болсон талаар асуухад М намайг эхэлж цохьсон гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд л цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

              гэрч Ч.Бийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаа хийгээд Цахир дэлгүүрийн гадаа байж байхад М, Н нар нь хэрэлдээд байсан би тухайн үед гагнуурынхаа утсыг цаашаа хараад эвхэж байхад Н энэ намайг хутга шаачихлаа гэхээр нь би Мад чи болиоч гэж хэлэхэд М, Н нар нь салсан. Тэгээд хоёр тийшээ болоод байж байхад Н нь цагдаа дуудаж байсан. Би орой болсон байсан учир гэр рүүгээ явсан тухайн үед ийм л зүйл болсон юм...Н нь Цахир дэлгүүрийн авто засварын ажилтан юм. М нь засварын газраас наашаа 3-4 дүгээр хаалганд амьдардаг. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй юм байна...М нь согтуу архи уусан байсан. Харин Н нь эрүүл ажлаа хийгээд буух гэж байсан. Нын зүүн гарын тохойны ар хэсэгт нэг удаа хутгалсан байсан. Мтай барилцаж авсан байх үед биед нь гэмтэл учраагүй байсан. Завжнаас нь бага зэргийн цус гарсан байсан. Өөрөө харагдах зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай: “...А.Нын биед зүүн бугалганд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. А.Нын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

              Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол /хх-ийн 7 тал/,

              Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол /хх-ийн 8 тал/,

              Мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтыг хураан авах тухай санал /хх-ийн 9 тал/,

              Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/,

              Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/,

              Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөрөн сумын 6 дугаар хороонд байлах авто засварын гадаа Нтой хэрүүл маргаан үүсгэж Нтой ноцолдох үедээ зүүн талын гарын тохойны ар хэсэг рүү хутгаар нэг удаа хатгаж гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...Би эмчилгээнд зарцуулаарай гэж Нын хүүхдийнх нь данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Нын мэдүүлэг, гэрч Г.Аийн мэдүүлэг, гэрч Ч.Бийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.М нь хохирогч А.Нын эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Мын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Д.Мын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ганхөлөг” авто засварын газрын гадаа хохирогч А.Нтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоо болон ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1.500.000 төгрөгийг нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан боловч  хохирогч А.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  хохирол төлбөрийн баримтыг  гаргаж  өгөөгүй байна.   

Хохирогч А.Н хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор цалин хөлс, орлогогүй болсон бол хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэх эрхтэй тул хохирогч цаашид гарах эмчигээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийддвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 400.000 төгрөгийг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Мыг хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 48-50 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн тодорхойлолт баримтуудаар шүүгдэгч Д.М нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай, ажлын хэсгийн 10 см урттай, хамгийн өргөн хэсэг 2.4 см хэмжээтэй, үзүүрээс 3.5 см зайд 1.7 см өргөн хэмжээтэй шар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч О овогт Дийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О овогт Дийн Мыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.    

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.М нь хохирогч А.Нод 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай, ажлын хэсгийн 10 см урттай, хамгийн өргөн хэсэг 2.4 см хэмжээтэй, үзүүрээс 3.5 см зайд 1.7 см өргөн хэмжээтэй шар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН