Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цын Пд холбогдох эрүүгийн 2238000000124 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.П нь Хөвсгөл аймгийн Шинэ-Мөрөн худалдааны төвөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогч О.Оийн эзэмшлийн С4 дүгээр лангуунаас богино түрийтэй арьсан гутал 2 ширхгийг, хохирогч Х.Оын эзэмшлийн С12 дугаар лангуунаас саравчтай булган малгай 1 ширхэг, булган алчуур 1 ширхэг, ноолууран малгай 1 ширхгийг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Тэнхлэг их дэлгүүрийн 2 давхрын лангуунаас хохирогч Б.Өийн ногоон өнгийн цамц 1 ширхэг, богино юбка 1 ширхгийг, хохирогч Б.Цгийн ногоон өнгийн цамц, босоо цагаан суудалтай хар хөх өнгийн плаж зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, нийт 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, Эрүүгийн 2238000000124 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Ц.П нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Мөрөн худалдааны төвөөс хохирогч О.Оийн эзэмшлийн С4 дүгээр лангуунаас богино түрийтэй арьсан гутал 2 ширхгийг, хохирогч Х.Оын эзэмшлийн С12 дугаар лангуунаас саравчтай булган малгай 1 ширхэг, булган алчуур 1 ширхэг, ноолууран малгай 1 ширхгийг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Тэнхлэг их дэлгүүрийн 2 давхрын лангуунаас хохирогч Б.Өийн ногоон өнгийн цамц 1 ширхэг, богино юбка 1 ширхгийг, хохирогч Б.Цгийн ногоон өнгийн цамц, босоо цагаан суудалтай хар хөх өнгийн плаж зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, нийт 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Пын өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ах маань Хөвсгөлд золголт хийх гэж ирсэн. Манай бэр эгч Хөвсгөлийн хүн юм. Би ахынхаа бага насны хүүхдийг харахаар ирсэн. Тэгээд ах маань хүүхэд харж байгаа юм чинь гээд мөнгө өгөөд гутал аваарай гэсэн. Би тэр мөнгийг нь алдчихсан байсан. Тэгээд мөнгөө алдсанаа хэлэхээс айгаад худалдагч нь байхгүй байсан лангуунаас гутал авсан. Тэгээд ах эгчдээ гутал авсан гэдгээ хэлэхгүй, өөр газарт үзье гээд явж байгаад юу болж байгаа бол гэж бодоод буцаж очиж харсан. Тэгж очихдоо булган малгай, бусад эд зүйлийг авсан. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Энэ үйлдлийг гаргаснаасаа хойш өдийг хүртэл буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч ойлгож байна. Хохирол учруулсан хүмүүсээсээ болон аав , ээж, ах, эгч нараасаа уучлалт хүсэж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Оийн өгсөн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед Шинэ Мөрөн захын С4 дүгээр лангуун дээрээ зогсож байгаад хальт урд лангуу руу яваад ирэх хооронд манай лангууны урд хойд хэсгээс богино түрийтэй арьсан гутал 2 ширхэг алга болсон байсан. Тэр хоёр гутал бор,  хар өнгийн хоёр гутал байсан. Тус бүрийг нь 160.000 төгрөгөөр зарж байсан шинэ гуталнууд юм. Би шууд доошоо очоод камер шүүж үзэхэд хөх пальто юм шиг хувцастай, урт түрийтэй хар өнгийн гуталтай, эрээн өнгийн даавуун тор үүрсэн, саарал өнгийн мөөгөн гэмээр малгайтай эмэгтэй ойр орчноо харж явж байгаад лангуунаас гутал аваад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Үүдний хэсгийн хяналтын камерыг шүүхэд 14 цагт гарч яваад ертөнцийн зүгээр зүүн зүгт яваад цаад захад зогсож байсан улаан хүрэн өнгийн приус маркийн автомашинд суугаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Тэгээд би цагдаад гомдол гаргасан юм... Би алдсан гуталнуудаа зарагдаж байсан үнээр нь буюу тус бүрийг нь 160.000 төгрөгөөр үнэлнэ. Би гутлаа хүлээж авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шалгаж хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Хохирогч Х.Оын өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Шинэ Мөрөн захын С12 дугаар лангуун дээрээс саравчтай булган малгай, булган алчуур, ноолууран малгай зэрэг эд зүйлс хулгайд алдсан. Хяналтын камер шүүхэд тухайн эд зүйлийг шаргал өнгийн пальтотой, түрийтэй хар гуталтай, цагаан маск зүүсэн эмэгтэй хүн авч гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан... Би саравчтай эмэгтэй булган малгайг 280.000 төгрөгөөр, булган алчуурыг 350.000 төгрөг, цагаан ноолууран малгайг 85.000 төгрөгөөр үнэлнэ...Би эд зүйлсээ харлаа. Бүрэн олдсон байна. Эд зүйлсээ олж авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй. Хулгай хийсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Хохирогч Б.Өийн өгсөн: “...Би Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Тэнхлэг их дэлгүүрийн 2 давхрын лангуун дээр хувцас бараагаа худалдаалж хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би хажуугийн лангууны эгчдээ бараагаа захиад гадуур явсан байх хойгуур өлгөөтэй байсан бараанаас ногоон өнгийн, урт бүстэй ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн судалтай богино юбка 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нэг эмэгтэй хүн орж ирээд аваад гарч байгаа харагдаж байсан. Би хяналтын камераа шүүж үзээд мэдэж ирсэн. Тухайн өдөр Шинэ Мөрөн худалдааны төвөөс эд зүйл алдсан гээд бичлэг нь фейсбүүк зар дээр тавигдсан байсан. Тэр бичлэг дээр гарч байсан эмэгтэй мөн байсан...Би тус бүрийг нь 50.000 төгрөгөөр зарж байсан. Тэр үнээрээ үнэлнэ. Би алдсан эд зүйлсээ буцаагаад авчих юм бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний алдсан ногоон өнгийн урт бүстэй ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн судалтай богино 1 ширхэг хувцас мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Хохирогч Б.Цгийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах, Тэнхлэг худалдааны төвийн 2 дугаар давхарт бэлэн хувцас зардаг. 2022 оны 03 дугаар сарын эхээр бараагаа үзэж шалгахад миний зарж байсан бараанаас ногоон өнгийн нимгэн цамц алга болсон байсан. Тэр нимгэн цамц алга болсонг яаж мэдсэн бэ гэхээр тэр цамц нь юбкатай хос цамц байсан юм. Юбка нь байгаад цамц нь байхгүй байсан болохоор би алга болсон байна гэж бодож байсан. Тэгтэл өчигдөр цагдаагаас хүн ирж надтай уулзаад танай эндээ бэлэн хувцас алдагдсан уу гээд надад бэлэн хувцас үзүүлэхэд миний зарж байсан ногоон цамц, босоо цагаан судалтай хар хөх өнгийн плаж зэрэг мөн байсан. Би өөрөө бол ногоон цамцаа алдсан гэдгээ мэдэж байсан. Хар хөх өнгийн плажаа алдсанаа мэдээгүй байсан. Гэхдээ хар хөх өнгийн плажийг би хараад таньж байна, миний зарж байсан плаж мөн байна... Би хар хөх өнгийн плажаа 50.000 төгрөгөөр, ногоон өнгийн нимгэн цамцаа 40.000 төгрөгөөр зарж байсан. Ногоон өнгийн цамц нь юбкатайгаа хосоороо 80.000 төгрөгөөр зарагдаж байсан. Юбка нь бол манай дэлгүүр дээр байна лээ. Би эдгээр хувцасаа зарагдаж байсан үнээр нь үнэлнэ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эд зүйлээ хүлээн авлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Гэрч М.Огийн өгсөн: “...Ц.П нь манай нөхрийн маань дүү юм. .. Манай гэр бүл золгуут хийхээр ирсэн юм. Би өөрөө Хөвсгөлийн хүн болохоор манай хамаатнууд Хөвсгөлд байдаг юм. Пыг бол хүүхдээ харуулах санаатай дагуулж ирсэн юм...Өнөөдөр манайхан буцах гэж байсан. Манай нөхөр машины сэлбэг хүлээгээд байж байх хооронд хадам дүү П ганц нэг гутал хувцас авна гээд худалдааны төвүүдээр орсон. Нөхөр бид хоёр бол дагаж ороогүй. Гадаа нь хүлээж байсан. Нас биед хүрсэн хүн болохоор өөрөө ороод юмаа үзэж хараад авсан байхаа. Би уг нь ганц гутал ч гэсэн аваад өмсчих гээд хэдэн төгрөг өгсөн байсан юм. Тэр мөнгөөрөө л гутал авна энэ тэр гээд зах худалдааны төвүүдээр орсон. Тэр Шинэ Мөрөн гээд худалдааны төв рүү эхэлж нэг ороод гарч ирээд гутлын лангуу нь онгойгоогүй байна гэж хэлээд тэндээс буцаад бараан зах руу ирсэн. Тэгээд зах руу ороод гарч ирээд дахиад Шинэ Мөрөн орьё гэж хэлээд явсан. Тэгэхээр нь Шинэ Мөрөн захын гадна очоод буулгасан чинь ороод гарч ирэхдээ уг нь гутал байна, гэхдээ мөнгө нь болохгүй байна, уг нь таарч байна гэж хэлсэн. Тэгээд дахиад зах руу яваад такси зогсоолын тэнд зогсоогоод өөрөө дотогшоо орсон. Тэгээд явж байгаад гарч ирээд дахиад Шинэ мөрөн орьё, нөгөө гутлаа л авахаас гэж хэлсэн. Тэгээд дахиад Шинэ Мөрөн орсон. Тэндээс гутлаа авчихлаа гэж хэлээд гарч ирсэн. Би болсон юм уу гэсэн чинь болсон гэсэн. Нөхөр бид хоёр урд сууж явсан болохоор нэг их анзаараагүй. Хойно ганцаараа сууж явсан болохоор юмаа эмхэлье гээд л цүнх энэ тэр ухаад л байсан. Би за очиж байгаад л үзье гэж хэлээд явсан. Тэндээс манай нөхөр яваад 13 дугаар баг ороод сэлбэгээ авсан. Тэгээд П ариун цэврийн хэрэглэл авья гэхээр нь 4 дүгээр багийн Эрхэс дэлгүүрийн гадна очоод зогсож байтал цагдаа хүрч ирээд шалгах шаардлагатай байна гээд дагуулж ирсэн... Би тэр талаар бол ер мэдээгүй. Цагдаагийн газарт ирээд Пыг цагдаа аваад орсон. Тэгсэн чинь над руу намайг уучлаарай, өөрийн хийсэн хулгайгаас болж та хоёрыг баллаж байна гэсэн утгатай зүйл бичсэн байсан.. Өөрөө ийш тийшээ гардаггүй, байнга л гэрт байж байдаг хүүхэд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

Гэрч Ц.Огийн өгсөн: “...Ц.П нь манай дүү байгаа юм. .. Өнөөдөр бид нар явахаасаа өмнө машины сэлбэг авахаар болоод сэлбэг задаргаа арай болоогүй байна гэхээр нь Пд нэг гутал энэ тэр аваад өгчихье гээд Шинэ Мөрөн зах орсон. П эхлээд очиход ганцаараа ороод гарч ирэхдээ гутлын лангуу нь онгойгоогүй байна гэж хэлсэн. Тэгээд хойшоо зах орсон. Зах руу П ганцаараа ороод буцаж гарч ирэхдээ энд олигтой юм алга байна дахиад Шинэ Мөрөн орьё гэхээр нь дахиад Шинэ Мөрөн орсон. П Шинэ Мөрөн зах руу дахиад ганцаараа орсон. Тэндээс гарч ирээд нэг гутал авчихлаа гэж хэлсэн. Тэгээд би задаргааны хүн болчихлоо гэхээр нь очиж сэлбэгээ аваад хойд Эрхэс худалдааны төв дээр байж байтал цагдаа ирээд шалгах шаардлагатай гээд авч ирсэн. Эхнэр бид хоёр бол хамт ороогүй болохоор зах, худалдааны төвүүдээс П юуг хэрхэн авсан талаар мэдэхгүй. Авсан юмаа ч П үзүүлж харуулаагүй. Авчихлаа болчихлоо гэж байсан. Хойд суудалд ганцаараа сууж явсан, эхнэр бид хоёр урд суудалд суугаад хүүхэдтэйгээ зууралдаад явж байсан. Ядаж байхад манай хүүхэд өнөөдөр бас жаахан халуураад болдоггүй... Шинэ Мөрөн захаас Пыг гутал авсан байна гэж ярьж байсан..., П одоогоор бол манайд л байж байна даа. Ажил хийхээр гар нь хагараад харшилтай гээд болдоггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №2245617200273 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт байрлах Шинэмөрөн худалдааны төвийн лангуунаас хулгайд алдагдсан 9 нэрийн барааны нийт үнэлгээг 1.225.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45 тал/,

Шүүгдэгч Ц.Пын яллагдагчаар өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бэр эгч маань өөрийн ах, дүү нараар золгуут хийхээр ирсэн. Ингээд 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг руу буцахаар болж буцахынхаа өмнө надад 240,000 төгрөг өгөөд “эгчийн дүү гутал хувцас муутай юм чинь, наадахаараа гутал хувцас аваад өмсчих” гэсэн. Тэгээд би ах О, бэр эгч О нарын хамт Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Мөрөн” худалдааны төв ороод ах эгчийг хүлээж байгаараа гэж хэлээд Шинэ-Мөрөн зах руу орж юм сонирхож яваад, эгчийн надад өгсөн мөнгийг хаячихсан. Тэгээд эгчид өгсөн мөнгийг нь алга болгочихсон гэж хэлэхээс айгаад “Шинэ-Мөрөн” захын гутлын лангууны хажууд нэлээн хэсэг зогсож байгаад зориглоод богино түрүүтэй хар болон бор өнгийн гутал авсан. Авсан гутлаа цүнхэндээ хийгээд шууд ахынхаа машинд суусан. Намайг ахын машинд суухад ах, эгч хоёр байсан бөгөөд би тэр хоёрт “олигтой гутал байхгүй байна, төв лүүгээ нь орж өөр дэлгүүр оръё” гэж хэлээд “Тэнхлэг” нэртэй дэлгүүр орсон. Би тэр дэлгүүрээс ногоон өнгийн ноосон цамц нэг ширхэг цагаан саарал өнгийн юбка нэг ширхгийг авсан. “Тэнхлэг” нэртэй дэлгүүрээс гараад гутал хулгай хийсэндээ санаа зовоод намайг мэдсэн болов уу, яасан бол гэж бодоод ах, эгч хоёр хүйтэй байна хувцсаа давхарлаж өмсье гэж хэлээд хувцсаа солиод “Шинэ-Мөрөн” зах руу дахиад орсон. Тэгээд гутал хулгай хийсэн лангуун дээрээ очиход хүн байхгүй, намайг хулгай хийсэн гэдгийг мэдсэн шинжгүй байхаар нь тайвшраад өөр лангуун дээр булган алчуур байхаар нь ээждээ өгөх гэж авсан. Мөн өөртөө ноолууран малгай авсан. Манай ээж хүнд өвчтэй учраас ээжийгээ баярлуулъя гэж бодсон. Тэгээд Шинэ-Мөрөн захаас гараад удаагүй цагдаад баригдсан... Ах, эгч хоёр намайг хулгай хийхийг мэдээгүй. Би ах, эгч хоёроо хулгай хийсэн хувцсаа үзүүлээгүй. Цагдаа ирсний дараа эгч, ах хоёр намайг хулгай хийснийг мэдсэн... Нэгдүгээрт өөрийнхөө салан байдлаас болж мөнгөө хаяд тэрийгээ залруулах гэж хулгай хийсэн. Хоёрдугаарт ээжийгээ баярлуулъя гэж бодсон. Өөр санаа зорилго байгаагүй. Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхийг шахаж шаардсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 55-56 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/,

Эд зүйл/ баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20, 24, 28, 32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.П нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Мөрөн худалдааны төвөөс хохирогч О.Оийн эзэмшлийн С4 дүгээр лангуунаас богино түрийтэй арьсан гутал 2 ширхгийг, хохирогч Х.Оын эзэмшлийн С12 дугаар лангуунаас саравчтай булган малгай 1 ширхэг, булган алчуур 1 ширхэг, ноолууран малгай 1 ширхгийг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Тэнхлэг их дэлгүүрийн 2 давхрын лангуунаас хохирогч Б.Өийн ногоон өнгийн цамц 1 ширхэг, богино юбка 1 ширхгийг, хохирогч Б.Цгийн ногоон өнгийн цамц, босоо цагаан суудалтай хар хөх өнгийн плаж зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, нийт 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Ц.Пыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Пын үйлдэл идэвхтэй, хохирогч нарын эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Пыг  бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, нийт 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Пын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.От 320.000 төгрөгийн хохирол, Х.Оад 715.000 төгрөгийн хохирол, Б.Өт 100.000 төгрөгийн хохирол, Б.Цд 90.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.  

Хавтаст хэрэгт хохирогч Х.Ө нь “хэргийн  материал танилцуулсан  тэмдэглэл”-д надад гомдол санал байхгүй, эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан гэх тайлбар, хохирогч Х.О нь “хэргийн  материал танилцуулсан  тэмдэглэл”-д надад гомдол санал байхгүй, эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан гэх тайлбар, хохирогч О.О нь “хэргийн  материал танилцуулсан  тэмдэглэл”-д надад гомдол санал байхгүй, эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан гэх тайлбар, хохирогч Б.Ц нь “хэргийн  материал танилцуулсан  тэмдэглэл”-д надад гомдол санал байхгүй гэх тайлбар тус тус гаргажээ.

Мөн хохирогч О.О, Х.О, Б.Ө, Б.Ц нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.П нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Пыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ц.Пын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Пд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 58-62 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.П нь ам бүл 1, ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Тахилт 01-07 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Пын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ц.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах...” үүрэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “..оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх..” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.П нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 заасныг баримтлан шүүгдэгч Ц.Пд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэгсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Пд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

      6. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН