| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0171/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 45
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Л.Солонго
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг
Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/169 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Н.Э өд холбогдох 1728000970095 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Даланзадгад суманд 1979 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Өмнөговь аймаг, ......................... гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Жороо морьт овгийн Н.Э , регистрийн дугаар ....................,
Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Дархан гэх газрын заган ойгоос зөвшөөрөлгүйгээр 8 м3 загийг 50-88 ӨМӨ улсын дугаартай Пронтер маркийн өөрийн эзэмшлийн автомашинаар тээвэрлэж, бэлтгэж, байгаль хамгаалах санд 2160000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, Н.Э өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Н.Э ийн эзэмшлийн 50-88 ӨМӨ улсын дугаартай Пронтер маркийн автомашин, 8 м3 загийг битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Мөнхтулга эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлийн 1-т прокурорын зөвшөөрлөөр хийх ажиллагааг нэг бүрчлэн дурдсан бөгөөд эд мөрийн баримтыг битүүмжлэх ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр хийх ажиллагаа биш байна гэсэн үндэслэлүүдээр буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дaxь хэсэгт ...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана... гэсэн байхад шүүх гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тогтоогоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх... гэж заасан байхад гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тогтоогоогүй.
Хэрэгт авагдсан яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь яллагдагч Н.Э ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би өөрийн эзэмшлийн ачааны машинаар гэрээс зүүн урд 20 гаруй км-т байдаг Загийн хонд гэдэг газраас заг түүж тэр өвөлжөө хондыг загаар барьсан....миний түүсэн Загийн хоолой гэдэг газар тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаардаггүй юм “ гэж мэдүүлсэн нь яллагдагч Загийн хонд гэх газраас заг түүсэн нь нотлогдож байхад гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь тогтоогдоогүй гэж хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй байна.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн газрын нөхөн үзлэг хийж заг түүсэн газрын координатыг тогтоож, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газрын харилцаа барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Т аас уг координатыг талаарх тодорхойлолтыг Цагдаагийн газрын албан бичгээр хандаж, гаргуулж хэрэгт хавсаргасан.
Дээрх тодорхойлолтыг шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт ...энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй... гэж заасан заалтын шаардлагыг хангаагүй гэжээ.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т “...оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг...” гэж заасан байхад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газрын харилцаа барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Т ийг оролцогч гэж тодорхойлсон нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газрын харилцаа барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Т нь төрийн албан хаагч бөгөөд дээр тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий субъект байна.
Мөн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокурорын зүгээс гаргаж өгсөн гэмт хэрэг гарсан газар нь тусгай хамгаалалттай газар нутагт орж буй эсэхийг лавласан албан бичиг, тодорхойлолтод дүгнэлт хийлгүйгээр хэргийн нотлох баримтад өөрчлөлт ороогүй гэж дүгнэлт хийсэн нь хэт өрөөсгөл болжээ.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36, а/68 дугаартай хамтарсан захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан журмаар хэрэгт хураан авсан эд мөрийн баримт нь овор хэмжээ ихтэй Овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэргийн хамт хүлээн авах, хадгалах боломжгүй бол... гэж заасан байх тул эд мөрийн баримтыг шүүхэд заавал шилжүүлэх шаардлагагүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шийдвэрээр битүүмжлэх ажиллагааг явуулж болох бөгөөд прокурорын шийдвэр нь хууль зөрчөөгүй, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн загварын дагуу үйлдэгдсэн, прокурорын зөвшөөрөл хэлбэрээр гаргаж байгаа шийдвэр юм.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/169 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэсэн байхад, шүүх гэмт хэрэг хэзээ, хаана гарсан байдал, хэзээ, хаана үйлдэгдсэн байдлыг тогтоогоогүй үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн байна. Эсэргүүцлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлана. Үүнд: шүүгдэгч Н.Э нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар, шүүх хуралдааны явцад шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө загийг “Загийн хонд гэх газрын заган ойгоос түүсэн гэдгээ өөрөө мэдүүлдэг. Координатаар авсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн координатаар тогтоогдог. Тогтоож өгсөн газар бол хаана болсон гэдгийг тодорхой нотлох баримтаар хэрэгт цугларсан гэж үзэж байгаа. Хэрэг учрал болсон газар нь тухайн Гурван тэс сумын “Дархан” гэх газрын ойролцоогоос загийг түүсэн гэдэг нь нотлогдсон байхад хэрэг учрал хаана үйлдэгдсэн нь тогтоогдоогүй байна гэж буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар цугларсан газрын харилцаа барилгын хот байгууллагын харилцааны мэргэжилтэн Т.Т-ийн гаргаж өгсөн тодорхойлолтыг шаардлага хангахгүй гэж үзсэн байна. Т.Т-ийг хэргийн оролцогч гэж тодорхойлсон нь буруу, хуулийг буруу хэрэглэсэн. Цагдаагийн тасгийн албан бичгийн дагуу Т.Т-аас тодорхойлолтыг гаргаж авсан. Т.Т нь өөрөө хэргийн оролцогч биш буюу тухайн хэрэг мөрдөгчийн даалгаснаар тухайн газрын координатаар тэр газар нь тусгай хамгаалалтай газар биш үү гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн эрх бүхий субъект байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэргийг шүүхэд хэргийг шилжүүлэхэд овор хэмжээний болон бусад шалтгаанаар эд мөрийн баримтыг хэргийн хамт хүргүүлэх боломжгүй болсон учир Л.Далайжаргалд хариуцуулан хадгалах үүргийг хүлээлгэсэн. Мөн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокурорын зүгээс гэмт хэрэг гарсан газар нь тусгай хамгаалалтай газар нутагт хамаарх эсэх талаарх тодорхойлолтуудыг гаргаж өгсөн байхад, анхан шатны шүүхээс хэргийн нотлох баримтад өөрчлөлт ороогүйгээс хэргийг хүлээн аваад шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг анхан шатны шүүх өөрөө хангаагүй хэргийг эцэслэн шийдээгүй гэсэн үндэслэл тогтоогдож байгаа тул эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Н.Э нь 2017 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Гурван тэс сумын “Дархан” гэх газрын загийн ойгоос 8 м куб загийг зөвшөөрөлгүйгээр 5088 УНБ улсын дугаартай пронтер маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн 2160000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 05 дугаар сарын 15 өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 169 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Хэрэгт авагдсан Н.Э ийн яллагдагч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай тогтоосон. Гурвантэс сумын газрын харилцаа хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн нь төрийн албан хаагч бөгөөд тухайн координатад заасан газрын тусгай хамгаалалтай газарт хамаарах эсэх талаар мөрдөгчийн даалгасанаар дүгнэлтийг гаргаж өгөх эрх бүхий субъект. Харин түүнийг анхан шатны шүүхээс хэргийн оролцогч гэж тодорхойлж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эд мөрийн баримтыг шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана гэсэн заалтын дагуу анх хэргийг мөрдөж байсан Л.Далайжаргалд хариуцуулан хадгалуулах үүргийг хүлээлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл, гэж үзэх үндэслэлгүй байна. Прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Анх гэмт хэрэг хэзээ, хаана гарсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/169 дугаартай шүүгчийн захирамжид заасан дүгнэлтэд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул 169 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/06А дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.
Анхан шатны шүүхээс яллагдагч, шүүгдэгч Н.Э нь Гурвантэс сумын Тост багийн Загийн хонд гэх газраас заг түүсэн талаар мэдүүлсэн байхад хэрэгт авагдсан мөрдөгч болон прокурорын зүгээс хийсэн бүхий л ажиллагааны эрхийн актад “Дархан” гэх газраас заг түүж, “Дархан” гэх газарт гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон талаар дурдсан нь гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тогтоогоогүй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газрын харилцаа хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Т ийн Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн тодорхойлолт нь дангаараа нотлох баримт болохгүй, “Загийн хонд”, “Дархан” гэх газрууд нь улсын хамгаалалттай газар нутагт хамаардаг эсэх талаар хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар тогтоох ажиллагаа хийх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 50-88 ӨМӨ улсын дугаартай пронтер маркийн автомашин, 8м3 загийг шүүхэд ирүүлэх гэж тус тус дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн хавтас хэргийн 63 дугаар хуудсанд Гурвантэс сумын газрын харилцаа хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Т ийн тус сумын Цагдаагийн тасагт ирүүлсэн тодорхойлолтод заасан координатыг Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.П-ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/111 дугаартай албан бичигт бичигдсэн координаттай харьцуулахад зөрүүтэй бичигдсэн бөгөөд дээрх зөрүүтэй бичигдсэн координатын зөрүүг арилгаагүй байна.
Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан гэх газрын координатыг тусгаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь “Дархан”, “Загийн хонд” гэдэг газрыг хоёр өөр газар гэж тайлбарласан болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг хэзээ, хаана яаж үйлдсэнийг мөрдөн байцаах шатанд нотлоогүй гэж үзэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/169 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Н.Э өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
П.ДОЛГОРМАА