Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0138 |
Огноо | 2014-03-26 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2014/0138
Иргэн Б.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ч.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.С-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 122 дугаар тушаалын Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 1128 дугаар тушаалын дагуу Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг 6 чиглэлээр шалгах үүрэг авч, 5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэл болон санхүү, архив, дотоод ажил түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан. Шалгалт хийхдээ Б.С-г биечлэн оролцуулж хувийн хэргийг нь авч шалгасны дагуу зөрчлийн тэмдэглэл үйлдэж, өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулж, тайлбар авсан.
Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж зохион байгуулагдсанаас хойш 2009 онд иргэний бүртгэлийн чиглэлээр хэсэгчилсэн шалгалт, 2011 онд иж бүрэн шалгалт хийсэн. 2012 оны шалгалт нь 2011 оны шалгалт, түүний гүйцэтгэл, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, биелэлт зэргийг шалгасан гэнэтийн шалгалт байсан бөгөөд Б.С-ийн хувьд шинээр үүсгэн байгуулагдсан 152, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 91, 2012 онд нийт 233 бүртгэл хийснээс түүвэрчлэн шалгалт хийхэд процессын шинжтэй 25 зөрчил, хууль тогтоомж зөрчсөн 35 зөрчил нийт 60 гаруй зөрчил илэрсэн. Улсын бүртгэлээс шалтгаалсан шинжтэй үйл ажиллагаа, бүртгэл хөтлөх үйл ажиллагаа нь хангалтгүй байна гэж үзсэн.
Засгийн газрын 2004 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан ”Улсын бүртгэлийн дэвтэр хөтлөх журам”-д заасны дагуу үүсгэн байгуулах баримт бичиг болон улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгэхдээ архиваас хувийн хэрэг татан авч өмнөх нотлох баримтуудыг хянаагүй, нэмэлт өөрчлөлтөд холбогдох нотлох баримтуудыг архивын хувийн хэрэгт нэгтгээгүй, улсын бүртгэлийн жагсаалтын дэвтэрт бүртгэлийн талаарх мэдээллийг хөтлөөгүй байсан нь улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааны ноцтой зөрчил юм.
Дээрх шалгалтын дүнг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, удирдлагуудад танилцуулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журамд заасны дагуу Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст шалгалт хийсэн дүнг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасны дагуу зөвлөлийн хурлаар хэлэлцээд улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.С-г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд нэг жил ажиллах эрхгүйгээр халсан.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн даргын баталсан "Маргаан хянан шалгах комисс”-ын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр "Шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн болон улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулсан нийт 243 бүртгэл хийснээс 35 бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн” болохыг тус газрын бүртгэлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар тогтоосон. Эдгээр зөрчилтэй бүртгэлийг хийхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-11.5.4 дэх заалтуудыг зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Баян-Өлгий аймгаас зөрчлийг илрүүлсэн илтгэх хуудсыг хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Өнөөдрийн хувьд тус хэргийн материалд авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэхэд боломжтой гэж үзэж байна.
Иймд улсын бүртгэгч Б.С-д 2013 оны 122 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 122 дугаар тушаалын Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн дээрх шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.С-ийн бүртгэлийн ажлыг шалгахад илэрсэн 35 зөрчлөөс 15 нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэжээ.
Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд 'Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаас үзэхэд эдгээр 15 зөрчлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.
Учир нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хийгдсэн шалгалтын тайлантай хариуцагч 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танилцаж, түүнчлэн уг шалгалтын дүнг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааныг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдуулсан бөгөөд уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.С-г Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасны дагуу төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа бөгөөд энэхүү шийдвэр нь дээрх хугацаанд багтаж байгаа болно.
2. Мөн анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн үндэслэх хэсэгт Б.С-ийн гаргасан зөрчлүүд нь ноцтой биш, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн талаар дурджээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өөрийн харьяалах нэгж, улсын бүртгэгч нарт үе шаттайгаар сургалт, семинарыг зохион байгуулж, улсын бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зааварлах, түүнчлэн шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг байнга сурталчлан ажиллаж ирсэн болно.
Нөгөө талаар тус газар өөрийн харьяалах нэгжийн бүртгэл, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд холбогдох хянал шалгалтыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү хяналт шалгалтын үйл ажиллагаа нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх эсэх асуудлын талаарх саналыг төлөвлөн эрх бүхий этгээдэд тавьж шийдвэрлүүлэхэд чиглэгддэг билээ.
Улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.С-ийн бүртгэлийн ажлыг тус газрын Бүртгэлийн хяналтын газраас зохион байгуулсан өмнөх шалгалтуудад илэрсэн зөрчлүүдэд холбогдох заавар, зөвлөгөөг өгч ажилласан байх ба 2012 оны 12 дугаар сард Бүртгэлийн хяналтын газраас зохион байгуулсан шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь улсын бүртгэл, түүнтэй холбоотой үйл ажиллагааны ноцтой зөрчлүүд бөгөөд анхан шатны шүүх хэт нэг талыг барин, уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй юм.
Б.С-ийн гаргасан зөрчлүүд нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд энэ нь Б.С-ийн холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, нөгөө талаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр юм.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Б.С нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд хариуцагчаас “бүртгэл хийхдээ холбогдох хууль, журмыг мөрдөж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр ажлаас халжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа буюу давтан үйлдсэнийг харгалзаж, гэм бурууд нь тохирсон шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.
Хариуцагчаас “Б.С нь хуулийн этгээдийн 243 бүртгэл бүртгэснээс 35 бүртгэлийг алдаатай бүртгэсэн буюу архиваас хувийн хэрэг татан авч, өмнөх нотлох баримтыг хянаагүй, улсын бүртгэлийн жагсаалтын дэвтэрт бүртгэл хөтлөөгүй” хэмээн буруутгасан байна.
Эдгээрээс 15 бүртгэлд холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл бүртгэл үйлдсэнээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул сахилгын шийтгэл оногдуулах, энэхүү үндэслэлээр хариуцлага тооцох боломжгүй.
Хариуцагчаас “илрүүлснээс хойш хуулийн хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг хоёр өөр хугацаанаас эхлэн тоолохоор тус тусад нь зохицуулсан байх бөгөөд зөрчил илрүүлсэн хугацаанаас гадна зөрчил үйлдсэн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор заасан, нэхэмжлэгчийн тухайд зөрчил гаргаснаас хойш хариуцлага тооцох хугацаа дууссан учир дээрх бүртгэлээс 15 бүртгэлд холбогдох хэсэгт нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Харин нотлох баримтын бүрдэл дутуу, хуулийн этгээдийн хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээгүй бүртгэл хийсэн, өмнөх баримттай тулгаагүй зэрэг 20 бүртгэлийн тухайд нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтыг бүртгэхдээ дутуу бүртгэсэн, зарим баримтыг нягтлан шалгаагүй буруутай үйлдэл байгаа боловч компьютерын программ нэвтрүүлсэнтэй холбоотой бүртгэлд саатал үүсч байсан, архивын баримт эмх замбараа муутайгаас хувийн хэргийг эрэх, хайхад хугацаа нэлээд шаарддаг байсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Шалгалт хийсэн дүнгийн тухай илтгэх хуудас, Архиваас хувийн хэрэг захиалан авах, буцааж өгөх захиалгын хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тухайн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдал, ажиллах боломжоор хангаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байгааг сахилгын шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэх ёстой.
Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн бүртгэл алдаатай, дутуу бүртгэсэн үйлдлийг цаг тухайд нь илрүүлж, алдааг засах боломж олгоогүй атлаа шууд ажлаас халах шийтгэлийг оногдуулсан нь буруу бөгөөд гаргасан зөрчилд тохирсон шийтгэл биш байна.
Хариуцагчаас “урьд нь шалгаж, зөвлөмж, мэдэгдэл бичиж байсан” гэж маргаж байгаа боловч хуулийн этгээдийн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэгчид чиглэж зөвлөмж гаргасан, хариуцлага тооцсон баримт байхгүй тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь: