Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00169

 

Б.Ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00323 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 734 дүгээр магадлалтай,

Б.Ны нэхэмжлэлтэй

Э.Бд холбогдох

Автомашин захиалгын болон худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэвээндарийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н приус автомашин захиалгаар оруулж ирнэ гэсэн фэйсбүүкт тавьсан зарын дагуу 99068186 дугаараар анх Э.Бтай холбогдож автомашин захиалахаар болж 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл захиалгын гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулсан. Анх тээврийн хэрэгслийн үнийг 6 000 000 төгрөгөөр тохиролцож, 4 000 000 төгрөгийн урьдчилгааг Э.Бгийн нэрлэн заасан хамтран ажилладаг гэх Э.Аийн 5925187913 тоот данс руу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Анх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр боронзон бор өнгийн 2010 оны приус-20 автомашины урьдчилгаа 4 000 000 төгрөгийг одоо өгч, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг автомашин орж ирэх өдөр өгч тээвэр, гаалийн татвараа төлөхөөр тохиролцсон. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Э.Бтай холбогдож автомашин ирж байгаа эсэхийг асуухад Замын-Үүдэд ирсэн, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Сонсголонд ирсэн гэж хэлсэн. Э.Б Да хүрээ зах дээр автомашины сэлбэг зардаг, харин Япон улсаас тээврийн хэрэгсэл оруулж ирдэггүй, хуурагдсанаа мэдэж, 2018 оны 8 дугаар сарын 27-нд гэрт нь очиж уулзахад чи явдаг газраараа яваад олж ав гэж хэлээд утсаа авахаа больсон тул автомашин захиалгын болон худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Нтай фэйсбүүк холбогдож, автомашин захиалахаар тохиролцож байгаагүй. Б.Н өөрөө Э.Атэй цахим сүлжээгээр холбогдож автомашин захиалсан байсан. Нэхэмжлэгчийг Э.А миний сайн дүү, эхнэр нь удахгүй төрөх гэж байгаа надад автомашин захиалсан, эхлээд 4 000 000 төгрөг авч байгаа, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг өгөхгүй байж магадгүй тул гэрээ байгуулаад өгөөч гэж гуйсан, Маргааш нь нэхэмжлэгчийн дүү нь гэрээ байгуулья гэж ярьсан. Би Б.Наас бэлнээр болон дансаар мөнгө аваагүй. Би Э.Атэй 2018 оны 6 сард танилцсанаас хойш цахим сүлжээгээр холбоотой байсан боловч 23 000 000 төгрөгөө залиулсан. Энэ талаараа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан. Э.А Монгол Улсад байхгүй, залилангийн хэргээр Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00323 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагчаас 4 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 79 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 734 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ны автомашин захиалгын болон худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэвээндарь хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар: 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн, өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин захиалгын болон Худалдах худалдан авах гэрээнд заасан тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд Э.Б нь өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хохирлоо шаардах эрхтэй юм. 2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж, худалдах-худалдан авах гэрээний төлбөрт урьдчилан төлсөн 4 000 000 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр Э.Бгийн хамтарч ажилладаг гэх н.Э.Аийн дансанд приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөр гэх утгаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Э.Бтай гэрээ байгуулаагүй байсан бол, мөн Э.Б тухайн дансыг Э.Б.Нд өгөөгүй бол үл таних этгээдийн данс руу Б.Н нь тээврийн хэрэгслийн үнийг шилжүүлэх учиргүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр Э.Бгийн нэрлэн заасан дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсоныг давж заалдах шатны шүүх үгүйсгэж чадаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Э.Бд холбогдуулан автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзахдаа “...Би Б.Ныг танихгүй, нэхэмжлэгч нь өөрөө Э.Атэй цахим сүлжээгээр холбогдож машин захиалсан байсан, ...Э.А нь Б.Ныг миний сайн дүү, машин захиалсан, үлдэгдэл 2 сая төгрөгөө өгөхгүй байж магадгүй, гэрээ байгуулаад өгөөч гэж гуйхаар нь гэрээнд гарын үсэг зурсан, Б.Наас мөнгө аваагүй, би өөрөө Э.Ад залилуулсан...мөнгөө авч чадахгүй байгаа...” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэж, хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохигч талууд бичгээр гэрээ байгуулж, Э.Б нь гэрээний 1.1-д заасан ...эрхийн доголдолгүй автомашиныг захиалж авчран, хүлээлгэн өгөх, худалдан авагч Б.Н нь урьдчилгаа 4 000 000 төгрөг төлөх, үлдэх 2 000 000 төгрөгийг 2018.12.20-ны өдөр төлөх үүрэг тус тус хүлээж, талууд гарын үсгээ зурсан баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч Э.Б нь гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэснээс гадна Б.Н, Э.А нар автомашин худалдах, худалдан авахаар тохирсон, Э.А нь түүнтэй танил учраас мөнгөө өгөхгүй байж магадгүй, гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйсны дагуу гарын үсэг зурсан гэж, нэхэмжлэгч нь фэйсбүүкт тавьсан зарын дагуу Э.Бтай холбогдож, автомашин захиалахаар болж гэрээ байгуулсан, түүний хэлсэн дансанд нь 4 000 000 төгрөг шилжүүлсэн гэж тус тус мэтгэлцжээ.

Гэрээнд автомашин худалдах, худалдан авах тухай агуулгыг тусгаж, автомашин нийлүүлэх үүрэг бүхий этгээд нь Э.Б, харин Б.Н нь үнийг төлөх тус тусын хүсэл зориг илэрхийлэгдсэн, талууд гарын үсгээ зурсан нь хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэсэн байна. Хариуцагч нь эрх зүйн чадамжтай болохоос гадна гэрээний агуулга тодорхой, ойлгомжтой тусгагдсан байхад гарын үсэг зурснаар хэлцэл байгуулсан, хэлцлийн эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй юм.

Гэрээний дагуу автомашиныг гадаадаас авчирч, шилжүүлээгүй, харин Б.Н нь 2018.08.02-ны өдөр 4 000 000 төгрөгийг Э.Аийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх гэрээ байгуулагдсан, гэрээнээс татгалзах үндэслэл, журмын талаар Иргэний хуулийн 43, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Н нь урьдчилгаа мөнгийг гэрээний нөгөө талд шилжүүлсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, хийвэл зохих дүгнэлтийг хийх замаар зөвтгөсөн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан этгээдэд хүлээлгэн өгнө гэж заасан ба Б.Н нь урьдчилгаа төлбөрийг Э.Бгийн хэлсэн дансанд шилжүүлсэн гэж баримт гаргасан боловч хариуцагч Э.Б гэрээний дагуу мөнгө аваагүй гэж татгалзсан үйл баримтыг давж заалдах шатны шүүх уг зохицуулалтын дагуу дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд зохигчийн байгуулсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг өөр этгээдэд хүлээлгэн өгөхийг заагаагүй байхаас гадна хариуцагч Э.Б Э.Аийн дансны дугаарыг өгсөн гэдгийг Б.Н баримтаар нотлоогүй тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн, хариуцагч нь 4 000 000 төгрөгийг аваагүй тул гэрээнээс татгалзахад талуудын хувьд өгсөн авснаа буцаах үр дагавар үүсээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, зөв тайлбарласан атлаа магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдааг залруулж, магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 734 дүгээр магадлалын 1 дэх заалтад “...шийдвэрийг хүчингүй болгож гэсний дараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул...” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 79 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА