Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/336

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн, 

улсын яллагч Н.Уранбайгаль /тээврийн прокурор/, 

шүүгдэгч С.Г нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г-т холбогдох **************** дугаартай эрүүгийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Г нь “2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Парапокс төвийн хойд замд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаг явган зорчигч 54 настай, эрэгтэй Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Г нь “2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Парапокс төвийн хойд замд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаг явган зорчигч 54 настай, эрэгтэй Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г-н гарган өгсөн  “…Миний бие Г  нь Г аас эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг авсан одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 97 тал/, мөн “...би хохирол төлбөрөө авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх шүүгчийн туслахтай утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 106 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-н “...хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн **************** дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дуудлага өгсөн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-85 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г-н хохирогчоор өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 16:00 цагийн үед найзтайгаа уулзаж 0,75 литрийн савалгаатай нэг шил архи хувааж уугаад унтсан. Тэгээд үүрээр сэрээд 05:00 цагийн үед гэртээ харихаар явж байгаад машинд мөргүүлсэн байсан. Нэг сэрэхэд би газарт дээшээ хараад хэвтэж байсан ба жолооч нь болов уу 50 гаран насны эрэгтэй хажууд байсан. Тэгээд би сэрээд түргэн дууд гэж хэлсэн. Түргэний эмч намайг гэмтлийн эмнэлэг авч явсан байх. Эмнэлэгт очоод зүүн хөлийн шилбэний яс хугарсан гээд гипс тавьсан. Эмнэлэгт 2 хоног хэвтээд тэндээсээ гарч хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гарган санал хүсэлт байхгүй. Гарцаар гараад замын голд яагаад зогссон талаараа санахгүй байна, би хааяа мартаж санаад байдаг. Группэд байдаг юм. Одоо тухайн жолоочоос хохирлоо гаргуулан авмаар байна, манай эхнэр эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг бүрлүүлж байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай “...Г-н биед баруун тахилзуур ясны хугарал, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах боломжтой тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39 тал/,

 

2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 49-50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Г ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр 05:40 цагийн үед таксинд явахаар гэрээсээ гараад 3, 4 дүгээр хорооллын эцсээс нэг эрэгтэй хүн суулгаад баруун 4 зам орно гэхээр нь Парапоксын хойд замаар явж байсан. Гарц дөхөөд ирэхэд ямар нэгэн хүн харагдаагүй, гэтэл хажуу талаас гэнэт нэг хүн гарч ирээд толь мөргөөд унасан. Тэгэхээр нь буугаад харахад 50 гаран насны эрэгтэй хүн орилоод хэвтээ байсан. Би зүгээр үү гээд өөрийн утсаараа цагдаа болон эмнэлэг дуудсан. Тэр хооронд нөгөө залуу манай эхнэр рүү залга гээд 9901-тэй дугаар өгсөн. Тэр дугаарт нь залгаад болсон явдлыг хэлэхэд “наад хүн чинь амьд уу” гэж асуусан. Тэгээд би “амьд” гэхэд “наад хүнээ аваад зайл” гээд утсаа салгасан. Удалгүй байж байтал нөгөө залуу манай эхнэр рүү залгасан уу, дахиад залга гээд байхаар нь дахин залгаад яаралтай ирэх хэрэгтэй байгааг хэлсэн. Тэр хооронд цагдаа эмнэлэг ирсэн бөгөөд нөгөө залууг аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Ар гэрийнхэн нь гээд 2 эмэгтэй ирсэн бөгөөд эмнэлэг явсан гээд араас нь явуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хэрэг болсон явдлаас хойш ар гэрийнхэн болон хохирогчтой холбоо бариад залгахаар утсаа авдаггүй бөгөөд эхнэр нь хааяа утсаа авахаараа завгүй байна гээд загнаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55 тал/, тээрийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 86 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Г-т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч С.Г нь “2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Парапокс төвийн хойд замд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаг явган зорчигч 54 настай, эрэгтэй Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь шүүгдэгч С.Г ын мэдүүлэг, хохирогч А.Г ийн, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дуудлага өгсөн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2 тал/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-85 тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39 тал/, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 241 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 49-50 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч С.Г нь Тоёота приус маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Г ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Г т эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг хохирогч хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Г нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Г-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч С.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч С.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, шүүгдэгч С.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

   

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч С.Г-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч А.Г т эмчилгээний зардалд нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий нэг ширхэг СД-г хэргийн хамт хэрэгт хадгалсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч,  түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч С.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ