Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр, 

шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Жын Э-т холбогдох эрүүгийн **************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*********************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 22-р хороо, 13-р байрны 41 тоотод архидан согтуурч байхдаа С.Д-ын 565.000 төгрөгийн үнэ бүхий самсунг /Samsung/ А70 загварын гар утас 1 ширхэг болон түүний Хаан банкны виза картыг ашиглан 5914231571 тоот данснаас 100.000 төгрөгийг, мөн Ц.Ө-ын 313.000 төгрөгийн үнэ бүхий самсунг /Samsung/ 7 загварын гар утас 1 ширхэг, гарнет /Garnet/ брэндийн пүүз 1 хос, куртик 1 ширхэг зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 978.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Дын:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байсан чинь манай найз болох Ө залгаад “гэртээ байна уу би найзыгаа дагуулаад очлоо шүү” гэхээр нь би хоол хийгээд байж байтал 16 цагийн үед Ө найз гээд Э гэх залууг дагуулж ирсэн тэгэхээр нь хоол өгчхөөд уг Э гэх залууд өөрийн Хаан банкны картаа өгөөд пин код нь 2323 шүү гэж хэлээд 1 шил архи, 1 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво аваад ир гэж хэлээд явуулсан юм. Тэгээд бид Ө бид 2 архиа хувааж уусан харин Э гэх залуу би архи уудаггүй пиво уудаг гээд пиво уугаад суугаад байсан. Ингээд Ө бид 2 нэлээн согтсон байсан тул унтчихсан байсан бөгөөд 20 цаг өнгөрч байхад сэрсэн чинь стекэн дээр байсан миний А-70 маркийн гар утас, Хаан банкны виза карт, мөн манай найз Өын Жи-7 маркийн гар утас, куртка, пүүз зэрэг нь байхгүй байсан. Ингээд Өын 88909279 дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан, би Хаан банк руу залган картаа хаалгуулчхаад тус цагдаагийн хэлтэст өргөдөл өгч байгаа юм. Тухайн залууг Ө анх удаа тухайн өдөр манай гэрт авчирсан би өмнө нь харж байгаагүй өөрийгөө танилцуулахдаа нэрээ Ж гэж хэлээд ажилгүй гэж хэлсэн. Тухайн залууг тэгсэн чинь Э гэдэг юм байна лээ. Ө бид 2 архи уугаад Э гэх залуу пиво уугаад суугаад байсан согтолт нь зүгээр байсан бид 2 ч гэсэн гайгүй байсан уусан архиа гаргах гээд л жаахан унтчихсан юм. Манай гэрт бид гурваас өөр хүн байгаагүй, мөн хүн гэрээс гарсан ч гэсэн гаднаас хүн орж ирэх боломжгүй юм. ...Хаан банкны виза карт нь манай аавын карт байгаа юм би өөрөө ашигладаг 2021 оны 06 дугаар сард байхаа ааваараа захиалж авхуулж байсан, дотор нь байсан 100.000 төгрөгийг Э нь авсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

2. Хохирогч Ц.Ө-ын:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний орой гэртээ байж байсан чинь манай найз болох Э гэртээ байна уу, би байрнаасаа хөөгдчихлөө, эхнэртэйгээ муудалцчихлаа гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд тухайн орой манай гэрт хоносон бөгөөд маргааш нь 11 дүгээр сарын 30-ны өдөр бид 2 ажил хөөцөлдөж байгаад манай найз Д--ын гэрт очъё хамт юм ярьж пиво ууж сууя гэж яриад утас руу нь залгатал гэртээ байна гэхээр нь Э бид хоёрыг очиход Д, Эт Хаан банкны картаа өгөөд 1 шил архи, 1 ширхэг том савтай пиво аваад ир гээд дэлгүүр гаргасан нээх удалгүй Э ирээд бид 3 юм ярьж суунгаа авсан юмаа хувааж уусан. Д бид 2 архиа уусан, харин Э пиво уусан ингээд Д бид хоёр архиа гаргах гээд унтчихсан байсан бөгөөд 20 цаг өнгөрч байхад сэрсэн чинь миний гарт байсан байсан жи-7 маркийн гар утас, өмсөж ирсэн гарнет-2 маркийн пүүз 1 хос, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 50.000 төгрөгөөр худалдан авсан өвлийн куртка /нэрийг нь мэдэхгүй байна/ зэрэг байхгүй мөн манай найз Дын А70 маркийн гар утас, Хаан банкын виза карт нь байхгүй байсан. ...Дын гэрээс Э л бид хоёрын эд зүйлийг авсан, өөр хүн гэрт нь байгаагүй бид хоёрыг унтсан хойгуур аваад гарсан юм шиг байна лээ ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

3. “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БГ1-21-484 тоот, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БГ1-21-085 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

4. Хаан банкин дахь 5914231571 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

5. Мөрдөгчийн эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ж.Э нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч нарт 978.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Э-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.Э нь:

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 22-р хороо, 13-р байрны 41 тоотод С.Д-ын 565.000 төгрөгийн үнэ бүхий самсунг /Samsung/ А70 загварын гар утас 1 ширхэг болон түүний Хаан банкны виза картыг ашиглан 5914231571 тоот данснаас 100.000 төгрөгийг, мөн Ц.Өын 313.000 төгрөгийн үнэ бүхий самсунг /Samsung/ 7 загварын гар утас 1 ширхэг, гарнет /Garnet/ брэндийн пүүз 1 хос, куртик 1 ширхэг зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 978.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч нарын Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БГ1-21-484 тоот, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БГ1-21-085 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банкин дахь 5914231571 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Мөрдөгчийн эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Харин улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан бөгөөд энэ хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Э нь хохирогч нарын эд зүйлсийг авахдаа нэг удаагийн үйлдлээр хулгайлсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзсэн.

Иймд шүүгдэгч Ж.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Д-д 665.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Ө-д 313.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлбөр төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Ж.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ж.Э-той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 100 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Ж.Э-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад “өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч Ж.Э зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Э-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ