Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/645

 

 

 

 

 

 

   2022       05          03                                   2022/ШЦТ/645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч О.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн 2206 00012 0875 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.Б, 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ********* ХХК-д ашиглалтын оператор ажилтай, ам бүл 4, Баянгол дүүргийн ***************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд хохирогч Т.Тыг ************* гэртээ байхад түүний DAX нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчинд байсан 2.383.710 ширхэг IHC койныг авах зорилгоор хохирогчийн ************* гэх мэйл хаягаар дамжин, DAX нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчинд нэвтрэх цахим төхөөрөмж, мэдээлэлд тусгай программ ашиглан хууль бусаар халдаж нэвтэрсэн, улмаар тус бирж дээр гүйлгээ хийх тохиолдолд нэг удаагийн нэвтрэх нэр, нууц үг хэтэвч эзэмшигчийн гар утсанд суулгасан Ard аппликейшнд ирснийг мөн хууль бусаар олж авсан, улмаар мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас хохирогчид 2.383.710 ширхэг IHC койн буюу 10.478.147 төгрөгийн хохирол учруулж, бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн, нэмж оруулсны улмаас хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан,

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 29 минутын үед, хохирогч Т.Тыг Баянзүрх дүүргийн *************од гэртээ байхад нь түүний DAX нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчинд байсан 2.383.710 ширхэг IHC койныг, Эрүүгийн хуульд заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдэж, өөрийн Binance нэртэй криптовалютын бирж дэх хэтэвчиндээ шилжүүлж авсан гэдгээ мэдсээр байж, USDT койн болгон хувиргаж хэтэвчиндээ хадгалан эзэмшиж, мөнгө угаах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм бурууд маргах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 5 дахь тал/,

Хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “*************од оршин суудаг. Намайг гэртээ унтаж байх хооронд миний Дакс /DAX/ нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчнээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 29 минутын уед 2,383,710 ширхэг Ай Эйч Си /IНС/ койн буюу тухайн өдрийн ханшаар 10.478.147 төгрөг алдагдсан. Энэ талаар би цахим гэмт хэргийн хохирогч болсноо мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний аккаунтуудын нууц үгийг сольсон байсан бөгөөд тус байгууллагаас утсаар холбогдож асуухад миний дансанд байсан койныг шилжүүлсэн байна гээд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөсөн. Миний хаягт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс гаднаас нэвтрэх гэж оролдсон. Миний ************* хаягт гаднаас нэвтрэх оролдлого хийсэн байсан. Тэгээд google map дээр миний яваагүй location болон гаднаас хүн нэвтэрсэн мэдээлэл үлдсэн байсан. Би ажлын газрын О.Б гэдэг залууг сэжиглэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,

Хохирогч Т.Тын ************* мэйл хаягт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 д угаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гаднаас нэвтэрсэн IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл болон уг нэвтэрсэн төхөөрөмжийн google map location хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хадгалагдан үлдсэн байршлын талаарх мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 20-33 дахь тал/,

Америкийн нэгдсэн улсын арилжааны бирж болох Binance Holding Ltd-ээс ирүүлсэн “О.Б нь Binance Holding Ltd биржид бүртгэлтэй болох хувийн мэдээлэл, тус бирж дэх хэтэвчинд эзэмшдэг нийт койны хэмжээ, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиалга өгч, худалдан авалт хийж, койн байршуулсан талаарх” файл, мэдээлэлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 34-42 дахь тал/,

Криптовалютийн бирж болох Trade.mn, Coinhab.com зэрэг хаягтай хөрөнгийн бирж дээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Т.Тын алдсан гэх 2,383,710 ширхэг Ай Эйч Си /IНС/ койны тухайн өдрийн ханшийг тогтоох зорилгоор дээрх хөрөнгийн биржүүдийн мэдээлэлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 43-46 дахь тал/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн “Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 2-805 тоотод оршин суух Т.Тыг гэртээ байхад DAX нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчнээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 29 минут орчимд 2,383,710 ширхэг ІНС койн алдагдсан ба хохирогч Т.Тын ************* мэйл хаягт нэвтэрч, 2,383,710 ширхэг IНС койныг 3489.28620700 USDT болгон хувиргаж, Америкийн Нэгдсэн Улсын Binance криптовалютын биржийн хэтэвчинд шилжүүлэн авсан үйлдлийг О.Б үйлдсэн” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 47-52 дахь тал/,

Ард Экс ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаартай “Т.Т нь криптовалютын данс эзэмшдэг. Дансны орлого зарлагын гүйлгээг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг, /хавтаст хэргийн 96-99 дүгээр хуудас/ 8. Ард Экс ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай О.Бын криптовалютын данс эзэмшдэг талаарх, Дансны орлого зарлагын гүйлгээг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг /хх-ийн 100-101 дэх тал/,

Trade.mn криптовалютын цахим биржийн үйл ажиллагаа явуулдаг Дижитал Эксчейнж Монголиа ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/01 дугаартай “Оюунчимэг овогтой О.Б /РД:*************/ нь манай биржид [email protected] имэйл хаяг, 90709073 утасны дугаар, Худалдаа хөгжлийн банкны *************тоот төгрөгийн данс, Голомт банкны ************* тоот төгрөгийн дансыг тус тус баталгаажуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байна. Тус хэрэглэгчийн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хийсэн орлого, зарлага, хандалтын мэдээлэл, хэтэвчний үлдэгдлийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг /хх-ийн 102-106 дахь тал/,

 Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын 2206000120875 дугаартай тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би хамт ажилладаг Т.Т ажил дээр “би койн худалдаж аваад , авсан койн 10 сая гаруй болсон” гэж хэлж байсан. Би өмнө нь койн худалдаж аваад алдаж байсан. Мөн банкны зээлтэй учир Т.Тын мөнгийг авахаар болоод түүний ажлын компьютер дээрээс нэвтрэх нэр нууц үгийг нь мэдэж аваад 2021 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед Т.Тын DAX.mn данс руу нэвтрээд 2.383.710 ширхэг IHC койныг төгрөг рүү шилжүүлээд тэр төгрөгөөрөө ETH /etheruem coin/ худалдаж аваад өөрийн гадаад бирж дэх данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дахь тал зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд хохирогч Т.Тыг ************* гэртээ байхад түүний DAX нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчинд байсан 2.383.710 ширхэг IHC койныг авах зорилгоор хохирогчийн ************* гэх мэйл хаягаар дамжин, DAX нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчинд нэвтрэх цахим төхөөрөмж, мэдээлэлд тусгай программ ашиглан хууль бусаар халдаж нэвтэрсэн, улмаар тус бирж дээр гүйлгээ хийх тохиолдолд нэг удаагийн нэвтрэх нэр, нууц үг хэтэвч эзэмшигчийн гар утсанд суулгасан Ard аппликейшнд ирснийг мөн хууль бусаар олж авсан, улмаар мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас хохирогчид 2.383.710 ширхэг IHC койн буюу 10.478.147 төгрөгийн хохирол учруулж, бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн, нэмж оруулсны улмаас хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан,

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 29 минутын үед, хохирогч Т.Тыг Баянзүрх дүүргийн *************од гэртээ байхад нь түүний DAX нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчинд байсан 2.383.710 ширхэг IHC койныг, Эрүүгийн хуульд заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдэж, өөрийн Binance нэртэй криптовалютын бирж дэх хэтэвчиндээ шилжүүлж авсан гэдгээ мэдсээр байж, USDT койн болгон хувиргаж хэтэвчиндээ хадгалан эзэмшиж, мөнгө угаасан болох нь:

Хохирогч Т.Тын “*************од оршин суудаг. Намайг гэртээ унтаж байх хооронд миний Дакс /DAX/ нэртэй криптовалютын биржид бүртгэлтэй хэтэвчнээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 29 минутын уед 2,383,710 ширхэг Ай Эйч Си /IНС/ койн буюу тухайн өдрийн ханшаар 10.478.147 төгрөг алдагдсан. Энэ талаар би цахим гэмт хэргийн хохирогч болсноо мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний аккаунтуудын нууц үгийг сольсон байсан бөгөөд тус байгууллагаас утсаар холбогдож асуухад миний дансанд байсан койныг шилжүүлсэн байна гээд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөсөн. Миний хаягт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс гаднаас нэвтрэх гэж оролдсон. Миний ************* хаягт гаднаас нэвтрэх оролдлого хийсэн байсан. Тэгээд google map дээр миний яваагүй location болон гаднаас хүн нэвтэрсэн мэдээлэл үлдсэн байсан. Би ажлын газрын О.Б гэдэг залууг сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Быг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөний улмаас хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан, мөн Мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Т.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч О.Бт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О.Быг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөний улмаас хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бт 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр, Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн О.Бын нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Быг зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР