Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0496/Э |
Дугаар | 2022/ШЦТ/492 |
Огноо | 2022-04-21 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/492
2022 04 21 2022/ШЦТ/492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цт холбогдох эрүүгийн 20360000000000 тоот хэргийг 2022.03.24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Л” клубт зөөгч ажилтай, ам бүл-4, эмээ, өвөө, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Г-рийн Ц нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа “зээл өгнө” гэж фейсбүүк орчинд зар тавьж цахим хэрэгсэл ашиглаж иргэн Т.Аээс 498200 төгрөгийг Хаан банкны 57.......45 дугаартай дансаар шилжүүлэн авч ашигласан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-13/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-16-22/,
- Хохирогч Т.Аийн “Би Хаан банканд 8500000 төгрөгийн зээлтэй тэр зээлээ хаах гээд фейсбүүк дээр зээл өгнө гэхээр нь h h гэсэн хаягтай хүнтэй чатаар харилцаад тухайн хүнээс 10 сая төгрөгийн зээл авахаар болоод 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 498200 төгрөгийг 57....... дугаартай дансанд хийсэн мөнгө шилжүүлсний дараа тухайн h h гэх фейсбүүк хаяг миний фейсбүүк хаягийг блоклоод алга болчихсон. ...зээл авахад манайх урьдчилгаа 5 хувь авдаг гээд 10 сая төгрөгийн хувийн урьдчилгаа гэж 498200 төгрөг хийсэн байгаа” гэх мэдүүлэг /х.х-25-26, 30/,
- Гэрч Н.Цийн “Би гэрээсээ цахимаар “Пуна item store” гэсэн онлайн дэлгүүр ажиллуулдаг, уг цахим дэлгүүр нь Dota2 тоглоомын эд зүйл худалдаалдаг. Би Хаан банканд 57........ гэсэн дугаарын данс эзэмшдэг тус өдөр нэг үйлчлүүлэгч 498200 төгрөгт үнэ бүхий эд зүйлс худалдаж авъя гэсэн утгатай над руу чат бичсэн. Надаас тус өдөр izno goud гэсэн фейсбүүк хаягтай Г.Ц гэсэн залуу dota2 тоглоомын IТЕМ авъя гэж ороод ирсэн тэгээд би онлайнаар үйлчилгээ үзүүлсэн” гэх мэдүүлэг /х.х-31-32/,
- Гэрч Ү.Хын “Би Х Үлэмж” фейсбүүк хаягийг 2020 оны 7 сард нээж байсан тэгээд уг хаягийг ашиглаж байгаад нууц үгээ мартаад тэгээд ашиглахаа больсон байсан. Би item худалдаж авч байгаагүй. Би РС тоглоом тоглодоггүй” гэх мэдүүлэг /х.х-34-35/,
- Гэрч О.Эгийн “Би 94...... гэсэн дугаарыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буюу Лхагва гаригт хичээл дээрээ байсан. Тухайн үед нэг ширээнд суудаг байсан Г.Ц гэх хүүхэд миний гар утсыг байнга авч хичээл дээр ашигладаг ба тухайн өдөр миний гар утсаар хүнтэй яриад фейсбүүк орж байсан Г.Цаас гар утсаа аваад тухайн фейсбүүкийг нь гаргах гэтэл h h болон izno goud” гэсэн фейсбүүк орсон байсан” гэх мэдүүлэг /х.х-46-47/,
- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /х.х-66/,
- Яллагдагч Г.Цын “Би Дота хоёр цахим тоглоомыг тоглодог юм. Ц гэх хүн бол дота хоёр тоглоомын хэрэглэл зардаг хүн. Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл гаргана гэж нэг хүнтэй h h гэх нэртэй фейсбүүк ашиглан холбогдоод тэр хүнээсээ 498200 төгрөг авахаар болсон. Тэгээд тэр үл таних мөнгө авах хүнд дота хоёрын хэрэглэл зардаг Ц гэх хүний хаан банкны дансыг өгсөн. Тухайн гэмт хэрэгт хамтарч үйлдсэн хүн байхгүй би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлэг /х.х-77-78/ зэрэг баримтуудаар;
2. Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байрны 43 тоот гэртээ байхдаа “Роскеt’ гэх апликейшны зээлийн хэмжээг нэмж өгнө гэж фейсбүүк орчинд зар тавьж цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ж.Эын апликейшны нэвтрэх нэр, кодыг ашиглан 430000 төгрөгийг Хаан банкны 50....... дугаартай дансаар шилжүүлэн авч ашигласан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-89-92/,
- Хохирогч Э.Эын “2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байр 133 тоотод гэртээ фейсбүүк үзээд байж байтал фейсбүүкт М.Ш гэх нэртэй хүн зээлийн хэмжээ нэмнэ гэх зар оруулсан байсан тэгээд тухайн зар оруулсан хүнтэй чатлахад Роскеt гэх апликейшны зээлийн хэмжээг чинь нэмж өгнө гэсэн. Тэгээд би Роскеt апликейшны зээлийн хэмжээг нэмүүлье гэхэд за тэгвэл тухайн Роскеt гэх апликейшны нэвтрэх нэр, кодыг хэл гэж хэлсэн. Би нэвтрэх нэр кодоо хэлэхэд тухайн хүн миний Роскеt апликейшнээр 430000 төгрөгийн зээл аваад 50....... дугаартай Гомбодорж У гэх нэртэй данс руу миний апликейшнээр зээл авсан мөнгийг шилжүүлж авсан. Тухайн М.Ш гэх нэртэй хүн намайг блок хийсэн. Би өөрийн 430000 төгрөгийг хүнд залилуулж буцаагаад 430000 төгрөгөө бүрэн бүтэн хүлээн авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-99-102/,
- Гэрч Г.Уын “Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны оройны 19 цагийн үед Цэцэг төвийн Хаан банкны хажууд байдаг хаан банкны АТМ-д мөнгө хийх гээд ороход үл таних хүн надад би картаа орхисон байна таны данс руу мөнгө шилжүүлээд авч болох уу гэж хэлсэн тэгээд би өөрийн картаар 425000 төгрөг АТМ- ээс гаргаад үл таних хүнд өгсөн” гэх мэдүүлэг /х.х-103/,
- Гэрч М.Шын “2020 оны 11 дүгээр сарын үеэр хөл хорио тогтоохын өмнө л би иргэний үнэмлэхээ миний дэлгүүрийн ойролцоо явж байгаад гээсэн юм. Миний нэрийг ашиглаад хуурамч фейсбүүк нээсэн хүнийг би мэдэхгүй ба надад сэжиглэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /х.х-106/,
- Зээлийн дансны хуулга /х.х-113/,
- Яллагдагч Г.Цын “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /х.х-151/ зэрэг баримтуудаар;
3. Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “АСЕ” нэртэй ПС тоглоомын газар байхдаа“Роскеt” гэх апликейшны зээлийн хэмжээг нэмж өгнө гэж фейсбүүк орчинд зар тавьж цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.Агийн апликейшны нэвтрэх нэр, кодыг ашиглан 198000 төгрөгийг Хаан банкны 54........ дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч ашигласан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хаан банкны 54....... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /х.х-117-118/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-123/,
- Хохирогч Б.Агийн “2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8-200 тоот гэртээ байхад М.Ш гэх хүн онлайн зээлийн хэрэглэгчид гэх групп дээр зээлийн хэмжээ ихэсгэж өгнө гэж зар тавьсан байсан тэгээд тухайн хүнтэй чатлаад зээлийн хэмжээгээ ихэсгүүлье гэхэд “Роскеt” гэх апилкейшнийхаа нэвтрэх нэр нууц кодыг өгөө тэгээд би зээлийн хэмжээг чинь ихэсгэж өгье гэж хэлсэн тэгээд тухайн хүнд фейсбүүк чатаар нэвтрэх нэр кодоо хэлэхэд миний Роскеt гэх апилкейшний дансанд байсан 198.000 төгрөг М гэх хүний 5429104496 тоот данс руу орж 198000 төгрөг алдагдсан. Би тэр хүнд залилуулж 198000 төгрөгийн хохирол учирсан. Энэ 198000 төгрөгөө би бүрэн бүтэн хүлээж авсан одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-165-168/,
- Гэрч Т.Мгийн “2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АСЕ нэртэй рс тоглоомын газарт ганцаараа тоглоод сууж байтал нэг үл таних эрэгтэй хүүхэд хүрч ирээд ахаа би таны данс руу мөнгө оруулаад өөр хүний данс руу мөнгө хийчихье миний интернэт банк блоклогдсон байгаа юм. Би танд мөнгө өгье гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө хаан банкны 54...... тоот дансыг өгтөл миний хажууд зогсож байгаад таны данс руу мөнгө хийчихлээ гэхээр нь би өөрийн хаан банкны 54...... тоот дансыг интернэт банкаар орж үзтэл миний дансанд 198000 төгрөг орсон байхаар нь хэлтэл надад нэг дансны дугаар өгөхөөр нь тухайн данс руу 150000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /х.х-169/,
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-174-175/,
- Яллагдагч Г.Цын “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна хөнгөн ял оноож өгнө үү. Би хохирлоо бүгдийг барагдуулах болно” гэх мэдүүлэг /х.х-188-189/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх баримтууд шүүгдэгч Г.Цын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Ц нь 3 удаагийн үйлдлээр цахим орчинд “зээл өгнө”, “зээлийн хэмжээг нэмж өгнө” зэрэг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн нийт 1126200 төгрөгийг залилан авч, ашигласан болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Ц нь эмэг эх, өвөг эцэг, эхийн хамтаар амьдардаг бөгөөд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан тусдаа амьдарч байхдаа хэрэглээний төлбөрөө олох зорилгоор бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа болно. Гэвч түүний гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэмжээ, давтамжийн байдлыг харгалзан үзэхэд тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байх тул прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.
Иймд Г.Цыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ц нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулж, хохирогч нар “гомдол саналгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч Г.Ц нь бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 28-нд гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй 17 нас 10 сар 23 хоногтой байсан, өнөөдрийн байдлаар 19 нас 4 сартай болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар хувь /хх-121/ баримтаар тогтоогдож байна
Дээрх нөхцөл байдал болон Г.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг хоёр дахин багасгаж шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г-ийн Цыг 3 удаагийн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн нийт 1126200 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Г-ийн Цт 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж биечлэн 3 /гурван/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Ц нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Г.Цт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ