Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0495/Э |
Дугаар | 2022/ШЦТ/491 |
Огноо | 2022-04-21 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/491
2022 04 21 2022/ШЦТ/491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2108020000000 тоот хэргийг 2022.03.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “______-3” ____-т жолооч ажилтай, ам бүл-4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Тоосгоны 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00-б-00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Бумбат овогт Б-ийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр баазын 2-5 тоотод оршин суух гэртээ эхнэр Д.Утай “хүүхдүүдийг үсний найрт явуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож цохин бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Д.У-ын: “2021 оны 10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед ******* надад хандан “маргааш манай дүүгийн хүүхдийнх нь үсний найр болно. Би уг найрт хоёр хүүхдээ авч явна” гэж хэлсэн. Би *******т хандан “хоёр хүүхдээ өгч явуулахгүй” гэж хэлсэн. Мөн банкны өрөө яаж төлөх талаар бид хоёр хоорондоо ярилцаж байтал ******* гэнэт уурлаад, орон дотор миний дээр гарч байгаад хоолойг баруун гараараа боосон. Мөн хоёр гараараа миний хоёр талын гарын мөрний доод хэсгээс чанга базаж, сэгсэрсэн. Миний хоёр гуяны дотор хэсгийг хоёр гараараа хүчтэй базсан. Тэгээд толгой хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Намайг хэл амаараа их доромжлоод тэр шөнө өнгөрсөн. Би маргааш нь буюу *******ыг найрт явсан хойгуур нь цагдаад дуудлага өгсөн. ******* тухайн шөнө найрт хүүхдүүдээ авч явна, явуулахгүй гэж ярьснаас мөн банкны зээлээс болж бид хоёр маргалдаад ******* намайг цохиж гэмтээсэн. *******ат- Очир хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. ...Миний толгой одоо болтол ихээр өвдөж байгаа. Мөн миний хоёр гарын мөрний доод талын булчин, хоёр хөлийн дотор тал болон шилбэний ойролцоо хөхрөлтүүд үүссэн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний бага насны хүүхдүүд байдаг байсан. Ер нь байнга гэртээ зодож цохидог болохоор гадны хүн болон ямар нэгэн хүн хажууд байдаггүй байсан гэхдээ манай хашааны хойд талын хүмүүс болон хөршүүд мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-33-35/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10117 дугаартай “Д.У-ын биед хүзүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-59-60/,
- Яллагдагч *******ын “Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 17-ны оройн 23 цагийн үед гэртээ эхнэр Д.У-ын хамт байж байгаад маргааш манай дүүгийн хүүхдийн үсний найртай би хоёр хүүхдээ авч явна гэхэд Д.У хүүхэд өгч явуулахгүй банкны мөнгө төгрөгтэй мөнгө хэрэгтэй байна гээд над руу уурлаад хэлсэн энэ асуудлаас болж бид хоёр хоорондоо маргалдсан. Д.У намайг гэрээс гарах гэтэл хаашаа явах гээд байгаа юм бэ гээд зуураад байхаар нь би гарыг нь тавиулаад хоорондоо ноцолдож байгаад түлхэж унагаад тэгээд би гадаа гарч бие засаад орж ирээд унтаж амарсан” гэх мэдүүлэг, /х.х-71-72 хуудас/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, хохирогч Д.У нар нь 4 жил хамтран амьдарсан, дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд байнгын хэрүүл маргаантай, таарамжгүй харилцаатай ба хүүхдүүдийн халамж асаргаа тааруу гэр бүл болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-101/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-14-25/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг заасан “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь эхнэр Д.Уянгыг “хүүхдүүдээ үсний найрт явуулсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, Д.У-ын хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, хоолойг нь боох, мөрнөөс чанга базах, гуяны дотор хэсгээс базах, толгойн тус газарт нь гаргаараа цохих зэргээр цохиж зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шууд санаатай үйлдэл байна.
Шүүгдэгч ******* нь эхнэр Д.Уянгыг “хүүхдүүдийг үсний найрт явуулсангүй” гэх шалтгаанаар уурлаж хоолойг нь боох, мөрнөөс чанга базах, гуяны дотор хэсгээс базах, толгойн тус газарт нь гаргаараа цохих зэргээр зодож бие махбодид нь хүзүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд зулгаралт гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Д.У-ын мэдүүлэг /хх-33-35/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10117 дугаартай дүгнэлт /хх-59-60/, яллагдагч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд болон нөхцөл байдлыг судалж үзээд *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Уд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Гомдол саналгүй...” гэж мэдүүлж иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч Д.У нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******оос шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж *******оос жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн зүй бус үйлдэл, харьцаанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин гэмт хэрэг үйлдэх үедээ хүний амь насанд аюултай аргаар буюу хохирогчийн хүзүүг боосон нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******ын хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бумбат овогт Б-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бумбат овогт Б-ийн Бт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.У нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ