Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/358

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Онон,

иргэдийн төлөөлөгч Ш.Цээлэйсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С-ын Б-д холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” төрийн бус байгууллагын нийтийн байранд хүнд зэргийн согтолттой байсан буюу биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж хохирогч Д.Д-ийн цээж болон нуруун тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Талийгаач тухайн үед архи уусан байсан. Юунаас болж маргаснаа санахгүй байна. Ширээн дээр байсан хутгыг авахаар нь би булааж аваад нэг хутгалсан. Гэрч Гантөмөрийн мэдүүлж байгаа шиг зүйл тухайн үед болоогүй. Би хүн хутгалчхаад алгаа ташаад зогсож байх хүн биш...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О мэдүүлэхдээ: “...Миний дүү Д нь 2006 оноос хойш надтай хамт амьдарч байгаад сүүлийн 2 жил “***********” төрийн бус байгууллагын нийтийн байранд амьдрах болсон. Талийгаач нь архи уухаараа амархан согтдог бөгөөд 3 хундага уугаад л тасарчихдаг. Эхнэр 2 хүүхэдтэй боловч салсан. Тэд нартайгаа хамт амьдардаггүй. 2 хүүхэд нь аавтайгаа хамт амьдардаггүй байсан болохоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр намайг төлөөлчих гэж хэлсэн. Гомдолтой байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дугаар тал/,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн:

“...Миний эрэгтэй дүү болох Д-ийн Д маань бусдад хутгалуулж нас барсан гэх мэдээллээр ирж мэдүүлэг өгч байна. ...Талийгаач маань өөрийгөө аваад яваад байдаг бөгөөд хааяа би очиж уулздаг юм. ...2022 оны 02 дугаар сарын 02-ноос 03-ны үед надтай утсаар яриад “хэд хоногоос сум явмаар байна” гэх зүйл хэлж байсан. Тухайн үед нь би “тийм бол өөрөө мэд” гэх зүйл хэлээд салгасан. Өмнө нь “Амьдрах ухаан” гэх газар байж байгаад гэр оронтой болоод гарсан сүүлийн 2 жил Баянгол дүүргийн 20-р хорооны нутагт байдаг “*************” ТББ-ын асрамжийн газар амьдарч байгаа гэж мэдсэн ч хэн хэн гэх хүнтэй амьдарч байгаа талаараа надад хэлээгүй. Би жам бусаар дүүгээ бусдын гарт алдсан тул гомдолтой байна. Бид хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Одоо талийгаачийн ажил явдалд зарцуулсан баримтаар гаргаж өгсөн мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52, 53-54 дэх тал/,

5. Гэрч А.Ж-ийн:

“....2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн үед манай байранд амьдардаг Г эгчийн хамт байрнаас нэлээн зайтай “О” маркет орж 0.75 л хэмжээтэй хараа архи 1 шил 0,5 л хэмжээтэй пиво 1 ширхэг, 1 хайрцаг тамхи аваад Б ахын өрөөнд 22 цаг өнгөрч байхад яваад орсон. Ороход Б ах, талийгаач Д, хэл муутай эгч Э нар хамт байсан. Б ахыг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Д ах нэлээн согтолттой юм бараг санахгүй байх шиг байсан. Э эгч архи уусан эсэх нь хэл муутай учраас тэр бүр мэдэгдэхгүй байгаа. ...Д ах цээжээрээ нүцгэн байсан шиг санагдаж байна доогуураа ямар хувцастай талаар харагдаагүй хөнжлөө нөмөрчихсөн хэвтэж байсан юм. Д ахын биед ил харагдах шарх бол байгаагүй. Архиа дуусаад Г эгч бид хоёр 00 цагийн үед гарсан. ...Г бид хоёрыг Бийн өрөөнөөс гарахад Б-ийн өрөөнд талийгаач Д, Э 3 үлдсэн. Гарахад Д ах унтлаа гээд үлдсэн. ...02 дугаар сарын 05-ны өглөө 12 цаг өнгөрч байхад Б ах гаднаас өрөөнд орж ирээд “Д-ид хоол цай өгөх гэтэл сэрэхгүй байна, хөдлөхгүй байна, түргэн дуудаад өгөөч” гэхээр нь Ч эгчийн утаснаас би ярьж түргэн дуудсан байгаа. Түргэн дуудахдаа Б-ийн өрөөнд Б-й би хамт орсон бөгөөд талийгаач Дийг орон дээр нь хөнжлөөр хучаад нүүр царай хэсэг нь ил гаргасан байсан ба би хөнжлийг нь сөхөж бол үзээгүй байгаа. Э харин өөрийнхөө орон дээр сууж байсан. Түргэн 13 цагийн үед ирсэн бөгөөд орж ирээд Д ахыг үзэж байгаад цээжиндээ шинэ шархтай байна шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

6. Гэрч Ш.Г-ийн:

“...Би өрөөндөө ороод шууд хэвтээд өгсөн бөгөөд шөнө 00-01 цагийн үед Б гэх өмнө нь манай тэр хавьд өссөн хүн маань орж ирээд надад “манай өрөөнд хамт байгаа хүн маань хэвтээд босохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд намайг “хамт ороод өргөлцөөд өгөөч” гэхээр нь би “бие муу байгаа хүн өргөж даах юм болов уу” гээд хэлсэн чинь “яаж ийж байгаад хамт өргөөд орон дээр тавиад өг” гэж хэлэхээр нь хамт өрөөнд нь яваад орсон. Намайг тухайн өрөөнд ороход өрөөний эд зүйл нь нурсан байдалтай шкаф газар нураад унасан байдалтай дотор нь зодоон болсон байж магадгүй гэмээр харагдаж байсан. Би тухайн үед өрөөнүүдэд байгаа хүнийг анзаарахад хамт нэг өрөөнд байгаа гээд нэг 50 гаруй насны эмэгтэй хэл яриа жаахан муутай эмэгтэй байсан. Ингээд Б бид 2 газар хэвтэж байсан 50 орчим насны “Б” гэх өмнө нь мөн байранд амьдарч байсан хүн дээш хараад хэвтэж байсныг анзаараад харсан чинь Бын цээжний зүүн хэсгээс цус гарсан байсан. Тэгээд би “яасан юм гээд асуухад” Б “би наадахыг чинь хутгалсан юм” гээд хэлэхээр нь би “өө тийм юм сонсохгүй шүү, надад хамаагүй” гэж хэлээд өргөж орон дээр гаргаж өгөөд гарсан. Тэгээд өрөөнд ороод муухай юмтай орооцолдож байгаагаа мэдээд бодоод байж байхад Б орж ирээд “шкаф өргөөд өг” гэж хэлэхээр нь би шкафыг нь өргөөд өгөхөд нэг талын хаалганы хавтас нь жайжийсан байдалтай байсан. Энэ үед Б орон дээрээ хэвтэж байсан ч ямар нэг хөдөлгөөн мэдэгдэхгүй байсан. Би өрөөндөө ороод шууд хэвтэж байгаад “энэ байр угаасаа асуудалтай тул маргааш А дарга ирэхээр уулзаж байгаад гаръя” гэж бодоод унтаад өгсөн юм. ...Намайг харахад талийгаачийн зүрхний доохон талд цус болсон байсан бөгөөд нэг их гараагүй байсан. Би тэгээд “яасан юм бэ” гэж асуухад Б “2 гарынхаа алгыг хооронд нь цохиод, би наадхыг нь хутгалчихсан юм аа” гэж хэлсэн. ...Би “тийм яриа сонсохгүй шүү” гэж хэлээд арай Д-ийг нас барчихсан гэж тухайн үедээ бодоогүй. Унтаж л байна гэж харсан. Нас барсан гэдгийг мэдсэн бол цагдаад мэдэгдэх байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-66, 67-68 дахь тал/,

7. Гэрч Б.Г-ын:

“...өрөөндөө ороод байж байхад Ж “Б-ийн өрөөний залуу нас барчихсан байна, өрөө, өрөөндөө байцгаагаарай” гэсэн. Би “Б” хочит Д-ийг нас барсан байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

8. Гэрч Х.Э-ийн:

“...2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” төрийн бус байгууллагын байранд 2 хүний хамт гурвуулаа байсан. Яг хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна. Тухайн үед надтай байсан 2 хүн архи ууж байгаад хоорондоо маргалдаж зодолдсон. Би тэр хоёрыг “боль, боль” гэж хэлсэн боловч миний яриаг ойлгохгүй байсан. Нэг нь гартаа барьсан хутгаараа цээж хэсэг рүү нэг удаа хатгасан. Хаанаас хутга гаргаж ирсэн талаар мэдэхгүй. Нэг мэдэхэд гартаа хутга барьсан байсан. Хутгалуулсан эрэгтэй нь газар дээр унаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

9. Гэрч А.М-ийн:

“...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бугат 115-р эргүүлийн чиглэлд ахлах ахлах Э хамт Баянгол дүүргийн 20-р хорооны нутагт дэвсгэрт үүрэг гүйцэтгэж ба хугацаанд 13:30 цагийн орчим “Баянгол дүүргийн 20-р хороо нийтийн байранд цээжиндээ 1 см хэмжээний зүсэлттэй хүн нас барчихсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ********* ирүүлсэн. Дуудлагын дагуу уг хаяг болох гурвалжингийн гүүрний баруун талын “*********” ХХК-ийн хашаанд байрлах “***********” гэх төрийн бус байгууллагын нийтийн байранд очиход өрөөний тоот нь байхгүй байсан шиг санаж байна. Нас барсан гэх хүний өрөөнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд нас барсан хүн өрөөний баруун хойд талын булангийн орон дээр хагас дээшээ харсан байдалтай хөнжлөөр бүтээсэн байсан. 103-н эмч бичгээ үлдээгээд явчихсан байсан. Хөнжлийг сөхөж харахад цээжний гол хэсэгт зүсэгдсэн шинэ шархтай, зүүн мөр, зүүн мөрний дал хэсэгт цус болсон байдалтай хатсан эрэгтэй хүн нас барсан байсан. Өрөөнд байсан хүнээс нэрийг нь асуухад “Д” гэдгээс өөр нэр хэлээгүй. Өрөөнд байгаа 2 хүний регистрийн дугаарыг шүүхэд С овогтой Б, Х овогтой Э гэж хүмүүс байсан. Э болохоор хэл яриа муутай ярьж чадахгүй бичиг баримтаа өөрөө гаргаж ирж үзүүлж байсан. Э нь их айсан түгшсэн байдалтай байсан. С.Б-тай уулзаж биечилсэн сурвалжилга хийхэд “талийгаач өчигдөр орой 16 цагийн орчим “Саппоро” орж хүнтэй уулзана гэж хэлээд гарсан, орой нэлээн согтуу орж ирээд шууд унтсан, тэгээд өглөө сэрэхэд нас барсан байсан” гэж хэлсэн. Талийгаачид үүссэн шархыг асуухад “мэдэхгүй, шөнө маргалдаж зодолдсон уу та нар” гэхэд “тийм асуудал болоогүй” гэж хэлсэн. Этэй бол ярилцаж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 531 дугаартай:

“...Талийгаачийн цогцост цээжний хөндий рүү нэвтэрч шарх, өвчүү, зүүн 7 дугаар хавирганы мөгөөрсөн холбоос, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол руу хатгагдсан шарх, нуруунд зүсэгдсэн шарх, хүзүү, зүүн шуу, чигчий хуруунд хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Цээж болон нурууны шарх нь ир үзүүртэй зүйлийн хатгагдаж, зүсэгдэх үйлчлэлийн 2 удаагийн үйлдлээр үүссэн, бусад хэсгийн зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас нас барсан байна. Талийгаачийн цусанд 3.3 промилли, ходоодны шингэнд 7.6 промилли, шээсэнд 5.1 промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шарх бүхий гэмтлүүд нь 2022 оны 02 дугаар сарын 04- 05-ны хооронд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дурдагдсан хар өнгийн бариултай хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 130-133 дахь тал/,

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 196 дугаартай:

“...С.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч С.Б нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч С.Б гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Б нь:

2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***********” төрийн бус байгууллагын нийтийн байранд хүнд зэргийн согтолттой байсан буюу биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж хохирогч Д.Д-ийн цээж болон нуруун тус газар нь хутгалж алсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

- Гэрч Х.Э-ийн “...Тухайн үед надтай байсан 2 хүн архи ууж байгаад хоорондоо маргалдаж зодолдсон. Би тэр хоёрыг “боль, боль” гэж хэлсэн боловч миний яриаг ойлгохгүй байсан. Нэг нь гартаа барьсан хутгаараа цээж хэсэг рүү 1 удаа хатгасан. Хаанаас хутга гаргаж ирсэн талаар мэдэхгүй. Нэг мэдэхэд гартаа хутга барьсан байсан. Хутгалуулсан эрэгтэй нь газар дээр унаад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ш.Г-ийн “...шөнө 00-01 цагийн үед Б гэх өмнө нь манай тэр хавьд өссөн хүн маань орж ирээд надад “манай өрөөнд хамт байгаа хүн маань хэвтээд босохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд намайг “хамт ороод өргөлцөөд өгөөч” гэхээр нь би “бие муу байгаа хүн өргөж даах юм болов уу” гээд хэлсэн чинь “яаж ийж байгаад хамт өргөөд орон дээр тавиад өг” гэж хэлэхээр нь хамт өрөөнд нь яваад орсон. Намайг тухайн өрөөнд ороход өрөөний эд зүйл нь нурсан байдалтай шкаф газар нураад унасан байдалтай дотор нь зодоон болсон байж магадгүй гэмээр харагдаж байсан. Би тухайн үед өрөөнүүдэд байгаа хүнийг анзаарахад хамт нэг өрөөнд байгаа гээд нэг 50 гаруй насны эмэгтэй хэл яриа жаахан муутай эмэгтэй байсан. Ингээд Б бид 2 газар хэвтэж байсан 50 орчим насны “Б” гэх өмнө нь мөн байранд амьдарч байсан хүн дээш хараад хэвтэж байсныг анзаараад харсан чинь Бын цээжний зүүн хэсгээс цус гарсан байсан. Тэгээд би “яасан юм гээд асуухад” Б “би наадахыг чинь хутгалсан юм” гээд хэлэхээр нь би “өө тийм юм сонсохгүй шүү, надад хамаагүй” гэж хэлээд өргөж орон дээр гаргаж өгөөд гарсан. Тэгээд өрөөнд ороод муухай юмтай орооцолдож байгаагаа мэдээд бодоод байж байхад Б орж ирээд “шкаф өргөөд өг” гэж хэлэхээр нь би шкафыг нь өргөөд өгөхөд нэг талын хаалганы хавтас нь жайжийсан байдалтай байсан. Энэ үед Б орон дээрээ хэвтэж байсан ч ямар нэг хөдөлгөөн мэдэгдэхгүй байсан. ...Намайг харахад талийгаачийн зүрхний доохон талд цус болсон байсан бөгөөд нэг их гараагүй байсан. Би тэгээд “яасан юм бэ” гэж асуухад Б “2 гарынхаа алгыг хооронд нь цохиод, би наадхыг нь хутгалчихсан юм аа” гэж хэлсэн. ...Би “тийм яриа сонсохгүй шүү” гэж хэлээд арай Д-ийг нас барчихсан гэж тухайн үедээ бодоогүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.Ж-ийн “....Г бид хоёрыг Б-ийн өрөөнөөс гарахад Б-ийн өрөөнд талийгаач Д, Э 3 үлдсэн. Гарахад Д ах унтлаа гээд үлдсэн. ...02 дугаар сарын 05-ны өглөө 12 цаг өнгөрч байхад Б ах гаднаас өрөөнд орж ирээд “Дид хоол цай өгөх гэтэл сэрэхгүй байна, хөдлөхгүй байна, түргэн дуудаад өгөөч” гэхээр нь Ч эгчийн утаснаас би ярьж түргэн дуудсан. ...Бийн өрөөнд Б-тай би хамт орсон бөгөөд талийгаач Дийг орон дээр нь хөнжлөөр хучаад нүүр царай хэсэг нь ил гаргасан байсан. ...цээжиндээ шинэ шархтай байна шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Г-ын “...өрөөндөө ороод байж байхад Жавхлан “Б-ийн өрөөний залуу нас барчихсан байна, өрөө, өрөөндөө байцгаагаарай” гэсэн. Би “Б” хочит Д-ийг нас барсан байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.М-ийн “...Нас барсан гэх хүний өрөөнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд нас барсан хүн өрөөний баруун хойд талын булангийн орон дээр хагас дээшээ харсан байдалтай хөнжлөөр бүтээсэн байсан. 103-н эмч бичгээ үлдээгээд явчихсан байсан. Хөнжлийг сөхөж харахад цээжний гол хэсэгт зүсэгдсэн шинэ шархтай, зүүн мөр, зүүн мөрний дал хэсэгт цус болсон байдалтай хатсан эрэгтэй хүн нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 531 дугаартай “...Талийгаачийн цогцост цээжний хөндий рүү нэвтэрч шарх, өвчүү, зүүн 7 дугаар хавирганы мөгөөрсөн холбоос, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол руу хатгагдсан шарх, нуруунд зүсэгдсэн шарх, хүзүү, зүүн шуу, чигчий хуруунд хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Цээж болон нурууны шарх нь ир үзүүртэй зүйлийн хатгагдаж, зүсэгдэх үйлчлэлийн 2 удаагийн үйлдлээр үүссэн, бусад хэсгийн зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас нас барсан байна. Талийгаачийн цусанд 3.3 промилли, ходоодны шингэнд 7.6 промилли, шээсэнд 5.1 промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шарх бүхий гэмтлүүд нь 2022 оны 02 дугаар сарын 04-05-ны хооронд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дурдагдсан хар өнгийн бариултай хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь  гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Харин хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал, “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэж гэмт этгээд хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож алсныг тус тус ойлгоно.

“Биеэ хамгаалж чадахгүй хүн” гэдэгт өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаарна.

Мөн амь хохирогчийн цусанд 3.3 промилли, ходоодны шингэнд 7.6 промилли, шээсэнд 5.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба хүнд хэлбэрийн согтолттой хүн орчиндоо болон цаг хугацааны баримжаа алдагдах, ухаан орон гаран болох, унтаа байдалд орох, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр эрс алдагдах зэрэг шинжүүд илэрдэг болохыг анагаах ухааны ойлголтоор тайлбарласан байдаг. Иймд амь хохирогч Д.Д нь шүүгдэгч С.Б-ид хутгалуулах үедээ хүчтэй согтуурсны улмаас идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй буюу сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан гэж дүгнэхээр байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б-ийг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч Д.Д-ийн төрсөн эгч Д.О  “...Миний дүү Д нь 2006 оноос хойш надтай хамт амьдарч байгаад сүүлийн 2 жил “**********” төрийн бус байгууллагын нийтийн байранд амьдрах болсон. Эхнэр 2 хүүхэдтэй боловч салсан. Тэд нартайгаа хамт амьдардаггүй. 2 хүүхэд нь аавтайгаа хамт амьдардаггүй байсан болохоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр намайг төлөөлчих гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүнийг тогтоосон нь хуульд нийцнэ.

Энэ гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь хохирол, хор уршигт баримтаар нийт 7.118.998 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.Б нь хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч С.Б-аас 7.118.998 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.От олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүнд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 123 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг уг ялд нэмж нэгтгэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч С.Б нь гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Мөн түүний 61 настай буюу хувийн байдлыг харгалзан 12 жилийн хугацгаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Б-ийг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/379 дугаар албан бичигт “С.Б-ид Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд ялтан С.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож байгаа гэсэн үндэслэлээр шүүхийн гүйцэтгэх хуудас хүргэгдээгүй байна” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө шинэ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан энэ тогтоолоор С.Б-ид  оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 43 хоног буюу нэг сар арван гурав хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 1 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, түүний хувийн байдал буюу насны байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт түүний баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 9 см, бариул хэсгийн урт 10 см нийт 19 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас 2 ширхэг, 19 см урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэг  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

М Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт С-ын Б-ийг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Бийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан энэ тогтоолоор С.Б-ид  оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 43 хоног буюу нэг сар арван гурав хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил, 1 /нэг/ сар, 13 /арван гурван/ хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт түүний баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 94 /ерэн дөрвөн/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 7.118.998 /долоон сая, нэг зуун арван найман манга, есөн зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсгийн урт 9 см, бариул хэсгийн урт 10 см нийт 19 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас 2 ширхэг, 19 см урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Б-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ДАЛАЙХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ                    

 

                      ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ