Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

  2022        04          12                                     2022/ШЦТ/339

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Э.Ц /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ордос овогт ЭЦд холбогдох эрүүгийн 2211 00000 0671 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Монгол гутал оёдог, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай яцц гудамж 29 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоот 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин сууж байгаа гэх, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Ордос овогт ЭЦ /РД:............................................................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн гудамжинд хардалтын улмаас эхнэр Т.Ариунбилэгтэй маргалдаж, улмаар хутгаар гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн шуунд хатгагдсан шарх, бугалгын дотор дунд хэсэгт, сарвууны 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны гадна ирмэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Ц нь:

2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн гудамжинд хардалтын улмаас эхнэр Т.Ариунбилэгтэй маргалдаж, улмаар хутгаар гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн шуунд хатгагдсан шарх, бугалгын дотор дунд хэсэгт, сарвууны 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны гадна ирмэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Т.Ариунбилэгийн “...Сэрсэндэмэд гэх хүнтэй утсаар яриад “чи хаана байна, байгаа газарт чинь очоод би чамайг алах гэж байна, чи манай эхнэртэй явалддаг биз дээ” гэхэд Сэрсэндэмэд нь юу яриад байгаа юм гээд нөгөө хүн утсаа салгасан ...Э.Ц нь надаас машины түлхүүр авах гээд надтай ноцолдоод би машины түлхүүрийг өгөхгүй гээд эсэргүүцээд байж байтал Цэвээнсүрэн машин руу явж очоод жолоочийн хаалганы хавтаснаас хүрэн өнгийн иштэй хутга гаргаж ирээд өөрийнхөө гадуур хувцсыг тайлаад энгэрээ яраад орилоод байхаар нь би бодохдоо Цэвээнсүрэнг өөрийнхөө биед хутгаар гэмтэл учруулах гэж байна гэж бодоод айгаад би Цэвээнсүрэн дээр явж очоод “болиоч” гээд хэлтэл Цэвээнсүрэн “чи надаас хол бай” гэж хэлээд хутгатай гараараа далайгаад буулгатал миний зүүн гарын шуу хэсэгт зүсэгдсэн юм. Тэгээд миний зүүн гарын шуу хэсэг чимчигнэж өвдөөд би эргээд машин руугаа явтал Цэвээнсүрэн гартаа барьж байсан хутгаа замын хашлага давуулж шидээд миний араас гүйж хүрч ирээд “яасан зүгээр үү” гээд миний гарыг үзэх гээд байхаар нь би Цэвээнсүрэнг үлдээгээд машиндаа ганцаараа суугаад яваад өгсөн юм ...Надад хэрэгтэй холбогдуулж гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Цэвээнсүрэн бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод эвлэрсэн ...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Гэрч Ц.Цэвэлсүрэнгийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн өглөө 07 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Сод Монгол шатахуун түгээх газар ажил дээрээ 12 цагийн ээлжийн ажилд гараад ажлаасаа буух гээд байх үед хар өнгийн машин хүрч ирж зогсоод машиныхаа банкийг дүүргэсэн юм. Тухайн машин дотор эрэгтэй 2 хүн явж байсан ба жолоог эмэгтэй нь барьчихсан байсан. Тэгээд машиныхаа банкийг дүүргээд манай шатахуун түгээх газраас хөдлөөд явсан ба удалгүй манай шатахуун түгээх газрын замын эсрэг талд нөгөө хар өнгийн машин хүрч ирээд зогссон юм. Тэгээд машин дотроос нэг эрэгтэй хүн бууж ирээд машиныхаа хамрыг сөхөөд нэг юм салгаж байгаа бололтой араас нь эмэгтэй нь гарч ирээд болилдоо гэж эрэгтэйдээ хандаж хэлээд хоорондоо муудалцаад байсан. Би тухайн үед өөр юм хийж байгаад дахиад хартал эрэгтэй нь эмэгтэйгээ доошоо тонгойлгочихсон гараараа цохиод байгаа бололтой эмэгтэй нь цохихоо болиоч гээд чанга орилоод эмэгтэйн нь гадуур хувцас нь шороо болчихсон байсан. Намайг харахад эрэгтэй нь гараараа л хамт явж байсан эмэгтэйнхээ биед нь халдаж цохиод байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3882 дугаартай “...Т.Ариунбилэгийн биед зүүн шуунд хатгагдсан шарх, бугалгын дотор дунд хэсэгт, сарвууны 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны гадна ирмэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн шуунд хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ байх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Шүүгдэгч Э.Цгийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр эхнэртэйгээ хоёулаа гараад эхнэртэйгээ хардаж байгаа Сэрсэндэмид гэх хүнтэй уулзахаар гарсан. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн Сод монгол ШТС-аас бензин аваад байж байтал манай эхнэр Сэрсэндэмид гэх хүнтэй утсаар ярихаар нь би утсыг нь булааж аваад “чи хаана байна, би чамтай уулзмаар байна” гэтэл нөгөө хүн Оюутолгойд ажиллаж байна гэж хэлсэн. Гэтэл манай эхнэр гар утсыг булааж авахаар нь миний уур хүрээд ...би уурлаж бухимдсандаа давчдаад байсан болохоор жолооч талын хаалганы хавтасанд байсан хүрэн өнгийн иштэй хутгыг барьж аваад өөрийнхөө цамцаа яраад амьсгаа автал манай эхнэр над дээр хүрч ирээд “чи одоо болиоч” гэж хэлэхээр нь “чи надаас хол бай” гээд хутгаараа гараа савтал эхнэрийн зүүн шуу хэсэгт оногдсон цус гарсан ...Би Ариунбилэгийг дагуулан эмнэлгийн байгууллагаар явж эм тариа авч өгч хохирлыг нь барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,   

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 36/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 76-77/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-38/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн гудамжинд хардалтын улмаас эхнэр Т.Ариунбилэгтэй маргалдаж, улмаар хутгаар гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн шуунд хатгагдсан шарх, бугалгын дотор дунд хэсэгт, сарвууны 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны гадна ирмэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Т.Ариунбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...миний бие өөрийн нөхөр Эрдэнэбат овогтой Цэвээнсүрэнтэй эвлэрч хэрэгтэй холбогдуулан надад гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлтийг бичиг /хавтаст хэргийн 76 дахь тал/-ээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.

Мөн шүүгдэгч Э.Ц нь хохирогчийн 2022 оны 03 дугаар сард Гэмтэл Согог үндэсний төвөөс 150.000 төгрөгийн гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч үйлчлүүлсэн тусламж үйлчилгээний 150.000 төгрөгний зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлсөн болох нь Хаан банкны банк хоорондын шилжүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/-ээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Цг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ордос овогт ЭЦг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ