Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй

Хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор

Улсын яллагч Н.Алтантүлхүүр

Иргэдийн төлөөлөгч:С.Байгаль

Хохиргч О.Халиун,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч А.Сандагдулам,

Шүүгдэгч С.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030151 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж 251 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Хонхот арслан овогт Самбуугийн Отгонбаяр / РД:РЮ 72101911/ нь

2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж 251 тоотод оршин суух гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч О.Халиуныг "мөнгө өгсөнгүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, түүний бие махбодид нь тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч С.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ байж байгаад12 цагийн үед гэрээсээ гарч айлд очсон. Би айлд очоод айлын хүмүүстэй нэг шил архи хувааж уугаад гэртээ өдөр 4 цагийн үед очиж унтсан. Унтаж байгаад орой 07 цагийн үед сэрсэн. Тэгээд тамхи татах гэхэд тамхигүй болчихсон байсан. Би охиндоо 5.000 төгрөг байгааг мэдэж байсан болохоор тамхины мөнгө аавдаа зээлээч гэж гуйсан. Дэлгүүр 10 цагт хаадаг байсан болохоор дэлгүүр хаахаас өмнө тамхи авах санаатай байсан юм. Манай охин тархины хоргүй хавдартай болохоор уурлаж, хашгирдаг байсан. Орон дээр охин маань дээшээ хараад хэвтэж байсан. Би ширээний хажууд сууж байгаад ааваасаа 2.000 төгрөг харамлалаа гээд айлгах санаатайгаар тэр шилийг шидсэн. Би тухайн үед охиноо онож, тэр шил хагарчихна гэж бодоогүй. Би хажуу айлын хүнээсээ түргэн дуудаад өгөөч гэж гуйсан, тэгээд түргэн удалгүй түргэн ирсэн гэв.

Хохироогч О.Халиун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Аав маань Халиунаа миний охин аавынх нь буруу гэж надаас өнөөдөр уучлалт гуйсан. Намайг зүгээр байж байхад аавдаа мөнгө зээлүүлчих, аав нь тамхигүй байна гэхээр нь би энэ мөнгөөрөө эмээ авч уумаар байна гэж хэлсэн. Над руу шил шидсэн тэгээд миний нүүрнээс маш их цус гарсан. Аав түргэн тусламж дуудаад эмнэлэг рүү дагуулж явсан. Эмнэлэгт хэвтээд миний нүүр зүгээр болсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гарахад би ажил дээрээ байж байсан. Нөхөр маань над руу 21 цаг 30 минутын үед залгаад ирэхдээ нэг шил архи аваад ирээрэй, архи авчирж ирэхгүй бол ална шүү гэж ярьсан. Удалгүй дараа нь дахиж залгаад би охиноо гэмтээчихлээ гэж хэлсэн. Тухайн үед би их уурласан байсан. Одоо бол би энэ хүнийг ял эдлүүлээд яахав дээ гэж бодож байна гэв.

Хохирогч О.Халиуны мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр аав Отгонбаяр гэртээ байж байгаад өдөр айл руу явлаа гээд явсан. Гэртээ буцаж ирэхдээ аав согтуу хүрч ирсэн. Тухайн үед надад 5000 төгрөг байсныг аав мэдэж байсан болохоор надаас тамхины мөнгө гуйгаад байхаар нь би өгөөгүй. Тэгтэл аав намайг хойд ор луу түлхээд унагаасан. Тэгээд над руу варианы шил шидчихсэн. Тэгээд варианы шил хагараад миний баруун талын хацрыг зүссэн. Манай аав намайг тамхины мөнгө зээлүүлсэнгүй гэх шалтгаанаар миний нүүр лүү варианы шил шидэж гэмтэл учруулсан...би гэртээ дүү Эрдэнэбаяр, Тэргэл нарын хамтаар гэртээ байж байсан. Тэгээд бид гурвыг байж байхад аав гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн...би мөнгө хацар шил хагарсаны улмаас зүсэгдсэн, мөн шүд хугарсан...гэх мэдүүлэг,

Гэрч А.Түвшинжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой манай нөхөр Отгонбаяр над руу яриад тарах болж байна уу орой ирэхдээ 1 шил архи авчирч өгөхгүй бол ална шүү пизда минь гэсэн. Тэгснээ 30 минутын дараа буюу 22 цагийн үед над руу Отгонбаяр дахиад яриад би охиноо гэмтээчихлээ чи хурдан ирээд хар аймаар болгочихлоо гэсэн. Тэгээд би 22 цаг 30 минутын үед гэртээ очсон. Тэгтэл манай охин Халиуны нүүр аймаар болчихсон байсан... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...аав тамхи дуусчихлаа тамхины мөнгө өгөөч гээд эгч Халиунаас нэхсэн чинь эгч өгөхгүй гэсэн...Халиун эгч өгөхгүй гээд өгөөгүй. Тэгээд аав орон дээр сууж байгаад эгчийн гарнаас татаад ор руу хэвтүүлсэн. Тэгээд эгчийн барьж байсан цүнхнээс түрийвчийг нь авах гэхэд эгч орилоод аавын гараас татсан чинь аав чи яах гээд байгаа юм гээд ширээн дээр байсан саладны шилийг аваад эгч Халиун руу шидсэн. Аавын шидсэн шил эгчийн баруун хацарт оноод хагарсан... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Тайваны мөрдөн байцаалтанд өгсөн:... намайг харахад саладны шилний ёроол хэсэг нь хагараад, ёроол нь байхгүй болчихсон байсан. Отгонбаяр хэлэхдээ энэ шилээр цохьчихлос.гэж хэлж байсан...гэх мэдүүлэг,

Шинжээч эмч М.Энхтайвангийн мөрдөн байцаалтанд өгсөн:...тархи доргилт,баруун хацрын хууларсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун хацрын хууларсан шархнаас үлдсэн сорви нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хохирогчийн нүүрний хэлбэр дүрсийг алдагдуулахгүй, цаашид гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1028 тоот:

-О.Халиуны биед тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх мэдүүлэг,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 275 тоот дүгнэлт,

Шүүх сэтгэц гэм судлалын 693 тоот магадлагаа,

Яллагдагч С.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:... 21 цаг өнгөрч байхад тамхи татах гээд охин Халиунаас аавдаа 2000 төгрөг зээлчих, аав нь дэлгүүр хаахаас өмнө тамхи аваадахья гэж хэлсэн... Халиунаа өгөхгүй гээд байсан... тухайн үед Халиунаа гэрийн хойморт газар зассан орон дээр хувцастайгаа хэвтэж байсан. Би гэрийн зүүн талд байсан ширээний хажууд сууж байсан. Тэгээд би Халиунаагаас мөнгө гуйгаад өгөхгүй болохоор нь ааваасаа 2000 төгрөг харамлалаа гэж хэлээд ширээн дээр байсан хоосон саладны шил харагдахаар нь айлгах санаатай Халиунаа руу шидсэн...мөнгө өгөхгүй болохоор нь бухимдсандаа л шил харагдахаар нь шидчихсэн... гэх мэдүүлэг,

Өвчний түүх зэргийг шинжлэн судлав

Шүүгдэгч С.Отгонбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж 251 тоотод оршин суух гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч О.Халиуныг мөнгө өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, түүний бие махбодид нь тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Халиуны… тэгээд над руу варианы шил шидчихсэн. Тэгээд варианы шил хагараад миний баруун талын хацрыг зүссэн. Манай аав намайг тамхины мөнгө зээлүүлсэнгүй гэх шалтгаанаар миний нүүр лүү варианы шил шидэж гэмтэл учруулсан...би гэртээ дүү Эрдэнэбаяр, Тэргэл нарын хамтаар гэртээ байж байсан. Тэгээд бид гурвыг байж байхад аав гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн...гэх мэдүүлэг,

Гэрч А.Түвшинжаргалын … 22 цагийн үед над руу Отгонбаяр дахиад яриад би охиноо гэмтээчихлээ чи хурдан ирээд хар аймаар болгочихлоо гэсэн. Тэгээд би 22 цаг 30 минутын үед гэртээ очсон. Тэгтэл манай охин Халиуны нүүр аймаар болчихсон байсан... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаярын …Тэгээд эгчийн барьж байсан цүнхнээс түрийвчийг нь авах гэхэд эгч орилоод аавын гараас татсан чинь аав чи яах гээд байгаа юм гээд ширээн дээр байсан саладны шилийг аваад эгч Халиун руу шидсэн. Аавын шидсэн шил эгчийн баруун хацарт оноод хагарсан... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Тайваны... намайг харахад саладны шилний ёроол хэсэг нь хагараад, ёроол нь байхгүй болчихсон байсан. Отгонбаяр хэлэхдээ энэ шилээр цохьчихлоо гэж хэлж байсан...гэх мэдүүлэг,

Шинжээч эмч М.Энхтайвангийн...тархи доргилт,баруун хацрын хууларсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун хацрын хууларсан шархнаас үлдсэн сорви нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хохирогчийн нүүрний хэлбэр дүрсийг алдагдуулахгүй, цаашид гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1028 тоот:

-О.Халиуны биед тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь С.Отгонбаярын үйлдлийг охинтойгоо тамхины мөнгөнөөс болж маргасан хувийн сэдэлттэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцсэн.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан уг хэргийг дүгнэж үзэхэд шүүгдэгч С.Отгонбаяр нь согтуугаар бие муутай охиндоо 5000 төгрөг байгааг мэдэх үүднээс тамхины мөнгө нэхэж үг хэлээр доромжилж, амгалан тайван байдлыг нь удаан хугацаагаар алдагдуулж, эцэст нь нүүр лүү нь варианы  шил шидэж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь зэвсгийн чанартай зүйл ашиглаж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Харин нүүрэнд учирсан гэмтэл нь засрашгүй хүнд гэмтэл биш болох нь шинжээч эмчийн тайлбараар нотлогдож байна.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.      

Шүүгдэгч нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хонхот арслан овогт Самбуугийн Отгонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар С.Отгонбаярт 3 жил 5 сарын хорих ял оногдуулсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаярт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаярын цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримт байхгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.Отгонбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ё.ЦОГТЗАНДАН

 

                        ШҮҮГЧИД                        С.БАТГЭРЭЛ

                                                                                                                                                  

                                                           Г.БУЯННЭМЭХ