Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2120

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02120

 

 

М.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02240 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Ш-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4 875 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ш- нь М.Д-гээс 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1 950 000 төгрөг зээлсэн бөгөөд дараа нь үүнийгээ баталгаажуулан 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1 950 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулжээ.

Гэвч Ш.Ш- нь зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүг нэг ч удаа төлөөгүй бөгөөд зээлсэн мөнгөө хүүгийн хамт буцаан шаардсан ч төлөөгүй.

Гэрээнд зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор заасан тул Ш.Ш-ээс зээлсэн мөнгөө хүү, алдангийн хамт нэхэмжилж байгаа.

Ш.Ш-ээс 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний төлбөр буюу үндсэн зээл 1 950 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны хүү 1 950 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш тооцсон алданги 975 000 төгрөг, нийт 4 875 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ш.Ш- нь зээлийн гэрээ байгуулснаас хойш М.Д-гийн эхнэр ХХХХ-ийн дансанд 130 000 төгрөг төлснийг зээлийн төлбөрөөс хасч тооцож болох юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Д-гийн эхнэр ХХХХ-аас Ш.Ш- нь 2013 оны 05 дугаар сард 2 000 000 төгрөг зээлсэн. 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгөндөө хүү, алданги тооцохоор тохиролцож, уг өдрөө зээлийн гэрээ байгуулсан. Үүний дагуу мөнгө өгч авалцсан. 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэхдээ энэ гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаан байхгүй.

2013 оны 5 дугаар сард зээлэн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү, алданги тооцсон гэрээний дагуу зээлсэн 2 000 000 төгрөгөөс 50 000 төгрөгийг хариуцагч Ш.Ш- төлсөн. Энэ 1 950 000 төгрөг дээр 2014 оны 11 дүгээр сарын 08-ны зээлийн гэрээ байгуулсан.

Ш.Ш- нь нэхэмжлэгч талд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд нийт 550 000 төгрөг төлсөн бөгөөд мөн бэлнээр 2 050 000 төгрөг, бүгд 2 600 000 төгрөг төлсөн. М.Д-гийн эхнэр ХХХХ-ийн дансанд мөнгө төлж байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Ш-ээс 4 745 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 130 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчШ.Ш-ээс 90 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй хэргийн оролцогчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээр хангаагүй байх тул дараах үндэслэлээр гомдолыг гаргаж байна.

 Нэхэмжлэгч М.Д- 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ш.Ш-т 1 950 000 төгрөгийг зээлдсэн. Энэхүү зээлийн гэрээний зүйлийг 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн болох нь зохигчдын тайлбар болон хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн "гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргахгүй" гэх тайлбараас нотлогдож байна гэжээ.

Анхан шатны шүүх нь зохигчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас огт өөр тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн байна. Учир нь хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбарт " талуудын хоорон 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулагдсан эсэхэд маргахгүй" гэснээс бус гэрзэ хүчин төгөлдөр гэрээний зүйлийг хүлээн зөвшөөрсөн агуулага бүхий тайлбар огт гаргаагүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр Ш.Ш-т 1 950 000 төгрөг хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт  тайлбар гаргасан. Тэгвэл 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлдэгчийн өмчлөлд 1 950 000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбар нь тус зээлийн гэрээний 1 дахь заалтад гэрээний хугацаа болон төлбөрийг 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тооцох тухай заалт нь энэхүү зээлийн гэрээний зүйлийг гэрээ байгуулагдсан өдөр олгоогүй гэдгийг нотолсон.

Мөн энэхүү гэрээний зүйлийг хэзээ өгсөн, гэрээний харилцаа, үүрэг хэзээ үүссэн байдлыг тогтоох шаардлага гарна. Энэхүү гэрээний зүйлийг 2013.08.27-ны өдөр 2 000 000 төгрөг хүлээж авсан мөн энэхүү гэрээтэй холбоотой 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 13 сарын хүү буюу нийт 2 600 000 төгрөгийг зээлдэгчид төлсөн. Улмаар үндсэн төлбөрөө бүрэн төлсөн. Нэхэмжлэгчийн хувьд 2013.08.30-ны өдрийн зээлийн гэрээгээр буцаан өгсөн төлбөрийг хугацаа тогтоогоогүй хүүнд авч үндсэн зээлийн төлбөр үлдсэн мэтээр дахин зээлийн гэрээ байгуулж шүүхийн шийдвэр гаргуулсан.

Хариуцагчийн  итгэмжилсэн төлөөлөгч Л.З миний бие шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч болох нэхэмжлэгчийн эхнэр Ц.А-г гэрчээр мэдүүлэг авхуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүх нь хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр гэрч асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эхнэр Ц.А-гийн “Капитал банк” ХХК-ийн данс руу 2013 оноос тогтмол орлого хийх болсон энэхүү хийгдэж байгаа орлого нь ямар үүрэг гүйцэтгээд байгаа тухай гэрчийн мэдүүлэг авхуулах тухай зохигчдын эрхийг хангаагүй мөртлөө ямар үндэслэлээр энэхүү орлогыг иргэн М.Д-гийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ямар хэмжээгээр яаж тооцож хасаад байгаа тухай хэрэг хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс алдааг залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч М.Д- нь хариуцагч Ш.Ш-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4 875 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

            Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Зээлийн гэрээ” нэртэй хэлцлийг байгуулж, гарын үсэг зурагдсан. Уг гэрээний 5 дахь заалтад 1 950 000 төгрөгийг өөрийн биеэр тоолж авсан гэж Ш.Ш- гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрээний 1 дэх заалтын агуулгаас үзвэл энэ мөнгөн хөрөнгийг уг зээлийн гэрээ байгуулагдахад шилжүүлэн өгсөн нь эргэлзээтэй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эхнэр Ц.А-г гэрчээр оролцуулах хүсэлт гаргахдаа үндэслэлийг хариуцагч 2013-2016 онуудад түүний дансанд зээлийн төлбөрийг шилжүүлж байсан гэжээ.

 

            Хэдийгээр хариуцагч тал шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдаан дээр талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа 2013 оноос эхлэлтэй, хэд хэдэн удаа гэрээ байгуулж, төлбөр төлж байсныг шүүх хуралдаан дээр амаар тайлбарласныг тайлбар гэж дүгнэх тул хариуцагч талын гэрчээр нотлуулах эрхийг хязгаарлаж болохгүй юм.

 

Иймд гэрчээс мэдүүлэх авах ажиллагааг хэргийн оролцогч өөрөө гүйцэтгэх боломжгүй байхад шүүх боломжтой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 109 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

            Түүнчлэн хариуцагч болох зээлдэгч талаас баримтаар 2013 оны 08 дугаар сарын 30, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн эхнэрийн дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан 8 ширхэг баримтыг гаргаж өгч, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбартаа эдгээр гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч бодитоор мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй, өмнө байгуулсан 2 зээлийн гэрээний төлбөрийг төлж дууссан гэжээ.  

 

            Хэдийгээр хариуцагч тал хуульд заасан хугацаанд тайлбараа гаргаагүй ч шүүх хариуцагч талаас нотлох баримт хүлээн авч, шүүх хуралдаан дээр амаар гаргасан тайлбарыг нь хүлээн авсан тул хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөх байжээ.

 

            2013 оны 08 дугаар сарын 30, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой маргаан талуудын хооронд үүссэн байхад анхан шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэж дүгнэлт өгөөгүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх замаар алдааг залруулах боломжгүй, талуудын хооронд үүссэн маргаан бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарна.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Ш- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА