Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 46

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Л.Солонго

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Э.Ат холбогдох 1828000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 01-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо ээж, эгч, хүргэн, дүү нарын хамт Даланзадгад сумын 6 дугаар баг, ............................... оршин суух, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 269 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг дүйцүүлэн хасч 1 жил 3 cap 29 хоногийн хугацаагаар тогтоосон, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 1 cap 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн, Тоонот овгийн Э.А, регистрийн дугаар /....................../

          Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Марал” дэлгүүрийн ойролцоо хохирогч Ц.С гийн эзэмшлийн Samsung note Н-4 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Тоонот овгийн Э.А-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат 1  жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ. 

          Шүүгдэгч Э.А давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дахь хэсгийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Э.А миний бие нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

          Учир нь надад дээрэм хийх санаа зорилго огт байгаагүй бөгөөд миний мэдүүлгийн үнэн зөвийг шалгалгүйгээр надад ял халдаасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл би

хохирогчийн утсыг нь авч нөхөртэй нь яриад болсон асуудлын талаар хэлчхээд утсыг нь нөхрийнх нь ажил дээр аваачиж өгөхөөр тохиролцсон байсан бөгөөд энэ талаар огт ажиллагаа хийж шалгалгүйгээр намайг дээрэм хийсэн гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр хэт нэг талыг барьж хэргийг шалгаж шийдсэнд гомдолтой байгаа тул дээрх асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолтой холбоотой гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд Э.А нь хэрэгт холбогдсон цагаасаа л “би дээрэм хийгээгүй Ц.С гийн нөхрийг нь таньдаг болохоор эхнэрт нь туслах гэж байсан юм. Утсыг нь аваад нөхөрт нь би болсон бүх зүйлээ хэлээд шүүхийн шийдвэр лүү нөхөрт нь утсыг нь аваачиж өгөхөөр тохиролцоод явж байсан юм.” гэж мэдүүлсээр байхад энэхүү мэдүүлэгт агуулагдаж байгаа цагаатгах талын нотлох баримтыг шалгалгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

          Мөн Э.А нь бааранд Ц.С  болон найз О.З нь нэг нэг пиво авч өгсөн талаар мэдүүлдэг бөгөөд тухайн өдөр ажиллаж байсан баарменаас нь пиво авч өгсөн эсэхийг нь тодруулж Э.Аийн мэдүүлгийг нэг бүрчлэн шалгах нь нотлох баримтыг магадлах, харьцуулан шинжлэн судлах, үнэн зөвийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Гэтэл хавтаст хэрэгт дээрх нөхцөл байдлыг болон хохирогчийн нөхөр шүүхийн шийдвэрт ажилладаг эсэх, түүнтэй Э.А ярьсан эсэхийг ч тогтоолгүйгээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна.

          Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

          Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Э.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 21-ээс 22-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн Марал дэлгүүрийн ойролцоо иргэн Ц.С гийн эзэмшилд байсан Samsung note-4 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анханшатны шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 23-ны  өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолтоор Э.Ат нь бусдын эд зүйлийг хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг өмнөх 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хорих ялыг нэмэн нэгтгэн  биечлэн эдлүүлэх ялыг 2 жилийн 2 сарын хугацаагаар хорих ял тогтоосон байна. Шүүгдэгч Э.А, өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нар нь давж заалдах гомдол, тайлбартаа хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалган тогтоогоогүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, Э.Ат холбогдох эрүүгийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, шүүгдэгч Э.А нарын гомдлууд үндэслэлгүй байна. Учир нь хэргийн оролцогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад болон нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргахгүй  эрх нь. Дээрэмдэх гэмт хэргийн тухайн этгээдийн идэвхтэй үйлдэл нь Э.А нь хохирогч Ц.С гийн эд хөрөнгийг илээр, хууль бусаар авснаар уг гэмт хэрэг нь төгссөн байх  тул   мөрдөн байцаалтын шатанд хэрэг болсон шалтгаан нөхцөлийг хангалттай тогтоосон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч  буруутайд тохирсон байна. Шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Өмчлөх эрхийн эсрэг буюу дээрэмдэх гэмт хэргийн гол шинж бол шунахай сэдэлтээр тухайн хүний эд хөрөнгийг өөртөө авах зорилготой байдаг. Гэтэл Э.А Ц.С гийн гар утсыг өөртөө авах зорилго агуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрөө шүүх хуралдааны явцад болон мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ би бол Ц.С гийн нөхрийг таньдаг байсан юм. Нөхөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ажилладаг хүн байсан учраас эхнэрт нь туслах гээд өөр залуучууд баарнаас гараад явж байхад нь Э.А байсан учраас таксинд суугаад яваач гээд мөнгө өгсөн гэтэл явахгүй байсан учраас нөхөрт нь энэ байдлыг хэлэх зорилгоор утсыг нь авсан. Утсыг авсны дараа нөхөртэй нь холбогдоод утсыг нь аваачиж өгье эхнэрээс чинь утсыг нь авлаа гэсэн. Тэр үед нөхөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ажилтай байсан учраас аваад ирээ гэж хэлсэн. Ингээд явж байх замдаа цагдаа нарт баригдсан гэсэн тайлбарыг өгдөг. Гэтэл энэ асуудлыг нь огт шалгалгүйгээр шууд дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. Энэ утсыг Э.А өөртөө авах зорилготой байсан гэдэг үндэслэлээр хэргийг шалгаж Э.Аийг 17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ц.С гийн нөхөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ажилладаг эсэх,

тухайн өдөр Э.А ярьсан  эсэхийг огт шалгахгүйгээр энэ бол дээрмийн гэмт хэрэг гэж үзсэн нь  учир дутагдалтай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор, шүүгч, яллах болон цагаатгах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэж заасан байдаг. Прокурорын зүгээс энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Учир нь цагаатгах болон өмгөөлөх талын нотлох баримт огт цуглуулалгүйгээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтыг цуглуулж тус хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.  Хэргийн хүрээнд Ц.С  “Чамайг олон залуу дагаад байна гэж Э.Аийг хэлэхэд чи юу яриад байгаа юм бэ намайг дагасан хүн байхгүй байна гэж хэлтэл тэр халааснаасаа мөнгө гаргаж ирээд чи таксинд суугаад яв. Араас чинь хүн дагаад байна гэж хэлсэн байдаг. Э.Аийн гол гэрч болох Ц.С гийн нөхрөөс огт асуулгүйгээр дээрмийн гэмт хэрэг гэж үзэж ял халдаасан нь учир дутагдалтай учраас зайлшгүй нэмж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэж хүс ч байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Аийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Марал” дэлгүүрийн ойролцоо Ц.С гийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.С , гэрч Г.С, Б.М, Б.А нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

          Э.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

          Шүүгдэгч Э.А нь 2018 оны 03 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө “Зэт” нэртэй баарнаас гарч явсан Ц.С г салахгүй дагаж явснаас болж хохирогч Ц.С  өөрийн гар утсаараа нөхрийгөө дуудлаа гэхэд гар утсыг нь шууд булаан авч “чи маргааш чаддаг юм бол надаас гар утсаа олж аваарай гичий минь” гэж хэлээд засмал замаар зугтаагаад явсан үйл баримт тогтоогдож байна.

          Хохирогч Ц.С гийн гар утсыг булаан авахаар Э.А-ийн зүгээс довтолгооныг эхлүүлсэн нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Э.А-ийг анхан шатны шүүхээс бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

            Шүүгдэгч Э.А-ийн “би хохирогчийн утсыг нь авч нөхөртэй нь яриад болсон асуудлын талаар хэлчхээд утсыг нь нөхрийнх нь ажил дээр аваачиж өгөхөөр тохиролцсон, энэ талаар огт ажиллагаа хийж шалгаагүй” гэсэн  давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэрэгт шүүгдэгчийн мэдүүлгийг шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

           Анхан шатны шүүх Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

           Иймд шүүгдэгчийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.А-ийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” давrж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

           2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА