Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0139

 

Э.О-ийн НЭХЭМЖЛЭЛТЭЙ

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Анхбаяр, нэхэмжлэгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.О-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ'. “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/414 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.О-ийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явахдаа архи ууж, с согтуурсан, маргааш нь ажилдаа ирээгүй, дуудуулан ирэхдээ согтуу байсан, аймгийн прокурорын газарт болсон хуралд болон тухайн өдрийн 14 цагаас хойш ажилдаа ирээгүй, тасалсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох саналыг ирүүлсний дагуу шалгалт явуулж, дээрх байдал тогтоогдсон тул ажлаас халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6, 26.8, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О-ийн "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/414 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “I. Шүүх маргаан бүхий захиргааны актад дурдсан зөрчлүүдийг бүрэн шалгаж тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж харьцуулж үнэлээгүй тухайд: Анхан шатны шүүх ШШГЕГ-ын даргын 2013 оны 6/414 дүгээр тушаалд зөрчлүүдээс зарим хэсэгт нь дүгнэлт өгчээ. Тухайлбал: А/ Э.О 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа ирээгүй болон Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанд оролцоогүй болох нь Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргын зөвлөлийн 2013 оны 2 дугаар сарын 25- ны өдрийн хуралдааны тэмдэглэл(№4), гэрч Ц.А-ийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны цагийн бүртгэл, Б/ Урьд нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрт гомдол гаргаж байгаагүй зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон гэж дурджээ. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй гэж нэхэмжлэгч талын зүгээс маргаж мэтгэлцсэн хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй, ШШГА-г хууль журмын дагуу явуулаагүй ноцтой зөрчил гаргасан, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй зэрэг2 зөрчлүүдэд шүүх дүгнэлт өгч, хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг үнэлээгүй байна.

Хэрэгт авагдсан гэрч Жавзандулам, Ундрах, Ганхуяг нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь ШГА-ны даргын зөвлөлийн 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн N24 дугаартай хурлын тэмдэглэл болон Сүхбаатар аймаг дахь ШГА-ны цагийн бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар ""даргын зөвлөлийн хурал "21", "25"-ны өдрүүдэд 2 удаа болсон талаар дурдаагүй, нэг л удаа болсон нь "21"-ний өдөр байсан, тус хурлаар Э.О-ийг ажлаас халахыг зөвлөлийн гишүүд 100 хувийн дэмжээгүй, түүнийг хөдөө нүүдэллэн ажиллахдаа согтууруулах ундаа хэрэглээгүй, 2013.02.08-ны өдрийн ажлыг тасдаагүй, харин ч угтах үйлчилгээнд жижүүрлэж байсан" гэх үйл баримтууд нотлогддог. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.А-ийн 2013.02.18-ны өдрийн илтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэгч Э.О нь ажлын байрны тодорхойлолт болоод хууль журамд заасан ямар үүргээ биелүүлээгүй, аль шүүхийн ямар шийдвэртэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн удаашруулсан, яаж хүндрэл учруулсан талаар огт дурдаагүй /энэ зөрчил нь тогтоогддоггүй/, зөвхөн "архи ууж согтуурсан" гэж л бичсэн, түүний гэрчийн мэдүүлэгт "Э.О-ийн 2013 оны 1-р улирлын үр дүнгийн гэрээг С буюу хангалттай үнэлгээтэй дүгнэсэн" гэж дурдсан боловч Сүхбаатар аймаг дахь ШГА-аас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх /хуучин нэрээр/-д ирүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичигт “Э.О нь 2013 оны 1-р улирлын үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй" гэжээ. Энэ мэтээр зөрүүтэй тайлбарууд, маргааны үйл баримтын талаар харилцан адилгүй нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзэлгүй, сонирхлын зөрчилгүй гэрч Агваансүрэнгийн мэдүүлэг л эргэлзээгүй үнэ зөв гэж үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцнэ.

II. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд

82-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.О Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2010.03.07-ны өдрийн А/5, 2011.12.22-ны өдрийн А/67, 2012.10.31-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар тус тус Хөдөлмөрийн хуулийн 131.1.2 дахъ хэсгийг үндэслэн "сарын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах" сахилгын шийтгэл ногдуулж байсан гэх үйл баримтыг шүүх "нэхэмжлэгч Э.О нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан" гэж дүгнэн, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т "хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэдэгт хамааруулан тайлбарлаад, ШШГЕГ-ын даргын 2013 оны 6/414 дүгээр тушаалыг хуульд нийцсэн захиргааны акт гэж үзжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Э.О сахилгын шийтгэл ногдуулсан Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын эдгээр тушаалууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д "шийдвэр гүйцэтгэгчид зөрчлийн шинж байдлыг нь харгалзан дараах сахилгын шийтгэл ногдуулна: 136.1.1 сануулах, 136.1.2 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох", Хууль зүй, дотоод хэргийн сайдын /хуучин нэрээр/ 2002 оны 205 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм"-ийн 3-р бүлгийн 1-д "Сахилгын зөрчил гаргасан тангараг өргөсөн ажилтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлд заасан, энгийн ажилтан албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна", Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Төрийн жинхэнэ албан хаагчдад түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасныг тус тус зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэр тул тэдгээрийг үндэслэж "Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчин төгөлдөр, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан, уг шийдвэрт гомдол аргаагүй учраас хууль ёсных" гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй.

Тодруулбал, төрийн албан жинхэнэ албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулчхаад түүнийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн дагуу дахин сахилгын шийтгэл ногдуулан, тэдгээрийг хамтад нь "албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн", "сахилгын давтан зөрчил гаргасан" гэж тайлбарлаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах эрх хүчингүй болгохоор шийдвэрлэж байгаа нь буруу. Учир нь, Шийдвэр гүйцэтгэгч Э.О нь Төрийн албаны тухай хуулийн 5.2, 8.1.6-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч тул түүнийг ажлаас халах, эсхүл сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас гадна Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн аль тохирох хэсгийг баримтлах учиртай. Гэтэл шүүхийн шийдвэрийн "ТОГТООХ нь" хэсэгт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6, 26.8-д заасан "хөөн хэлэлцэх болон сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа, сахилгын шийтгэлд гомдол гаргах" зохицуулалтууд нь тус хуулийн 26.1.1-26.1.3 -т заасан төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлд л хамаарна.

Иймд ШШГЕГ-ын даргын 2013 оны 6/414 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн эдгээр заалтыг үндэслээгүй, захиргааны болон хөдөлмөрийн эрх зүйн хариуцлагыг хамтатган хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрхийг хохироосон, хууль зөрчсөн захиргааны акт болсон тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 04- ний өдрийн Б/414 дүгээр тушаалаар Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 82 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.О-ийг “урьд удаа дараа зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдсан боловч гаргасан алдаандаа дүгнэлт хийлгүй хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль журмын дагуу явуулаагүй ноцтой зөрчил гаргасан” гэж ажлаас нь халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгохдоо Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.2 /шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.3.8 /ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй/, Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 1/136 дугаар албан бичгийг үндэслэжээ.

Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/136 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэгч Э.О-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох саналыг, даргын зөвлөлийн хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр хуралдааны тэмдэглэлийн хамт хүргүүлсэн. Тухайн хуралдаанаар шийдвэр гүйцэтгэгч Э.О-ийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явахдаа архи ууж согтуурсан, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажил тасалж ирээгүй, жолоочоор дуудуулж ирэхдээ согтуу ирсэн, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэлтийн байдалд хийсэн прокурорын шалгалтын дүнг хэлэлцэх дүнгийн хурлыг болон тухайн өдөр 14:00 цагаас хойш ажилдаа ирэлгүй архи ууж ажлаа тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй” гэх асуудлуудыг хэлэлцжээ.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг төрийн тусгай албан хаагчид хамаарахаар зааснаас үзвэл төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулахад тэдгээрийг томилох, чөлөөлөх эрхийг тодорхойлсон /Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай/ хуулиас гадна төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд үйлчлэх ёстой.

Энэ агуулгаар авч үзвэл шийдвэр гүйцэтгэгч Э.О-ийг төрийн албанаас халсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг баримталж, холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй хариуцагч албан тушаалтны тушаал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол” төрийн албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан бол 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн албан хаагч нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, түүнчлэн албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах талаар заасан байтал хариуцагч дээрх зүйлүүдийн аль үндэслэлээр Э.О арга хэмжээ авсан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл тэрээр маргаан бүхий захиргааны актаар “ажлаас халах" буюу хуулийн 25 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахдаа, хуулийн 26 дугаар зүйлд заасан "хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлийг заажээ.

Нэхэмжлэгчийг албан тушаалаас нь халах үндэслэл болгосон “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явахдаа архи ууж согтуурсан, ажил тасалсан, ажилдаа согтуу ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй” гэх үндэслэлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох бөгөөд ийнхүү шийтгэл ногдуулах тохиолдолд эрх бүхий албан тушаалтны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 205 дугаар тушаалаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн Хоёр-ын 2.”Сахилгын зөрчил нь шалгагдаж, нотлох баримтаар тогтоогдсон байна.”, Гурав-ын 6 “Ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа сахилгын зөрчил гаргасан ажилтан болон холбогдох албан тушаалтан, иргэн, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж тайлбар, тодорхойлолт авч баталгаажуулсан байна” гэх заалтуудыг хэрэгжүүлж, үүнтэй холбоотойгоор сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох ёстой.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь энэ талаар ямар нэг ажиллагаа явуулалгүй, Э.О-ээс асуудлыг тодруулахыг хүссэн байхад шууд Сүхбаатар аймаг дахь албанаас ирүүлсэн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу болжээ.

Хэдийгээр, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Э.О-ийн зөрчлийн талаар албаны шалгалт явуулсан боловч тухайн үед цуглуулсан баримтууд шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхээргүй. Тодруулбал, Э.Оюунчимэгтэй хамт албан үүргээ гүйцэтгэж явсан гэх шийдвэр гүйцэтгэгч Э.Ундрах албаны шалгалтын үед ахлах гүйцэтгэгч Ц.А-д өгсөн тодорхойлолтоосоо өөр агуулгатай мэдүүлгийг шүүхэд хуульд заасан журмын дагуу гэрчээр асуугдахдаа өгснөөс гадна шүүхэд асуугдсан бусад гэрчүүд ч Э.О-ийг тухайн үед ямар нэг зөрчил гаргаагүй талаар мэдүүлжээ. Энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтууд болох шүүхээс асуусан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх бөгөөд харин ахлах гүйцэтгэгч Ц.А-ийн бусдаас авсан тодорхойлолтыг тэр хэмжээнд үнэлэх боломжгүй.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар Э.О, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэлтийн байдалд хийсэн прокурорын шалгалтын дүнг хэлэлцэх дүнгийн хуралд оролцоогүй, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэг нь тогтоогдсон боловч эдгээр нь дангаараа түүний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хасах, улмаар ажлаас халах үндэслэл болохооргүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг алдагдуулсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь харшилсан шийдвэр гэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх эдгээр асуудлыг бүрэн дүгнээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Э.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/414 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Э.О-ийг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 82 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.