Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

  2022        04          14                                     2022/ШЦТ/346

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Э.Ш /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэр овогт ЭШт холбогдох эрүүгийн 2211 00000 0813 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дуулга” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Богд 3 дугаар баг, Баян дөхөмт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Үхэр овогт ЭШ /РД:...................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” караоке пабад З.Очирбаттай маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж биед нь баруун хоншоор ясны урд ирмэгийн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Ш нь:

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” караоке пабад З.Очирбаттай маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж биед нь баруун хоншоор ясны урд ирмэгийн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч З.Очирбатын“Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн төрсөн ах Ариунболдын хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах +30 нэртэй бааранд орсон юм. Би хоёр бааранд ороод 0,5 литрийн савалгаатай Эдэн нэртэй архи захиалж аваад Ариунболд ах бид хоёр хувааж уугаад Ариунболд ах архинаас ихэнхийг уусан юм. Ах бид хоёр архи ууж дуусаад Ариунболд ах нилээн согтчихсон биеэ удирдаж хянах чадваргүй болсон юм. Тэгээд ах үл таних хүмүүстэй жаахан маргалдаад хэрэлдтэл баарны хамгаалагч залуу манай ахыг ширээн дээрээс авч ирээд хүмүүстэй муудалцаж болохгүй бааранд эмх замбараагүй байж болохгүй талаар хэлээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа би бусадтай хэрэлдээд муудалцтал баарны хамгаалагч залуу хүрч ирээд одоо манай баар та хоёрт үйлчилж чадахгүй манай баарнаас та хоёр гар гэж хэлээд Ариунболд ахыг дагуулаад баарнаас аваад гарсан. Би сүүлд архи захиалсан байсан архийг текэн дээр очиж буцаачихаад баарнаас гараад очтол баарны хамгаалагч залуу манай ахтай муудалцчихсан зогсож байсан. Би очоод Ариунболд ахыг өмөөрөөд баарны хамгаалагч залуутай муудалцтал баарны хамгаалагч залуу миний хувцаснаас заамдаж аваад миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод дараа нь баруун гарын тохой хэсгээрээ миний баруун нүд рүү нэмж нэг удаа цохиод би нүүрээ дараад доош тонгойтол баарны хамгаалагч залуу миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохитол миний хамарнаас цус гараад намайг хавсарч унагаасан юм. Би босож ирээд баарны хамгаалагч залуутай муудалцаж байгаад Ариунболд ахыг баарнаас дагуулж гараад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст өөрийн биеэр очиж гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

Гэрч Б.Содхүүгийн “Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” караоке пабад зөөгч хийдэг ба 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 03:00 цагийн орчимд миний ажил хийж байгаа газар үл таних хоёр залуу бааранд үймээн үүсгээд хүмүүстэй зодоон хийгээд байсан. Тэгээд би тус газар ажиллаад удаагүй нэрийг нь мэдэхгүй баарны хамгаалагчийн хамт тус хоёр залууг гадагшаа гаргаад хамгаалагчдаа тэр хоёр хүнийг бааранд үймээн үүсгээд байсан болохоор аятайхан хэлж ойлгуулаад явуулчихаа гэж хэлээд бааранд буцаад орсон. Тэгээд байж байтал тус хоёр залуу танай хамгаалагчид зодуулчихлаа гээд цагдаа дуудаад ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3966 дугаартай “З.Очирбатын биед баруун хоншоор ясны урд ирмэгийн хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/,

Шүүгдэгч Э.Шын “...би тэр залууг /З.Ариунболд/ баарнаас авч гараад шатаар уруудаад алхаж байх үед нөгөө залуу согтчихсон намайг үг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залуутай жаахан маргалдаад хэрэлдээд зогсож байх үед тэр залуу намайг цохих гэж гараараа далайхаар нь би гарыг нь барьж аваад хавсраад газар унагаасан юм. Гэтэл араас тэр залуутай хамт явж байсан залуу /З.Очирбат/ шатаар уруудаад над дээр хүрч ирээд чи манай ахыг унагаадаг хэн бэ? Чи чаддаг юм бол намайг зодчих гээд над руу агсраад байхаар нь би цамцнаас нь заамдаж аваад хана руу түлхсэн ба би түлхэхдээ тэр залуугийн баруун нүд хэсэг рүү нь тохойгоороо цохисон юм. Гэтэл тэр залуу над руу дахиад ойртоод хүрээд ирэхээр нь би гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохитол тэр залуугийн уруулнаас нь цус гарсан юм. Тэгээд би тэр 2 залууг гадагш гаргаад гадаа тэр 2 залуутай хэрэлдээд муудалцаад зогсож байтал би нүүр хэсэг рүү нь цохидог залуугийн /З.Очирбат/-ын баруун нүд хэсэг нь хавдаад улайчихсан байсан ... хохирогч З.Очирбатын нэхэмжилсэн хохирлын 300.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр З.Очирбатын 5018929414 тоот Хаан банкны данс руу нь шилжүүлэн  өгч хохирлыг бүрэн барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 35/, шүүгдэгч, хохирлын баримтууд /хх 60-61/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 77, 75/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 130 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /хх 82/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар Э.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” караоке пабад З.Очирбаттай маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж биед нь баруун хоншоор ясны урд ирмэгийн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Э.Ш нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Э.Ш нь хохирогч З.Очирбатын эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин хохирогч З.Очирбат нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 150.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг шүүгдэгч Э.Шаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үхэр овогт ЭШыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Шаас 150.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ