Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/358

 

 

 

 

 

 

 

 

  2022        04          19                                     2022/ШЦТ/358

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч Э.Д /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад овогт ЭДд холбогдох эрүүгийн 2211 00324 0757 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Индажин” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Төв аймгийн Өндөр ширээт сумын 2 дугаар баг, Хайрханд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 10 дугаар байр 2-10 тоотод оршин сууж байгаа гэх, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Хиад овогт ЭД /РД:...................................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 28 дугаар гудамж 397б тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Г.Сарантуяатай “хүүхдийн 100.000 төгрөгийг үрлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Д нь:

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 28 дугаар гудамж 397б тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Г.Сарантуяатай “хүүхдийн 100.000 төгрөгийг үрлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Г.Сарантуяагийн “...Урьд шөнө Э.Д зааланд тоглоод шөнө 01 цагийн үед ирээд унтсан. Тэгээд хэрэг болсон өдөр 16 цагийн үед нөхөр Дагвадэмбэрэл унтаж байхад манай бага охин уйлагнаад байсан. Тэгээд Дагвадэмбэрэл сэрээд дэлгүүрээс бэлэн хоол аваад ир гэж хэлэхээр нь би “тэр чинь мөнгө шүү дээ, хүүхдийн мөнгө орсон уу” гэж асуухад тэрээр “хүүхдийн мөнгө орсон, тэгээд дуусчихсан” гэж хэлэхээр нь би бухимдаад “яахаараа дуусчихдаг юм, хүүхэддээ мөнгийг нь зарцуулаагүй байж” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Улмаар би орны урд сууж байхад нөхөр орон дээр хэвтэж байснаа босоод миний нүүр лүү атгасан гараараа 3-4 удаа цохиж, намайг эсэргүүцэхэд үсдээд орны урдуур чирсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж “чи ямар даварчихсан юм бэ” гэж хэлээд утсаа аваад хажуу айлаас хаягийг тодруулахад утсаараа 102 луу залгаад дуудлага өгсөн. Дагвадэмбэрэл надаас уучлалт гуйгаагүй, ямар ч үйлдэл гаргаагүй ...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3275 дугаартай “...Г.Сарантуяагийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Шүүгдэгч Э.Дээс гэрчээр мэдүүлсэн “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед намайг унтаж байхад манай эхнэр Сарантуяа нь орилж хашгираад 3 настай охиноо загнаад зандраад байсан. Би сэрээд юу болсон талаар асуухад Сарантуяа миний өөдөөс уурлаад чамд ямар хамаатай юм, чиний хүүхэд биш гэх утгатай зүйл хэлсэн. Ингээд би тухайн үед уурлаад Сарантуяаг үсдээд нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа чанга цохиод гараад явсан. Учир нь тэрээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгнө гэж хэлсэн ...дээрх гэмтлийг би учруулсан болохоор хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,   

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 35/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 43-44/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 28 дугаар гудамж 397б тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Г.Сарантуяатай “хүүхдийн 100.000 төгрөгийг үрлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Г.Сарантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй;

харин тэрээр “...миний бие гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлтийг бичиг /хавтаст хэргийн 44 дэх тал/-ээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад овогт ЭДийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ