| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0351/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/384 |
| Огноо | 2022-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/384
2022 04 29 2022/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Дөлгөөн /томилолтоор оролцсон/,
шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайн Цаг овогт БГд холбогдох эрүүгийн 2211 00000 0781 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нийслэлийн Төр захиргааны авто баазад жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 50-658 тоотод оршин суух,
Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 471 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 73.1 дүгээр зүйлд зааснаар цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай,
Сайн Цаг овогт БГ /РД:................................................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын банкны урдах автомашины зогсоол дээр үл ялих зүйлээс маргалдаж улмаар Б.Мягмардоржийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г нь:
архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын банкны урдах автомашины зогсоол дээр үл ялих зүйлээс маргалдаж улмаар Б.Мягмардоржийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Мягмардорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Б.Мягмардоржийн “...би өнөөдөр 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр оройн 17 цагийн үед ажлаа тараад тэгээд ажлын газрынхаа жолооч ажилтай Цэрэнчимэд гэгч ахтай утсаар нь ярьж байгаад түүнийг дуудаж гаргаж ирүүлсэн. Тэр ах бол манай ажилтан бид хоёр хоёулаа хамтдаа Нийслэлийн тээврийн газарт ажилладаг юм ... би хүнсний нэгдүгээр дэлгүүрээс өөрөө очиж 0,75 гр Экс нэртэй архи авчраад хоёулаа жолоочийн машинд сууж байгаад ууцгаасан ... Тэгээд тамхи татах гээд машинаасаа бууж байсан ба гадаа гарангуут нэг хүн намайг цохиж аваад цаашаа яваад өгсөн. Тэгээд оройн 19 цаг 40 минутын үед би өөрийнхөө гар утсаараа 91925156 дугаарын утсаараа цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
Гэрч Б.Цэрэнчимэдийн “...би тэр өдөр 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн оройн 19 цагт ажлаа тараад гэртээ харих гэж байсан чинь манай ажлын газрын Мягмардорж ахаа хоёулаа ганц шилтэй архи уучихъя гэж хэлээд дуудаж байсан тэр өөрөө машингүй ирчихсэн юм чинь гэж хэлэхээр нь би түүнтэй ажил дээрээ уулзаад тэгээд хоёулаа миний машин дотор 2 шил архи ууж байсан тэгтэл доор грашаас Галаа гарч ирж тааралдаж байсан тэгээд би түүнийг дуудаад архи уу гэж хэлээд 100 төгрөгийн жижиг цаасан аягаар архи хийж өгсөн чинь Галаа уухгүй байсан. Тэгэж байтал Мягмардорж нэг юм хэлээд тэгээд тэр хоёр барьцалдаж авсан байсан тэгээд нэг мэдсэн чинь грашийн диспетчер Чулуунбаатар Галааг салгаад цаашаа явсан. Тэгсэн чинь Мягмардоржийн эгч ирээд манай дүүг та нар зодлоо гэж хэлээд цагдаа дуудаж байсан яг хэн нь одоо цагдаагийн дуудлага өгч байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би яг тэрийг сайн санахгүй байна, ямар ч байсан нэг удаа цохиж авсан. Тэгээд Мягмардоржийн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд бид нар энд ирээд гомдол гаргаж өгөөд “нүдээ үзүүлнэ” гэж хэлээд байсан. Ямар ч байсан Мягмардоржийн зүүн талынх нь нүд нь хавдаж хөхөрч тагларсан байсан юм харж чадахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Гэрч А.Чулуунбаатарын “...би тэр өдөр оройн 20 цагийн үед ажил дээрээ очоод тэгээд ажлаа хүлээж авч байсан, оройн 20 цаг 40 минутын үед манай нэг жолооч Амараа надад ирээд “Чука ахаа гадаа нэг хэсэг хүмүүс согтуугаар маргалдаад байна, та гараад хараач” гэхээр нь би тэр даруйдаа гараад харсан чинь манай жолооч Галаа нэг хүнтэй маргалдаад байсан хоорондоо “алалцана зодолдоно цохилцоно” гэх зэргээр хэлээд чанга чанга орилоод байсан тул би очоод Галааг аваад цаашаа Улаанбаатар банкны араар хойшоо Зоос гоёлын арагшаа зам гараад явуулж байсан “чи явж чадах уу” гэтэл Галаа “зүгээрээ ахаа би ингээд өөрөө яваад өгнө өө эхнэртэйгээ явж байгаа эхнэр нь ойрхон энд явж байгаа” гэхээр нь би тэгээд Галааг цаашаа явуулаад буцаад ажил руугаа орчихсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4172 дугаартай “...Б.Мягмардоржийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь 24 цагийн дотор үүсгэгдсэн шинэ байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Ггийн “...манай найз Б.Цэрэнчимэд нь гадаа машиндаа суугаад архи ууж байсан тэгэж байгаад би түүнтэй мэндлээд явах гэсэн чинь тэд нар надад архи хийж өгч байсан тэгээд дуусаж байсан болохоор нь би тэд нарт уухгүй гэж хэлсэн чинь хажуунаас нь энэ Б.Мягмардорж нь чи шавхруу гэж голоод байгаа юм уу гэх зэргээр үг хаяад хэрүүл маргаан өдөж эхэлсэн. Тэгээд би түүнийг машинаас бууж ирээд намайг цохих гэж байна гэж ойлгоод түрүүлээд нэг удаа түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж авсан юм. Тэгтэл цаанаас Чулуунбаатар ах гарч ирээд бид нарыг салгаж авсан ...бусдыг зодсон буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 36/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 43-50 дугаар тал/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 53-54/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 318 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын банкны урдах автомашины зогсоол дээр үл ялих зүйлээс маргалдаж улмаар Б.Мягмардоржийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Мягмардорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сайн Цаг овогт БГг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 750.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ