| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 137/2018/00261/и |
| Дугаар | 001/ХТ2020/00183 |
| Огноо | 2020-04-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2020/00183
А.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2019/00053 дугаар шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 202/МА2019/00010 дугаар магадлалтай,
А.Аын нэхэмжлэлтэй
З.Дд холбогдох
Гэм хорын хохирол 18 004 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч З.Дгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 58 км-т засмал зам дээр 49-9 ДГА улсын дугаартай автомашинаар З.Д, Г.Дэлгэрмаа нартай зорчин явж байхдаа онхолдож Г.Дэлгэрмаагийн биед хүндэвтэр гэмтэл учирсан билээ. Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот дүгнэлтээр З.Дг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хэрэг гарсан гэж дүгнэсэн ба улмаар А.А намайг анхан шатны шүүхээс цагаатгаж улмаар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/08 тоот прокурорын тогтоолоор ЭХХШТХуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.А надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон ба улмаар 218 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/05 тоот тогтоолоор З.Дд холбогдох ЭХХШТХуульд зааснаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас миний өмч болох 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн автомашинд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 6 271 000 төгрөгийн хохирол учирсан ба 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын шинжээчийн дүгнэлтээр автомашинд учирсан гэмтлүүдийг тодорхойлсон ба ерөнхий өнгө үзэмж техникийн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн энэ хэргээс хойш миний автомашин тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд бүтэн 1 жил байсны улмаас хулгайд өртөж энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа билээ. З.Дгийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас би Тоёота Альпард маркийн автомашинаараа хохирсон ба би энэ машинаа засуулаад зарж хохирлоо барагдуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар адил төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэсний дагуу машинтай дүйцэхүйц машин гаргуулж авах буюу 17 456 000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч З.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 17 456 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь З.Д миний бие 2017-07-17-ны өдөр А.Аын эзэмшлийн машинаар Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу зорчин явж байхад тус машин онхолдож миний биед хөнгөн гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн. Одоо ч миний эрүүл мэнд бүрэн эдгээгүй байна. Уг асуудалд намайг холбогдуулан шалгасан боловч Прокурорын газрын 2018-07-31-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолоор ЭХХШтХуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. А.А нь уг ослыг З.Д надаас болж гарсан гэж үзэж надаас хохирол 17 456 000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1131 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хас үнэлгээ ХХК-аар шинжээч томилуулж автомашинд учирсан эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээний үнэлгээг дахин гаргуулах тухай тогтоол гарсан. Үүний дагуу автомашинд Замын-Үүд дэх Авто тээврийн шинжээчийн оношлогоо дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-аар үнэлгээ хийлгэсэн зардал 548 00 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч З.Д нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь уг маргаантай асуудлыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Тэгэхдээ нэхэмжлэгч талд дахин үнэлгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан тал үнэлгээний хөлс, зардлаа өөрсдөө хариуцдаг талаар тайлбарлаж хэлсэн. Үүнийг ойлгож мэдэж нэхэмжлэгч А.А Хас үнэлгээ ХХК-аар дүгнэлтээ гаргуулсан. Нэг үгээр хэлбэл надаас шалтгаалаагүй, өөрийн хүсэлтээр дахин үнэлгээ хийлгэчихээд тухайн зардлаа надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд 548000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2019/00053 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч З.Дгаас 12 814 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 190 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч З.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 219974 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 202/МА2019/00010 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 510.1-д ... гэснийг 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д гэж, ...12814000... гэснийг 7800300 гэж, ...5 190 000... гэснийг 10 203 700 гэж, 2 дахь заалтын ... 219 974... гэснийг 139 755 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч З.Дгийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219974 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч З.Д хяналтын гомдолдоо: Магадлал, шийдвэрүүдийг тус тус эс зөвшөөрч иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 120 дугаар зүйлийн 120.1.3, 179 дүгээр зүйлийн 179.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу гомдол, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хүсэлт гаргаж байна. Анхан болон Давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/05, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/08 дугааруудтай тогтоолууд нь хүчин төгөлдөр, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно. Гэвч уг хэргийг Эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн прокурорын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолыг Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянаад 5/15 дугаартай тогтоолоор хүчингүй болгож хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 181.5 дахь хэсгүүдэд заасны дагуу магадлал, шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч З.Дд холбогдуулан гэм хорын хохирол 18 004 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр хариуцагчийн буруугаас болж бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд төлсөн 1 550 000 төгрөг, ослын газраас машиныг кранаар авчирсан зардал 500 000 төгрөг, машиныг цагдаагийн байгууллагаас буцааж авсан зардал 70 000 төгрөг, Ашид билгүүн ХХК-д үнэлгээний зардалд төлсөн 266 000 төгрөг, тодорхойлолт гаргуулсан зардал 20 000 төгрөг, шинжээчийн зардал 80 000 төгрөг, Тoyota Alphard машины зах зээлийн үнэ 14 500 000 төгрөг, машины шалавчны үнэ 280 000 төгрөг, суудлын бүрээс 180 000 төгрөг, голын хайрцагны савхин бүрээсний үнэ 10 000 төгрөг, Хас үнэлгээ ХХК-аар машины гэмтэлд дахин үнэлгээ хийлгэсэн зардал 548 000 төгрөг нийт 18 004 000 төгрөг гэж хохирлын хэмжээг тодорхойлсон байна. Хариуцагч З.Д нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 12 814 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагчаас 7 800 300 төгрөгийг гаргуулахаар багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, зохигчдын хооронд үүссэн маргаанд оновчтой хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан зохицуулалтын дагуу хариуцагчийн үүргийг багасгасан нь хуульд нийцжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул нотлох баримтын бүрдэл, маргааны үйл баримтын талаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хангах боломжгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 497.2.-т заажээ.
2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр А.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 58 км-т засмал замаар Тоёота Альпард маркийн автомашиныг жолоодон явах явцад машинд хамт сууж явсан З.Д нь арын суудлаас урд талын суудалд суух зорилгоор 2 суудлын голоор орж, биед нь жолоочийн гар цохигдсны улмаас тэнцвэрээ алдаж, машин замын далан руу унаж, хамт зорчиж явсан Г.Дэлгэрмаагийн биед хүндэвтэр, З.Дгийн биед хөнгөн гэмтэл, А.Аын тээврийн хэрэгсэлд хохирол тус тус учирсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдсон байна.
З.Д нь хүний биед хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/05, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/08 дугаар тогтоолоор түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэгч А.Аыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/08 дугаар прокурорын тогтоолоор түүнд холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ. Эдгээр баримтаас дүгнэвэл осол гарахад хэн алины гэм буруутай байдал тогтоогджээ.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байна.
А.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг, З.Д нь ...Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 в-д заасан хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болохгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн, гэм хор учрахад аль алины гэм буруу байгаа нөхцөл байдалд тулгуурлан хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. З.Дгийн хууль зөрчсөн үйлдлээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирч, эрх нь зөрчигдсөн байдал тогтоогдсон, шүүх зохигч талуудын гэм буруугийн хэмжээг харгалзан хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Хариуцагч З.Д “...эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэргийг шийдвэрлэсэн... талаар гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүх энэ талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, магадлалд тодорхой тусгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй… гэж заасан тул хяналтын гомдолд хавсаргасан “Улсын ерөнхий Прокурорын орлогчийн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 5/15 дугаар тогтоол”-ыг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 202/МА2019/00010 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч З.Дгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА